• Өнөөдөр 2024-03-29

32 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий “Богд Зонхова” цогцолборын ажлыг хаалттай явуулж байна

2021-11-22,   1539

         Төсвийн хөрөнгийг үр ашиггүй үрдэг, татвар төлөгчдийн мөнгийг шаардлагагүй хөрөнгө оруулалтад зарцуулж, түүнээсээ хувь завшдаг байдал энэ Засгийн газрын үед дахиад үргэлжлэх нь. Тодруулбал, Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2022 оны Улсын төсвийг хуулийн хугацаанд буюу арваннэгдүгээр сарын 12-нд УИХ-аар хэлэлцүүлэн баталсан.

        Ирэх онд төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулахгүй, ялангуяа хөшөө дурсгал, тэмдэглэлт ойн арга хэмжээнд төсвөөс хөрөнгө тусгахгүй гэсэн амлалтыг Сангийн сайд төсөв хэлэлцэх үеэр удаа дараа мэдэгдэж, ам өчгөө өгч байлаа.  Гэтэл ийм амлалт өгөөд шүлс нь ч бүрэн хатаж амжаагүй байхад Засгийн газрын гишүүд амлалтаасаа буцаж, УИХ-ын гишүүдтэй хамтарч татвар төлөгчдийн 32 тэрбум төгрөгөөр хөшөө цогцолбор барих төслийг батлуулж амжжээ.

“БОГД ЗОНХОВА” ЦОГЦОЛБОРЫН ТӨСӨВТ ӨРТӨГ ЖИЛИЙН ХУГАЦААНД 27 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЭВ

        Тодруулбал, 2022 оны төсвийг батлахдаа нийслэлийн Чингэлтэй дүүргийн тавдугаар хороо буюу олны нэрлэдгээр Тасганы овооны орчимд Шашны соёлыг дэлгэрүүлэх “Богд Зонхова” бурхны хөшөө бүхий цогцолбор байгуулахаар төлөвлөсөн. Уг цогцолборын ажилд ирэх жил нийт 32 тэрбум 490 сая 800 мянган төгрөг тусгасан нь олны анхаарал татаад байна.

       Уг төслийг анх 2021 оны төсвийг УИХ-аар хэлэлцүүлэн батлахдаа Соёлын сайдын багцад 5.5 тэрбум төгрөгийн өртөгтэй тусгасан байгаа юм. Улмаар 2023 онд тус цогцолборын ажлыг дуусгах төлөвлөгөө гаргаж эхний ээлжинд 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хүссэн баримтууд Сангийн яамны албан ёсны вэб сайтад нийтэлсэн байдаг.

      Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед буюу 2021 оны төсвийн төсөлд уг цогцолборын ажлыг 5.5 төгрөгөөр барина гээд үүний хүрээнд 2021 оны нэгдүгээр сарын 20-нд Засгийн газрын 15 дугаар тогтоолыг батлан гаргажээ. Дээрх тогтоолын дагуу Төрийн худалдан авах ажиллагааны газраас Түүх шашны соёлыг дэлгэрүүлэх “Богд зонхова”-ын цогцолборын ажлын тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж, барилгын ажлыг өнгөрсөн зун наадмын үеэр эхлүүлсэн байна.

Гэтэл ганцхан жилийн дотор тус төслийн төсөвт өртгийг 27 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн УИХ-аар батлуулсан. Ингэхдээ олны нүднээс далдуур, хэнд ч мэдэгдэхгүй, нууцаар батлуулсан нь анхаарал татаж байгаа юм.

 

“БОГД ЗОНХОВА” ЦОГЦОЛБОРЫН ЗУРАГ ТӨСЛИЙН АЖЛЫГ ГҮЙЦЭТГЭСЭН

       Худалдан авах ажиллагааны газарт мэдүүлсэн тендерийн мэдээлэл, цогцолборын ажлыг ямар компани, ямар шалгаруулалтаар гүйцэтгэж байгаа, яг хэзээнээс үйл ажиллагаагаа эхлүүлсэн зэрэг мэдээллүүд нь олон нийтэд хаалттай хэр нь дээрх барилгыг  маш хурдан барьж эхэлжээ.

       Тодруулбал, өнгөрсөн зун буюу зургадугаар сарын сүүлч, долдугаар сарын эхэн үед тус барилгын ажил эхэлсэн гэж байгаа ч хэдийнээ хоёр давхар дугуй хэлбэрийн байгууламжийг Тасганы овоон дээр барьсан байлаа. Улмаар дээрх хоёр давхар бүхий байгууламжаа өндөр, төмөр хашаагаар битүү хүрээлж,  барилгын ажлыг түр зогсоосон байв. Хамгаалалтын ажилтны мэдээлснээр тус барилгын ажлыг хоёр, гурван хоногийн өмнө зогсоосон гэнэ.

       Эх сурвалжийн мэдээллээс харахад “Богд Зонхов” цогцолборын зураг төслийг  “Пи юу ай” ХХК хийж гүйцэтгэжээ. Энэ талаар бид тус компанийн захирлаас тодруулахад зураг төслийг гүйцэтгэсэн нь үнэн гэх мэдээллийг өгсөн юм.

“Пи юу ай” ХХК -нийг 2014 онд Балвайн Баттулга үүсгэн байгаалуулсан бөгөөд тэрбээр тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа юм байна.

"ГАНДАНГИЙН ДЭНЖ" ШИНЭ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСИЙН ТӨСӨЛД “БОГД ЗОНХОВ” ЦОГЦОЛБОР БАГТСАН УУ

        Уг төслийг “Гандантэгчэнлин хийд” орчмыг соёл, аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх төслийн хүрээнд буюу 2015 онд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар баталсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх ажлын жагсаалтад оруулсан гэдгийг албаныхан удаа дараа мэдэгдэж байжээ.

        Тодруулбал, “Гандантэгчэнлин хийд” орчмыг соёл, аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх төслийн хүрээнд “Монголын зүрхэн шүтээн”, “Худалдаа үйлчилгээний гудамж”, “Гандантэгчэнлин хийд орчмын төв хаалгыг бүтээн байгуулах”, “Түүхэн байшин сууц, хашааг хадгалж хамгаалах”, “Түүх, шашны соёлыг дэлгэрүүлэх “Богд зонхов” цогцолбор зэрэг төсөл, хөтөлбөрүүдийг улс, нийслэлийн төсөв, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, иргэдийн хандив тусламжаар хэрэгжүүлэх төлөвлөгөөг Нийслэлийн хот байгуулалтын газраас гаргажээ.

       Улмаар 2022 оны төсөвт "Гандангийн дэнж" шинэ аялал жуулчлалын бүсийн зураг төсөв, барилгын ажлыг эхлүүлэхээр нийт 24 тэрбум төгрөг төсөвт суулгажээ. Гэвч Түүх шашны соёлыг дэлгэрүүлэх “Богд зонхов”-ын цогцолборын ажлыг төсвийн улсын төсөвт дахин шинээр суулгаж, нийт 32 тэрбум төгрөг тусад нь төсөвлөсөн нь анхаарал татаж байна.

ТӨСВИЙН ЗАРЛАГЫН ХЯНАЛТЫН ДЭД ХОРООГООР ХЭЛЭЛЦЭХ ҮЕЭР ИЙМ ӨНДӨР ДҮНТЭЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ОГТ БАЙГААГҮЙ

       2022 оны төсвийн төслийг хэлэлцэх үеэр дээрх өндөр өртөгтэй төслийн санхүүжилтийг тусгаагүй байсан гэх. Энэ талаар Төсвийн байнгын хорооны дарга, Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар “"Богд Зонховын хөшөөг У.Хүрэлсүхийн Засгийн газар, Ч.Хүрэлбаатар төсөвт тусгаад сая өртгийг 27 тэрбумаар нэмжээ гээд өмнөх Засгийн газар, над руу бухаж байх шиг, гүтгэлэг. У.Хүрэлсүхийн Засгийн газар төсөв өргөхөд Богд Зонхова огт байгаагүй, УИХ дээр гурван гишүүний саналаар нэмэгдсэн, Төсвийн байнгын хороо өртөг нэмээгүй гэдгийг хэлье” хэмээн мэдэгдсэн.

       Мөн Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоос энэ талаар тодруулахад “Төсвийн зарлагын хяналтын дэд хороогоор төсөв хэлэлцэхэд ийм төсөл байгаагүй. Манай дэд хороогоор орсны дараа ажлын хэсэг дээр гарсан санал байх. Дэд хороогоор төсөв хэлэлцэх үеэр ийм өндөр дүнтэй хөрөнгө оруулалт огт байгаагүй. Ажлын хэсэг дээр зарим гишүүнээс ирсэн саналын дагуу ийм хөрөнгө оруулалтыг нэмэх боломжтой байх. Ямар гишүүд энэ саналыг оруулсныг би сайн мэдэхгүй” гэх тайлбарыг өглөө.

      Эндээс харахад дээрх төслийг олны анхаарлаас холдуулж, нууцаар оруулж ирсэн нь тодорхой байгаа юм. Угтаа бол мөнөөх л хөшөө дурсгал барьдаг, түүнийхээ тендерт өөрийн хамаарал бүхий компани, хуулийн этгээдүүдийг шургуулдаг байдал энэ удаад дахин давтагдав.

32 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮРГҮЙ ЗАРДАЛД ХОРИГ ТАВИНА УУ ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ

     Эдийн засгийн хүндхэн цаг үед төсвийн хөрөнгөний нэг ч төгрөгийг болтугай хэмнэх ёстой байтал татвар төлөгчдийн 32 тэрбум төгрөгөөр бурхны хөшөө барих гэж байгаа нь харамсалтай.  Тэр бүү хэл Үндсэн хуулийнхаа зүйл заалтыг зөрчин байж улсын төсөвт тусгасан энэ их хөрөнгийг тусгаж, УИХ-ын гишүүд нь хуулийн төслийг огтхон ч анзаар ч харалгүй баталчихсан.

       2022 оны улсын төсвийг 18 их наядын зарлагатай, буюу хоёр их наядын алдагдалтай баталж байгаа. Түүнчлэн 3.6 их наядаар банкуудаас бонд авах, Ирээдүйн өв сан, Тогтворжуулалтын сангаасаа 1.6 их наяд төгрөг авах тооцоолол гаргаж, ирээдүйд хуримтлуулсан хөрөнгө рүү гар дүрэн байж баталсан. Гэтэл 32 тэрбум төгрөгийн бурхны хөшөө барихаас эхлээд үр ашиггүй зардал төсөвт их байна. Иймд 2022 оны улсын төсөвт хориг тавьж, татвар төлөгчдийн мөнгийг гарын салаагаараа урсгаж байгаа байдлыг зогсоогооч ээ, Ерөнхийлөгчөө.


32 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий “Богд Зонхова” цогцолборын ажлыг хаалттай явуулж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188