• Өнөөдөр 2025-05-13

ЕРӨНХИЙ САЙД НАМЫНХНАА “НАМНАНА” ГЭЭД УЛАЙРААД Л БАЙДАГ УЛС ТӨРӨӨ ДИЙЛЭХ Л БАЙГАА ДАА

2023-02-26,   2562

        Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ улс төрд эргэлт хийхээр улайрч, өөр дээрээ мөн ч их гал дуудаж байна даа.


      Нүүрсний хулгайн хэрэг, Хөгжлийн банкны хэргээр улс төрд дуулиан тарьж, одоогийн парламентад суугаа гишүүдийг олонхыг нь хуулийн байгууллагад “барьж” өглөө. Үндсэндээ өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкнаас зээл авч, хөлжсөн улстөрчдөө МАН-ынхан мэдсэн ч мэдээгүй мэтээр нүдэн балай, чихэн дүлий өнгөрөөж, нүүрсийг хилээр хэдэн тонноор нь гаргадгийг хараагүй юм шиг чимээгүй суусаар өдийг хүргэсэн нь нууц биш юм.

       Өнгөрсөн хугацаанд Монгол Улс хөгжих, эдийн засгаа аврах, өнөөдрийн түвшнээс хавь дээр амьдралын боломжтой болох ямар олон боломж байсан юм бэ. Гэвч эрх баригч намынхан, хууль тогтоох дээд байгууллагад, иргэдийг төлөөлж, сонгогдсон гишүүд, Засгийн эрх баригчид ард түмний аятай тухтай амьдрах тэр боломжуудыг бүгдийг нь хуу хамаад өнөөдөр дансандаа “сохор зоосгүй” болтлоо ядуурах, гаднын улсуудад хэдэн их наядын өр бий болготол нь цөлмөчихсөн нь өнгөрсөн хэд хэдэн удаагийн улс төрийн үйл явцаас илэрхий боллоо.

      Өөрөөр хэлбэл, төрд орох ёстой орлогыг тэр чигт нь улсын нууц гэх тамгаар халхавчилж, ард түмний боломжийг цөөн хэдхэн хүн хуваагаад авчихсан байх. Эхний ээлжид Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Хөгжлийн банкны хэргээр “бөмбөг” тэсэлж, УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүнийг хуулийн байгууллага шалгаж эхлээд буй. Үүнээс намынх нь гурван гишүүн, сөрөг хүчний нэг гишүүн багтсан. УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг нар Хөгжлийн банкны хэргээр яллагдагчаар татагдаж, шалгаж эхлээд байгаа. Түүний араас нүүрсний хулгайн хэргээр улс даяар дуулиан тарьж, УИХ-ыг тараах хэмжээнд хүртлээ газар авсан. Улмаар нүүрсний хулгайн хэрэгт УИХ-аас долоон гишүүн нэр холбогдсоны тав нь МАН-ынх байсан гэдгийг АТГ албан ёсоор зарлаад буй. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Б.Баттөмөр, Н.Наранбаатар, Ц.Анандбазар, Ц.Сэргэлэн гэх Ардын намын таван гишүүн багтсан.

     Нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсон МАн-ын хоёр ч УИХ-ын гишүүн бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өөрсдөө өгчихсөн. Хэдийгээр Ардчилсан намын цөөн хэдэн гишүүд улс төрийн гэмт хэрэгт холбогдсон ч тэднийг шахан хавчиж, гаргахын тулд Л.Оюун-Эрдэнэ улс төрийн гэмт хэргээр “шүгэл үлээж” олны анхааралд энэ хэргүүдийг авч ирээгүй нь лавтай. Түүнээс гадна хамгийн сүүлд Төмөр замын салбарыг дараагийн “бай”-гаараа онилж, эхний ээлжинд олны анхаарал татах ч хэргийг нийтэд ил болгоод, “томчуудад” нь сануулга өгчихсөн суугаа. Тэгэхээр Ардчилсан намынхныг энэ мэт хэргээр шахахад арай дэндүү хол явчих байгааг олон нийт шүүхээд харчих тэнхээтэй байна.

      Нүүрсний хулгайн хэрэг, Хөгжлийн банкны асуудал, Төмөр замынхны нуугдмал асуудлуудаас гадна улс төрд бугшсан олон асуудлуудыг дэлгэнэ гэдгээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганы индэр дээрээс зарласан билээ. Одоо түүнд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны үе үеийн сайд, дарга нарын дунд шидэх “Газрын наймаачид”, Монголбанкны үе үеийн удирдлага, дарга нарын дунд шидэх “Мөнгө хүүлэгчид” гэх хоёр цэнэгтэй бөмбөг бий.

        Ерөнхий сайдын ард түмэнд албан ёсоор зарласан энэ их амлалтууд хоосон улс төр, цонхны цаанаас чихэр долоолгосон асуудал биш байгаасай гэж мөн ч их итгэж байна даа ард түмэн.

     Өнгөрсөн удаагийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар улс төрийн гэмт хэрэг, авлигатай тэмцэхээр таван “Ш” ажиллагааг эхлүүлж байгаагаа ч албан ёсоор зарласан.

     Албан тушаалтнуудын авлигын хэргийг илчилсэн шүгэл үлээгчдийг хамгаалах хууль батлуулах ажлыг “Шүгэл ажиллагаа”, Орлогоосоо давсан хэрэглээтэй төрийн албан хаагчдыг шалгах ажлыг “Шүүр ажиллагаа”, Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдээд гадагш зугтсан этгээдүүдийг олж авчирч, хариуцлага тооцох ажлыг “Шувуу ажиллагаа” гэх ажээ. Харин оффшор бүсэд нуусан хөрөнгийг илрүүлэх, буцаан авчрах ажлыг “Шилжүүлэх ажиллагаа”, Төрийн өмчит компаниудын удирдлага, санхүүжилтийг ил болгох ажлыг “Шил ажиллагаа” гэж нэрлэхээр болжээ.

      Ингээд Засгийн газрын боловсруулсан Авлигатай тэмцэх таван Ш ажиллагааг харахаар яах аргагүй л намынхаа  ах нарыг “онилох”-оос өөр гарцгүй болж байгаа юм. Таван Ш ажиллагааг зарлахтай зэрэгцээд улс төрийн хэрэгт холбогдож, улсын хилээр гарсан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, МАН-ын “нууц эзэн” гэгдэх Т.Бадамжунай нарыг авч ирэх үү гэдэг хүлээлт олны дунд үүсээд эхэллээ. Гэвч Ерөнхий сайдын таван Ш ажиллагаа үүгээр тогтохгүй том хүрээг хамарч байгаа нь тодорхой байна.

      Үндсэндээ 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл  МАН олонхоороо Засгийн эрхийг барьж, Монгол Улсын төсвийг хэрхэн хуваарилах, байгалийн барлагаас хэчнээн төгрөгийн төгрөгийг олж, түүнийгээ хаашаа юунд зарцуулах вэ, гаднаас хэдий хэмжээний хөрөнгө оруулалт оруулж, ямар зээл тусламжаар ямар ажил хийх вэ гээд эдийн засгийн асуудлууд тэр чигтэй МАН-ын мэдэлд шилжсэн гэсэн үг. Тэгэхээр төрөөс тэрбумтнууд төрсөн, улсын эдийн засгийг уналтад оруулсан, улсын хөрөнгийг хувааж, идсэн, оффшор бүсэд мөнгөтэй болсон гэх мэт эдийн засгийн гэмт хэрэгтэй холбоотой асуудлууд ул сууриараа МАН-тай, намын гишүүдтэй нь холбогдож байгаа гэсэн үг.

       Л.Оюун-Эрдэнэ улс төрийн гэмт хэргийг ул сууриар нь гаргаж ирнэ, түүнтэй тэмцэнэ, авилгаас ангижирна гэж зүтгэж эхэлсэн л бол ах нартайгаа дайсагнахаас өөр сонголтгүй л болж таарах нь.  Үндсэндээ ард түмний өмнө шударга байхаа зарлаж, намынхнаа “намнана” гээд улайраад л байдаг улс төрөө дийлэх л байгаа даа.

     Мэдээж, төрийн эрхэнд дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байгаа томчуудад даруулга хэрэгэтэй. Олон жил ужгирсан том сүлжээнээс сална гэдэг амаргүй даваа. Ерөнхий сайд энэ бүхийг зоригтойгоор эхлүүлсэн нь зөв санаа. Гэвч энэ удаагийн өөрчлөлт улс төрд оноо авах, нэр төдий санаачилга биш л байгаасай даа. Ухаандаа одоо Ерөнхий сайдад энэ бүхнийг эхлүүлэхэд хүч дутуу баг байхгүйг олон нийт тэр чигтэй мэдэж байгаа. Гэхдээ энэ хэвээрээ улс төрийг хуучин арга барилаар нь үргэлжүүлбэл, МАН ч, Л.Оюун-Эрдэнэ ч ард түмнээс оноо авч, ирэх, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөж чадахааргүй болтлоо арга мухардсан. Тэгэхээр Ерөнхий сайдын энэ том амлалтууд улс төрийн тоглолт, хууран мэхлэлт байх вий гэх болгоомжлол олны дунд байсаар байх.


ЕРӨНХИЙ САЙД НАМЫНХНАА “НАМНАНА” ГЭЭД УЛАЙРААД Л БАЙДАГ УЛС ТӨРӨӨ ДИЙЛЭХ Л БАЙГАА ДАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 8
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-26 18:27:26
    Иргэн: Ккк захиалгат нийтлэлд чинь итгэх хүн байлаа юу, нүдээ дараад нуугдаж тогло тогло.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-19 11:22:37
    Түмээ: Маш сайн ажиллаж байна. Ард түмний эрх ашигт нийцэж байгаа учраас ардолон дэмжинэ санаа зоволтгүй дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-10 17:29:06
    Пялдага сайт: захиалгат нийтлэл ккк "өөр дээрээ мөн ч их гал дуудаж байна даа" чихшиг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-10 13:39:26
    зочин: Эргэлт хийхгүй бол ард түмэн эргэлт хийнэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-10 12:42:51
    Бадмаев Дашаев: .Ёрөнхий сайд ,эх орон,монгол түмэнд нүүрлэсэн .их гамшиг авчираж, бугшсан улс төр ,эдийн засгын ,бүлэглэл, хулгай ,луйвар ,шамшигдуулалтын эсрэг таванШ .хөтөлбөр явуулаж буй МАШ ЗӨВ ,НҮДЭЭ НЭЭСЭН АЖИЛ ,ГАГЦХҮҮ МАН Ы АХ нар ,архагласан ЛУГРАГУУД нь олуул даа .Эднийг ганцаараа дийлнэ гэдэг их эргэлзээтэй шүү .МАН ч бай АН ч бай .Шилдэг хүмүүс нууц байдлаар үхцгээсэн шүү дээ. ЭНЭБИШ ,ДАШБАЛБАР,НАРАНЦАЦАРАЛТ ,ЗЭНЭЭ ,БАТХҮҮ мэт ...Биеэ сайн хамгаалах ,сонор сэрэмжтэй ,Сэрэмжлэл хэрэгтэй дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-10 12:20:37
    Зочин: Е.сайд хүнд их өширхдөг бололтой санагдсан.Өөрийг нь шүүмжилсэн Мөнхбаяр тэргүүтэй хэджн хүмүүсийг хуурамч хэрэг тохож хорьсоноо үгүй л гэх бхдаа.Нямбаатар гэж нэг хий үсжиж дэвхжсэн хүн бна.учраа олохгүй хориод л энэ нийгэмийг шоронжууллаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-10 12:20:30
    Н. Цэвэгмэд.: Бохирдсон Улс төрөө цэвэрлэхэд нь шудрага Ард түмэн дуу хоолой хүчин чадал.бүх боломжоо дайчлан дэмжих ёстой. Үүнээс цааш харах хүлээх хэрэггүй байх гэж бодож байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-10 10:54:29
    123: Өргөдөл хүсэлтээ өгсөн хүмүүсээ чөлөөлөөчээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188