• Өнөөдөр 2025-05-13

Ардчилсан намын ГИШҮҮД нэгдэхийг хүссэн ч ДАРГА НАР нь нэгдсэнгүй

2021-11-08,   1461

-Ардчиллын томчууд 200 мянган гишүүний итгэл, тэднийг төлөөлж цугларсан 1300 гаруй хүний итгэл найдварыг үгүйсгэж, тэдний ирцээр шоу хийчихлээ-

        Ардчилсан намд дахин сэхэх хувь тавилан ойрын хэдэн жилдээ л байхгүй нь бололтой. Өнгөрсөн баасан гарагт Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрөөр тэд Онц их хурлаа хуралдуулж, намдаа үүссэн маргаанаа нэг мөр цэглэнэ гэсэн ч эцэстээ энэ нь тавилттай жүжиг болоод дуусав.
 
      Намын үүсгэн байгуулагч гэгдэх Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж, намдаа лидер хэмээн үнэлэгдэх Лу.Гантөмөр, Р.Амаржаргал гээд хэд хэдэн толгой улстөрчдөөр Онц их хурлаа чимж, бэлтгэсэн зохиолынх дагуу хурал үргэлжилсэн. Их танхимын хоймор хэсэгт заларсан зочдыг хөтлөгч, онцлон танилцуулж, камерын дунд ахин дахин буулгаснаар энэ хурал хэсэгтээ л олны анхаарлыг татааж байлаа
      Гэвч хурлын төгсгөлд “Намын даргаар О.Цогтгэрэлийг батламжилж” байна гэсэн нь олон гишүүн, намын томчуудын дургүйцлийг хүргэжээ. Үндсэндээ 200 мянган гишүүний итгэл, тэднийг төлөөлж Улаанбаатар пласт цугларсан 1300 гаруй хүний хүч хөдөлмөр, найдварыг Ардчилсан намын акулууд ор тас үгүйсгэж, тэдний ирцээр шоу хийгээд амжив.
 
Гол нь энэ хуралд “Намаа нэгтгэчих юм сан намынхаа маргааныг эцэслэж, ирэх 2024 оны сонгуульд ялалт байгуулчих юм сан” гэсэн чин хүсэл эрмэлзэлтэй олон гишүүн ирсэн харагдана лээ. Тэд намынхаа хурлыг ихэд хүндэтгэж, одон медалиа зүүх нь зүүж, хөдөө орон нутгаас хэдэн 1000 км зам туулаад хуралдаа суусан. Гэвч энэ хурал тэдний энэ их хүсэл, энэ итгэлийг хүлээж чадсангүй. Угтаа бол мөнөөх л намын тамга тэмдгээ минийх шүү гэж өмчлөхөөр сайтар бэлтгэсэн намын томчуудын шоу байлаа. Ингээд л 200 мянган гишүүн дэмжигчийнхээ итгэлийг нэг мөсөн эвдэж орхилоо. Одоо Ардчилсан намд улс төрд өрсөлдөх карьер, нэр хүнд гэж байхгүй биз ээ. 

О.ЦОГТГЭРЭЛ ӨӨРИЙГӨӨ ЖИНХЭНЭ ДАРГА БОЛГОХ ГЭЖ ХЭТ УЛАЙРАВ УУ

      Анх энэ хурлыг О.Цогтгэрэл, М.Тулгат буюу одоогийн Ардчилсан намын хоёр тамгыг эзэмшиж байгаа гэх хоёр дарга нь хамт зарласан. Гэвч замын дундаас М.Тулгат хурал зохион байгуулахаас татгалзаж, бэлтгэл ажил бүрэн хангагдаагүй, шийдэлд хүрч чадаагүй байгаа гэсэн шалтгаанаар энэ хурлыг хүчин төгөлдөр биш шүү хэмээн мэдэгдэл ч хийсэн удаатай. М.Тулгатын ил үйлдлээс Ардчилсан намын тамга тэмдгийн хэрүүл дахиад үргэлжлэх нь гэдэг ойлголт олны дунд бий болсон.
      Мэдээж, М.Тулгатын ард С.Эрдэнэ буюу Ардчилсан намыг өмнө нь удирдаж байгаад тамга тэмдгийн маргаан гаргасан гол толгойлогч бий. С.Эрдэнэ ч алсаас тэднийг ажиглаж, өөрийнхөө байр суурийг намдаа бататгах гэсэн шиг чимээгүйхэн ажиглаж байгаа нь илт байлаа. Харин О.Цогтгэрэл хурлыг зохион байгуулахдаа  хүчин төгөлдөр хурал мөн гэж бардамнах хэд хэдэн шалтгаан гарч ирсэн.
 
Нэгдүгээрт, нөхөн сонгуулийн үеэр дайсагналцаж байсан М.Тулгатын Ардчилсан намтай өөрийн хүрээллээ нэгтгэж, Э.Бат-Үүлийг дэмжиж оролцсоныхоо  хүчинд Э.Бат-Үүлийг хуралдаа авч ирж чадсан. Мэдээж Э.Бат-Үүл өнгөрсөн хугацаанд “Ардчилсан амаа нэгтгэе, бид чинь коммунист нам биш шүү дээ. Ногоон малгайтнууд биш” гэхчлэнгээр намын гишүүддээ үсдүүлж, тайзан дээрээс хөөгдсөн ч түүний байр суурь Ардчилсан намд тодорхой нөлөө үзүүлж байв. Иймд хуралд ирсэн нь О.Цогтгэрэлд нэг оноо болж нэмэгдсэн.
 
Хоёрдугаарт, УИХ-д сонгогдсон намын бүлгийн гишүүд бүгд түүнийг дэмжиж, хуралд хүрэлцэн ирсэн нь багагүй хүч нэмсэн байв. Угтаа бол хэдхэн долоо хоногийн өмнө эвдрэлцээд байсан Бүлгийн гишүүд хэл амаа ололцож, гурван гишүүнээ Бүлгээсээ хөөсөн Д.Ганбат дарга ч хуралдаа ирчихсэн “Би Бүлгийн дарга хэвээрэй шүү, Ийм хүчирхэг намын Бүлгийг удирдаж байгаадаа баяртай байна” хэмээн намынхаа гишүүдэд ихэд найр тавьсан үг тайзан дээрээс хэлээд амжсан. Өөрөөр хэлбэл, Бүлгийн гишүүддээ “Хандаа хага даруулж” намын хуралдаа ирсэн нь О.Цогтгэрэлийн байр суурь АН-д чамгүй нэмэгдэж байгааг илтгэх шиг. 
 
Гуравдугаарт, О.Цогтгэрэлийг Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хүн хэмээн Ардчилсан намын гишүүдийн тал хувь нь буюу Ц.Элбэгдорж талынхан эсэргүүцэж байсныг нам дарж чаджээ. Угтаа бол Ц.Элбэгдоржийг хуралдаа оролцуулсан нь талцал маргааныг нэг тийш болгоход дөхөм болгосон байж болох талтай. Ц.Элбэгдорж гол нь ямар тохироотой Ардчилсан намын хуралд оролцсон бэ гэдэг нь олны анхаарал татаж байна. Өөрөөр хэлбэл, Боловсрол шинжлэх ухааны сайд асан Лу. Гантөмөрийг намын генсек болгосон. Ингэснээр Ц.Элбэгдоржид АН-ыг атгах боломж олдсон байж болох.
О.Цогтгэрэлийн энэ хурлаар жинхэнэ намын дарга мөн гээд батламжилна гэсэн тохироо хуралд уригдсан зочдын дунд байгаагүй бололтой
Энэ мэт шалтгаанаар О.Цогтгэрэл Онц их хурлаа амжилттай хуралдуулж, эцэст нь өөрийгөө намын дарга мөн шүү хэмээн батламжлуулаад авав.

ГАНЗАГА ХООСОН БУЦСАН Э.БАТ-ҮҮЛ НАМЫНХАНДАА ДАХИН ГОМДОВ

      Гэтэл О.Цогтгэрэлийн энэ хурлаар жинхэнэ намын дарга мөн гээд батламжилна гэсэн тохироо хуралд уригдсан зочдын дунд байгаагүй бололтой. Өглөөний 11:00 цагаас эхлээд л хурлын хойморт заларч, гишүүд дэмжигчдийн алга ташилт, урмын үгийг сонсож суусан намын лидер Улсын баатар Э.Бат-Үүл хурлын дүнд сэтгэл дундуур үлдлээ. 
Үүнийгээ тэрбээр цахим хуудсаараа илэрхийлж “Зоригийн хөшөөний өмнө хэлсэн уриалгыг минь хүлээж аваад ирсэн Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг нэг индэр дээр гарсан Онц Их Хурал, сүүлийн мөчид онцгүй шийдвэр гаргаж Тулгатын хэлсэнчлэн намын хагарлыг улам гүнзгийрүүлчихлээ. Намаа ,залуусаа нэгтгэх итгэл найдвар маань өнгөрлөө дөө. Яав даа” хэмээн ихэд гомдонгуй бичжээ. Угтаа бол намын хурлын дараа ганзага хоосон буцсан хүн нь Улсын баатар бололтой. Харин түүнээс бусад нь уригдсан зочид бялуугаа хүртэж, тохироонд хүрээд ганзага дүүрэн буцав.
 
Ийн Ардчилсан намын “Онц” гэж тодотгосон Их хурал намынхаа гишүүдийн ирцэнд тоглолт хийж, намаа дахин нэтгэхээргүй шоу болж өндөрлөв. Угтаа бол Ардчилсан намын дарга нарт нэгдэх туйлын зорилго гэж байхгүй. Гагцхүү хэн нь хэнийгээ дарга гэж өргөмжлөх вэ гэдэг л эрх мэдлийн төлөөх тэмцэлдээн байна.
 

Ардчилсан намын ГИШҮҮД нэгдэхийг хүссэн ч ДАРГА НАР нь нэгдсэнгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-10 11:05:03
    АН-ын гишүүн: Бид очирлож санал өгсөн.Цогтгэрэл ялсан.Энэ их хурлаар батламжилсан шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-09 09:25:24
    Мадаа: Тэс ондоо агуулга бүхий нийтлэл болжээ. Би онц их хурлын төлөөлөгч л дөө. Харин ч эсрэгээрээ ирсэн бүх төлөөлөгч хурдхан шиг Цогтгэрэлийг батламжлахаар үнэндээ бүгд яарч оволзож байсан шүү. Индэр дээрээс үг хэлсэн лидерүүд нь төлөөлөгчдийн хэлэх гэж байсан бүхнийг хэлж, ёстой л хадгалж явсан зүрхний үг болох гранатуудыг нь тэсэлж орхисон юм. Ардчилсан намын бүх их хуралд би оролцсон . Ийм их хүлээлттэй, нэгэн зүг харсан, ямар ч маргаан,талбайгүй их хурлыг анх удаа харсан юм шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-08 22:51:29
    Зочин: Нэгийн сонгох нь ойлгомжтой. Цогтгэрэл хучтэй байнаа, зев шийдлээ.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188