• Өнөөдөр 2024-04-19

МАН-ЫН ГИШҮҮД ҮНДСЭН ХУУЛЬД ГАР ХҮРЭХ ЭРХЭЭ АВАХЫН ТУЛД ТОЙРГИЙНХНОО ТОЙГЛОЖ ЭХЭЛЛЭЭ

2023-01-30,   561

        Чуулган завсарлахтай зэрэгцээд УИХ-ын гишүүд том, том жийп хөлөглөөд хөдөө, орон нутаг руу томилолт аваад гарлаа. Отрын гэртээ багтаж, ядаж байгаа хэдэн малчдын гэрт том нударгатай, хурган дотортой дээлтэй дарга нар зочилж, эхнээсээ цахим орчинд зургаа нийтлээд эхлэв. Сонгуулийн сурталчилгаагаар нэг бараа царайгаа харуулж, байдгаа барьдаг гишүүд энэ удаад машин дүүрэн өвс, тэжээлтэй, малчдын гэрт очиж, “цасыг нь малтаж”, “ногоо ургуулахаас” наагуур малчдын ая талыг засаж яваа гэнэ.


      Хотын тойргоос сонгогдсон гишүүд нь ууттай бэлэг бариад захын хорооллуудаар тойрч байгаа харагдана.

     Тойрогтоо ажиллаж байгаа гишүүд сонгогчдодоо “Сар шинийн чихэр, боов тараах зуураа” Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухайгаа дуулгах даалгавраа биелүүлж байна. Сонгогчдод тулгамдсан асуудал, орон нутагт хийх ажлыг нь сонсох нэрээр тойргийн сонгогчдоо тойглож, шинэ Үндсэн хуультай ухуулга хийж яваа нь энэ. Тэд гурил будаа таараахын хажуугаар шагнал гардуулж, төрийн үйлчилгээний байгууллагуудад ойр зуурын хэрэгцээний техник өгч, тууз хайчлахаас наагуур хийсэн ажлаа сурталчилж яваа. Намрын чуулганы хаалтын үеэр спикер Г.Занданшатар гишүүдэд Үндсэн хуулийн сурталчлах даалгавар өгсөн. Тэрбээр “Гишүүд тойрогтоо ажиллаж, ард түмнээ сонсож, ард түмнээ төлөөлөх элчийнхээ хувьд өөрчлөлт, шинэчлэлтийн төлөө эвийн хүчээр ихийг бүтээхийг хүсэн ерөөе” хэмээн намрын чуулганыг хаасан байдаг. УИХ-ын даргын даалгаврыг амжилттай биелүүлж яваагаа зарим гишүүн цахим хаягаараа дамжуулан илтгэсэн харагдана лээ.

     УИХ-ын гишүүн Ч.Ундрам гэхэд л Сэлэнгэ аймагт гишүүдээ төлөөлж, тойрогтоо ажиллаж байгаагаа цахимд нийтэлж, ажлаа тайлагнажээ. Тэрбээр “Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн сантехник, дулаан хангамж, агааржуулалтын асуудлыг шийдвэрлэхээр Монгол Улсын 2022 оны төсөвт их засварын 3.2 тэрбум төгрөг тусган батлуулсан билээ.  Тус ажлын хэрэгжилт болон эмнэлгийн үйл ажиллагаатай танилцав. Сангийн болон дулааны ажил хийгдэж дууссан бөгөөд иргэд дулаан тав тухтай орчинд үйлчилгээ авч байгаадаа баяртай байгаагаа илэрхийллээ.2023 онд багтаан үлдсэн ажил болох эмнэлгийн агааржуулалтын асуудлыг засварлаж дуусгах юм” хэмээн өөрийн цахим хаягтаа нийтэлсэн байна.

      Харин УИХ-ын гишүүн Т.Батлут Эрдэнэтэд ажиллаж үйлдвэрлэгч нарыг ажлын байраар хангасан гэх. Тэрбээр “Үйлдвэрлэлээ явуулах ажлын байртай болох хүсэлт гаргасан 11 иргэн маань ажлын байрандаа төвхнөөд авчээ. Шинэхэн ажлаар нь ороод гарлаа. Бүгдэд нь амжилт хүсье” хэмээн нийтэлжээ.

     УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Д.Цогтбаатар нар  Сүхбаатар дүүргийн сонгогчидтой хороо, хороогоор нь хуваарь гаргачихсан уулзалт хийж яваагаа мөн фэйсбүүктэй нийтэлж, тайлагнасан байх.

        УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Ж.Бат-Эрдэнэ нар Булган аймгийг зорьж, Шинэ хөдөө төслөөс сурталчлахын хажуугаар Улсын залуу аварга тогооч шалгаруулах ур чадварын уралдаан зарлаж явна. УИХ-ын Ж.Ганбаатар тойрогтоо ажиллаж, улаан ууттай бэлэг тараасан нь өнгөрсөн амралтын өдрүүдэд цахим орчны дуулиан болов.

        Энэ мэтчилэн тойрогтоо томилолт авсан гишүүд ил далдаар Үндсэн хуульд гар хүрэх ухуулга аа хийж явна.

     Яг үүнтэй зэрэгцээд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсгийнхний боловсруулсан тавдугаар Үндсэн хуулийн төсөл олны дунд ил болоод эхэллээ. Гишүүд тойрогтоо ажиллах томилолт авсантай зэрэгцээд энэ хуулийн төсөл гарч ирсэн нь ийм учиртай.

       Ингээд Сар шинийн баяраас өмнө Үндсэн хуульд өөрчлөлт хийхээр ээлжит бус чуулганыг зарлах товтой байгаа. МАН олонхоороо хуулийг хүчин түрэн баталдаг гэдгээ олон удаа батлан харуулсан. Хамгийн сүүлд гэхэд л Учралын гэх тодотголтой Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг чуулган завсарлахтай зэрэгцүүлэн гуравхан хоногийн дотор хэлэлцүүлэн баталсан. Тэгэхээр Үндсэн хуульд гар хүрэх нь өдрийн будаа идэхтэй адил амархан гэсэн үг.

      Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын өргөн мэдүүлсэн шинэ Үндсэн хуулийн талаарх хэлэлцүүлгүүд цахим орчинд өрнөж л байна. Гол нь Засгийн газар Н.Энхбаярын өргөн мэдүүлсэн хуулийг бид “захиалаагүй” гээд мэдэгдэл хийчихлээ. Гэхдээ Ерөнхий сайдын гарын үсэг бүхий захирамжтай хуулийн төслийг Н.Энхбаяр ил болгочихсонд учир байгаа юм. Н.Энхбаяр ч Ерөнхий сайдын захирамжтай Үндсэн хуулийн төслөө элчингүүдэд хүргүүлж, бараггүйд нь хийгээд авлаа. Нэг үгээр бол тэмээ хариулсан хүн буурынхаа занг андахгүй гэгчээр МАН-ынхны ингэж “мэлзэх”-ийг тооцоолсон гэсэн үг.  

      Үндсэндээ эрх баригч намынхан Үндсэн хуульд гар хүрэхээсээ өмнө ард түмнээс санал авах хамгийн чухал шалгуур дээрээ бүдэрчих гээд сандарч яваа бололтой. Тиймээс олны дунд санал асуулга явуулж, тандах маягаар Н.Энхбаярын боловсруулсан хуулийг түрүүлж задалсан байх.

     Улмаар гишүүддээ тойргоо эргэх, оноо цуглуулах, одоогийн Үндсэн хууль болж бүтэхгүй мэтээр тайлбарлуулах ухуулгын ажилд томилоод, олон нийтийн сүлжээнд тандалт хийгээд сууцгааж байна.

      1992 оны Үндсэн хууль өнгөрсөн хугацаанд үүргээ хангалттай сайн биелүүлж байгаагийн жишээ яг одоо өрнөж байна. Үндсэндээ эрх баригч намынханд эрх мэдлээ нэмэх боломж олгохгүй, ард түмэнд үйлчлэх эрхээ хангалттай сайн биелүүлж байгаа учраас л МАН шинэ Үндсэн хуультай болохоор ийн улайрч байгаа биз.


МАН-ЫН ГИШҮҮД ҮНДСЭН ХУУЛЬД ГАР ХҮРЭХ ЭРХЭЭ АВАХЫН ТУЛД ТОЙРГИЙНХНОО ТОЙГЛОЖ ЭХЭЛЛЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188