• Өнөөдөр 2024-05-19

ФИЛОСОФИ, ЗАЛЬ, НУДАРГА ГУРАВ

2021-05-03,   1198

          Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, ХҮН-аас Д.Энхбат, харин АН-аас С.Эрдэнэ, Н.Алтанхуяг хоёрын аль нэг нь өрсөлдөхөөр боллоо. АН-аас С.Эрдэнэ, Н.Алтанхуяг хоёрын хэн нь нэр дэвшихийг Аудитын газар, Дээд шүүх, Сонгуулийн Ерөнхий хороо эцэслэх учиртай. Гэхдээ МАН-ын томчууд, тэр тусмаа Ч.Хүрэлбаатар өчигдөр “АН-аас С.Эрдэнэ нэр дэвшихээр боллоо” хэмээн бичиж, “ам алдчихсан”. Өөрөөр бол, Н.Алтанхуягийг “аньж”, АН-аас С.Эрдэнийг нэр дэвшүүлэх “захиалга” хийгдчихсэн бололтой юм билээ. Тиймээс шууд энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд У.Хүрэлсүх, Д.Энхбат, С.Эрдэнэ гурав нэр дэвшиж байна гэчихвэл Н.Алтанхуягийг алаг үзсэн, зориуд мартаж гээсэн хэрэг болохгүй болов уу. 
 
Тэгвэл энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд гайхмаар адилхан улс төрийн замнал болон тэс өөр зан чанар байгааг Эргэлт.мн мэдээллийн сайт уншигч та бүхэнд хүргэж байна. 
 

“ИХЭР” ЗАМНАЛТАЙ НЭР ДЭВШИГЧИД БУЮУ САЛСАН НАМЫН ДАРГА НАР

 
         Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль намын дарга нарын дундах өрсөлдөөн болох нь ээ. Тухайлбал, У.Хүрэлсүх МАН-ын дарга, С.Эрдэнэ АН-ын дарга бол Д.Энхбат Ногоон намын дарга байсан. 
 

“Ихэр” замнал гээд байгаа нь У.Хүрэлсүх, С.Эрдэнэ, Д.Энхбат гурвын хэн хэн нь удирдаж байсан намаа салж сарнихад хүргэсэн улстөрчид. Тухайлбал, У.Хүрэлсүх МАХН-ыг МАН, МАХН болгож салгасан бол Д.Энхбат Ногоон намыг Ногоон нам, Иргэний зориг-Ногоон нам болгож салгасан, С.Эрдэнэ Ардчилсан намын С.Эрдэнийн, Ц.Тувааны болгож салгасан бараан түүхтэй. 

 
        У.Хүрэлсүхийн хувьд 2010 онд МАХН-ын генсекээр ажиллаж байхдаа Монголын улс төрийн намын түүхэн дэх хамгийн том салалт буюу МАН, МАХН-ын хуваагдлыг найруулж, МАХН-ын түүхийг МАН гэх нэрээр бичиж эхэлсэн гэдэг. Улс төрд орсон цагаасаа намын дарга Н.Энхбаяртайгаа таарамжгүй харилцаатай байж, өш занаж, шазуур зууж байсан нь У.Хүрэлсүхийг намаа хоёр хуваахад хүргэсэн гэж улс төрийн хүрээнийхэн дүгнэдэг. Хожим нь тэр жагсаалын хүчээр М.Энхболдоос МАН-ыг салган авч, МАН-ыг мөн л хоёр хуваачих дөхсөн. Гэхдээ цаг үргэлж хариуцлагын сэлэм ярьж байсныхаа хүчинд дотоод хагарлаа газар авхуулалгүй зогсоож, өдгөө өөрөө намаасаа өрсөлдөгчгүй нэр дэвших боломжоо хадгалж үлджээ. 
 
         Д.Энхбатын хувьд Монголын Ногоон намын даргаар ажиллаж байх үедээ буюу 2011 онд Ногоон намыг татан буулгаж, Иргэний зориг намтай нэгтгэх шийдвэр гаргаж байв. Гэвч энэ нь намын гишүүдэд нь таалагдаагүй учраас “Намаа аврах үндэсний хороо” гэгчийг байгуулан Д.Энхбатын эсрэг зогссон. Улмаар тус хорооныхон “Ногоон намын онц их хурал” зохион байгуулж, Д.Энхбатыг Ногоон намаас хөөж, тухайн үеийн жинхэнэ дуулиан болж байв. Тухайн үед Д.Энхбат өнөөгийн С.Эрдэнэтэй адилхан “Энэ бол дүрмийн бус хурал. Намайг хөөсөн шийдвэр нь хүчин төгөлдөр бус. Сая манай намын хэдхэн гишүүн намайг огцруулахаар болж хэвлэл мэдээллийн баатар болов. Тэдний хувьд хамгийн сонирхолтой, сайхан байсан нь орон даяар телевизээр гарсан нь. Өөр юу ч байхгүй” хэмээн хэвлэлүүдээр тайлбар хийж байлаа. Ногоон намын энэ маргаан жил тойрон үргэлжилж, эцэстээ О.Бум-Ялагч, Д.Басандорж тэргүүтнүүд хуучин Ногоон намаа авч үлдэж, харин Д.Энхбат нэгтгэсэн гэх Иргэний зориг-Ногоон намын дарга болж байв. 
 
        С.Эрдэнийн хувьд 2017 оны нэгдүгээр сард Ардчилсан намын даргаар сонгогдсон. 2016 оны УИХ-ын сонгуульд МАН-д далаараа бүтэн тавиулаад байсан АН-ыг хөл дээр нь босгох эсэх нь зөвхөн С.Эрдэнээс хамаарах болсон. Тэрбээр, бодлого, дүрмийн шинэчлэл ярьж, орон даяар хэдэнтээ тойрсны эцэст 2020 оны УИХ-ын сонгуульд оролцсон ч мөн л өвдөг шороодсон. Улмаар С.Эрдэнэ сонгуульд намаа ялагдуулсан хариуцлага хүлээж, албан тушаалаа өгч байна хэмээн Ц.Туваанд тамга тэмдгээ атгуулаад явж одсон. Гэтэл зун, намрын дэлгэр саруудад амарч, алжаалаа бүрэн тайлсан С.Эрдэнэ гэнэтхэн “Ц.Туваан АН-ын даргыг орлох ёстой хүн биш байтлаа дүрмийн бус үйл ажиллагаа явуулж байна” хэмээгээд гарч ирсэн. Ингээд С.Эрдэнэ, Ц.Туваан хоёр хэдэн сар дамнан хэвлэлээр ээлжлэн мэтгэлцэж, тамга, тэмдгээ булаацалдаж явсаар улс төрийн хоёрдогч том хүчин гэгддэг Ардчилсан нам С.Эрдэнийнх, Ц.Тувааных гэж хоёр хуваагдсан түүхтэй. С.Эрдэнийн АН нь МАН-ынх, Ц.Тувааны АН нь Х.Баттулгынх гэгдэх хүртлээ талцал хуваагдал нь ил гарсан.
 
Өнгөрсөн хугацаанд “Намын даргаасаа бууж, тамга тэмдгээ хүлээлгэж өгөөд явсан С.Эрдэнэ Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН-тай далдаар үгсэх тохироо хийгээд буцаж” ирсэн хардлагууд гарч байсан. Магадгүй, энэ хардлагууд ирэх өдрүүдэд бодитоор биелэлээ олох вий. 
 

ИМИЖ БУЮУ ФИЛОСОФИ, ЗАЛЬ, НУДАРГА ГУРАВ

 

        ХҮН-ын Д.Энхбат 62, АН-ын С.Эрдэнэ 58, МАН-ын У.Хүрэлсүх 53 настай. Өөрөөр бол, хамгийн залуу нь У.Хүрэлсүх, хамгийн настай нь Д.Энхбат болж таарч байна. Наснаасаа болоод ч тэр үү хамгийн ахимаг Д.Энхбат нь ихэвчлэн философи ярьдаг бол хамгийн залуу У.Хүрэлсүх нь аливааг нударгаар шийдчих гээд байдаг талтай. Харин С.Эрдэнийн хувьд зальжин гэдгээрээ нөгөө хоёрыгоо дагуулахгүй. 

 
         Өнөөг хүртэл бүрдүүлсэн имижийг нь харвал Д.Энхбатгүй хүн ба боловсролын хөгжлийн лекц, хурал цуглаан бараг байхгүй. Ном, гүн ухаан, мэдлэг боловсрол, интернэт дэвшил, цахим хөгжил бол түүний тодорхойлолт. Тэр тусмаа твиттер орчинд түүнийг монголдоо хамгийн ухаантайд тооцож, түүний “жиргэсэн” үг сургамж, зөвлөгөөг нь ягштал дагадаг олон хүн бий. Тэрбээр 2014 оноос суудаг оффисоос татгалзаж, хотоос 30 километр зайтай амьдарч, гэрээсээ гар утас, компьютерээ ашиглан бүх ажлаа амжуулдаг болсон гэдэг. 
 
        Харин У.Хүрэлсүхийн хувьд эрээн хувцас өмсөж, буу шийдэм агсаж, танк хөлөглөж, хурандаа гэж дуудуулах дуртай. Бусадтай нударга зөрүүлж, загнаж зандарсан нь нэг биш удаа. Тэрбээр, Ерөнхий сайд болсноосоо хойш цэргийн баруун гарын ёсолгоо болон цэргийн эрээн хувцасны хэрэглээг төрийн албанд “халдаасан” нэгэн. 
 
       С.Эрдэнийн хувьд 1990 оны ардчиллын анхдагчдын нэг гэдэг статусаа мөнхөд урдаа барьж, хослол зангианаас салалгүйгээр өдий 30 жил дарга, гишүүн, аливаа холбооны Ерөнхийлөгчийн суудал алдаж үзээгүй. Тэр байтугай бүхэл бүтэн Баянгол дүүрэг, Нийгмийн даатгалын газарт “эзэн” суусан гэгддэг зальжин улстөрч. 
 

МЭРГЭЖИЛ БУЮУ ИНЖЕНЕР, УЛС ТӨР СУДЛААЧ, ЭРХ ЗҮЙЧ

 
      Ажил мэргэжлийн хувьд Д.Энхбат Системийн техникийн инженер мэргэжилтэй. Хуучин ЗХУ-ын Уралын политехникийн дээд сургууль төгссөн. Түүний аав Д.Дангаасүрэн нь Хувьсгалт намын нэрт зүтгэлтэн, Үйлдвэр комбинатын дарга, хоёр ч аймгийн даргаар ажилласан улстөрч байсан. Тэрбээр аавынхаа орыг залгаж, Статистикийн төв газар, Төлөвлөгөөний комисс, Шинжлэх ухаан техникийн улсын хороонд ажиллаж байснаас гадна Үндэсний хөгжлийн дэд сайдын албыг хашсан.Гэхдээ энэ бүгдээсээ илүү Монголд анх интернэт оруулж ирсэн “Датаком” компанийг үүсгэн байгуулагч, “Форум”-ын хөтлөгч гэдгээрээ олонд танигдсан нэгэн. “Форум”-ын Д.Энхбат Ногоон намын даргаар томилогдож, 2008 онд УИХ-ын гишүүнээр 25 дугаар тойргоос сонгогдсон боловч будилаан гарч, намрын чуулган хаалтаа хийсний дараа УИХ-ын гишүүний тангаргаа өргөж байв.
 

        С.Эрдэнийн хувьд Отгонтэнгэр их сургуульд суралцаж хууль, эрхзүйч мэргэжилтэй болсон. Ардчилсан хувьсгалын анхлагчдын нэг гэгддэг тэрбээр 1995 онд Нийслэлийн МҮАН-ын хорооны дарга, 1996-2000 онд Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг дарга, Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Баянгол дүүргийн Ардчилсан намын дарга, Монголын ардчилсан холбооны дарга, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга, Нийслэлийн Ардчилсан намын дарга, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, УИХ дахь Ардчил намын бүлгийн дарга, , Ардчилсан намын дарга зэрэг албан тушаалуудыг хашсан. Түүнчлэн, аав Д.Содномзундуй нь Сагсан бөмбөгийн нэрт зүтгэлтэн, Анагаах ухааны дээд сургуульд биеийн тамирын тэнхимийн эрхлэгч, Нийслэлийн биеийн тамир, спортын хорооны даргаар ажиллаж байсан бөгөөд хожим С.Эрдэнийг Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгчөөр сонгосон. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээс хамгийн олон албан тушаал хашсан, тасралтгүй дарга хийсэн нь С.Эрдэнэ. 

 
       У.Хүрэлсүхийн хувьд 1989 онд Батлан хамгаалах их сургуулийг улс төр судлаач, 1994 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийг төрийн удирдлагын арга зүйч мэргэжлээр, 2000 онд МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Спортын мастер, бэлтгэл хурандаа цолтой. 
 
Монголын Ардын Армийн 152 дугаар ангид улс төрийн орлогчоор ажлын гараагаа эхэлж, Монголын Ардчилсан социалист залуучуудын холбооны Ерөнхийлөгчөөр хоёр удаа ажиллаж, улс төрд орох замаа зассан. 2000 онд УИХ-ын гишүүн болсноос хойш өнөөг хүртэл саарал ордноос гарч үзээгүй шахуу нэгэн. Тухайлбал, Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайдаар ажиллаж байснаас гадна хоёр удаа шадар сайдаар ажилласан. Мөн Монгол Улсын 30 ,31 дэх Ерөнхий сайдаар ажилласан. 
 

ОРООЦОЛДСОН ХЭРЭГ БУЮУ ХАР ТҮҮХ

 
        ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбат Монголын Ногоон намын дарга байхдаа 72 сая төгрөг “идсэн” хэргээр хэл аманд орж байв. Тухайлбал, УИХ-ын 2008 оны сонгуульд Ногоон нам, Иргэний хөдөлгөөний нам, Социал демократ намууд Иргэний эвсэл болж орсон. Уг эвслээс УИХ-д ганц суудал авсан нь Д.Энхбат. УИХ-д суудалтай намуудын үйл ажиллагаанд зориулан төрөөс дэмжлэг үзүүлнэ гэсэн заалтын дагуу 144 сая төгрөгийг Иргэний эвсэлд олгосон. Гэтэл 72 сая төгрөг нь Д.Энхбатыг халаасанд ороод алга болчихсон дуулиан гарч байв. 
 
С.Эрдэнийн хувьд Цэргийн нэгдсэн дээд сургуульд суралцаж байхдаа бүлэглэн цэргийн амь нас хохироосон хэрэгт холбогдож байсан тухай мэдээлэл үе үе гарч ирдэг. Гэвч С.Эрдэнэ тухай бүрд нь үгүйсгэсээр ирсэн. 
 
Түүнчлэн Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг “Капитал” банканд байршуулснаас үүдэж улсад 230 гаруй тэрбум төгрөгийн хохирол учирсан хэрэг, “Дарханы гурил тэжээл”-д 16 тэрбум төгрөгийн элеватор шахсан хэрэгт үргэлж нэр нь холбоотой явдаг.
 

У.Хүрэлсүхийн хувьд “Хадгаламж” банкны 14 тэрбум төгрөгөөр БНСУ-д казинодож, банк дампууруулсан гэх хар түүхтэй. Тухайн үед БНСУ-ын прокурорын байгууллагаас У.Хүрэлсүх, Г.Занданшатар нарын казинодсон баримтуудыг манай улсын хуулийн байгууллагад ирүүлснээр энэ хэрэг илэрсэн гэдэг. Гэвч У.Хүрэлсүх улстөрд хүчээ авахын хэрээр уг хэрэг мартагдсан. 

 

ФИЛОСОФИ, ЗАЛЬ, НУДАРГА ГУРАВ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-03 12:53:05
    Иргэн: Арай дөнгүүр боловсролтой, арай нэр цэвэр нь Энхбат л юм шив дээ!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-03 10:54:05
    Злчин: Галт тэрэг хөдөлсөн болохоор яалтай билээ..Энэ гурваас Хүрэлсүх л гарах нь ойлгомжтой бараг сонгууль гэж баахан зардал гаргаад ч яадаг юм. Уг нь монгол улсын ерөнхийлөгчөө боловсрол, мэдлэг, чадвар, ухамсар, соёл, төлөвшил, хууль эрх зүйн мэдрэмж, хүн чанар, хүнлэгээрээ шалгарсан гадаад дотооддоо нэр нөлөө бүхий хүн байвал зүгээр юм сан. МАН- Мөнх-Оргил, С.Батболд гэх мэт Хүрэлсүхээсээ илүү хүн зөндөө л байна даа, АН-с Санжмятав, Амаржаргал зэргийг дэвшүүлсэн бол өрсөлдөөнтэй сайхан сонгууль болно доо.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188