“УБТЗ” ХНН-ийн ажилтны 10 тэрбумын хэрэг нийгэмд дуулиан тарьж, олон нийт уг дуулианд хошуурч байх зуурт ардуур нь улстөрчид УИХ-ын сонгуулийн тойргоо хуваахаар чимээгүй дайн өрнүүлж байна.
Эрх баригч намынхан сонгуулийн товоо наашлуулах төлөвлөгөө гаргасан тул намын гишүүд нь ихэд сандарч яваа гэнэ. Ингэхдээ томчуудынхаа хаалгыг өөд, уруугүй сахиж, сонгуулийн тойргоо зуруулах гээд хоорондоо тэмцэлдэж эхэлжээ. Үндсэн хуульд гар хүрлээ л бол сонгуулийн товоо тогтоохоор МАН-ын хуульчид өдөр, шөнөгүй завгүй суугаа гэх. Тиймдээ ч МАН-ын гишүүд намын нөлөө бүхий томчуудынхаа хаалганд өлгөгдөхөөс наагуур, “хонон, өнжин” дугаарлаж, сонгуульд нэр дэвших мандатаа өвөртлөхөөр тэмцэцгээж байна.
Өнгөрсөн хугацаанд улс төрд хамгийн нөлөөтэй хэр нь хамгийн чимээгүй суусан Сү.Батболдын бүлэглэл хөдөлгөөнд орж, ирэх сонгуульд том төлөвлөгөөтэй орохоор зэхэж эхэлсэн сурагтай. Ингэхдээ дараагийн сонгуульд Сү.Батболдын бүлэглэлийнхэн гишүүдийнхээ тоог нэмэх том амбиц өвөртөлжээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн гол санаа нь эрх баригч намынхан парламентад ард түмнийг төлөөлөгч нарын тоог нэмэх. Гишүүдийн тоог нэмэх тохироонд хэдийнээ хүрсэн эрх баригч намынхан дотроо бүлэглэлээрээ хэний фракц хэдэн суудал авах вэ, гэдгээ ч яриад эхэлсэн сурагтай. Тиймээс Сү.Батболд ирэх сонгуульд өөрийнхөө бүлэглэлд чамгүй олон мандатын тоо авахаар гишүүдээ сойгоод эхэлсэн аж.
МАН-ын “нууц эзэн” гэх Сү.Батболд намдаа ч, төрд ч том байр суурьтай. Гэвч өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд өөрөө ч ил гарсангүй, сул гишүүний үүрэгтэй оролцож, бүлгийн гишүүдээ ч хөдөлгөөнгүй удирдлаа. Ороо бусгаа энэ үеийг тэд чимээгүйхэн давж, дараагийн улс төрийн гол дүрд тоглох том амбиц тээсэн гэх цуу яриа ч олны дунд байна. Улс төрд олон жил зүтгэж, МАН дотроо тодорхой нөлөө бүхий улстөрчийн тоонд ордог С.Батболдын тухайд төрийн гурван өндөрлөгийн нэгт очих амбиц бий. Тухайлбал, өнгөрсөн жил Ерөнхийлөгчийн сонгуульд тус намаас хэнийг сойх вэ гэдэг таамаг өрнөж байхад Сү.Батболд “Намаас итгэл хүлээлгэж, нэр дэвшүүлбэл, надад татгалзах зүйл байхгүй” хэмээн мэдэгдэж байв.
Иймдээ ч өнгөрсөн хугацаанд бүлэглэлийн гишүүдээ нам дарж, улс төрийн дуулиан шуугианаас ангид байлгасан нь Сү.Батболд. Тэдний бүлэглэлд одоогийн эрх баригч намынхан дундаас аль туршлагатай, намдаа нөлөөтэй, хөрөнгө чинээтэй гэгдэх гишүүд нь багтдаг.
Сү.Батболдын фракцад МСS-ын толгой баячуудын нэг Л.Энх-Амгалан, “Хурд”-ын эзэн Б.Чойжилсүрэн, “Энканто”-нуудыг “өндөглүүлдэг” “Оргил”-ын босс, Ж.Ганбаатар, Их засаг”, “Хүннү”-гийн өв залгамжлагч Ч.Учрал гээд Ардын намын гол “хандивлагчид” тэдний бүлэглэлд багтдаг. Түүнээс гадна төрд хамгийн олон улирч суусан Н.Энхболд, Хөгжлийн банкаар “хөлжигч” Г.Амартүвшин, Х.Ганхуяг, улс төрийн эмэгтэй гишүүд дундаа амбицтай гэгдэх Ц.Мөнхцэцэг нар ч багтаж байгаа. Түүнчлэн намынхаа “элит” гэгдэх УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Д.Цогтбаатар нар ч Сү.Батболдын бүлэглэлд багтдаг. Хамгийн ойрын хүн нь одоогийн Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нар байна. Өөрөөр хэлбэл, Сү өөрөө ч, бүлэглэлийн гишүүд нь ч, намынхаа толгой баячууд, гол санхүүжүүлэгч нь болдог тул Сү.Батболдын бүлэглэлд найр тавьж, тохироо хийж гэмээнэ МАН улс төрийн шийдвэр гаргадаг гэх нь ч бий.
Тэгэхээр яалт ч үгүй МАН-ын гол эзэн Сү.Батболд болоод байгаа. Харин ирэх сонгуулиар тэд бүүр олуулаа, улам хүчирхэг болж орж ирнэ. Ингэхдээ залуу гишүүдээр “цус сэлбэж”, шинэ боловсон хүчин бий болгох төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Сү.Батболд бүлэглэлдээ нэр цэвэр, том амбицтай гишүүд багтаах хуучин шалгуураа баримталж байгаа гэх. Улмаар Ерөнхийлөгчтэй хамтарч, ирэх сонгуульд хүч хавсран, шат ахиулах төлөвлөгөө ч гаргаж амжсан байна. Ингэхдээ сонгуулийн дараа Засгийн эрх мэдлийг Сү.Батболдын фракцад өгөх тохироо ч хийх сурагтай.
МАН дотроо олон бүлэглэлтэй ч, АН шиг ил гардаггүй. Гэвч дотроо чимээгүй дайн өрнүүлж, эрх мэдлийн төлөөх мөнхийн зөрчилдөөн өрнөж л байдаг. Тэр зөрчил өнөөдөр улам бүр өндрөө авч байгаа нь илт байна.
Тухайлбал, өнгөрсөн гурван жилийн хугацаанд хүчээ нөөсөн Сү.Батболд Ерөнхийлөгчтэй хүч хавсарч, ирэх сонгуульд өрсөлдөх бол Ерөнхий сайд шинэ фракц үүсгэж, Миеэ.Энхболдын фракцынхантай нэгдэх санаатай байгаа гэх бор шувуу ч Саарал ордноор нисэх боллоо. Эндээс харахад улс төрд тэр дундаа МАН дотроо эрх мэдлийн төлөөх хүчтэй “дайн” өрнөж мэдэхээр байна.
СҮ.БАТБОЛДЫН БҮЛЭГЛЭЛ УЛАМ ХҮЧИРХЭГЖИХ ЦАГААР |
|
2025-03-12 16:32:42
2025-03-12 12:34:50
2025-03-12 12:05:52
2025-03-12 11:45:52
2025-03-12 09:35:16
2025-03-12 09:19:02
2025-03-12 08:56:26
2025-03-12 08:34:53
2025-03-12 07:00:00
2025-03-12 07:00:00
2025-03-12 07:00:00
2025-03-12 07:00:00
2025-03-12 07:00:00
2025-03-12 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |