• Өнөөдөр 2024-04-26

БАЯР ДАЛИМДУУЛЖ, БАГЦ БАГЦААР НЬ ХУУЛЬ БАТАЛДАГ УИХ ИЧИГ

2021-12-31,   1100

-Баярын өдрүүдэд баталсан балагтай хуулиуд буух эзэн, буцах хаяггүй ард түмний нуруунд ачаа болох вий-

 
       Монголчууд хуучин оноо үдэж, шинэ онтойгоо золгох гээд тунчиг завгүй. Тэр тусмаа нийслэлчүүд зах худалдааны төвүүдэд дараалал үүсгэж, зам дээр олон цагаар түгжрээд хил хаахаас өмнө гаднаас авч ирсэн жаахан бараагаа уралдаж авахаар хөл хөөр болж сууна. Гэтэл хуучин оны сүүлч, шинэ оны босгон дээр төр төлөөлж, хууль батлагчид түүнээс ч завгүй болчихсон нь хачирхалтай. Ёстой л чоно борооноор гэдэг үгийн араас оров.
 
           Саяхныг хүртэл сул чөлөөтэй, хийцгүүрч явсан УИХ-ын гишүүд баярын уур амьсгал орсон энэ үед өдөр, шөнөгүй хуралдсаар хамаг чухал хуулиудаа ногоон гэрлээр баталчихаад, мар мар инээж сууцгаах. Үнэндээ тэд төр төлөөлж, хууль батлах гэж “гурилддаг” болжээ. Чуулганы хуралдаан дээр хуулийн төслийн сайн мууг нь хэлэлцэж, шинээр оруулж буй хуулийн зүйл заалт бүрийг нэг бүрчлэн ярилцаж, алдаа оноог нь засдаг тогтолцоо алга болчихлоо. Хэн дуртай нь хуулийн төсөл өргөн барьж, түүнийг нь гишүүд уншиж, судлах нь битгий хэл сөхөж харахгүй явсаар өөрт ашигтай санал тавьсан бол хуулийн төслийг дэмжих кноп дараад л болно. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд яг ийм байдлаар хуулийг талх шиг үйлдвэрлэж, ард түмний амьдралаас хол тасархай, олон нийтийн эрх ашгийг хангах нь битгий хэл олны эрхийг “боомилсон”, зөвхөн төрийн эрхийг барьж байгаа дээд ангийханд ашигтай хууль олноор баталсан нь нууц биш юм аа.
 
Өчигдөр гэхэд л УИХ-ын чуулганы хуралдаанаар эрх баригч намынханд хамгийн ашигтай, ард түмний хувьд чухал хуулиудыг олны анхаарлаас холдуулж байгаад багц багцаар нь баталж орхилоо.
 

Тодруулбал, Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоол, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, “Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай”  УИХ-ын тогтоолыг тус хэлэлцэн баталсан. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас өргөн мэдүүлсэн хамгийн чухал хуулиудаа баяр наадмаар далимдуулаад хэлэлцсэн гэсэн үг.

 
Үндсэндээ баярын уур амьсгал орчихсон энэ үед олны анхаарлаас холдуулж, энэ хуулиудыг баталсан нь цаанаа учиртай байж таараа.
 

ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗАР САЙЖРУУЛСАН ГЭДЭГ НЬ ҮНЭН ҮҮ

 
       Бүтэн жил Оюутолгойг Монголын талд ашигтай болголоо гэж “шоу”-дсан Засгийн газар Оюутолгойтой холбоотой хуулийн төслөө өчигдөр олны анхаарлаас холдуулж байгаад л хэлэлцэж, орхилоо. Үнэндээ УИХ-ын чуулганы хуралдаан дээр Оюутолгойн гэрээг сайн, муу болсноо дүгнүүлэн ярилцаж, цаашид хэрхэх вэ гэдгээ шийдэх ёстой байв.
 
      Гэтэл эрх баригч намынхан хулгайч нохой шиг нуугдаж байгаад л энэ хуулийг ногоон гэрлээр батлуулав. УИХ-ын гишүүд ч амаа үдүүлсэн аятай бүгд нам гүм сууцгааж байгаад баталчихсан. Үнэхээр Монголын талд гэрээг ашигтай болгож, батлуулсан бол ингэж нуугдаж батлах хэрэг байсан уу гэдэг нь анхаарал татаж байна. Өөрөөр хэлбэл, эрх баригч намынханд олны анхаарлаас холдуулах шалтаг байсан болоод л өчигдөр хүмүүс баяртаа бэлдэж байх хооронд энэ төслийг хэлэлцсэн нь цаанаа учиртай байж мэдэх нь.
 
         Чуулганы нэгдсэн хуралдаанаар ч гишүүд Оюутолгойн асуудалд “попорч” байгаад хоосон хоцрох вий гэдэг анхааруулгыг хэлж харагдана лээ. Гэвч багахан шүүмж хэлсэн гишүүдэд УИХ-ын дарга өөрөө анхааруулга өгөөд, ажлын хэсгийн гишүүд нь түг таг хийсээр санал хураалт явуулж, хуулийг бүтэлд нь дэмжүүлчихсэн нь нууц биш юм.

ДАХИЖ СУНГАХГҮЙ ГЭСЭН ХУУЛИА ГУРВАН УДАА ЗУРГААН САРААР СУНГАЛАА

      Эрх баригч нар иргэдийн амыг барьж, үг үйлдлийг нь хянах, хязгааргүй эрх мэдэл олгож байгаа хууль нь сүржин нэртэй, даржин хууль. Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг анх зургаан сараар нэг удаа сунгах зохицуулалттай байв. Гэвч Засгийн газарт хэт их эрх мэдэл олгосон энэ хуулийг эрх баригч намынхан  гурван удаа сунгаж орхив.  Анх 2020 оны дөрөвдүгээр сарын 29-нд баталсан хуулийн үйлчлэх хугацаа мөн оны арванхоёрдугаар сарын 31-нд дуусах байв. Улмаар 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр дахин зургаан сараар, 2021 оны зургадугаар сарын 29-ний өдөр дахин зургаан сараар сунгасан бол сая дахин зургаан сараар сунгав.
 

     Ипотекийн зээл сунгаж, цахилгааны төлбөр хөнгөлнө гэсэн нэрний ард нуугдсан энэ хуульд асар их эрх ашгийн зөрчил бий талаар судлаач шүүмжлэгчид үгээ хэлж байв. Өөрөөр хэлбэл, хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан, албан бус томилгоо хийдэг, төрийн худалдан авах ажиллагаанд сонгон шалгаруулалтгүй оролцдог гэх мэт олон асуудал бий. Үндсэндээ энэ хуулийг сунгах шаардлага байхгүй гэдгийг удаа дараа сануулсаар байтал эрх баригчид дур мэдээд дахин сунгачихлаа.

 
Энэ мэт баярын өдрүүдэд баталсан балагтай хуулиуд буух эзэн, буцах хаяггүй ард түмний нуруунд ачаа болох вий дээ УИХ-ын дарга аа.
 

БАЯР ДАЛИМДУУЛЖ, БАГЦ БАГЦААР НЬ ХУУЛЬ БАТАЛДАГ УИХ ИЧИГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-31 11:17:34
    Мөнхтуяа: Ард иргэд шинэ болон нэмэлт оруулсан хуульд анхаарвал анхаараад, хуулийг дагаж гардаг олон тогтоол, дүрэм журмыг анзаардаггүй юм байна. Гэтэл дарга нар хамаг булхай, идэх уухаа жижиг гэхээр баримт бичгээр баталгаажуулж авдаг юм байна.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188