• Өнөөдөр 2025-03-13

МЕГА ТӨСЛҮҮДЭЭ ХӨДӨЛГӨХ Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ БИЕЛЭХ ҮҮ

2021-10-25,   524

-Томоохон төсөл хөтөлбөрүүдээ нэн даруй хөдөлгөхгүй бол ОХУ эрчим хүчний хязгаарлалт түр зуур хийхэд л улс даяараа харанхуй болох гашуун жишээг бид мэдэрлээ-

         Засгийн газар олон жил ярьсан хөгжлийн том төслүүдээ ирэх жилүүдэд хөдөлгөж, эдийн засагт хувь нэмэр оруулна гэдэг амлалт өгөөд буй. Иймдээ ч улсын төсвийн хөрөнгө оруулалтаас ирэх жил нэлээд хэдэн ажил хийхээр төвлөсөн харагдана.
Олон жил ярьсан ч биеллээ олоогүй, иргэдийн чихэнд зүүд, мөрөөдөл шиг сонсогддог олон төслийг тэд эхлүүлэхийг нь эхлүүлж, үргэлжлүүлэхийг нь үргэлжлүүлнэ гэсэн том зорилго тавьжээ. Харин биеллээ олж, хэрэгжүүлж чадах эсэхийг цаг хугацаа л харуулах нь. Ямартай ч эдийн засаг хүндхэн цаг үед ийм шийдвэр гаргаж, эдийн засгаа сэргээхэд хувь нэмэр оруулах зайлшгүй шаардлага үүсээд буй. 
 
     Саяхныг хүртэл манай улсад том төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх нь эдийн засагт ямар эерэг нөлөөтэй, ямар ашигтай вэ гэдгийг мэдэхгүй явлаа.  Ингээд  хоёр хөршөөс байж болох бүхий л хэрэгцээгээ хангаж, тэдэнд бүхнээ даатган амьдарсныхаа горыг цар тахлын амаргүй цаг үед амсаж байна. 
 
     Наанадаж, ОХУ эрчим хүчний хязгаарлалт түр зуур хийхэд л улс даяараа харанхуй болох гашуун жишээг бид мэдэрлээ. Хэдхэн долоо хоногийн өмнө улсаараа шатахууны хомстолд орж, хонон өнжин дугаарлан байж, хөл дүүжлэх унаагаа хөдөлгөсөн. Энэ мэт жишээнээс харахад дэд бүтцийн салбарт бүтээн байгуулалтын ажлуудыг яаралтай эхлүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг сануулж байна. 
 
      Ирэх жилд Оюутолгойн далд уурхай, Тавантолгойн цахилгаан станц, Газрын тосны бүтээгдэхүүн дамжуулах хоолой зэрэг мега төслүүдийг үргэлжлүүлэхээс гадна “Богдхан” төмөр замын төслийг үргэлжлүүлнэ гэх төлөвлөгөө гарган ажиллаж байна. Тэдний хэлснээр эдгээр төслүүдээ хэрэгжүүлээд эхэлбэл, эдийн засагт амь тариа болж, наанадаж гаднын зах зээлд сул урсаж байгаа мөнгөн хөрөнгөө дотооддоо авч үлдэх боломж бий хэмээн тайлбарлаж буй.
 
ТАВАНТОЛГОЙ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛНА
 
     Өнгөрсөн Засгийн газрын хуралдаанаас гэхэд л мега хөтөлбөрүүдээ эхлүүлэх эхний ажлын төлөвлөгөөг гаргаж, хариуцсан сайд нарт нь үүрэг чиглэл өгсөн.
Тухайлбал, Ерөнхий сайд “Тавантолгой дулааны цахилгаан станц” төслийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг цаг алдалгүй зохион байгуулж, төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийг Эрчим хүчний сайдад үүрэг болгосон. Тавантолгойн нүүрсний орд газрыг түшиглэсэн “Тавантолгой дулааны цахилгаан станц” ашиглалтад ороход Оюутолгойн уурхайгаас цахилгаан эрчим хүчний төлбөрт гадагшаа чиглэсэн валютын урсгалыг Монголдоо үлдээх боломжтой гэх тооцоолол гаргаад буй. Өнөөдрийн байдлаар Оюутолгой уурхай БНХАУ-аас нэг кВт.цаг цахилгаан эрчим хүчийг ойролцоогоор 0.658 юань буюу 257.2 орчим төгрөгөөр авдаг. Цахилгаан станц ашиглалтад орсноор энэ мөнгөн урсгалыг дотооддоо авч үлдэх боломж бүрэн бий гэдэг.
 
      Мөн Говийн бүсийн стратегийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, тэдгээрийг дотоодын эрчим хүчний системээс хангах ач холбогдолтойгоос гадна барилга угсралтын явцад давхацсан тоогоор 2000 ажилчид, ашиглалтад орсноор 300 байнгын ажлын байр шинээр бий болох боломжтой гэдэг. Угтаа бол эдийн засгийн ач холбогдол бүхий дээрх төслийн сонгон шалгаруулах тендерийг зарласнаар 2022 оны эхний улиралд багтаан барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулах аж. Ингэснээр 2025 онд 450 МВт-ын шинэ дулааны цахилгаан станц, 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг байнгын ашиглалтад хүлээлгэн өгнө гэдгийг эрх баригчид амлаад буй.
 
ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ҮРГЭЛЖҮҮЛНЭ
 
     Дорноговь аймгийн Алтанширээ суманд жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулж, дотоодын хэрэгцээг хангах үйлдвэр болон дагалдах байгууламжийг шинээр байгуулах ажлыг эхлүүлээд буй. БНЭУ-ын 1.236 сая ам долларын хөнгөлөлттэй зээлээр  дээрх төслийг үргэлжлүүлж байгаа. 
 
     2022 онд 150 тэрбум төгрөгөөр үйлдвэрийн технологийн бус байгууламжийг дуусгах, үйлдвэрийн анхдагч процессийн болон дагалдах байгууламжийн гэрээг байгуулж, урьдчилгаа санхүүжилтийг олгох, 35 мвт-ын хүчин чадалтай Үйлдвэрийн цахилгаан станцын гэрээг байгуулж, урьдчилгаа санхүүжилтийг олгох ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ.
 
ДУЛААНЫ III ЦАХИЛГААН СТАНЦЫН ДЭД БҮТЦЭД ТҮШИГЛЭН БАРИХ ТӨСЛИЙН ТЭЗҮ-Г БОЛОВСРУУЛНА
 
    Эрчим хүчний яам Улаанбаатар хотын цахилгаан, дулаан хангамжийн тав дахь эх үүсвэрийг Дулааны III цахилгаан станцын дэд бүтцэд түшиглэн барих төслийг хэрэгжүүлж буй. Дулааны III цахилгаан станц нь Улаанбаатар хотын дулаан хангамжийн гол эх үүсвэрийн нэг бөгөөд хотын дулааны шугам сүлжээний хамгийн оновчтой байршил байдаг ч станцын үндсэн тоноглолуудын насжилт өндөр болж ашиглалтын хугацаа дууссан, эрсдэлтэй нөхцөлд байгааг онцлоод буй. 
     Иймд Монгол Улс, ОХУ-ын төсөл хэрэгжүүлэгч байгууллагууд болох Интер РАО-Экспорт компани, Монгол Улсын “ДЦС-3” ТӨХК хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулж, хоёр талын хийх ажлын эзлэхүүнийг тохиролцжээ. Интер РАО-Экспорт компани төслийн ТЭЗҮ-ийг 180 хоногт багтаан Монголын талд ирүүлэхээр тохиролцжээ. ТЭЗҮ-г үндэслэн ОХУ-ын Засгийн газраас авах экспортын зээлийн талаарх асуудлыг ирэх оны нэгдүгээр улиралд багтаан танилцуулахаар төлөвлөж байна.     
 
 Олон жил ярьсан ч хэрэгжүүлж чадаагүй төсөл хөтөлбөрүүдээ сая санаж, бид хийж, хэрэгжүүлж эхлэх ёстой юм байна гэдгээ ч эрх баригчид, төрийн томчууд ойлгов бололтой. Нэг талаараа цар тахал монголчуудын нүдийг нээж, бүтээн байгуулалтын ажилд анхаарах эхлэлийг нь тавьчихлаа. Харин иргэдийн дунд хийсэн ажлаа үр дүнд хүргэж чадах болов уу гэх хүлээлт бий.
 

МЕГА ТӨСЛҮҮДЭЭ ХӨДӨЛГӨХ Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ БИЕЛЭХ ҮҮ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188