Эргэлт.мн мэдээллийн сайт долоо хоног бүр улс төр, нийгэм, эдийн засаг, соёл урлаг, дэлхий дахинд болж өнгөрсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэдэг билээ. Өнгөрсөн долоо хоногт улс төр, нийгмийн хүрээнд дуулиан шуугиантай олон үйл явдал өрнөлөө. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэх хуулийн хугацаа өнгөрч, улс төрийн намууд нэр дэвшигчдээ бүртгүүлэв. УОК-ын хуралдаанаар коронавирусийн халдварыг хумих хариу арга хэмжээ буюу улсын хэмжээнд тогтоосон хатуу хөл хорионы дэглэмийг нэг шат буурууллаа. Түүнчлэн цаг агаарын аюулт нөхцөл байдлын улмаас орон нутгуудад хаваржилт хүндэрч, цасан шуурганд олон мал хорогдсон зэрэг улс төр, нийгмийн хүрээнд болж өнгөрсөн үйл явдлыг тоймлон хүргэж байна.
С.ЭРДЭНЭ “ИНЭЭЖ”, Н.АЛТАНХУЯГ “ӨЛСӨВ”
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн кампанит ажил хуулийн хугацаанд өрнөж, өнгөрсөн долоо хоногт буюу тавдугаар сарын 5-нд улс төрийн намууд СЕХ-нд Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээ бүртгүүллээ. Энэ удаагийн ээлжит сонгуульд парламентад суудалтай гурван улс төрийн хүчин нэр дэвшигчдээ нэр дэвшигчээ өрсөлдүүлэх боломжтой болсон. Үүний дагуу намууд СЕХ-нд нэр дэвшигчдийн баримт материалыг хүргүүлсэн билээ.

Тухайлбал, МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр тус намын дарга, Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн материалыг хүргүүлсэн бол, “Зөв хүн электорат” эвслээс эдийн засагч Д.Энхбатын нэр дэвшүүлэхээр болсон. Харин хоёр, тамгатай, хоёр даргатай болсон Ардчилсан нам хоёр нэр дэвшигч тодруулж, нэр дэвшигчдийн баримт материалыг хүргүүлсэн. Хуулийн дагуу СЕХ нэг намаас нэр дэвшигчийг бүртгэх боломжтойгоо мэдэгдэж багагүй маргаан үүссэн билээ. Улмаар Дээд шүүхийн лавлагааг үндэслэн М.Тулгат даргатай АН-аас нэр дэвшсэн С.Эрдэнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэж, О.Цогтгэрэл даргатай Н.Алтанхуягийг нам дотроо учраа ол гэдэг байр суурийг илэрсэн удаатай.

Харин Н.Алтанхуяг тэргүүтэй АН-ын бүлгийн гишүүд нэр дэвшигчдийн баримт материалыг шалгаж үзэлгүй үндэслэлгүйгээр бүртгэсэн хэмээн үзэж Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлахаа мэдэгдээд буй. Улмаар АН-ын бүлгийн долоон гишүүн Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж, өлсгөлөн дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Үүнтэй холбоотой сүүлийн хэдэн сар огт хуралдаагүй байсан ҮАБЗ-ийн гишүүд шинэ бүрэлдэхүүнээрээ хуралдсан. Хуралдаанаар хэлэлцсэн асуудал нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх үеэр үүссэн маргааны хүрээнд байсан гэдгийг гишүүд онцлоод буй.
Өлсгөлөн зарласан гурав дахь өдөр буюу өчигдөр гишүүд дээр ҮАБЗ-ийн хоёр ч гишүүн очиж уулзсан нь олны анхаарал татсан билээ. Тодруулбал, энэ сарын 7 буюу өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нар гишүүдтэй уулзаж, байр суурийг нь сонссон.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар ажлын хэсэг байгуулж, зөвшилцөх санал тавьж, өлсгөлөнгөө зогсоохыг шаардсан. Улмаар Өлсгөлөнгөө зогсоохгүй бол өөрөө хамт өлсөнө хэмээн мэдэгдсэн. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын ардчиллын талаар ил бишээр санал солилцох асуудлууд байна. Хуульгүй орон болчихлоо. Оффшорчдыг дийлэхгүй байна. Монгол ялагдаж байна” хэмээн мэдэгдсэн.
ХӨЛ ХОРИОНЫ ДЭГЛЭМ НЭГ ШАТ СУЛРАВ
Улсын хэмжээнд коронавирусийн халдварын тархалт нэмэгдэж, нас баралтын тоо өдөр ирэх тусам өсөж байгаатай холбоотой 28 хоногийн хугацаанд хатуу хөл хорио тогтоосон. Тэгвэл өнөөдрөөс хөл хорио суларч, улбар шар түвшинд шилжлээ. УОК-ын ээлжит хуралдаанаар хөл хорионы дэглэмийг сулруулж, аж ахуйн нэгжийн 80 хувийн буюу 18 чиглэлээс бусад байгууллагын үйл ажиллагааг хэвийн ажиллуулах шинэ журам гаргасан билээ. Энэ 18 байгууллагын үйл ажиллагааг энэ сарын 15, 22-ноос шат дараатай нээхээр төлөвлөөд буй.
.jpg)
Тодруулбал, жагсаал, цуглаан, уралдаан тэмцээн, аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт, бүх төрлийн баар, Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газар (Ресторан, кафе, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, кофе шоп, цайны газар, буфет, явуулын үйлчилгээтэй хоолны газар) нь үйлчилгээний танхим болон гадна талбайд үйлчилгээ явуулахыг хязгаарлах, захиалгат болон хүргэлтийн хоолны үйлчилгээг зөвшөөрнө. Мөн өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа, хүнсний биш барааны зах худалдааны төв (Монгол Улсын Шадар сайдын 2021 оны 18 дугаар тушаалаар баталсан “Коронавируст халдвараас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”, тусгай нөхцөл шаардлага, бэлтгэл ажлыг хангасан нөхцөлд үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрнө.) гэсэн зохицуулалт бий. Түүнчлэн цахим ба автомат тоглоомын газар болон бүх төрлийн тоглоомын төв, сургалтын төв, соёл урлагийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээ алжаал тайлах төв, чийрэгжүүлэх, бялдаржуулах төв, саун, бассейн, нийтийн халуун ус, зочид буудал, дэн буудал, амралт, жуулчны газар, шашны зан үйл, сүм, хийд, мөргөлийн газрууд, олимп, тив, дэлхий, олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир, спортын арга хэмжээ, хүүхдийн тоглоомын болон сагс, хөл бөмбөгийн талбай, нийтийн бүжиг ба бүх төрлийн бүжгийн клу зэргийг нээхгүй байх чиглэл өгсөн.
Үүнээс гадна нийслэлд автомашины хөдөлгөөнийг дугаарын хязгаарлалттай зорчуулах бөгөөд 22:00 цагаас 07:00 хүртэл зорчих хөдөлгөөнийг хязгаарлахаа мэдэгдсэн.
ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХҮНДРЭЛЭЭС ОЛОН ТООНЫ МАЛ ХОРОГДОВ
Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж зарим аймагт хаваржилт хүндэрчээ. Өнгөрсөн долоо хоногт монгол орны ихэнх хэсгээр нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурсан. Улмаар зүүн аймгуудад цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж, олон тооны мал хорогдсон гэх мэдээлэл бий. Тухайлбал, Дундговь аймгийн нийт нутгаар хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, олон мал элс, цасанд дарагджээ.
Дундговь аймгийн Говь-угтаал суманд 17.0 мм, Цагаандэлгэр суманд 6.0 мм, Гурвансайхан, Дэрэн суманд 0.2 мм зузаан цас орж, Говь-Угтаал, Гурвансайхан, Өндөршил, Өлзийт сумын нутгаар салхины хүч 28 м/с, бусад сумдад 16-24 м/с хүрч, цасан болон шороон шуурга шуурсан. Шороон болон цасан шуурганы улмаас малчдын малын хашаа хороо, мал элс, цасанд дарагдсан байна. Одоогоор дээрх сумын малчид болон сумын төрийн албан хаагчид хамтран элс, цасанд дарагдсан малыг гаргах ажлыг зохион байгуулсан байна.
ДЭМБ-ААС ВЕРОСЕЛЛ ВАКЦИНЫГ ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ҮЕД АШИГЛАХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОЖЭЭ
Манай улс хүн амынхаа ихэнх хувийн БНХАУ-д үйлдвэрлэсэн “Синофарм” үйлдвэрийн Вероселл вакцинаар дархлаажуулж буй. Тухайн вакциныг ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөөгүй гэх маргаантай асуудал гарч байлаа. Тэгвэл энэ долоо хоногт бую ДЭМБ-ын тавдугаар сарын наймны баасан гарагийн хуралдаан болж, БНХАУ-ын “Синофарм” үйлдвэрийн Вероселл вакциныг яаралтай тусламжийн үед ашиглах зөвшөөрөл олгожээ.

Зарим улс коронавирусийн эсрэг АстраЗенека, Жонсон ба Жонсон вакциныг дархлаажуулалтдаа хэрэглэхийг зогсоосон, эдийн засаг өндөртэй орнууд вакцинаа нөөцөлж, вакцин үйлдвэрлэгчид экспортоо зогсоосон энэ үед Хятадын Вероселл вакциныг бүртгэж авахад гол нөлөө үзүүлсэн тухай судлаачид хэлсэн байна. Харин Хятадын вакцины үйлдвэрлэгчид “Энэ оны эцэс гэхэд коронавирусийн эсрэг таван тэрбум вакцин үйлдвэрлэх боломжтой” хэмээн мэдээлсэн аж. ДЭМБ-аас яаралтай тусламжийн үед ашиглах зөвшөөрөл авсан вакцин нь ДЭМБ-аас вакциныг дэлхийн орнуудад тэгш хүртээмжтэй хүргэх зорилгоор санаачилсан Ковакс хөтөлбөрт багтах боломжтой болдог бөгөөд бусад коронавирусийн эсрэг вакцинаас хямд, олон тун үйлдвэрлэсэн “Синофарм” үйлдвэрийн Вероселл вакцины тусламжтайгаар ядуу буурай орнуудад дархлаажуулалтын ажлыг идэвхтэй өрнүүлэх боломжтой гэж үзжээ. Гэвч ДЭМБ-аас бүртгэн авч, зөвшөөрөл олгосон ч эрдэмтдийн үнэлгээний вакцины гуравдугаар шатны клиникийн туршилтын хариу нь гараагүй байгаа талаар хэвлэлүүд онцлон мэдээлж байна.
ЭРГЭЛТИЙН ТОЙМ: Сөрөг хүчний гишүүд өлсөж, шинэ бүрэлдэхүүнтэй ҮАБЗ хуралдсан, хөл хорио суларсан долоо хоног |
|