• Өнөөдөр 2024-03-29

БУЛАЙ НЬ ДЭНДСЭН УИХ-ЫГ ТАРААЖ "АВРАХ" Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ

2023-05-22,   1027

       Жудаггүй байлаа Г.Занданшатарын ангийнхан. Тэдэнд ичих нүүр, улс төрийн зангараг, төрийн хар хүний жудаг гэж байдаг бол дахин сонгогдох нь битгий хэл бүрэн эрхийнхээ хугацааг хугацаанд нь дуусгахгүй тарах нь дээрээ тулчихаад байна.
 
     Ард түмнээс ашиглаж болох юу л байна түүнийг нь төрийн сэнтийд суусан томчууд тоночихсон нь мөн ч олон баримтаар ил болж байна даа. Хэрвээ улс төрийн соёл гэж байдаг бол ард түмнийхээ өмнө уучлалт гуйж, албан тушаалаа хүлээлгэж өгөх хэмжээний олон баримт тэдэнд байна. Хамгийн сүүлд гэхэд л улс төрийн нөлөө бүхий томчууд, сайд дарга нар өөрсдийн эрх мэдэл албан тушаалын байдал, мэдээлэлд ойр байдлаа ашиглах Боловсролын зээлийн санг тэр чигт нь өөрийн хамаарал бүхий этгээдүүд, эхнэр хүүхэдтэй хувааж авч өгсөн баримтууд ил болов. Тэр байтугай авсан зээлээ өнөөдрийг эргүүлж төлөөгүй хэр нь хүртэл брэндээр гангарчихаад тансаглаж яваа нэгэн ч байх.  Боловсролын зээлийн сангаас зээл авах гэж борог амьдралтай жирийн нэг айлын хүүхэд хэдэн жил, хэдэн сар нойргүй хонож, хичээгээд ч авч чадахгүй дарга нарын хүүхдэд алддаг ийм л шударга бус нийгмийг бүтээчихжээ улстөрчид.
 
   Харамсалтай нь, өнөөдөр тэдэнд уучлалт гуйх соёл байх нь битгий хэл ард түмнээ хүндлэх наад захын соёл алга. Хийсэн хэрэгтээ гэмших нь байтугай хэрэлдэж, уралдаж, өөрсдийгөө өмөөрч, байж болох үзэгдэл мэтээр өөрсдийгөө хамгаалсаар өнөөдрийг хүргэлээ.
Монголын парламентын түүхэнд ийм олон гэмт хэрэгт холбогдсон гишүүдтэй, ард түмнийхээ боломжийг ах дүүгээрээ хувааж идсэн хар түүхтэй парламентаар энэ удаагийнх нэрлэгдэх нь гарцаагүй боллоо.  
 
    Ийм увайгүй, зангаргагүй хүмүүс төрийн сэнтийд заларчихаад ард түмнийг төлөөлж, хууль баталж, улс орны хөгжлийг тодорхойлж байгаа гэж бодохоор дэндүү харамсмаар, гунигтай юм. Хууль тогтоох дээд байгууллагын өнгөрсөн хэдэн жилийн үнэн төрөх л энэ байна даа. Монголын парламентын түүхэнд ийм олон гэмт хэрэгт холбогдсон гишүүдтэй, ард түмнийхээ боломжийг ах дүүгээрээ хувааж идсэн хар түүхтэй парламентаар энэ удаагийнх нэрлэгдэх нь гарцаагүй боллоо.
 
     Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ одоогийн парламентыг аврах хамгийн боломжит хувилбар нь УИХ-ыг тарааж, шинэ бүтэц бүрдүүлэх хэмээн тодорхойлоод байгаа сурагтай. Өөрөөр хэлбэл, улс төрийн гол тоглолт Л.Оюун-Эрдэнэ рүү чиглэж, намын удирдлага тэр чигтээ түүний гарт очсон гэсэн үг. Тэгэхээр энэ удаагийн парламент хүссэн хүсээгүй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийх нь тодорхой. Хэрэв зээ Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхгүй бол одоогийн МАН-ын гишүүдийн хувь заяа хаашаа ч эргэж магадгүй нөхцөл байдалд орчихсон гэх явган яриа ч олны дунд гараад эхэллээ. Үгэнд ордоггүй ах нартаа сануулга болгож эхний ээлжинд Боловсролын зээлийн сангийн улстөрчидтэй холбоотой мэдээллийг ч ил болгосон гэх нь бий. Тэр дундаа энэ удаагийн баримтаар Ардчилсан намын дарга Л.Гантөмөрийг онилсон нь намынх нь гишүүдэд том сануулга болж байгаа бололтой. Өөрөөр хэлбэл, Л.Гантөмөрөөр удирдуулсан Ардчилсан намын хэсэг гишүүдтэй МАН-ын гишүүд нийлж өөрсдөө Ерөнхий сайдын эсрэг зогсох гэж байсан нь ил болсон гэх цуу яриа Саарал ордонд түгээд байна. Түүнийг нь мэдсэн Ерөнхий сайд намынхаа гишүүдэд хариу цохилт болгож, Боловсролын зээлийн сангийн мэдээллийг ил болгосон гэнэ. 
 

    Нэг ёсондоо намынхаа ирээдүйн боломжийг хамгаалж үлдэх хамгийн боломжит арга нь аалзны тор шиг хэрсэн ах нарынхаа увайгүй үйлдлүүдийг таслан зогсоож, улс төрийн шинэ соёл төлөвшүүлэх болчихоод байгаа хэмээн шинэ төлөвлөгөө гаргачихсан түүнийхээ ард гарахаар тун чиг завгүй суугаа гэх.

 
   Үүгээрээ далимдуулж Л.Оюун-Эрдэнэ улс төрд том тоглолт хийж, намын бүтэц бүрэлдэхүүнээ шинэчлэх тактик боловсруулаад завгүй яваа гэх нь ч бий. Улс төрд үүрлэсэн хулгай, булхай, луйврыг илчлээд намынхаа хуучин гишүүдээс салах нь түүний улс төрд удаан суух боломж нь тэр болчихоод байгаа гэх. Төлөвлөгөө гаргах гаргахдаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг энэ удаагийн парламентаар хийлгүүлж аваад УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах компанит ажилдаа орсон гэнэ. Мэдээж одоогийн Их хурлын гишүүдэд ямар ч хамаагүй аргаар бүрэн эрхийнхээ хугацааг дуусгавар болгох хүсэлтээ олон хүн бий. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхий сайдын бойкотлохыг оролдсон ч төлөвлөгөө нь бүтэлгүйтэж, мөнөөх хэд нь гарах гарцгүй болчихоод толгойгоо гашилгаж суугаа гэх. 
 

   Энэ удаагийн парламентад хийхгүй хэрэг, хошуу дүрэхгүй сан, хулгайлахгүй баялаг гэж байсангүй. Хөгжлийн банк, нүүрсний хулгай, Боловсролын зээлийн сангийн тэтгэлэг гэхчилэн ард түмний боломжийг том жижиг, их бага гэж ялгалгүй хувааж авсан баримтууд ар араасаа хөвөрч байна. 

 
  Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн танилцуулгыг тойрогтоо хийх үеэрээ гишүүд ард түмэнд ам руугаа нэг сайн алгадуулаад буцсан. Тэр байтугай УИХ-ы гишүүд тойрогтоо дахин ажиллахаас айсан даа “Дараагийн удаад ард түмэнд танилцуулах албагүй, олонхоороо баталчих хүч байгаа шүү дээ” гэж намын дарга руугаа удаа дараа гүйж  орсон гэх яриад ч гараад амжсан. Гол агуулга нь ард түмэн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах санааг дэмжихгүй байгаа даа биш юм. Гишүүдийн тоог нэмэхэд бухимдаад байгаа юм биш. Харин ард түмний боломжийг хулгайлж, татварын мөнгөөр тансагладаг эрх мэдэлтнүүдийн хэтийдсэн шуналыг эсэргүүцсэндээ л бухимдлаа илэрхийлж, одоогийн эрх баригчдыг шүүмжилсэн хэрэг.
 
    Үндсэндээ одоогийн парламентынхан ард түмний өмнө нүүргүй болоод л бүрэн эрхийнхээ хугацааг дуусгах нь тодорхой боллоо доо. 
 

БУЛАЙ НЬ ДЭНДСЭН УИХ-ЫГ ТАРААЖ "АВРАХ" Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-22 10:39:55
    irgen : ene parlamentiig umuuruh gesengui . Unuudriig hurtelh ulsturch nertei humuusiin unen turh ni AN, MAN geltgui bugd haragdaj bna. Ih nurliin bolno gej uheldeed bdag shaltgaan ni bas ilchlegdlee. Darga nertei hudlaa tom tom yaridag , yu ch hiideggui, hudalch hulgaich humuusiin buleglel boljee . Edegeer humuusiin ued eh ornoo ch aldah tom ayuliin umnu irjee.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188