• Өнөөдөр 2024-05-15

АРДЧИЛСАН НАМ БҮР МӨСӨН АМИЛАХ УУ, АРЧИГДАХ УУ ГЭДГИЙГ Л.ГАНТӨМӨРИЙН УХААН МЭДНЭ, ОДОО

2023-02-14,   603

      Монголын улс төрд хоёрдогч хүчин ус, агаар шиг  үгүйлэгдэж, байгааг өнгөрсөн хугацаанд Ардчилсан намын хагарал, бутрал хангалттай харууллаа. Угтаа бол Ардчилсан нам тарж, бутарсан, хэрэлдэж, муудсан, тамга тэмдгээ булаацалдсан, Төв талбайд тас тэврэлдэж, хоносон, Үүл даргаа үсдэж, С.Эрдэнэ даргаа элэгдсэн энэ гурван жилийн хугацаанд монголын улс төрд нам, сөрөг хүчин, улс төрийн төлөөлөл ямар хэрэгтэй юм бэ, гэдгийг нэг мөр ойлгуулав бололтой.


      Үндсэндээ Ардчилсан нам сүүлийн гурван жилийн хугацаанд байж болох хэмжээндээ тултлаа уруудаж, гишүүд дэмжигчдийнх нь итгэл унтарч, ард түмний дунд доог тохуу болтлоо нэр хүнд нь унасан. Гэвч өнгөрсөн долоо хоногт намын даргыг нь Улсын дээд шүүх бүртгэж, даргатай болсонд гишүүд нь ч, ардчиллыг хүндэтгэдэг ард түмэн ч баяртай байна. Ийм л итгэл, хүлээлтийн үр дүнд Ардчилсан нам дахин хөл дээрээ босох уу, үгүй гэдэг их хүлээлтийг бий болгоод байна.

       “Шадав нь авна уу, Готов нь авна уу” гэгчээр ерөөсөө ард түмэнд Ардчилсан намын даргад хэн сонгогдох нь чухал биш байж. Харин нийтээрээ өнөөдөр эрх баригч намынханд эрх мэдлээ нэг мөр алдахаас эмээж, түүнийх нь эсрэг дуу хоолой болох төлөөлөл хэрэгтэй байгааг энэ удаагийн үйл явдлууд илт тодоор батлан харууллаа. Нэг намын хяналтгүй тогтолцооны горыг өнгөрсөн 2016 оноос хойш ард түмэн хангалттай амслаа, хангалттай мэдэрлээ.  Тиймдээ ч Ардчилсан намыг шинэ даргатай болсонд ард түмэн битүүхэндээ баярлаж, нөгөө талдаа айдастай байна.

      Өөрөөр хэлбэл, Ардчилсан намын даргыг батламжлах үйл явц ард түмний хүссэн шиг нээлттэй ил, тод, шударга байсан уу, гэвэл эргэлзээтэй. Эрх баригч намынхантай гар барилцаж, нэгдэхээс өөрөөр гарцгүй болтлоо Ардчилсан нам туйлдсан. Тиймдээ ч “МАН-ын бодлогыг Ардчилсан нам дэмжинэ” гэсэн амлалттайгаар өнөөдөр даргатай болсон нь олны нүдэнд илт харагдаж байна. Тиймээс л ард түмэн сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж чадахгүй, Ардчилсан нам нэг мөсөн эрх баригчдад барьцаалагдах вий, гэхээс болгоомжилж байгааг энд сануулах нь зүйн хэрэг биз ээ.

       Гэхдээ Ардчилсан намынхан өмнөхөөсөө арай дээрдэж, амь тавихдаа тулсан тэд нэг удаа амьсгаа авахтайгаа болсон. С.Эрдэнийн бүртгэл, тамга, бүрэн эрхээс нэг удаа ангирч, дараагийн шат руу нэг алхам ойртов.

      Одоо намыг чиглүүлэх гол хүмүүс нь зөв хөдөлж чадвал, нэг шат дэвших боломж тэдэнд бүрэн байгаа гэсэн үг. Намын албан ёсны дарга болоод удаагүй Л.Гантөмөр өчигдөр хэвлэлийн хурлын үеэр “С.Эрдэнэ, Х.Баттулга хоёртой уулзалтууд хийж байна. Ер нь бүртгэгдсэн нам өөртөө тамгаа гаргаж авна, бүтцээ батална, зохион байгуулалтаа хийгээд явна. Бид хэн нэгнийг тойргийн гадна үлдээгээд цаашаа явах тухай ойлголт байхгүй гэдгийг дахин хэлье” гэх амлалтыг гишүүд, дэмжигчдээ өгч харагдана лээ.

        Гэвч, өнөөдрийн бодит байдал дээр Л.Гантөмөрийн амлалт өгсөн, индэр дээрээс илтгэсэн шиг Ардчилсан намын нэгдэл амархан байхгүй л болов уу.

      Үүнийг Ардчиллын лидер гэгдэх улстөрч тов тодорхой сануулсан байх. Энэ талаар Ардчилсан намыг үүсгэн байгуулагчдын нэг Э.Бат-Үүл "Монголын Ардчилсан намын дарга бүртгэгдэж ардчиллын багана эргэн босож ирлээ. Ардчилал аврагдаж, нэг нам төвтэй тогтолцоо нурахаар боллоо. С.Эрдэнэ ч АН-ын даргыг шүүх бүртгэсэнд баяртай байх ёстой. Баярлахгүй сандарч байгаа хоёр л хүн бий. Тэр нь МАН-ын дарга Оюун-Эрдэнэ, МАн-ын генсек Д.Амарбаясгалант хоёр юм. 2024 оны сонгуулиар бүртгэлгүй даргатай АН-аар тоглох байлаа” гэх сануулга өгснийг анзаарах нь чухал.

      Эрх баригч намынхан эхний ээлжид Ардчилсан намынхантай  гар барилцаж, Үндсэн хуульд гар хүрэх тохироо дээрээ санаа нийлснээр Л.Гантөмөрийг намын даргад батламжлахыг зөвшөөрч, хариу эсэргүүцэлгүй хүлээн зөвшөөрсөн. Тэд ердөө өөрсдийн эрх ашгийн төлөө л энэ бүхнийг үг дуугүй хүлээн зөвшөөрсөн гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа.  

        Одоогийн нөхцөл байдлаас харахад Ардын нам, Арчилсан нам, ХҮН нам бүгд нэг хөнжилд орж, ард түмнээс оноо авах, ганц тохироо улстөрчдөд бий. Тодруулбал, Үндсэн хуулийн өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх гол агуулга дээр л тэдний үзэл санаа нэгдэж байна.

      Мэдээж, МАН ирэх дөрвөн жилдээ Засгийн эрхийг дангаараа барьж, УИХ-д олонх болох эрхээ хэвээр хадгалж үлдэнэ. Харин УИХ-д суудалтай намуудын гишүүдийг тоог нэмэх тохироотойгоор улс төрийн хүчнүүдээсээ дэмжлэг авч, Үндсэн хуулийг өөрчлөх төлөвлөгөөтэй ажиллаж эхэлсэн. МАН ч ялгаагүй улс төрийн бусад намууддаа найр тавихаас өөр гарцаагүй байдал орчихсон гэсэн үг.

         Ухаандаа эрх баригчид Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, төрийн эрхийг дангаараа барих бүрэн мэдэлтэй байгаа ч, ард түмний асар том эсэргүүцэлтээ тулах дээрээ хүртлээ хол явчихсан нууц биш юм.

         Нүүрсний хулгайн хэрэг, Хөгжлийн банкны асуудал гэх мэт улс төрийн томоохон бүх хэрэгт МАН өөрсдөө гарч чадахааргүй болтлоо холилдсон. Тиймдээ ч Ардын нам дахиад улс төрд гарах ард түмний асар том эсэргүүцэлтэй тулгарах нь тодорхой болоод буй. Түүний хульд МАН-д ард түмнээс хамгаалуулах “бамбай” юу юунаас илүү хэрэгтэй байгаа. Түүнээс биш Ардчилсан намыг нэгтгэх, хүчтэй байлгах сонирхол МАН-д огтоос байхгүй.

         Ардчилсан нам үндсэндээ ирэх сонгуульд МАН найруулсан улс төрийн тоглолтоор оролцох нь. Ардчилсан нам тэр чигтэй МАН-ын сонгуулийн штаб болох уу, үгүй юү гэдэг том босгон дээр тулаад ирчихлээ дээ.

       Эр хүн туг ч барина, тугал ч хариулна гэдгийн гол жишээ Ардчилсан нам байлаа. Ухаандаа Ардчилсан нам бүр мөсөн амилах уу, арчигдах уу гэдгийг Л.Гантөмөрийн ухаан мэднэ, одоо.


АРДЧИЛСАН НАМ БҮР МӨСӨН АМИЛАХ УУ, АРЧИГДАХ УУ ГЭДГИЙГ Л.ГАНТӨМӨРИЙН УХААН МЭДНЭ, ОДОО
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-14 17:16:43
    Зочин: Женкогоос их юм шалтгаална
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-14 14:02:37
    irgen : Salbariin said hiij chaddaggui , salbaraa unagaadag muunchin hun yaj chadah be dee, hairan nam
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-14 10:53:55
    Аьрагч: МАХН-ыг сөнөх гэж байхад Үүл аварсан, АН-ыг сүүрэх гэж байхад Гантөмөр аврах нь.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188