Намын дарга ч үгүй, тамга тэмдэгнийхээ учрыг олж чадаагүй Ардчилсан намынхан сүүлийн үед бие биенээсээ өрсөж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ зарлаж эхэллээ. УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлээс эхлэлтэй энэ давлагаа Р.Амаржаргалаар үргэлжилсэн. Тодруулбал, өнгөрсөн баасан гарагт Ардчилсан намын гишүүн Р.Амаржаргал “Ерөнхийлөгчид нэр дэвшинэ” хэмээн цахим орчинд албан ёсны байр сууриа илэрхийлээд буй. Тэрбээр энэ талаараа “Би ямар ч байсан өөрийнхөө нэрийг намын дотоод сунгаанд бүртгүүлнэ. Яагаад гэвэл үүссэн нөхцөл байдал, шийдэл болгох гэж байгаа гаргалгаа зэргийг хараад байхад би ер нь энэ дотор байж байх нь зөв юм байна, би оролцох нь зөв юм байна, би нэр дэвшихээ илэрхийлэх нь зөв юм байна гэдэг итгэл надад төрсөн” хэмээн тайлбарлажээ. Нэг хэсэг МҮДН фракцад харьяалагдаж байсан түүнийг “Шонхор” фракцынхантай ойртсон гэх бор шувуу нисэх болсон.
Тэднээс гадна Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшихээр горилж буй хэд хэдэн нэр бүхий хүн бий. Ил далд рейтинг, тандалтын судалгаа явуулж байгаа гэх. Нэгэнт Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжгүй болж байгаа учир ийн нам доторх өрсөлдөөн улам бүр газар авч байгаа бололтой.
Төрийн бүх эрх мэдлээ МАН-д алдаж, Ерөнхийлөгчийн суудлаа хамгаалж үлдэж чадах уу, үгүй юү гэдэг дээрээ тулчихсан тэд энэ байдлаараа сонгуульд өрсөлдөх эрхгүй болох дээрээ тулаад буй. УИХ-ын ээлжит сонгуулиас хойш намын дотоод асуудлаа шийдэж чадахгүй хоёр даргатай, хоёр тэмдэгтэй болчихсон Ардчилсан намынхан өнөөдрийг хүртэл хэн нь хүчин төгөлдөр дарга вэ гэдэг учраа ч олоогүй мунгинаж яваа. Намын дотоод тэмцэл, хагарал бутрал, эмх замбараагүй байдал нь олны чихэнд хийдийн дасал болж, одоо тэд “моод”-ноос гарчихлаа. Цагтаа Засгийн эрх байгуулж, хүчтэй сөрөг хүчин байсан тэдний 31 жилийн түүх өнөөдрөөр дуусгавар болох вий гэдэг болгоомжлол ч олны дунд бий хэдийн болжээ.
Олны хэлж байгаагаар Ардчилсан намын фракцын талцал туйлдаа хүрч, энэ “зодооноо” дийлэхгүй нам нь хагарал, бутралд хүрсэн гэх. 2016 оны сонгуулиар л Ардчилсан намынхан “Фракцгүй, эв нэгдэлтэй нам болно” хэмээн мэдэгдэж, байсан удаатай. Гэтэл өнөөдөр асуудал даамжирч, фракцын тулаан намаа тараахад хүргэжээ. Нэг хэсэг фракцтай байх нь дотоод ардчиллаа хамгаалж, шудрага, тэгш, эрх мэдлийг бий болгож байна гэж улс төрийн намууд дотроо хэсэгтэй “од” болж байсан тус намынхан одоо намтайгаа үлдэх үү, үгүй юү гэдэг дээрээ тулчихсан байна.
Өөрөөр хэлбэл, “Улс төрийн нам гэж фракц гэж олон толгойтой болж ирэхээрээ улс төрийн намынхаа үндсэн чанарыг алддаг” хэмээсэн Ерөнхий сайд асан С.Баярын үг үнэний ортой болж таарлаа.
Тухайн үедээ улс төрийн нам дотроос хамгийн олон буюу “Алтангадас”, “МоАХ”, “Мөнх тэнгэр”, “Нэг ардчилал”, “Зүүн хойд Ази”, “МҮДН”, “Шонхор” зэрэг нэлээд хэдэн фракцад хуваагдаж байсан тус намд одоо хоёрхон л фракцтай үлджээ. Тодруулбал, С.Эрдэнийн тэргүүлсэн “Шонхор”, Х.Баттулгын гэх тодотголтой “МоАХ” фракцынхан тус намд гол үүрэг гүйцэтгэж байна. Тиймээс л энэ хоёр фракцын тэмцэл туйлдаа хүрч, бие биенээсээ эрх мэдлээ харамлаж, намаа хагаралдуулж орхилоо.
Ардчилсан намын үүсгэн байгуулагчдын нэг Э.Бат-Үүл энэ талаар “Манай нам коммунист юм уу, нацист нам биш учраас хэзээ ч нэг саналаар асуудлыг 100 хувь шийддэггүй. Ардчилсан тогтолцоотой намууд дотроо сонирхлын бүлэгтэй байх нь ердийн үзэгдэл. Гол нь энэ зөрчлөө гишүүдээрээ шийдүүлчихдэг зарчимтай” хэмээн байр сууриа илэрхийлж байсан удаатай. Гэвч яг түүний хэлсэн шиг ардчилсан нам гишүүдээрээ асуудал шийдүүлэх чадалгүй болтлоо сульджээ. Хэдий олон нам нэгдэж, Ардчилсан намыг байгуулсан ч угтаа бол тэд ардчиллын үнэт зүйл, үзэл суртал дээрээ нэгдэж чаддаг байв. Харин одоо тэдний итгэл үнэмшил, ардчилсан үзэл суртлаас илүүтэй хувь хүний эрх ашиг руу шилжсэн гэх шүүмжлэл бий.
Ямартай ч гучин жилийнхээ түүхийг дахин сэргээх үү. Энэ чигээрээ жижиг намын эгнээнд шилжих үү гэдэг нь удахгүй болох сонгуулийн үр дүнгээр л тодорхой болох нь. Харин Ардчилсан намынхны энэ эв зүйгээ олж чадахгүй будилж байгаагаар нь эрх баригчид доог тохуу хийж, тэднээр даажигнаж байгаа харагдах. Ардчилсан нам улс төрд хүчтэй улс төрийн хүчин болохын тулд, нэгдүгээрт, фракцгүй болох, хоёрдугаарт, үүсгэн байгуулагчдаасаа туурга тусгаарлаж, шинэ лидер бэлтгэх нь зүйтэй гэж олон нийт үзэх болжээ.
Фракцын “зодооноо” дийлээгүй АН туйлдаж байна |
|