• Өнөөдөр 2024-05-15

Ж.МӨНХБАТ, Т.АЮУРСАЙХАН НАРЫН АРААС ХӨГЖЛИЙН БАНК, НҮҮРСНИЙ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН 11 ГИШҮҮН БҮРЭН ЭРХЭЭСЭЭ ТАТГАЛЗАХ УУ

2023-02-08,   1082

         Хөгжлийн банк, нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон МАН-ын гишүүд эхнээсээ бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, “Хуулийн байгууллагад шалгуулна” гээд ээлж дараалан УИХ-ын дарга руу бичиг бариад гүйлдэх боллоо. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат УИХ-ын даргад гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ хүргүүлсэн бол өчигдөр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, ХНХ-ын сайдын суудлаа хүлээлгэж өгөх мэдэгдэл гаргаснаа албан ёсоор зарлав. Ийн УИХ-ын гишүүний халдашгүй дархан байдал нэрээр хуулийн байгууллагад шалгуулах боломжгүй болсон гишүүд өөрсдийгөө “Нэр цэвэр” хэмээн батлах гэж хэрэндээ хичээцгээж байх.


      Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон гишүүд ийн нэг нэгээрээ Их хурлын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах саналаа өөрсдөө хүргүүлж эхэлсэн бол Хөгжлийн банкны хэрэгт нэр холбогдсон дөрвөн гишүүнийг прокурорын байгууллагаас яллагдагчаар татан шалгаж байгаагаа мэдэгдэв.

        УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан нарын араас хэн хэн чөлөөлөлдөгдөх хүсэлтээ хүргүүлж, Улсын Ерөнхий прокурор хэний нэрийг Их хуралд өргөн мэдүүлэх вэ, гэдэг асуулт олны анхаарлыг татаж байна.  

        Өөрөөр хэлбэл, нүүрсний хулгайн хэргийг илчилж, хариуцлага тооцохыг шаардсан Төв талбайн жагсаалын үр дүнд АТГ-аас нүүрсний хулгайн хэрэгт холбоотой долоон гишүүний нэрийг албан ёсоор зарлаж байв.

       Үүнээс МАН-ын дөрвөн гишүүн, АН-ын хоёр гишүүний нэрийг АТГ тухайн үед албан ёсоор зарласан байдаг. Тодруулбал, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүн Ш.Раднаасэд, Б.Баттөмөр, Ц.Сэргэлэн, Н.Наранбаатар, Ц.Анандбазар нарыг нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн гэдгээ мэдэгдэж байлаа.

        Уг мэдэгдлийн дараа нэр бүхий таван гишүүн өөрсдийгөө “Нүүрсний хулгай хийх нь битгий хэл, нүүрс барьж үзээгүй” хэмээн өмөөрч, лобби бүлэг хүртэл байгуулж, “Жинхэнэ нүүрс хулгай хийдэг гишүүд энэ шүү дээ” гээд зарлахаас наагуур бачуурч гүйцгээсэн удаатай. Хуулийн байгууллагаас нэрийг нь зарласан таван гишүүнийг өнөөдрийг хүртэл шалгаж байгаагаа мэдэгдээд буй.

        Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгээс нүүрсний хулгайн хэрэгт П.Бат-Эрдэнэ, А.Адъяасүрэн нарыг холбогдуулан шалгаж, яллагдагчаар татсанаа мэдэгдээд байгаа.

      Улмаар УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийг 2012-2016 оны хооронд УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа “Таван толгой” ХК-ны ТУЗ-ийн дарга Б.Түвшинбаяр, гүйцэтгэх захирал Р.Сэддорж нарт хууль бусаар нөлөөлсний улмаас 323,900 тонн нүүрсийг өр төлбөрт авсан мэтээр хуурамч бичиг баримт бүрдүүлэн “Таван толгой” ХК, “Тавантолгой транс” ХК-иудын хувьцаа эзэмшиж байсан албан тушаалын байдлаа ашиглаж “Тавантолгой” ХК-д 18,478,856,284 төгрөгийн хохирол учруулан хөрөнгө завшихыг удирдан зохион байгуулсан хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь / Хөрөнгө завших/ заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн байна. Түүнчлэн Д.Бат-Эрдэнэт таслан сэргийлэх арга хэмжээ авч, хилийн хориг тавьсан гэдгийг хуулийн байгууллагаас албан ёсоор мэдэгдээд буй. Ийн нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон Ардчилсан намын хоёр гишүүний бүрэн эрхийн асуудал хөндөгдөж, эхлэх нь тодорхой болоод буй.

      Үндсэндээ Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан нарын жишгээр нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон нэр бүхий УИХ-ын долоон гишүүн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх үү, Улсын ерөнхий прокурор санал оруулах уу гэдэг асуулт эд өрнөж байна.

      МАН-ын дарга Д.Тогтохсүрэн “Манай намд нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон гишүүд байхгүй. Гишүүд өөрсдийн саналаар гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, шалгуулж байгаа нь сайн жишиг” хэмээн гишүүдээ өмөөрч байгаа ч үнэн хэр дээрээ асуудал өөрөө өрнөж байна. Ухаандаа гишүүд өөрсдөө бүрэн эрхээсээ татгалзаж байгаа нь үнэхээр гэм буруугүй гэдгээ тогтоолгох гэж байгаа асуудал мөн үү, гэвэл эргэлзээтэй.  

       Угтаа бол гишүүд хуулийн байгууллагууд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал оруулахаас өмнө түрүүлж, хөдөлж, нэр цэвэр үлдэх, улс төрд дахин орох нүхээ малтаж байгаа нь энэ гээд хэлчихэд буруудахгүй.

     Хөгжлийн банкны хэрэгт нэр холбогдсон дөрвөн гишүүн болох УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг нарыг Улсын ерөнхий прокуророос бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгах саналаа УИХ-д өргөн мэдүүлж байсан ч, парламентын гишүүд олонхоороо тэднийг хамгаалж үлдэж байсан. Гэвч тэдний хэрэг дахин сөхөгдөж, прокурорын байгууллагын хүсэлтээр тэднийг яллагдагчаар татан дахин шалгаж эхэлсэн гэдгийг өчигдөр дахин мэдэгдээд буй.

       Үндсэндээ бүрэн эрхээсээ татгалзсан хоёр гишүүний араас 11 гишүүн хууль хяналтын байгууллагад шалгуулж байна.

     Тэгэхээр нүүрсний хулгайн хэрэг, Хөгжлийн банкны асуудлын эрх баригч намынхан хяналтандаа авах боломжгүй болтлоо хол явж, олны анхааралд орчихсон гэсэн үг. Тиймээс МАН-ын одоогийн удирдлагууд гишүүдээ хамгаалах, хаацайлах аргагүй болтлоо мухардаж, хууль хяналтын байгууллагаас түрүүлж хөдлөхөөс өөр замгүй болсон нь энэ.

      Бүхэл бүтэн 11 гишүүн нь хуулийн байгууллагад шалгуулж, бүрэн эрхээ дуусгавар болгох хэмжээнд хүртлээ чадамжгүй болчихсон учир эрх баригч намынхан гишүүддээ өөрсдийн саналаар бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх “даалгавар” өгч, одоогийн парламентаа тараах бодлоготой явж байхыг ч үгүйсгэхгүй юм.

        Өөрөөр хэлбэл эдгээр гишүүнийг парламент тэрчигт нь хамгаалж үлдвэл ард түмний асар том эсэргүүцэлтэй нүүр тулах дээрээ хүртлээ хол явчихсан. Хэрэв зээ гишүүд өөрсдийн хүсэлтээр чөлөөлөгдөж, шалгуулбал, дараагийн удаад улс төрд дахин хүч үзэх боломжийг нь нээж, одоогийн эрх баригчид улс төрд шинээр гарч ирэх бүрэн боломжтой гэж тооцоолсон бололтой. Үндсэндээ нэр нь ил болсон нь 11 гишүүн болохоос нүүрсний хулгайн хэрэгт холбоотой гишүүд, улс төрийн гэмт хэрэгт холбогдсон олон гишүүн энэ удаагийн парламентад бий. 

       Гишүүдийн олонх нь улс төрийн гэмт хэрэгт шалгагдаж байгаа энэ үед гишүүд бүрэн эрхээсээ түдгэлзэж, шалгуулах хүсэлтээ өгсөөр байвал одоогийн Их хурал тарахаас өөр сонголтгүй болох нь.


Ж.МӨНХБАТ, Т.АЮУРСАЙХАН НАРЫН АРААС ХӨГЖЛИЙН БАНК, НҮҮРСНИЙ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН 11 ГИШҮҮН БҮРЭН ЭРХЭЭСЭЭ ТАТГАЛЗАХ УУ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 7
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-09 19:58:06
    Иргэн: Бүгдийг нь нүүрсний мөнгөний шорон байгуулж чиглэл чиглэлээр нь шоронд шаа өөдгүй муусайн гудраачид
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-08 18:46:51
    Ард түмэн: УИХ -ын гишүүн Б.Баттөмөр Ш.Раднаасэд нарын өргөн ыщ барьсан иргэн бүрт 1072 ш хуьвцааны 2.5 cая төгрөгийн ногдол ашиг тараах хуулийн төслийг яаралтай хэлэлцэх ёстой
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-08 18:46:50
    Ард түмэн: УИХ -ын гишүүн Б.Баттөмөр Ш.Раднаасэд нарын өргөн ыщ барьсан иргэн бүрт 1072 ш хуьвцааны 2.5 cая төгрөгийн ногдол ашиг тараах хуулийн төслийг яаралтай хэлэлцэх ёстой
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-08 18:46:50
    Ард түмэн: УИХ -ын гишүүн Б.Баттөмөр Ш.Раднаасэд нарын өргөн ыщ барьсан иргэн бүрт 1072 ш хуьвцааны 2.5 cая төгрөгийн ногдол ашиг тараах хуулийн төслийг яаралтай хэлэлцэх ёстой
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-08 18:46:49
    Ард түмэн: УИХ -ын гишүүн Б.Баттөмөр Ш.Раднаасэд нарын өргөн ыщ барьсан иргэн бүрт 1072 ш хуьвцааны 2.5 cая төгрөгийн ногдол ашиг тараах хуулийн төслийг яаралтай хэлэлцэх ёстой
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-08 18:41:20
    Ард түмэн: ЦАГААН САРААС ӨМНӨ 1072 Ш ХУВЬЦААНЫ СҮҮЛИЙН 10 ЖИЛИЙН НОГДОЛ АШИГ АА АВЧ БАНКНЫ ӨР ЗЭЭЛЭЭ ТЭГЛЬЕ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-08 18:41:18
    Ард түмэн: ЦАГААН САРААС ӨМНӨ 1072 Ш ХУВЬЦААНЫ СҮҮЛИЙН 10 ЖИЛИЙН НОГДОЛ АШИГ АА АВЧ БАНКНЫ ӨР ЗЭЭЛЭЭ ТЭГЛЬЕ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188