• Өнөөдөр 2024-05-13

ГИШҮҮД СОНГУУЛЬД БЭЛДЭЭД УХААНГҮЙ БАЙХ ЗУУР МОНГОЛЧУУДЫН АМЬДРАЛ УРУУДСААР БАЙНА

2023-01-06,   626

        Эрх баригч намынхан энэ жил “сонгуульдах” гээд их, адаггүй завгүй гүйлдэж байгаа гэнэ ээ. Өнөөдөр, маргаашийн сайдын томилгоо, халаа сэлгээ бол ердөө иргэдийн нүдийг хуурах наад захын ажил нь.


       Өөрөөр хэлбэл, эрх баригч намын одоогийн гал тогоог баригч гол эзэд нь улс төрд бүүр олуулаа болж ирэх кампанит ажилдаа ханцуй шамлан орж, бэлтгэлээ бүрэн хангаад байгаа гэх. Үүнээс  хамгийн чухал нэг ажил нь үлдээд байгаа юм. Тодруулбал, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг олонхоороо туушиндаж, УИХ-ын ээлжит сонгуулийн хугацааг наашлуулах юм. Тиймдээ ч МАН-ынхан сонгуульдаа бэлдээд, улс төрийн замаа өө сэвгүй засах ажлаа нэгт нэггүй чамбай гэгч нь гүйцэтгэж байгаа дүр зураг улам бүр тодорсоор байна. Сөрөг хүчнүүдээ ч “өвөртөө” оруулаад авлаа.

    Хууччуулынхаа амыг ч таглаад авав. Засгийн газартаа хууччуулаа багтаагаад айдгаа авдартаа хийчихсэн. Угтаа бол намынхаа хамгийн хэл амтай, хэрүүлч гишүүдээ Засгийн газартаа багтаагаад сайдын суудлаар ам тагласнаар сонгуулийн тойрог хуваалтыг төвөггүй шийдэхээр болчихов. Гомдогсод хэзээд дуусдаггүй хойно эсэргүү нэгэн гарч л таараа. Тэдэндээ сануулга өгөх маягаар Ерөнхий сайд өчигдөр Чуулганы хуралдаан дээр хэдэн үг хэлээд, анхааруулга өгөөд авна лээ.

     Одоо тэдэнд С.Зоригийн хэргийг сэргээж, залуу гишүүдээ танилцуулах ажил л үлдээд байх шив дээ. Сонгуулийн бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу яг л зурсан зургаараа өрнөж байна.

     Тухайлбал, сонгууль дөхөөд ирэхээр л улстөрчдийн хулгай луйвар хэрээс хэтэрснийг гайхаж, “Би ч хулгайч, чи ч хулгайч” хэмээн нэгнээ цоллоод, “Шударга ёс тогтооно” гээд л ард түмний чихэн дээр цэцэг ургуулдаг нийтлэг үзэгдэл бий болсон. Сүүлийн үед улс төрд энэ үзэгдэл улам бүр эрчимжиж, Ерөнхий сайдаас эхлээд шударга ёс тогтоогчид хаа сайгүй боллоо. Үнэндээ л шударга ёс тогтоох гэж байгаа бол байн, байн ингэж зарлах шаардлага байх уу. Яг шударга ёс тогтоохоор эрс шийдэж, гал дундуур туучаад яваа юм уу гэхээр үгүй. Иргэдийн дунд улстөрчдийн холбогдсон хэргийг зарлаж, яс хаячихаад ачир дээрээ мөнөөх “хэрэгтнүүдээ” улаан нүүрээрээ хамгаалаад үлдэж байгааг ч ард түмэн ажиглаж л байгаа. Үе үеийн сонгуулийн өмнө үзэгддэг нийтлэг дүр зураг нь Хөгжлийн банк, нүүрсний хулгайн хэрэг байв.

      Үндсэндээ улс төрийг зохиомлоор идэвхжүүлж, уриа лоозонгоор бөмбөгддөг тархи угаалтын үе эрин үе эхэлж байгаа энэ. Сонгууль ойртсоныг илтгэх хамгийн чухал үе шат өрнөж байгаа гэх юм уу даа.

      Дээр нь дэлхийн эдийн засаг хямраад байхад л, манай эдийн засаг сэргээд байгаа ухааны ухуулга эрх баригч намынхан байнга өгөх болов. Сонгуульд бэлдэх дараагийн үе шат нь эрчимжиж байгаагийн илрэл нь.

     Ухаандаа Монгол Улс гэнэт л нүүрсээ 40-50 сая тонноор нь хилээр гаргаж, өмнөхөөсөө хавь илүү үнээр худалдаалаад эхэлнэ гэх мессэжийг эрх баригчид өдөр шөнөгүй ярих болов. Сонгуульд горилогч туршлагатай гишүүд нь зав л гаргавал “гурил, будаа” бариад тойрог руугаа гүйлдээд эхэлсэн сурагтай. Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжүүлэх даалгаврынхаа хажуугаар, өөрийнхөө нэрийг өсгөх ажлаа ч орхигдуулахгүй хийж байгаа нь энэ.

 

      Энэ мэтээр Ардын намынхан сонгуульд бэлдээд завгүй байхад ард түмний амьдрал улам уруудсаар байна. Ёстой л шар нар, бор хоногийг арайхийн аргацааж, хоногийн хоолоо арай чүү залгуулж байна даа, монголчууд.

       Төрийн ордонд түшмэлүүд сандал суудлаа сэлгээд, найр болж байхад салхи сийгэсэн гэрт, түлэх түлшгүй бээрч суугаа бяцхан үрс хаа сайгүй бий. Идэх хоолгүй, булууны ясыг цайтал буцалгаж уучихаад, хэрэндээ тансаглачихлаа гээд хүүхдүүдээ тойруулан суугаа айл ч цөөнгүй бий. Өрхийн төсөв нь хаанаа ч хүрэхгүй, таллаж авсан талх, граммлаж авсан ногоогоо өрийн дэвтэрт тэмдэглүүлчихээд хоногийн хоолоо арай ядан аргалж байгаа айл олон бий. 

      Дөнгөж амьдралын гараагаа эхлүүлж, ажилтай залгаж байгаа нэг нь зээлээс зээлийн хооронд өдөр хоногийг аргацааж, үүрээс, үдшийн бүрий хүртэл өвдөх эрхгүй, унтах чөлөөгүй  зүтгэнэ. Хэрэв хөдлөхгүй л бол өрөнд баригдаж, өтөнд идэгдэхээс өөр сонголтгүй болчихсон цаг. Арай нэг амьдралын зах зухад хөл тавьж, хоногийн хоолоо залгуулахтайгаа нь татвар, татаас, тайлан тооцоонд дарагдана. Монголчуудын ганц урдаа барьдаг эдийн засгийг хөдөлгөгч гол хүч гэгдэх малчдын амьдрал ч дордсоор буй. Зуд, турхан нүүрлэсэн амаргүй цаг үеийг малчид хар тэнхээгээрээ давж, сайхан цаг ирнэ гэдэг итгэл үнэмшлээр өдөр хоногийг аргацааж байгаа. Энэ мэтээр ард түмний амьдрал аргаа тасартлаа туйлдаж, өдрөөс өдөрт уруудсаар байна.

      Ард түмэнд тэвчих нэг өдөр байхад тэсрэх өдөр ирж л таараа даа, дарга нар аа. Өнгөрсөн удаад нүүрсний хулгайг илчлэхийг шаардаж, Төв талбайд иргэд жагсахдаа ард түмэн туйлдаж байгаа илэрхийлж, тэмцэхэд бэлэн байгаагаа сануулсан удаатай. Ажлаа хийхийг шаардсан ард түмний жагсаалын үеэр ч анхааруулга, сануулга удаа дараа өгсөн.

        Хэрэв зээ, энэ байдлаараа сонгууль хийхээр зүтгэвэл Ардын намынхан ард түмний жинхэнэ том эсэргүүцэлтэй ч тулж мэдэх юм.


ГИШҮҮД СОНГУУЛЬД БЭЛДЭЭД УХААНГҮЙ БАЙХ ЗУУР МОНГОЛЧУУДЫН АМЬДРАЛ УРУУДСААР БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188