• Өнөөдөр 2024-04-29

ТӨРИЙН ОРДНООС ГЭМТ ХЭРЭГТНҮҮДИЙГ ИЛЧЛЭХИЙГ ШААРДСАН Ч АЖЛАА ХИЙЖ БАЙГАА АЛБА ХААГЧДАА БУРУУТГААД ЭХЭЛЛЭЭ

2022-12-12,   937

       -НҮҮРСНИЙ ХУЛГАЙН ХЭРЭГ УЛС ТӨРД УЖГИРСАН ХУЛГАЙ, УЛСТӨРЧДИЙГ УГЖДАГ ГОЛ ХЭРЭГСЭЛ-

     Амбаартаа түүхий нүүрс хадгалж, нүүрсээ авч чадахгүй автомашины машины дугуйг түлснийх нь төлөө эгэл жирийн, энгийн номхон иргэний гэрт цагдаа, хууль хяналтын байгууллагынхан, дүүрэг, хороодын дарга нар бөөн бүхлээрээ оччихсон, хэвлэлийнхний, камерын өмнө төрийн эсрэг тэрсэлсэн гэм буруутан мэтээр буруутгаж, даналзаж байсан нь саяхан. Гэтэл тонн тонноор нь, машин машинаар нүүрсээ хулгайлж, өөрсдөдөө давуу байдал бий болгосон, ард түмний өмчийг зөвшөөрөлгүй худалдсан томчуудын хэргийг илрүүлэх гээд дөн өвлийн хүйтэнд Төв талбайд хэдэн мянган иргэн хоолойгоо сөөтөл орилоод, ямар ч үр дүнд хүрч чадаагүй эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохироод сууж байх.

      Амбаараа шалгуулсан иргэн, нүүрсний хулгайд холбогдсон томчуудын аль аль нь ард түмнийхээ эсрэг дайсагнасан хэрэгтэн болж таарсан. Харин ялгаатай нь амбаартаа түүхий нүүрс хадгалсан иргэний гэрт нь цагдаа нар гүйж, ороод л хэргийг нь илрүүлж, хариуцлагыг нь тэр дор нь хүлээлгэсэн бол нүүрсээ тонн тонноор нь зарсан дарга нарын гэр нь тэр чигтэй хамгаалалттай, Төрийн ордонд дархлагдчихсан, хууль хяналтынхан халдах нь байтугай, өөрсдөө хамгаалж, хэргийг нь хаацайлах үүрэг хүлээчихсэнд гол учир нь байгаа юм.  

       Төв талбайд иргэд найм хоног суухдаа өөрсдийн зовлонгоо тоочих гэж, хэн нэг эрх мэдэлтнээс бөөн бөөнөөрөө мөнгө салгах гэж тийм олноороо хүйтэнд жиндэж, хацраа хайрагдтал зогссонгүй. Тэдний олонх нь төрөөс хариуцлага нэхэж, ирээдүйнхээ төлөө иргэнийхээ үүргийг биелүүлээд зогсож байгаа нь үнэн. Тэд ердөө Засгийн газрын зарласан нүүрсний хулгайг, УИХ-ын гишүүдийн олонд мэдэгдсэн 40 их наядыг хэн хэн зувчуулсан бэ, гэдгийг илчлэхийг шаардаж, түүнд холбоотой улс төрийн томчуудад хариуцлага хүлээлгэхийн тулд Төв талбайд хоолойгоо сөөтөл орилж зогсоо. Гэтэл өнөөдөр эрх баригчид, хууль хяналтынхан нүүрсний хулгайн хэрэгтнийг Төрийн ордноос биш ажлаа хийж яваа алба хаагчдаас хайгаад эхэллээ.

       Өнгөрсөн хугацаанд ард иргэдийн боломжийг хулгайлж, өөрт давуу байдал бий болгосон нь УИХ-ын гишүүд, тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүд байсан. Жишээлбэл, төрийн эрхийг наймаалцсан 60 тэрбум төгрөгийн хэрэг, Нийгмийн даатгалын санг дампууруулсан хэрэг, ЖДҮХС-гийн зээл, Хөгжлийн банкны зээл, эцэст нь нүүрсний хулгайн хэрэгт одоогийн болон өмнө нь УИХ-д сууж байсан төрийн түшээд нар холбогдож байлаа. Гэвч өнөөдөр иргэдээс энэ олон боломжийг хулгайлсныхаа төлөө нэг ч гишүүн, нэг ч төрийн түшээд хариуцлага хүлээх нь битгий хэл шалгуулж байсангүй. Үндсэндээ өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүдийн холбогдсон хэргийг дааж, үүрч гардаг төрийн байгууллагын албан хаагчид гэх бүлэг хүн бий болчихсон болж таарах нь Тэднээс цөөн хэдэн удирдах албан тушаалтнууд нь хэрэг хүлээх нэрээр албан тушаалаа хүлээлгэж өгдөг, байцаагдаж, шалгуулдаг, түр хугацаанд саатуулагдаад суллагддаг. Харин ард нь дарга нарынхаа даалгасан ажлыг гүйцэтгэж байсан энгийн бор ажилчид нь хохирдог байдал нийгэмд байсаар байгаа.

     Энэ удаад жагсаалд оролцогчдын уриа лоозон ердөө л нүүрсний хулгайн хэрэгт улс төрийн томчууд оролцсон бол түүнийх нь хариуцлагыг хүлээлгэж, ард түмний боломжийг буцааж өгөх шаардлага тавьж байгаа нь илэрхий байна. Гэвч Засгийн газраас, УИХ-ын гишүүдээс удаа дараа энэ хэргийн ард төрийн томчууд, УИХ-ын гишүүдийн тэн хагас нь холбогдсон гэдгийг зарласаар атал нэгийг нь ч зарласангүй, нэгэнд нь ч хариуцлага тооцох тухай ярьсангүй.

      Тэр бүү хэл МАН-ын бүлгийн дарга нь УИХ-ын гишүүдээ цээжээрээ хамгаалж “Манай намд нэг ч нүүрсний хулгайтай холбогдсон гишүүд байхгүй” гээд хэнэг ч үгүй ярьсан. Гэтэл УИХ-ын гишүүд энэ хэрэгт холбогдсон гэдгийг ард түмэн бус Засгийн газар, УИХ-ын гишүүд нь өөрсдөө гаргаж ирсэн баримт.

      Харин одоо яг л хуучин жишгээр төрийн албаны хэдэн дарга нарыг нь ийм хөрөнгөөр ингэж хөлжсөн, ийм хэрэгт ингэж холбогдсон хэмээн цагдан хорьж, нийгэмд муухай харагдуулсаар ард нь гол хэрэгтнүүд үлддэг танил технологи нүүрсний хулгайн хэрэг дээр үйлчилж байна. Засгийн газраас нүүрсний хулгайн хэрэгт төрийн томчууд оролцсон гэж байгаа ч одоогоор “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн удирдах албыг хашиж байсан Д.Ганхуяг  тэргүүтэй найман хүнийг цагдан хориод буй. Түүнчлэн энэ хэрэгт “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал нарын хэд хэдэн хүнийг холбогдуулан шалгаж байгаа гэх. Мөн Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн Өөрөөр хэлбэл, нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон Төрийн ордонд суугаа нэг ч түшээдийг шалгаж байгаа талаарх мэдээлэл өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. Төрийн өндөр алба хашиж, төрөөс эрх мэдэлтнүүд хулгай хийх боломж олгосон гэдгээрээ эдгээр нэр бүхий албан тушаалтнууд хариуцлага хуулийн хүлээх нь зүйн хэрэг. Гэвч их хэмжээний нүүрс машин машинаар нь худалдаалж, хөрөнгөжсөн гэх  төрийн түшээд нар чухам хэн бэ, гэдгийг өнөөдрийг хүртэл илчилэхгүй, хийсэн хэргийнх нь хариуцлагыг үүрүүлж чадахгүй байгаа вэ гэдэг нь анхаарал татаж байна. Төрийн ордонд халдашгүй дархан гэх нэрээр хаацайлагдсан, түүгээрээ далимдуулж, иргэдийн өмчийг хулгайлсан мөнөөх л хэдэн улстөрчид нүүрсний хэргийн ард дахиад үлдэж мэдэхээр байгаа. Угтаа бол уул уурхайн том төслийг хөдөлгөдөг, түүнээсээ ашиг ологчид нь төрийн түшээдэд заларч, түүнээс бялуу хүртэгчид нь дарга болж дэвшээд хариуцлагыг нь хүлээдэг нэрээр нөгөөдөө суудлаа хүлээлгэж өгдөг тогтсон жишгээр нүүрсний хулгайг илчлэх компанит ажил өрнөж байгаа гэсэн үг.

      Ерөнхий сайдын хэлсэнчлэн мөсөн уулын оройг нь “шалгаад” харагдахгүй байгаа хэсгийг нь хуулиас гадуур үлдээдэг болж  таарах нь. Уг нь нүүрсний хулгайн хэрэг аль 2008 оноос эхлэн яригдаж байв. Тухайн үед мөн л одоогийн төрд төлөөлж суугаа хэд хэдэн гишүүдийг нүүрсний хэрэгт холбоотой хэмээн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр гишүүд бие бие рүүгээ дайрч хэрүүл хийж байгаад намжсан. Одоо ч мөн ялгаагүй “Чи хулгайч, би хулгайч” гэж хэвлэлээр нэгнээ цоллож, цахимаар байлдаад  нэмэр алга. Уг нь нэгнээ гүтгэж, нэр хүндэд халдвал хуулийн хариуцлага хүлээнэ гээд тов тодорхой заачихсан. Өөрөөр хэлбэл, хулгайч гэж зарласан хүмүүсийг гүтгэж байгаа бол зарласан хүн нь хариуцлага хүлээж, хулгай хийснийг нь үнэхээр зарлаж байгаа бол хууль, хяналтын байгууллага шалгадаг баймаар. Харамсалтай нь, манайд ийм жишээ, ийм соёл байхгүй байсаар улс төрийн хэргүүд хэрүүл болоод замхардаг нь харамсалтай.  

        Нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсон УИХ-ын гишүүдийг бид баримтаар танилцуулсан. Нүүрсийг дөрвөн янзаар хулгайлсан гэх. Энэ дөрвөн аргыг аль аль талд нь төрийн томчууд буюу УИХ-ын гишүүд, гишүүнээр ажиллаж байсан этгээд, Төрийн өндөрлөгөөр ажиллаж байсан нэгэн ч холбогдсон гэдэг. Ингээд харахаар нүүрсний хулгайн хэрэг улс төрд ужгирсан хулгай, улстөрчдийг угждаг гол хэрэгсэл нь болжээ. Магадгүй энэ хэрэг илчигдвэл төрийн эргэлт гарч мэднэ. Тиймээс хэргийг илчлэхгүй байх сонирхол аль аль талд нь байхыг ч үгүйсгэхгүй юм.


ТӨРИЙН ОРДНООС ГЭМТ ХЭРЭГТНҮҮДИЙГ ИЛЧЛЭХИЙГ ШААРДСАН Ч АЖЛАА ХИЙЖ БАЙГАА АЛБА ХААГЧДАА БУРУУТГААД ЭХЭЛЛЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-12 13:09:15
    зочин: "Чи ч хулгайч би ч хулгайч, бид нар цөмөөрөө хулгайч" гэж дарга нар дуулаад шорон руугаа явцгаах болсон юм биш үү?
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188