УИХ-ын нөхөн сонгууль ирэх аравдугаар сард товлогдсон. Угтаа бол Ерөнхийлөгч, хотын дарга нарын тойргоос тэднийг нөхөх дараагийн улстөрчийг тодуурлахаар ээлжит бус сонгуулийн өдрийг товлоод буй. УИХ-ын 18 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэг хамгийн олон сонгогчтой, нийслэлийн хүн амын олонх оршин суудаг гэдгээрээ онцлогтой тойрог. Хэнтий аймгаас төрийн хоёр түшээд сонгогдсон учир нэлээд анхаарал татаж буй. Хоёр тойрогт сонгууль явуулснаар ойрын гурван жилдээ сонгуулийн чимээ тасрах нь.
Энэ удаагийн сонгууль улс төрийн нөлөөллийн хувьд онцгой гойд холбогдолгүй ч намууд хэн нь хэн бэ гэдэг өнгөө тодорхойлох цаг үе ирээд буй. Ялагдсан намынхан даагаа нэхэж, ялсан намынхаа ялалтаа баталгаажуулах гээд тун чиг завгүй явцгаана. Гурван удаагийн сонгуульд МАН хүчтэй байж, олонх болсон уу, эсвэл сонгуулиа будлиантуулсан уу гэдэг эргэлзээгээ тайлах бол Ардчилсан намынхан дахиад улс төрд карьертай үлдсэн үү гэдгээ тодорхойлуулах үе хэмээн сонгогчид багагүй хүлээлттэй байна. Магадгүй гуравдагч хүчин болж, өөр намуудаас төлөөлөл гарч ирэхийг ч үгүйсгэхгүй юм. Гол нь намууд ямар хүн сойж, хэнийг уралдуулах вэ гэдгээс асуудлын зангилаа тайлагдана.
Нөхөн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах гээд намууд дотроо түнжин муутай байгаа сурагтай. Намын томчууд өөр өөрсдийн хүнээ хүч үзүүлчих санаатай ам гарчихаад амлалтандаа хүрэх гэж нөлөө бүхий гишүүдтэй ээлж дараалан уулзах болсон гэх. Зарим нь бүр дэвших үгүй нь тодорхойгүй байхад сурталчилгааны ажлаа эхлүүлж, сонгогчидтой уулзаж эхэлсэн сураг байна.
УИХ-ын нөхөн сонгуульд өрсөлдөх нам, эвслүүд Үндэсний аудитын газраар мөрийн хөтөлбөрөө хянуулж, өчигдөр Сонгуулийн ерөнхий хороонд хүсэлтээ хүргүүллээ. Энэ удаагийн ээлжит бус сонгуульд нийт есөн нам, нэг эвсэл өрсөлдөх баримт бичгээ өгөөд байгаа. Тодруулбал, Үндэсний аудитын газарт Монгол Ардын нам, Үнэн ба Зөв нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам, Дэлхийн монголчууд нам, Гэр хороолол хөгжлийн нам, Зөв хүн электорат эвсэл, Ардчилсан нам, Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч нам, Ард Түмний олонхын засаглал нам, Иргэний зориг ногоон нам мөрийн хөтөлбөр, хандивын тайлангаа өгч баталгаажуулсан байна.
Ийн намууд нөхөн сонгуульд өрсөлдөх хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороогоор хянуулж, баталгаажуулсныхаа дараа хуулийн хугацаанд нэр дэвшигчдээ танилцуулж, сурталчилгааны ажлаа эхлүүлнэ.
МАН-ЫН ХАГАРАЛ НӨХӨН СОНГУУЛИАР ЭХЛЭХ ҮҮ
Парламентад үнэмлэхүй олонх болсон МАН-ын хувьд хоёр тойргоо алдчихгүй гэж хэрэндээ хичээж байгаа ч дөрвөн жилийн гол чухал сонгуулиуд дуусаж, улс төрийн тохироо нь хийгдсэн учир хувь хувийнхаа амбицыг хөөж, намын томчуул фракцаа бүрдүүлж эхэлсэн гэх бор шувуу бий. Ийм дээ ч нөхөн сонгуульд аль тойрогт хэнийг дэвшүүлэх вэ гэдэг өрсөлдөөн нам дотор нь өрнөж эхэлсэн гэнэ.
.jpg)
Намынхаа гол дүр болж хэсэг мандаж явсан Ерөнхийлөгч 2021 оны ээлжит сонгуульд өрсөлдөх гэж намынхнаасаа төдийгүй бусад намаас нэлээд дэмжлэг авсан. Үүнийхээ хариуг ээлжит бус сонгуулиар барих гэж толгойгоо гашилгаж байгаа бололтой. Олны таамаглаж буйгаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сонгинохайрхан дүүрэгт Н.Энхбаярын хүү Э.Батшугарыг дэвшүүлнэ гэх тохироо МАХН-аас дэмжлэг авахдаа хийсэн гэдэг. Харамсалтай нь, намаа нэгтгэж, У.Хүрэлсүхийг дэмжсэн Н.Энхбаярын нэр хүнд тэр цагаас унаж, өнөөдөр хүү нь дэмжлэг авах нь битгий хэл өөрийнх нь улс төрийн карьер дуусаж мэдэхээр байгаа. Иймд намын гишүүд нь Ерөнхийлөгчийн саналыг хүлээж авахгй байх магадлалтай байгаа гэнэ. Харин Хэнтий аймагт хуульч Л.Батжавыг дэвшүүлэх сонирхолтой байгаа аж. Угтаа бол аль хэдэн жилийн өмнөөс Хэнтийд нэр дэвшихээр бэлдэж эхэлсэн түүнийг У.Хүрэлсүх 2020 оны ээлжит сонгуулиар намдаа элсүүлж, нөхөн сонгуульд өрсөлдүүлэхээ амлаад өөрөө хүч үзсэн гэх цуу яриа ч байдаг.
Иймдээ ч Л.Батжав нөхөн сонгуульд найдвартай дэвшинэ гэх горьдлого тээн сурталчилгааны ажилдаа орж, тойрогтой ажиллаад эхэлсэн сурагтай. Гэвч намын гишүүд нь одоо У.Хүрэлсүхийн үгийг дагах нь юу л бол.
Сүүлийн үед Ерөнхий сайд, хотын дарга нарын харилцаа гэнэт сайжирч, бие биедээ сүжрэх болсон нь цаанаа нэг учиртай гэх. Угтаа бол тэд нөхөн сонгуульд хүчээ нэгтгэж, өөрийн фракцаасаа нэр дэвшигч тодруулах том амбиц байгаа бололтой. Тэдний нэг нь хотын даргын ойрын хүн гэгдэх нийслэлийн орлогч асан Ж.Сандагсүрэн юм. Түүнийг аль эртнээс нөхөн сонгуульд нэр дэвшүүлнэ гэх таамаг өрнөж эхэлсэн. Ийн МАН-ынхан нөхөн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах гэж хоорондоо түнжин муутай байгаа гэх бор шувуу Тусгаар тогтнолын ордноор нисэх болжээ.
“АМЬ ТАВЬЖ” БУЙ АН НӨХӨН СОНГУУЛИАР САНАЛ АВАХ УУ
Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиар өнгөрсөн 30 жилд байгаагүй бага санал авч олны элэг доог болсон АН-ынхан өнөөдрийг хүртэл эв зүйгээ олоогүй л явна. Хоёр даргатай, хоёр тамгатай тэд дахиад л хөгөө чирч хоёр удаа Сонгуулийн ерөнхий хороонд санал хүргүүлэх нь бололтой. Эндээс харахад АН сэхэхээсээ нэгэнт өнгөрсөн гэж үзэх хүн ч олон байна.
Сонгуулийн ерөнхий хороонд М.Тулгат болон О.Цогтгэрэл даргатай Ардчилсан намынхан хоёул мөрийн хөтөлбөр, өрсөлдөх материалаа хүргүүлсэн. Нэг бодлого нэг зорилго дор нэгдэж чадаагүй тэд хоёр материал дахиад л хүргүүлсэн. Гэвч Сонгуулийн ерөнхий хороо өмнөх жишгээрээ нэгийг нь хүлээн авах боломжтой. Ийн Ан-ын хэрүүл дахиад эхлэх нь.
М.Тулгат даргатай АН-аас УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, АН-ын генсек асан Ц.Баатархүү, Хэнтий аймгийн засаг дарга асан Ж.Оюунбаатар нар яригдаж байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт Боловсролын сайд асан Л.Гантөмөр, Консул асан Д.Мөнх-Эрдэнэ, Г.Очирбат нарыг дэвшүүлнэ гэх таамаг бий. Харин О.Цогтгэрэл даргатай АН-аас нэр дэвшигчид тодорхойгүй байгаа.
Ийн учраа олоогүй Ардчилсан намынхан нөхөн сонгуулиар өмнөх сонгуулийнхаа түүхийг давтаж, суудалгүй үлдэж мэдэхээр байна. УИХ-ын нөхөн сонгуульд өрсөлдөн бусад долоон намынхан одоогоор нам гүмхэн байгаа ч гуравдагч хүчин болж гарч ирэхийг үгүйсгэхгүй юм. Гэвч өмнөх жишгээрээ МАН, АН-ын нэр дэвшигчид өнөөдөр хүртэл олны анхаарлыг татсан хэвээ байна.