• Өнөөдөр 2024-04-20

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар “бай”-гаа оносон шийдвэр гаргавал цар тахлыг хохирол багатай давах боломж бий

2021-06-30,   942

             Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар шинээр бүрэлдээд хагас жил орчим болсон ч “Чадвартай, мэдрэмжтэй мэргэжлийн ажиллаа” гэж иргэд хүлээн зөвшөөрсөн цаг үе ховор биз ээ. Гэвч тэд үнэхээр чадваргүй, ажиллаж чадахгүйдээ ийн үнэлэгдээгүй. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар цар тахлын эсрэг хэрэндээ хичээсэн ч гар, хөл нь дөнгөтэй байснаас ялгаагүй шийдвэрүүд гаргасан гэхэд хилсдэхгүй. 
 
        Тэд намын даалгавраар ажиллаж, өөрсдөө дур мэдэн шийдвэр гаргах эрхгүй, зөвхөн сонгуульд зориулж, намынхаа төлөө ажиллах үүрэг хүлээсэн нь нууц биш юм. Угтаа бол өнөөдрийг хүртэл өөрсдийн боломж болцоогоороо ажиллаж, шийдвэр гаргахаас илүү улстөржсөн шийдвэрүүд нэлээд гаргалаа. Сонгуулийн үеэр хавтгайрсан халамж тарааж, сонгогчдод чиглэсэн арга хэмжээ авсан нь улсын төсөвт дарамт учруулсан. Хэрэв сонгуулийн цаг хугацаатай давцаагүй бол өдийд цар тахлын эсрэг арай өөр боломж нөхцлөөр ажиллах байсан биз.
 
      Харин одоо тэд үнэнтэй нүүр тулж, илүү бодит, цаг үеийн нөхцөл байдалтайгаа уялдсан, зоригтой шийдвэр гаргах болов уу гэх хүлээлт олны дунд үүсжээ. Өчигдөр гэхэд Засгийн газар ээлжит бус хуралдаан зарлаж, энэ оны төсөвт тодотгол хийхээр хуулийн төсөл өргөн барив. Угтаа ирэх жилийн төсвийг тэр чигт нь “Ковид-19” цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авахад зарцуулахаар төлөвлөсөн гэх. Одоо тэд жинхэнэ улс төрийн нөхцөл байдлаас ангид амьдралд нийцтэй шийдвэр гаргаж ажиллабал, цар тахлыг хохирол багатай даван гарах боломж харагдаж байна.
 
          Засгийн газрын хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийг харахад үнэхээр л нөөц боломжиндоо тааруулж, аль байж болох хувилбарыг сонгож шийдвэрээ гаргаж байгаа мэт санагдана. Учир нь, өнгөрсөн хугацаанд гаргасан шийдвэр бүхнийг нь олон нийт шүүмжилж, хүчийг нь барчихсан уу гэлтэй. 

       Ингэхдээ улаан бүсэд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилчдад хоёр сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүлж, нийт эмч эмнэлгийн ажилчдад нэг сая төгрөг олгох санал гаргав. Түүнчлэн нийт эмнэлгийн ажилчдын цалинг нь 50 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. Цар тахлын үед гэртээ харьж бүтэн нойртой унтах эрхгүй, битүү хувцас дотор өдөржин амандаа ч ус балгах боломжгүй ажиллаж байгаа тэдний хөдөлмөрийг төр засгаас үнэлж байгаа нь таатай сайхан мэдээ байв. Энэ шийдвэр эмч, эмнэлгийн ажилчдад урам өгсөн “бай”-гаа оносон үр дүнтэй шийдвэр байгаасай гэж олон хүн хүлээж байна. Халдварын тархалт өдөр ирэх тусам нэмэгдэж, төр засаг, иргэд аль аль нь цөхрөнгөө барахад хүрээд байна. Ийм л хүндхэн цаг үед чадахаараа бие биедээ дэм өгч ажиллах нь юу юунаас илүү чухал байна. 

      Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг хэр тогтвортой ажиллах бол гэх хүлээлт олны дунд байсан. Сонгуулийн дараа энэ Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорно гэх таамагууд ч мэр сэр явж байв. Харин өнөөдрийн өнцгөөс харахад энэ Засгийн газар өмнөх Засгийн газруудаас илүү тогтвортой, дайчин ажиллаж мэдэхээр байна. Магадгүй зарим нэг салбарт шинэчлэл хийж, ажлаа хийж чадахгүй сайд нараа “явуулах” шинээр яам байгуулах зэрэг бага зэрэг халаа сэлгээний асуудал яригдах ч цаашид энэ бүтцээрээ тогтвортой ажиллах зорилго тавьсан бололтой.
 
       Түүнчлэн орон нутаг, аймгуудад хуваарилсан төсвийг цар тахлын эсрэг зарцуулах санаачилга гаргаад буй. Үүнийг ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санаачлан үүрэг өгсөн гэх бор шувуу ч олны дунд бий. Нийтлэлч Баабар “Тарамдаж байгаа эх орноо, ядарч буй ард түмнээ, өдөр шөнөгүй зүтгэж буй төр засгаа битгий зүх” хэмээсэн нь. Үнэхээр ч ирэх есдүгээр сар хүртэл Засгийн газар, төр засгаас хэрэгжүүлэх арга хэмжээг дэмжээд, өөрсдөө ухамсартай байвал цар тахлыг ажрахгүй давах боломжтой ч байж болох юм. Хариуцлага нэхэж, Засгийн газрыг огцруулах хугацаа бидэнд мундах шүү дээ.
 
 

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар “бай”-гаа оносон шийдвэр гаргавал цар тахлыг хохирол багатай давах боломж бий
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188