• Өнөөдөр 2024-04-24

МАН-ынхны дотоод “дайн” эхэллээ

2021-06-25,   4241

        100 жилийнхээ тэгш ойн баяр дээр Ерөнхийлөгчтэй л болчихвол болно гэж зорьж байсан МАН-ынхны улс төрийн жинхэнэ тэмцэл өнөөдрөөс эхэлж байна. Тэд өнгөрсөн жил гаруйн хугацааны зорилгодоо хүрч Ерөнхийлөгчтэй болсон ч намын даргын суудлын төлөөх өрсөлдөөнөөс эхлээд өөр бусад халаа сэлгээ, томилгооны бужигнаан эхлэх гэж байна. Угтаа бол жинхэнэ эрх мэдлийн төлөө өрсөлдөж, хэн нь Ерөнхийлөгчийн сонгуульд ямар үүрэг гүйцэтгэсэн түүнийхээ хариуг авах гэж нам доторх “дайн” жинхэнэ утгаараа өрнөж байна.

Өөрөөр хэлбэл, өнөөдрөөс МАН-ын зовлон эхэлж, эрх мэдлийн хуваарилалт хийхээр хэн нь хэний хүн бэ гэдэг нь жинхэнэ утгаараа ялгарч, ширүүн тулаан өрнөх нь. Өмнө нь ч 32, 33-ын бүлэглэлээрээ хуваагдаж нэгдээд дахин "ЖДҮ-чин", "60 тэрбум" хэмээн дахин салсан тэдний хоорондын хагарал өнөөдрийг хүртэл бүрэн аниагүй, бие биедээ туньж яваа. Харин энэ удаагийн эрх мэдлийн хуваарилалт намын хагарлыг улам сэдрээж мэдэхээр байна гэх болгоомжлол ч бий.

МАН-ыг сүүлийн дөрвөн жил удирдаж, хоёр сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулахад гол үүргийг хүлээсэн гэх намын дарга нь өнөөдөр намын гишүүнчлэлээсээ татгалзаж, Ерөнхийлөгчийн тангаргаа өргөнө. Цаашдаа 100 жилийн түүхт энэ намыг хэн удирдаж, зангидах вэ гэдэг асуудал өнөөдрийг хүртэл олны дунд таамаг хэвээр байгаа. Хэдий МАН-ын үе үеийн Ерөнхий сайд нар намаа удирддаг тогтсон уламжлал байсан ч саяхнаас буюу шинэ Засгийн газар байгуулагдсан цагаас энэ жишиг өөрчлөгдсөн.  Тус намын залуу лидер гэгдэх Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар томилогдоод багагүй хугацаа өнгөрсөн  ч У.Хүрэлсүх дарга нь байр сууриа тавьж өгөхгүй байсаар Ерөнхийлөгчийн тангарагаа өргөж буй.
Хэдийгээр Тусгаар тогтнолын ордноор Л.Оюун-Эрдэнэ МАН-ыг удирдана, дараагийн намын дарга болно гэх бор шувуу нисэж эхэлсэн ч намын хуучин гишүүд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэнэ. Иймдээ ч Л.Оюун-Эрдэнийг түр орлон гүйцэтгэгч гэх албанд томилох сураг бий. Харин энэ асуудал өнөөдөр МАН-ын бага хуралдаанаар шийдэгдэх учиртай.
Намын хуралдаан сүүлийн үед дуулиан шуугиан багатай болсон бол өнөөдөр ширүүхэн хурал болно гэх таамаг олны дунд бий. Ямар сайндаа л аргаа барсан залуу сайд нийслэлийн намынхаа гишүүдийн дэмжлэгийг авчихвал айдгаа авдартай хийнэ гэж сэтгээд нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазартай сүүлийн хэдэн сар ихэд сүжирлээ. Өнөөдөр харин энэ тусыг олох уу гэдгийг харах л үлдээд байна.
 
Анх Ерөнхий сайдаар томилогдоод нийслэлийн  Засаг даргын Тамгын газарт очиход нь орлогч даргаараа угтуулсанд ихэд ундууцаж үүднээс нь буцаж байсан Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр хотын мээртэй чухамхүү сайхан харилцаатай болж, гар нийлж ажиллах болсон. Ийн намын даргын суудлаа нутгийн ахаасаа өвлүүлэн авах их ажилд ханцуй шамлан орсон нь намын олон гишүүнд таалагдаагүй бололтой.
 
Саяхан нь сонгуулийн өмнө намын гишүүд нь Засгийн газрын үйл ажиллагааг үг үсэггүй магтаж, сэв суулгахгүй сөрөг хүчний гишүүдээс халз өмөөрч байсан. Гэтэл сонгуулийн дараагаас байдал эсрэгээрээ эргэж, цар тахлын үед Засгийн газар хангалттай сайн ажиллахгүй байна гэх үгсийг МАН-ын гишүүд өөрсдөө унагаах болжээ. Өчигдөр гэхэд л Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэхэд Бүлгийн гишүүд Засгийн газрын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж, хоёр талцсан харагдсан.
 
Энэ мэт хэдэн жишээнээс харахад МАН-ын хагарал өмнөх жишгээрээ эхэлсэн бололтой. Угаасаа өнгөрсөн 30 жилийн түүхэнд улс төрийн хоёрдогч хүчин гэгдэх Ардчилсан нам төрийн эрхийг барилцаж, Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан нь МАН-ын хагарал дээрээс хожсон хонжоо гэх явган яриа бий.
 
Учир нь, эрх баригч намынхан эрх мэдэлд хүрмэгц дотоод тэмцлээ дийлэхээ болж,  хөнжил дотроо хөлөө жийлцдэг нь үе үеийн сонгуулийн дараа эхэлдэг тогтсон уламжлал гэхэд хилсдэхгүй.
 

МАН-ынхны дотоод “дайн” эхэллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-26 13:31:39
    Зочин: Ингэж худлаа дэмий мэдээлэл тавихаа боль,МАН бол жинхэнэ ардчилсан нам, цаг үе орон зайгаа мэдэж бие биедээ хүндэтгэлтэй ханддаг, одоо бол залуу үе удирдах цаг болсон, АН шиг хэд хуваагдаад гэдсээ чирсэн, буруу зөрүү худлаа ярьж залилан хийсэн хүмүүс шиг биш, мууч сайн ч монголын ард түмэнд МАН гарсан үед ээлтэй ханддаг АН бол шууд гаднаас зээл худлаа залиалан хийж оруулж ирээд хуваагаад гудардаг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-26 13:23:20
    Sochi : Oyunerdene bish. Zandanshatar man dargad congox estoi
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-26 00:35:22
    Жанжин: Ёстой байнд ч гүй банзанд ч гүй юм бичих юм. Уйддаг юм уу. Дэлгэрсайхан нь л зүүдээ ярьж дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-25 13:54:51
    Irgen: Bitgii yas hayasan yum bicheed bai zohiogood baigaarai
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-25 10:23:35
    emeete: ardchilsan namiinhan shig muuhai humuus bish shuu
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188