Хичээлээ таслахгүй ч хийсэн гавьяагүй сурагч байдаг даа. С.Энхболд сайд яг тэдний ижил санагдах юм. Эрүүл мэндийн салбарт хүний амь эрсдэж, иргэдийн эрүүл мэндэд эрсдэл учирна гэдэг нь С.Энхболд сайдын хоолойд хутга тулгаснаас ялгаагүй баймаар. Гэтэл салбарын сайд маань огт тоосон шинжгүй, “Халдварын тархалтыг бид бууруулж байна, бидний авч чадах арга хэмжээ энэ” гэсэн тайлбар хийсэн шиг ээ өдөр хоногийг аргацааж байгаа харагдах юм. Хоолойд нь хутга тулгасан байхад тоосон шинжгүй хээв нэг сажлах.
Шинэ Засгийн газрын битүү морь, олонд танигдаагүй түүнийг салбарын сайдаар томилоход нь хэн ч эсэргүүцээгүй, хүлээн зөвшөөрсөн. Түүгээр ч зогсохгүй, залуу мэргэжлийн боловсон хүчин эрүүл мэндийн салбарт шинэ салхи оруулна байх гэсэн хүлээлттэй байлаа.
Гэвч тэр яг л анх улс төрд орж ирсэн дүрээрээ амандаа ус балгасан аятай эрүүл мэндийн салбарыг гаргуунд нь гаргачихсан сууж байх юм. Олны хараанд өртөх ажил хийгээгүйнх нь төлөө түүнээс хэн ч хариуцлага нэхсэнгүй, хэл амнаас холуур тойрч яваа харагдана.
Уг нь түүнийг салбараа манлайлж, цар тахлын хүнд үеийг даваад гарах хүчтэй нэгэн гэж Эрүүл мэндийн сайдаар томилж, энэ салбарын гал тогоог даатгаж өгсөн баймаар. Гэтэл тэр үүнийг мэдэж байгаа ч юм уу, гүй юм уу долоон сарын нүүрийг үзлээ. Эрүүл мэндийн салбар бахь байдгаараа.
Ядаж ганц төвлөрч ажилласан коронавирусийн эсрэг, цар тахлыг хумих ажилдаа тэр эзэн болж чадсангүй. Бүхэл бүтэн Тусгаар тогтносон улсын эрүүл мэндийн салбарыг хариуцсан сайд маань салбараа тэр чигт нь анхаарах нь битгий хэл салбарынхаа нэг хэсэгт анхаарлаа бүрэн төвлөрүүлж, арга хэмжээ авч чадахгүй сууна. Ковидтой тэмцээд жил орчим болж байхад авсан арга хэмжээ нь “бай”-гаа онохоос илүүтэй иргэдийг туйлдуулж, эрүүл мэндийн салбарыг элгээр нь хэвтүүлж орхисон. Одоо эмч, сувилагч, эрүүл мэндийн салбарын ажилчид сөхөрч унахад ойрхон байна.

Өнгөрсөн жилийн өдийд л монголчууд “Сүргийн дархлаатай, “Ковид-19” тусдаггүй” хэмээн амтай болгон шаагьж, бардамнаж байсан цаг хугацаа байв. Гэтэл өнөөдөр иргэдийн тал хагас нь өвчинд нэрвэгдэж, өдөрт хэдэн арваараа цар тахлын нөлөөгөөр амиа алдах боллоо. Хамгийн сүүлчийн тоон мэдээллийг харахад 24 цагийн хугацаанд 2893 хүнээс коронавирусийн халдвар илэрч, 13 хүн коронавирусийн хүндрэлийн улмаас нас барсан. Батлагдсан тохиолдлын 1411 нь Улаанбаатарт, 1482 нь орон нутагт илэрсэн байдаг. Энэ мэт тоон мэдээлэлд иргэд, эрүүл мэндийн салбарынхан ч дасаж, олны анхаарлаас гарчихлаа. Халдвартай иргэн өөрийгөө тусгаарлаад өвчнөө хүндрүүлж, нас барах нь ч хэвийн үзэгдэл болов.
Дельта мутацийн халдвар өдөр ирэх тусам нэмэгдэж, орон нутагт энэ мутацийн халдвар эрчимтэй тархсан. Судлаачдын хэлж буйгаар эмнэл зүйн шинж тэмдэг нь нэн даруй илэрдэг, халдвар авсан хүмүүсийн 95 хувь нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болдог нэн аюултай мутаци гэгдэж буй. Харамсалтай нь, салбар яам гурав дахь тунд найдаж, тоон мэдээлэл танилцуулахаас өөр ажил хийж хийхээ больжээ.
Салбарын сайдад толгой байдаг бол одоо л цар тахлыг хумих, урьдчилан сэргийлэх, мутацлагдсан вирусийг дотоодод тархаахгүй байх арга хэмжээ авмаар байна. Хэдий иргэдийнхээ 60 хувийг вакцинжуулж, эрүүл мэндийг нь хамгаалсан гэж байгаа ч хамгийн эрсдэлтэй хэцүү цаг үе ирэх өвөл эхэлж байгааг эрхэм сайдад сануулах нь зүйн хэрэг биз ээ. Вакцин хийлгэлгүй үлдсэн иргэдийн үлдсэн 40 хувь нь хамгийн эрсдэлтэй бүлэг болох хүүхдүүд, жирэмсэн, хөхүүл эхчүүд. Эрүүл мэндийн салбарыг аврах уу, алах уу гэдэг нь С.Энхболд сайдын хар толгойгоороо хариуцах ганц ажил нь.
Харин тэр өөрийнхөө толгойноос илүү өрөөлийн толгойнд итгэж, өөрийн гэсэн бие даасан шийдвэргүй, сайд, дарга нарынхаа амыг харж суугаа нь нууц биш юм.
Салбарынхаа хүнд хэцүү, жаргал зовлонг хэнээс ч илүү сайн мэдэж, гал тогоонд нь байсан С.Энхболд үүнийг мэдсэн ч мэдээгүй царайлж нүдэн балай чихэн дүлий таг чиг суугаа нь харамсалтай.
Хүйтний улирал эхэлж, хөл хорионы дэглэм суларсан энэ цаг үед монголчуудын амь дээсэн дөрөөн дээр л дэнжгэнэж байгааг Эрүүл мэндийн сайд мэдэж л байгаа болов уу. Өнгөрсөн жил ковидын эмчилгээний зардлаа гаднын зээл тусламж, хандив үйлчилгээгээр аргацаасан бол энэ жил дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу амиа бодоорой гээд суухаас аргагүйд хүрч мэдэхээр байгааг салбарын сайд тооцоолсон байгаа. Улсдаа ганцад тооцогдох ХӨСҮТ сүүлийн үед PCR шинжилгээ авах оношлуургүй болсон нь хэний хариуцлагагүй үйлдэл вэ Эрүүл мэндийн сайд аа.
“ТОЛГОЙГҮЙ” САЙД С.ЭНХБОЛД ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫГ ГАРГУУНД НЬ ГАРГАЛАА |
|