• Өнөөдөр 2024-05-13

СОЁЛЫН САЙД Ч.НОМИНД СҮХБААТАР ДҮҮРГИЙН МАН-ЫГ ХАРИУЦУУЛЖ, ГИШҮҮН БОЛГОХООР ЗҮТГҮҮЛЖ БАЙГАА ГЭВ ҮҮ

2023-01-09,   745

-ИРЭХ СОНГУУЛИАР “ЭЛИТ” ГЭХ ТОДОТГОЛТОЙ СҮХБААТАР ДҮҮРЭГТ МОНГОЛЫН ТОЛГОЙ БАЯНЫ ОХИН Ч.НОМИН ХҮЧ ҮЗЭХ ҮҮ-

         Дур эзнээ голохгүй дунд чөмөг сүүжээ голохгүй гэгч л манай улс төрд жинхэнэ утгаараа өрнөж байна даа. Тэр дундаа эрх баригч намынханд улс төрийн цензур, Засгийн газрын тогтвортой байдал гэгч огтхон ч чухал биш болсон нь сүүлийн үеийн олон томилгооноос илт болж байна. Хэн дуртайг нь сайдын суудалд сэлгэж, төрийн албыг төрлийн алба болгох нь наад захын ажил болсон. Улмаар МАН-ынхан эмэгтэй гишүүддээ найр тавьж, нэг нэгээр нь мандуулдаг хуучны технологио хэрэгжүүлээд эхэлжээ.


        Өнгөрсөн сонгуулиас хойш УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг намынхаа нүүр царай болгохоор олон жил сойж, улмаар “давхар дээл”-тэй сайд болтол нь “кран”-длаа. Харин түүний араас Соёлын сайд Ч.Номинг “крандах”-аар бэлтгэл ажлаа хангаад байгаа сурагтай. 

       Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт хамгийн тогтвортой ажиллаж, байр сууриа бат хамгаалж байгаа нь Соёлын сайд Ч.Номин болоод байна. Улс төрийн өндөр дээд, албан тушаал хаших нь битгий хэл төрийн албанд ажилласан туршлагагүй түүний хувьд Засгийн газар тогтворгүй цаг хугацаанд Соёлын сайдаар хоёр жил ажиллаа. Засагт засвар орох сураг гарах төдийд л сайдын суулаа хүлээлгэж, өгөх хамгийн эхний хүн нь түүнийг гэж таамаглаж байлаа. Гэвч тэр өнөөдөр дан дээлтэй сайдын суудлаа хамгаалж үлдсэн цөөхөн сайдын нэг тэр болоод байна.

       Улс төрийн туршлагагүйн дээр улсын сайдаар ажиллах хугацаандаа чамгүй олон хэл аманд орсон ч түүнийг МАН-ыхан улаан нүүрээрээ хамгаалж, МАН дараагийн “мандуулан хатагтай”-гаар өргөмжлөөд байгаа нь тодорхой байна. Өөрөөр хэлбэл Соёлын сайд Ч.Номингийн улс төрийн карьерыг улам өргөжүүлж, төрд зүтгүүлэх дараагийн ээлжийн эмэгтэйгээр түүнийг тодруулаад байгаа гэнэ. Иймдээ ч Соёлын сайдын зөөлөн сэнтийд нь сэв суулгахгүй гэж хэрэндээ хичээж байгаа гэх.

     Ч.Номинг сайн сайд, сайн улстөрч, гэхээс  нь илүүтэй Монголын толгой бизнесмэн Гачууртын гэх тодотголтой Чинбатын охин гэдгээр нь олон нийт илүүтэй мэднэ. Сайдын суудалд “битүү морь” болж орж ирэхэд нь ааваараа “крандуулсан” гэх хэл ам ч дагалдаж байлаа. Улмаар Засгийн газарт орохоор жагсаж байсан намынхаа ах, эгч нарын боломжийг бут цохин орж ирсэнд хууччуул нь нэлээд дургүйлхдэг гэх. Харин МАН-ын одоогийн гал тогоог баригчид улсынхаа толгой бизнесмений охиныг “Тултал крандаж, гишүүн болгоно” гэх амлалт өгөөд ирэх онд ааваас нь сонгуулийн санхүүжилтэд дэмжлэг авах төлөвлөгөө зохиогоод байгаа юм байна.

       Ингэхдээ тэд Соёлын сайд Ч.Номинд Сүхбаатар дүүргийн МАН-ын даргын суудлыг өгч, дараагийн сонгуульд тус дүүргээс нэр дэвшүүлэх бэлтгэл ажилд ороод байгаа сурагтай. Өнгөрсөн хугацаанд Сү.Батболдын фракцынхан Сүхбаатар дүүргийг тэрчигт нь “базаж”, энэ дүүрэгт ноёрхсон гэхэд хилсдэхгүй. Тиймдээ ч энэ тойргоо У.Хүрэлсүхийн фракц мэдэлдээ авахаар Ч.Номинг сойгоод эхэлсэн гэнэ.

      Тус дүүргийн МАН-ын даргын албыг одоогоор  “Тавантолгой түлш” ХХК-ийн захирал асан Н.Ганбаатар хашиж байгаа. Н.Ганбаатар нь өнгөрсөн долоо хоногт Байгаль орчин аялал жуулчлалын  дэд сайд болж дэвшсэн. Иймд түүний үүрэгт ажлаас нь чөлөөлж, Соёлын сайд Ч.Номинд хариуцуулах талаар МАН-ынхан дотроо ярилцжээ. Өөрөөр хэлбэл, “дан дээл”-тэй Ч.Номин сайдад дүүргийн намын даргын албыг хариуцуулж, “давхар дээл”-тэй сайд болгох компанит ажил өрнөж эхэлсэн байна. Түүнийг Нийгмийн ардчилсан Монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнд зүтгүүлэх сонирхол МАН-ын гишүүдэд байсан ч, Ерөнхий сайд түүний нэрийг түр хойшлуулсан гэх нь ч бий. Өөрөөр хэлбэл, МАН эмэгтэй залуу гишүүдээсээ НАМЭХ-ны тэргүүнээ тодруулах сонирхолтой бөгөөд УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Х.Булгантуяа, Ч.Номин нар яригдаж байв. Улмаар Х.Булгантуяа “давхар дээл”-тэй сайдаар тодорч, Ч.Ундрам олны дунд нэр хүнд нь унасан тул тэднийг дэвшүүлэх боломжгүй болоод байгаа. Харин Соёлын сайдыг дүүргийн намын даргад сойсон нь илүү алсыг харсан шийдвэр гэж үзэх нэгэн ч байгаа гэнэ.

      Сүхбаатар дүүргийг “элит”-ийн гэх тодотгол дагалдаад олон жил болж байна. Хотын төвийн ил дүүрэгт намууд ихэвчлэн улс төрд “том” гэснийгээ өрсөлдүүлдэг бичигдээгүй хууль үйлчилж ирсэн. Сонгогчид нь хатуу, сонголт нь ч эргэлзээтэй гэдэг. Өөрөөр хэлбэл, 1992 оны сонгуулиас хойш тус дүүрэгт хоёр намын төлөөлөл сөөлжиж сонгогдож байсан нь үе үеийн сонгуулийн дүнгээс тодорхой харагддаг.

        Тухайлбал, 1996 оны сонгуулиар Сүхбаатар дүүргийнхэн Лу.Болд, Ц.Энхтүвшин, Б.Дэлгэрмаа буюу АН-ын гурван гишүүнд итгэл хүлээлгэж байсан бол 2000 онд эсрэгээрээ эргэж, МАХН-аас нэр дэвшсэн А.Базархүү, Д.Мөрөн, Н.Гэрэлсүрэн нар төвийн дүүргээс парламентад суусан түүхтэй.

       Харин 2004-2008 онд “Эх орон-Ардчилал” эвслийн Лу.Гантөмөр, тухайн үеийн МАХН-ын Нарийн бичгийн дарга Сү.Батболд, Ц.Мөнх-Оргил нар сонгогдож, тус дүүрэг улаан, цэнхэр хоёр алагласан бол мөн дараагийн удаагийн сонгуульд нь С.Баяр, Лу.Гантөмөр, Сү.Батболд нар сонгогдож байсан. 2012 онд тус дүүрэг хоёр мандаттай болж, Р.Амаржаргал, Лу.Гантөмөр нар ялалт байгуулж байлаа.

      Харин сүүлийн хоёр удаагийн сонгуульд МАН-аас нэр дэвшигчид дараалан ялалт байгуулж, гурван мандатаа хоёр удаа батлаад буй. Тодруулбал, 2016 оны оны сонгуульд МАН-аас Д.Цогтбаатар, Ц.Мөнх-Оргил, Сү.Батболд, Ц.Цогзолмаа нар нэр дэвшиж ялалт байгуулсан бол, 2020 онд Д.Цогтбаатар, Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг нар дэвшиж, ялалт байгуулаад байна.

     Ийн намдаа лидер гэгдэх улстөрчид нэр дэвшдэг, тэр байтугай улстөрчид чансаагаа сорьдог тус дүүргийг МАН Соёлын сайдад хариуцуулах болсон нь анхаарал татаж байна. Сүхбаатар дүүргээс Их хуралд МАН ялалт байгуулсан ч Ардчилсан намынхан орон нутгийн сонгуульд ялалт байгуулсан. Сүүлийн хэд хэдэн орон нутгийн сонгуульд Ардчилсан намын ялалт байгуулсан. Тэгэхээр доод шатнаасаа сөрөг хүчтийнхнийг нэр мөр цэвэрлэх үү гэдэг сонголттой ч Ч.Номин тулж мэднэ.

       Соёлын сайдын хувьд улс төрд нэр цэвэр нэгэн үү, гэвэл бас биш. Сайд болсноосоо хойш зөвлөхүүдтэйгээ хамтарч, тендер тонгордог баримтуудыг ч бид ил болгож байлаа. Тодруулбал, Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Бум-Очир нарын хамаарал бүхий этгээдийн компани Соёлын яамны тендерийг түүдэг баримтыг нийтэд дэлгэж байв.

      Түүнчлэн Ч.Номин сайд хэвлэлд ярилцлага өгөх үеэрээ барууны орнуудыг “Зэрлэг капиталистууд” гэж доромжлон олны дургүйцлийг төрүүлээд амжсан. Боловсролын яамны харьяа, агентлаг байсан соёлын салбарыг бүхэл бүтэн яам болж өргөжүүлснээс хойш хамгийн удаан удирдаж байгаа нь Ч.Номин сайд. Гэвч өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын тайланг нь харвал соёлын салбарт, товойж тодрохоор чухал ажил төдийлөн хийсэнгүй.


СОЁЛЫН САЙД Ч.НОМИНД СҮХБААТАР ДҮҮРГИЙН МАН-ЫГ ХАРИУЦУУЛЖ, ГИШҮҮН БОЛГОХООР ЗҮТГҮҮЛЖ БАЙГАА ГЭВ ҮҮ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188