• Өнөөдөр 2025-03-13

Засгаа огцруулахгүйн тулд л Оюутолгойтой ойлголцож байна Л.ОЮУН-ЭРДЭНЭ

2021-10-27,   1008

-Оюутолгойн гэрээг хэдэн нүүдлийн цаадахыг харж, Монголын тал өөрт ашигтайгаар эргүүлэх үү,  өнөөдрөө харж дахиад л улстөрчдийн тоглоом болгож, нэр хүндээ хамгаалах шоу болгоод өнгөрөөх үү гэдэг шийдвэртэй нүүр тулчихлаа-

 
         Үе үеийн Засгийн газарт гай ч тарьж, гавьяа ч байгуулж болдог сэдэв бол Оюутолгойн гэрээ буюу “Рио Тинто” группийн  асуудал. Энэ нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт ээлж дараагаараа ирээд буй. Гэхдээ өнөөдөр Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар ажиллаж, төрийн эрхийг удирдаж байгаа нь  Оюутолгойн асуудалд манлайлан оролцсоных нь гавьяа гээд хэлчихэд хол зөрөхгүй.  
 
         Учир нь, Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед л “Шударга таван гишүүн” гэх бүлэглэлд нэгдэхдээ Оюутолгойг анхааралдаа авч, энэ талаар өөрийн байр сууриа илэрхийлж явсаар төрийн дээд албанд хүрээд буй. Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах хэлэлцээрийг Засгийн газар “Рио тинто”-той эхлүүлснийг бид мэднэ. Иймдээ ч У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед Засгийн газрын хэрэг эрхлэх сайдын албыг хаших болсон Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын 92 дугаар буюу Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хэсгийг ахлах болсон. Харин өнөөдөр Ерөнхий сайдын албанд томилогдсон тэрбээр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, өөрөө гол шийдвэрийг нь гаргаж сууна.
 
         Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар цаашдаа хэр удаан төрийн эрхийг барих вэ гэдгийг Оюунтолгойг тойрсон сэдвүүд шийдэж мэднэ. Өөрөөр хэлбэл, улайсан данстай, их хэмжээний өртэй Засгийн газрын гол санхүүжилт, хөрөнгийг Оюутолгойн гэрээ буюу “Рио Тинто” группээс шийдэх дээр хүрээд буй. Уг нь Монголын Засгийн газар “Рио Тинто”-д бууж өгөхгүй, гэрээнүүдийн алдааг засаж, монголдоо 34 хувийнх нь ашиг ирдэг болгох хэрэгтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл, одоогийн  Засгийн газрын гол үүрэг нь энэ бөгөөд ирээдүй хойчдоо их хэмжээний өр үлдээж, байгалийн баялгаа гаднын улсад үнэгүй ашиглуулах уу, үгүй юү гэдгийг шийдэх чухал үе.  Харамсалтай нь энэ Засгийн газар дахиад л Оюутолгойн төслийг Монголдоо хэрэгтэй, ашигтай байдлаар чадахгүй бололтой.
 
 
     Оюутолгойн гэрээг байгуулсан цагаас эхлээд л үе үеийн Засгийн газар, эрх баригч, Ерөнхий сайд нар Оюунтолгойгоор овоглож, хөрөнгө оруулагч компаниас санхүүгийн дэмжлэг авч, Засгийн газраа авч үлдсэн түүхтэй. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ч яг л энэ жишгээр эрх мэдэлтэй үлдэж мэдэхээр нөхцөл үүсэв.
 
        Ойрын үед Оюутолгойн асуудал эрчээ авч, хөрөнгө оруулагч талуудтай ч ажлын хэсэг уулзалт, яриа хэлэлцээрийг хийх болов. Өчигдөрхөн “Рио тинто” группийн Зэсийн группийн захирал Б.Болд Монгол Улсын Засгийн газрын төлөөлөлтэй Төрийн ордонд уулзаж, тус компаниас Монгол Улсын Засгийн газарт хүргүүлсэн дөрвөн асуудлын талаар ярилцсан юм.
 
         Энэ уулзалтын өмнө Оюунтолгойн ажлын хэсгийн ахлагч Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар  "Рио Тинто"-гоос  захидлаар ирүүлсэн саналын талаар мэдээлэл өгсөн. Тэрбээр “Рио Тинто" группээс дөрвөн асуудал бүхий саналыг Монгол Улсын Засгийн газарт ирүүлсэн. Нэгдүгээрт, Монгол Улсад ирээдүйд 22 тэрбум төгрөгийн өр үүснэ гэдэг санхүүгийн тооцоолол хийсэн. Энэ нь манай Засгийн газрын 34 хувьд бичигдсэн 1.4 тэрбум ам.долларын өртөг бүхий өрийн бичилт. Энэ өрийн бичилт нь 2009 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд буюу 12 жилд хүү, нийлмэл хүүгийн хамт бодогдоод 2.3 тэрбум ам.долларын өртэй болсон. 2051 он болоход энэ өр 22 тэрбум доллар болно. Тиймээс "Рио Тинто" 2.3 тэрбум ам.долларын өрийн 70 хувийг тэглэх санал тавьсан. Ингэснээр ашиг, ногдол ашиг, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар авах хугацаа наашлах боломжтой гэсэн. Хоёрдугаарт, далд уурхайн бүтээн байгуулалтын ажил хойшилсон нь ковидын хүнд үед таагүй үр дүн үзүүлж байна. Монгол Улсын Засгийн газарт нэг их наяд төгрөг буюу 350 сая орчим ам.долларын дэмжлэг үзүүлье гэсэн. Энэ ямар нэгэн татварт хамаарахгүй.
 
 Гуравдугаарт, далд уурхайн бүтээн байгуулалтын зардал 5.4 тэрбум ам.доллароор төлөвлөсөн ч зардлын хэтрэлттэй, цаг хугацааны хувьд хойшилж байгаа. Тиймээс 5.4 тэрбум ам.доллароос хэтэрсэн зардал дээр менежментийн төлбөр авахгүй. Мөн 2028 он хүртэл далд уурхайн бүтээн байгуулалтын зардлын хэтрэлттэй холбоотой баталгааны шимтгэл буюу 1.9 хувийг авахгүй, зогсоох санал гаргасан. Дөрөвдүгээрт, засаглалаа сайжруулъя гэсэн. Ингэснээр Оюутолгойн бүтээн байгуулалтын ажил урагшаа явна” хэмээн мэдэгдсэн.

       Эндээс харахад Рио Тинто монголын талд буулт хийж, монголчуудын хүлээж буй Оюутолгойн гэрээг өөрийн талд ашигтай болгох бүрэн болж байна. Гэвч одоогийн Засгийн газар энэ хүлээлтэд хүрч чадах эсэх нь эргэлзээтэй болчихсон. Тэд өнөөдөр цар тахлын амаргүй цаг үед хангалттай үүргээ гүйцэтгэж чадахгүй байна гэх шүүмжлэлд унаж, Засгийн газрыг огцруулах талаар ч мэр сэр яриа намын бүлэг дунд нь яригдах болсон. Тиймээс яалтчгүй амиа бодож, уснаас хуурай гарах цор ганц боломж нь энэ болчихоод байгаа юм. 

      “Рио Тинто”-гийн Зэсийн группийн захирал Б.Болдын тайлбараас харахад бидэнд боломж байгаа нь илэрхий харагдаж байна. Тодруулбал, тэрбээр Засгийн газрын ажлын хэсгийн гишүүдтэй уулзсаныхаа дараа хэвлэлд “Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байгаа. Мэдээж ярилцах зүйл бий. Ажлын хэсэгтэй яриа хэлэлцээ хийж байгаа учраас нарийн мэдээлэл өгөх боломжгүй байна. Манай компани мэдээллээ илүү нээлттэй болгох, менежментийн хариуцлагын тогтолцоог сайжруулах тодорхой саналуудыг хэрэгжүүлэх гээд явж байна. “Рио Тинто”-гийн талаас бодитой саналуудыг тавьсан” гэх тайлбарыг өгөөд байгаа юм.
Ийн олон жил ярьсан Оюутолгойн гэрээг хэдэн нүүдлийн цаадахыг харж, монголын тал өөрт ашигтайгаар эргүүлж чадах уу, дахиад л улстөрчдийн тоглоом, нэр хүндээ хамгаалах шоу болгоод өнгөрөөх үү гэдэг шийдвэртэй нүүр туулчихлаа.

Засгаа огцруулахгүйн тулд л Оюутолгойтой ойлголцож байна Л.ОЮУН-ЭРДЭНЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-27 11:37:26
    Зочин: Улсдаа хор хөнөөлтэй юм хөлсөөр бичээд үр дүн нь хоол болох уу хүмүүс минь бодох л хэрэгтэй засаг сайн ажиллаж байна гэдгийг ганбаатар гишүүн хүртэл зурагтаар яриад байна энэ гэрээг зөв голидролд нь оруулбол хөлсний бичээч та болон таны үр удам ач тусыг нь хүртэж улс минь сайхан хөгжиж олон хөлсний амиа бодогч төрөхгүй магнай тэнэгэр алхах болно засгаа дэмжинэ сайд нар энэ асуудал дээр сайн ажиллаж байна гэж бодож байна амжилт
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-27 11:37:14
    Зочин: Улсдаа хор хөнөөлтэй юм хөлсөөр бичээд үр дүн нь хоол болох уу хүмүүс минь бодох л хэрэгтэй засаг сайн ажиллаж байна гэдгийг ганбаатар гишүүн хүртэл зурагтаар яриад байна энэ гэрээг зөв голидролд нь оруулбол хөлсний бичээч та болон таны үр удам ач тусыг нь хүртэж улс минь сайхан хөгжиж олон хөлсний амиа бодогч төрөхгүй магнай тэнэгэр алхах болно засгаа дэмжинэ сайд нар энэ асуудал дээр сайн ажиллаж байна гэж бодож байна амжилт
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-27 08:23:26
    Zochin: Oyun - Erdene shig khyn Zasgiin gazraa l avch yldene sh dee. Oilgomjtoi
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188