• Өнөөдөр 2024-04-23

ҮНДСЭН ХУУЛЬД ГАР ХҮРЭХ “АВЛИГА” БУЮУ 1072 ХУВЬЦААНЫ НООГДОЛ АШИГ

2023-01-15,   999

       Сүүлийн үед эрх баригч намынхан чих зөөлөнтэй, хөл хөнгөн  гүйж явна. Ерөнхий сайд нь Төрийн ордонд хэлэлцүүлэг хийж, жагсагчдад элдвээр доромжлуулж, “Ерөнхий сайдаа наашаа хараач, юундаа утсаар оролдоод байгаа юм” хэмээн тохуурхаж байхад ч “Ард түмэнтэйгээ шударга ёсны төлөө тэмцэнэ” хэмээн ганц үг ган хийхгүй, үг дуугүй загнуулж суух. Энгийн үед бөөн бүхлээр нь иргэдийг оруулах нь битгий хэл хажуугаар нь өнгөрөх төдийд хамгаалалтад авахаас наагуур байдаг Төрийн ордон ийн ард түмний өмнө хаалгаа нээж, улстөрчид гэмшингүй загнуулж суух цаг ирдэг л юм байна.


        Нэг ёсонд эрх баригч намынхан Үндсэн хуульд гар хүрэх гээд түмний өмнө хошуугаа дэвсэж, байдгаа барьж байгаа гэх үү дээ. Засгийн газар ч тэнийдэггүй алга аа дэлгэж, өнгөрсөн хугацаанд сураг тасарсан Эрдэнэс Тавантолгойн ноогдол ашгийг тараана гэх мэдээлэл өгөөд эхэллээ. Уул уурхайн баялгаасаа үр ашгийг нь хүртэл хуулийн ёсны дагуу олгох ёстой мөнгө.

         Одоогоор "Эрдэнэс Тавантолгой" компанид нийт 2.5 сая иргэн хувьцаа эзэмшиж, нэг сая гаруй нь 1072 хувьцаагаа бүтнээр нь эзэмшиж байгаа бол 1.430.408 иргэн хувьцаанаасаа тодорхой хэмжээг Засгийн газарт буцаан зарсан гэдэг.

         Гэвч ямар зарчмаар яаж иргэдэд ноогдол ашгийг өгөх вэ, гэдэг нь анхаарал татаж байна. 1072 хувьцааны нэгж үнэ өсөх үү, цаашид хувьцаагаа арилжаалах боломж нээгдэх үү, 1072 хувьцаа эмшдэггүй буюу 2012 оноос хойш төрсөн иргэд яах вэ гэх мэт олон асуулт урган гарна. 2020 онд 1072 хувьцааны ноогдол ашиг тараахдаа нэгж хувьцааг 933 төгрөгөөр үнэлж, нэг иргэд 100 орчим мянган төгрөг олгож байлаа. Одоо харин гурван жилийн хувьцааны ноогдол ашгийг тарна гэх мэдээлэл өгөөд байна. Харин эрх баригчид Сар шинийн баяраар ард түмнээс оноо авах байдлаар тараах уу, санхүү хөрөнгө нь хэрхэн билээ гэдгээ л хэлэлцэж байгаа бололтой.

       Сангийн сайд Б.Жавхлан ч уг нь “гар султай” нэгэн. Мөнгө байвал "Өгнө, болгоно, бүтээнэ" гээд л сайхан амлалт өгөх нь бий. Гэвч адаг сүүлд нь хариуцлагаа хэн нь үүрэх вэ, эдийн засгаа яаж сэргээх вэ гэдэг дээр үг унагаахдаа тун тааруу гэдгийг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хангалттай амссан.

      Хамгийн гол нь Үндсэн хуульд гар хүрэх цаг хугацаатай давхцуулан ийм мессеж ард түмэнд өгөөд эхэлсэн нь учиртай. Үндсэн хуулийг өөрчлөхийн тулд нийтээрээ санал асуулга хийж, ард түмнээс зөвшөөрөл авах ажил Ардын намынханд үлдээд буй. Үндсэндээ улс төрийн намуудтайгаа тохироонд хүрч, хуучин гишүүдийнхээ амыг албан тушаалаар хаачихсан. Үндсэн хуулийнхаа төслийг боловсруулаад, гишүүддээ ухуулга сурталчилгаа хийх даалгавраа өгөөд эхэлсэн гэх нь ч бий.

        Гэтэл бэлтгэл бүрэн хангагдсан энэ үед яг үнэндээ нийтээрээ Үндсэн хуулиа өөрчилье гээд гар өргөх хүн тун цөөн байна.  Тиймээс 1072 хувьцаагаар “авлигадаж” Үндсэн хуульд гар хүрэх зөвшөөрлөө авахаар зэхэж эхэлсэн нь тодорхой боллоо.

        Яг л ийм л үед ард түмний, сонгогчдын хэрсүү зан хэрэгтэй байна даа. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Эрдэнэс Тавантолгой хувьцаат компаниас ард түмэн 1072 хувьцааны ноогдол ашгаа авъя гэж олон ч удаа шаардсан, хүлээсэн дээ. Харамсалтай нь бэлэн мөнгө болгож тарааснаас бүтээн байгуулалт руу хийсэн нь дээр гэх ухуулга хийж, төмөр замын бүтээн байгуулалтын ажил руу иргэдийн хувьцааны ашгийг оруулсан гээд сураг тасарсан удаатай.

         Уг нь хувьцаа эзэмшигчдийн нэгнээс нь ч энэ саналыг сонсоогүй, эрх баригчид өөрсдөө шийдэж байв. Харин нүүрсний хулгайн хэрэг задарснаас хойш мөнөөх иргэдийн ноогдол ашгийн хөрөнгө буруу гараар урсаж, цөөхөн хэдэн хүний халаас руу орсон ч байж мэдэхээр нөхцөл байдал үүссэн. Одоо харин Эрдэнэс Тавантолгой ХК гэнэт л ашигтай ажиллаж, ногдол ашиг хүртээх боломжтой болсон гээд мэдээлэл өгөөд эхэллээ. Иргэдийг загасны ой санамжтай гэж тохуурхаж байгаагаас ч ялгаагүй үйлдэл Засгийн газар, эрх баригчид гаргах болов.

        Үндсэн хуульд гар хүрч, тогтолцооны өөрчлөлт хийх цаг болсон уу, гэдэгтэй санал нийлэх хүн олон байгаа. Наанадаж, нэг нам олох болж, Засгийн эрхийг дангаараа барихын горыг ч нийтээрээ хангалттай амсаж байна

        Гэвч “мөнгө тарааж”, “авлига” өгч өөрчлөх ямар шалтгаан байна гэдгийг эргэцүүлэх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, одоогийн Их хурал Үндсэн хуулиа өөрчлөх хэмжээний чадамжтай парламент мөн үү, гэдэг дээр ард түмэн санал нийлэхгүй, эргэлзээ төрүүлж байгаа юм. Дээр нь ард түмний эрх ашигт нийцсэн хууль батлах эсэх нь ч эргэлзээтэй. Гол агуулгаараа бол эрх баригчид илүү олон жил төр барих ажилдаа шуударсан гэж ч харж болно.

       Түүнчлэн одоогийн парламентад суугаа Их хурлын гишүүдээс ард түмнийг төлөөлж, Үндсэн хуульд гар хүрэх нь битгий хэл өргөн барьсан хуулийн төслөө бүрэн ойлгоогүй гишүүд ч цөөнгүй бий. Түүнчлэн гишүүдийн олонх нь авлига, албан тушаалын хэргээр хууль хяналтын байгууллагын үүд сахиж буй. Тиймээс ард түмэнд хүлээн зөвшөөрөгдөж чадаагүй парламент Үндсэн хуульд гар хүрэхэд хэн дуртай байх билээ.

      Тэгэхээр эрх баригч намынхан Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа, ард түмнийг "авлигадаж" өөрчлөлт хийхээс өөр сонголтогүй болсон гэснэ үг. Ийм л үед нийтээрээ хэрсүү байх нь нэн тэргүүний асуудал болоод байна даа. 


ҮНДСЭН ХУУЛЬД ГАР ХҮРЭХ “АВЛИГА” БУЮУ 1072 ХУВЬЦААНЫ НООГДОЛ АШИГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 10
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-15 17:12:30
    1072 ш хувьцаа эзэмшигчид : СТРАТЕГИЙН 39 ОРДООС НОГДОЛ АШИГ АВЬЯ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-15 17:11:30
    Ард түмэн : СҮҮЛИЙН 10 ЖИЛИЙН НОГДОЛ АШИГ БАНКНЫ ЗЭЭЛ ИПОТЕКИЙН ЗЭЭЛ СУРГАЛТЫН ТӨЛБӨР ТӨЛӨХ ХЭЛБЭРЭЭР ОЛГОЖ ЗЭЭЛГҮЙ ХҮМҮҮСИЙН ДАНСААР ШУУД ШИЛЖҮҮЛЭЭСЭЙ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-15 17:09:53
    Ард түмэн : ЦАГААН САРААС ӨМНӨ БҮХ СТРАТЕГИЙН ОРДООС СҮҮЛИЙН 10 ЖИЛИЙН НОГДОЛ АШИГ АВЬЯ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-14 09:30:52
    B: Өр зээл байхгүй хүмүүст шууд бэлнээр нь өгмөөр байнаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-13 22:08:36
    оо: мөнгө харахаараа тараах гэх юм .тэгээд зээл авах... .улсаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-13 19:13:57
    1072 ш хувьцаа эзэмшигчид : НОГДОЛ АШИГ АА АВЬЯ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-13 19:13:04
    1072 ш хувьцаа эзэмшигчид : АРД ТҮМЭН 39 ОРДООС ХУВЬЦАА ЭЗЭМШИЖ ЖИЛ БҮР НОГДОЛ АШИГ АА АВЬЯ. ТЭР ЦАГТ Л АРД ТҮМЭН ЖИНХЭНЭ БАЙГАЛИЙН БАЯЛАГИЙН ЭЗЭН БОЛНО...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-13 19:11:54
    Ард түмэн : Иргэд зөвхөн ЭТТ 1072 ш хувьцааны ногдол ашиг биш стратегийн томоохон 39 орд Эрдэнэт үйлдвэрээс хувьцаа эзэмшиж хувь хүртэх эрхтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-13 19:10:33
    1072 ш хувьцаа эзэмшигчид : СҮҮЛИЙН 10 ЖИЛИЙН НОГДОЛ АШИГ АА ЦАГААН САРААС ӨМНӨ АВЧ БАНКНЫ ӨР ЗЭЭЛНЭЭС САЛЬЯ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-13 19:09:39
    1072 ш хувьцаа эзэмшигчид : ЦАГААН САРААС ӨМНА 1072 Ш ХУВЬЦААНЫ СҮҮЛИЙН 10 ЖИЛИЙН НОГДОЛ АШИГ АВЬЯ. НЭГ ХҮНД 2 САЯ ГЭХЭЭР 10 ЖИЛИЙН АШИГ НЭГ ХҮНД 20 САЯ . ГЭХДЭЭ БЭЛЭН МӨНГӨӨР БИШ БАНКНЫ ӨР ЗЭЭЛ ТЭГЛЭХ, ИПОТЕКИЙН ЗЭЭЛ ТӨЛӨХ , СУРГАЛТЫН ЗЭЭЛ ТӨЛӨХ ГЭХ МЭТ.. БЭЛЭН БУСААР
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188