• Өнөөдөр 2024-04-27

Галын шугамынхан буюу УОК, Эрүүл мэндийн салбарынхны САЙН, МУУ

2021-06-18,   1193

       Монгол Улсын гурван сая гаруй иргэний 85770 нь “Ковид-19” цар тахлаар өвчилж, 400 хүн энэ өвчний улмаас нас барсны хариуцлагыг бид өнөөдөр Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамыг удирдаж байгаа албан тушаануудаас нэхэх эрхтэй. Учир нь, иргэд тэдэнд итгэж, аюулгүй байдлаа хангуулахаар төрийн түшээдээр сонгосон. Тэд ч иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө ажиллана гэдэг тангаргаа өргөсөн улс. 
 
Хоёр жил орчим хугацаанд ковидтой тэмцсэн Монгол Улс өнөөдөр цар тахлын өмнө гараа өргөөд буулт өгөхөөс өөр аргагүйд хүрчихсэн. Энэ хугацаанд Засгийн газар гурван удаа солигдож, Улсын онцгой комисс бүрэлдэхүүндээ хэд хэдэн удаа өөрчлөлт оруулж,  удаа дараа томилгоо хийсэн ч үр дүнд хүрсэнгүй хэмээн иргэд халагдаж сууна. Угтаа бол “Ковид-19”-тэй тэмцэх мэргэжлийн баг өнгөрсөн хугацаанд бүрдэж чадсангүй бололтой. 

Харин галын шугаманд ажиллаж байгаа албан хаагчдынхаа хүчийг хий тарамдуулж орхилоо. Өнөөдөр найр наадам, баяр ёслол зохион байгуулсны горыг монголчууд эрүүл мэнд, эдийн засгаараа бүрэн амсаж буй. Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамны удирдлагууд сэтгэлтэй ур чадвартай, хатуу чанга ажилламаар байна. Өнгөрсөн хугацаанд нойр хоолгүй ажиллаж, тодорхой шийдвэрүүд гаргасан ч үр дүнд төдийлөн хүрч чадаагүй учир хийсэн ажил нь салхинд хийссэнээс ялгаагаагүй болов. Одоо илүү мэргэжлийн байж, цар тахлыг хумих, бодитой, үр дүнтэй арга хэмжээ авахгүй бол улсаараа хохирч, гарцгүй болох нь. Зүй нь бол ковид гэх цар тахал шинэ зүйл биш болж, хэзээ ямар арга хэмжээ яаж авбал үр дүнтэй байдаг вэ гэдгийг мэдэх цаг хугацаа хангалттай өнгөрлөө.

Улсын онцгой комисс нь гамшгийн аюулаас иргэдээ хамгаалах, хор хохирлыг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг авч, нэгдсэн удирдлагаар хангах үүрэгтэй. Гэтэл өнөөдөр энэ үүргээ хангалттай биелүүлсэн үү гэвэл эргэлзээтэй гэж олон хариулна. Үндсэндээ тэдний  ковидтой тэмцэх ганц арга нь хөл хорио тогтоож, өдөр хоногийг аргацаах байв. Хэт албаны  вакуумжсан шийдвэрүүд нь хөрсөнд дээр буухгүй, хэрэгжүүлэхэд төвөгтэй, саад бэрхшээлтэй байсан нь нууц биш. Өнгөрсөн хугацаанд олон ч шийдвэр гаргаж энэ нь иргэдийн амьдрал, бодит байдалд нийцэхгүй эргэж буцаасаар тодорхой шийдэлд хүрээгүй. Энэ ажлынхаа үр дүнг хүртэж чадалгүй халдварыг хяналтаасаа алдсан нь ч нууц биш юм. 
 
Уг нь хөл хорио тогтоох шийдвэр нь аргаа барж, эцсийн үед авах цорын ганц арга баймаар. Эсвэл хөл хорио тогтоож л байгаа бол халдварыг хяналтдаа бүрэн авч, үр дүнг нь хүртдэг байх нь чухал. Гэвч бодит байдал дээрээ эрүүл мэнд эдийн засгийн аль алийг нь элгээр нь хэвтүүлж, амь гуйж, аврал хайх дээр нь хүргээд “Бид аргагүй боллоо” гээд тоон мэдээлэл танилцуулаад сууж байх жишээтэй.
Өнгөрсөн хугацаанд иргэд Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэр, төлөвлөгөөг өнөөдрийг хүртэл үг дуугүй дагаж ирсэн ч шийдэлд хүрсэн нь ховор байлаа. Цаашид илүү мэргэжлийн ур чадвартай байж, ирэх намар гэхэд халдварыг бүрэн дарахад анхаарлаа хандуулах зайлшгүй шаардлага үүссэн байна.
 Хамгийн сүүлд Улсын онцгой комиссоос гаргасан ганц шийдэл нь улсын хэмжээнд шар, улбар шар, улаан гэх өнгөөр ялгааад, түвшин тогтоож, хөл хорионы дэглэмээ тодорхой хязгаарлалттай хэрэгжүүлэх байв. Гэвч аль түвшин нь ямар шатанд яаж хэрэгжих ёстой вэ гэдэг нэгдсэн дүрэм журам ч байсангүй. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын гишүүд нь аманд орсноо хэлж, түүнийг нь УОК-ынхон хэрэгжүүлэх үүрэгтэй гэсэн үг. Ийм туйлбаргүй, шийдвэргүй байдал нь өмнөх хийсэн ажлаа баллуурдахад том шалтгаан болж буй.
 
Эрүүл мэндийн салбарт дан ганц “Ковид-19” гэлтгүй анхаарах олон асуудал бий. Гэвч өнгөрсөн хоёр жил орчмын хугацаанд дан ганц цар тахлын эсрэг арга хэмжээ авч хамаг хүчээ барсан. Ер нь ковидоос шалтгаалж, бүх салбар уналтад ороод байхад гарц гаргалаа олж, үр дүнд хүргэх нь УОК, Эрүүл мэндийн яамны хийх ажил шүү дээ.  Тэд багахан сэтгэл гаргаад удирдлага мэргэжлийн ур чадвараар хангавал монголчууд цар тахлыг төвөггүй туулаад гарахаар байна шүү дээ, дарга нар аа.
 

Галын шугамынхан буюу УОК, Эрүүл мэндийн салбарынхны САЙН, МУУ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-18 13:39:16
    УОК хянаж чадахгүй л юм бол элдэв журам гаргаад ч хэрэг алга. Үзүүлэх сургуулийн хэмжээнд л ажиллаж байна даа: УОК хяналтаа алдсанаа хүлээн зөвшөөрөөд удирдлагууд нь огцорч, арай эрүүл сэтгэж хурдтай хөдлөх удирдлагатай болох хэрэгтэй болжээ. Тэгэхгүй бол бидний эрүүл, амьд явах эрх зөрчигдсөөр байх нь.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-18 08:48:14
    Zochin : Irged bid mash hariutslagatai baih heregtei tur zasgaas gulden bish
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188