• Өнөөдөр 2025-03-13

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН УЛС ТӨР БУЮУ ИРГЭДИЙГ ХУУРАХ АРГА

2021-09-07,   831

       “Ерөнхийлөгч зарим эрх мэдлээсээ татгалзаж байна” хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан мэдээлэл хийснээр сонгуулиас хойш олны анхаарлаас гарсан У.Хүрэлсүх дахин хэвлэлийн дуранд өртөв. Ерөнхийлөгчийн Тамгын газраас гаргасан энэ мэдэгдлийн цаад агуулга нь түүнийг олонд сайнаар харуулах гэсэн нэг арга бололтой. 
 
     Угтаа бол олон жил ярьсан шүүх эрх мэдэл, шүүгчийн хараат бус байдлын асуудлаар анхны улс төрийн мэдэгдлээ хийсэн, цаашлаад өмнөх Ерөнхийлөгчийн эхлүүлсэн ажил дээр “дөрөөлж” түүний хоригийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлсэн зэргээс харахад одоогийн Ерөнхийлөгчид олны дунд итгэл олох арга үгүйлэгдэж байх шиг. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн талынхнаас хийж байгаа энэхүү мэдэгдэл нь цоо шинэ, содон мэдээлэл биш бөгөөд “эрх мэдлээсээ татгалзлаа” гэдэг үгэнд “тоглолт” хийж, нэр хүндийг өсгөх агуулга байлаа. Ерөнхийлөгчийн багийнхан У.Хүрэлсүхийг ард түмэнд шударга ажиллаж буй зарчимч нэгэн гэж ойлгуулах арга гэх юм уу даа. 
 
     Асуудлыг эргэн сануулахад 2021 оны нэгдүгээр сарын 15-нд УИХ Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, гуравдугаар сарын 1-нээс дагаж мөрдөж эхэлсэн. Угтаа бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд дагалдан гарах томоохон хуулиудын нэг чухал хууль нь энэ байв. 
 
      Харин “УИХ-аас батлан гаргасан дээрх хууль нь Үндсэн хуультай зөрчилдөж байна” хэмээн Ерөнхийлөгч асан Х.Баттулга хуульд хориг тавьж, Шүүхийн тухай хуульд  бүхэлдээ Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргасан удаатай.  Тэрбээр “УИХ Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг томилно гэдэг нь шүүхийн хараат бус байдлыг алдагдуулж байна” гэж үзэн Үндсэн хуулийн цэцэд хандсан юм.
 
      Ерөнхийлөгчийн хүсэлтийг Үндсэн хуулийн цэцийн  хуралдаанаар хэлэлцэж, Шүүхийн тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гарсан. Цэцээс Ерөнхийлөгч Х.Баттулгын гаргасан гомдол нь хууль зүйн үндэслэлтэй хэмээн үзээд Цэцийн Их суудлын хуралдаанаар хэлэлцэхээр болсон юм. 
 
      Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг дуусахаас өмнө Цэцийн их суудлын хуралдаан болоогүй нь дараагийн Ерөнхийлөгчид том өгөөш болов бололтой. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүх өмнөх Ерөнхийлөгчийн алдааг давтахгүй гэсэндээ Хуулийн зөвлөхүүдээ нэлээд чамбай ажиллуулж, хуулийн зүйл заалтыг өөрт ашигтайгаар тайлбарлуулах мэргэн санааг олжээ. Ингээд олон нийтэд эрх мэдлээсээ татгалзаж байгаа сайн улстөрчийн “дүр” үзүүлж, олны анхаарлын татаж чадлаа. Энэ талаар Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар “Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн 30 жилийн турш Ерөнхийлөгчийн эрхэнд байсан хоёр эрхээс татгалзаж байна. Нэгдүгээрт, шүүхийн томилгоо, хоёрдугаарт, Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхийлөгч УИХ-д санал болгодог байснаас татгалзаж байгаа юм. Ингэснээр Ерөнхийлөгч Ерөнхий сайд байсан ажлаа үргэлжлүүлж, хүн засагладаг биш хууль засагладаг нийгэм рүү шилжиж байна. 
 

       АТГ-ын даргыг Ерөнхийлөгч УИХ-д санал болгодог байсан эрх мэдлийг Ерөнхий сайд руу шилжүүлж байгаа юм. Ингэснээр шүүхийн салбарт томоохон шинэчлэл хийж байна. 2019 оны зургадугаар сард Үндсэн хуульд өөрчлөлт оруулах талаар хуулийн төсөл өргөн барьж, УИХ-аар хэлэлцүүлэн баталсан. Энэ үеэр иргэдээс болон судлаачдаа ирж байсан санал нь шүүх эрх мэдлийг хуулийн дагуу ажилладаг механизмыг бүрдүүлэхийг шаардаж байсан. Өнгөрсөн нэгдүгээр сард Шүүхийн тухай хуулийг шинэчлэн баталж, энэ талаар өмнөх Ерөнхийлөгч Цэцэд хандаад байв. Тухайн үед дунд суудлын хуралдаанаар Шүүхийн тухай хууль Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзсэн. Одоо Их суудлын хуралдаан болох гэж байгаа. Тиймээс бид Их суудал хуралдахаас өмнө хүсэлтээ цуцалж байгаа юм" хэмээсэн. 

      Гэвч хуулиндаа  Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 18.4-т “Цэцэд өргөдөл, мэдээлэл, хүсэлт гаргасан тал хянаж байгаа асуудлын хүрээнд Цэцийн хуралдаан зөвлөлдөхөөр завсарлахаас өмнө аль ч шатанд өөрийн шаардлагын үндэслэл, зүйлийг өөрчлөх, хэмжээг ихэсгэх, багасгах болон шаардлагаас бүхэлд нь буюу зарим хэсгээс нь татгалзах эрхтэй” гэж заажээ. Гэтэл экс Ерөнхийлөгчийн гомдлыг Цэц хэдийнэ хэлэлцээд Их хуралд танилцуулчихсан байгаа. 
 
     Хачир дээрээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрх мэдлээсээ татгалзсан мэт харагдавч, холбогдох хуулиудын өөрчлөлт яг л ийм байдлаар батлачихсан. Харин экс Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн зөвшөөрөхгүй байсан гэсэн үг. Ийн шинэ Ерөнхийлөгч хуулийн зүйл заалт дээр тоглолт хийж, улс төрийн карьераа бага багаар өсгөх гэж байгаа бололтой.
Ерөнхийлөгч  Үндсэн хуульд заасан дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
  • Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг Улсын Их Хурлаар хэлэлцэж, чуулганд оролцсон нийт гишүүний гуравны хоёр нь хүлээж аваагүй бол уг хууль, шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ;
  • Өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх. Энэ талаар Ерөнхийлөгч зарлиг гаргавал түүнд Ерөнхий сайд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно;
  • Гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлж, Улсын Их Хуралтай зөвшилцөн Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах;
  • Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татах;
  • Монгол Улсад суух гадаад улсын бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүний итгэмжлэх, эгүүлэн татах жуух бичгийг хүлээн авах;
  • Улсын цол, цэргийн дээд цол хүртээх, одон, медалиар шагнах;
  • Уучлал үзүүлэх;
  • Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах, тус улсад орогнох эрх олгох асуудлыг шийдвэрлэх;
  • Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх;
  • Бүх нийтийн буюу хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарлах;
  • Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 2, З дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болбол Улсын Их Хурлын чуулганы чөлөө цагт, хойшлуулшгүй тохиолдолд улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь онц болон дайны байдал зарлах, түүнчлэн цэрэг хөдөлгөх захирамж өгөх. Онц байдал, дайны байдал зарласан Ерөнхийлөгчийн зарлигийг Улсын Их Хурал уул зарлиг гарснаас хойш долоо хоногийн дотор хэлэлцэж батлах буюу хүчингүй болгоно. Хэрэв Улсын Их Хурал шийдвэр гаргаагүй бол уул зарлиг хүчингүй болно.

 


ЕРӨНХИЙЛӨГЧИЙН УЛС ТӨР БУЮУ ИРГЭДИЙГ ХУУРАХ АРГА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188