Охинтойгоо хамт 500 километр замыг мотоциклоор туулсан эмэгтэйн тэмдэглэлийг олон нийтийн сүлжээнээс олж уншсан юм. Адал явдалтай хэр нь хүч, тэсвэр тэвчээр сорьсон энэ аялалд охиноо дагуулаад явсан эмэгтэйн тэмдэглэл миний сонирхлыг ихэд татсан Тэрбээр “...Бид хоёрын зам тийм ч сайхан байгаагүй. Гол ус, чулуу, шавар, элс зэрэг бартаа саад их байсан. Үүнийг бяцхан охин минь ажрахгүй туулаад ирлээ” хэмээн тэмдэглэсэн байв “Эр зориг шаардсан спортод эргэж буцалтгүй орсон” гэх эмэгтэйтэй уулзахыг хүсэж, тэмдэглэл бичсэнээс сар орчмын дараа бид цаг товлолоо. Аялалд ойр ойрхон гарчихдаг учраас түүнтэй уулзаж завдахгүй байсан нь энэ.
Том каскан малгай, өнгө алагласан хувцсаар охинтойгоо ижилсэн жигдэрсэн мотоциклтой аялагчийг Н.Оргилмаа гэдэг. “Motor ent Mongolia” клубийн үүсгэн байгуулагч, мото спорт сонирхогч нэгэн. “Миний охиныг Т.Сарангуа гэдэг. Аав нь мото спортын тамирчин, ээж нь мотоциклтой аялагч. Мэдээ орсон цагаасаа л эр зоригийн спорттой ойр байсан” хэмээн тэд өөрсдийгөө танилцуулсан юм. “Мотоциклын спортыг амьдралынхаа салшгүй хэсэг болгосон” гэж шийдэмгий хэлсэн нь үүний сайханд дурласныг илтгэнэ. Турьхан, эмзэгхэн харагдавч өөртөө баймгүй дайчин охин Т.Сарангуа энэ жил бартаат замын анхны аялалдаа ээжтэйгээ хамт гарчээ. Тэрбээр “Намайг бага байхад ээж минь мотоцикл унаад аялалд явчихдаг байв. Ээжийн мотоцикл унаж байгаа нь надад маш сонирхолтой санагддаг байсан. Долоон нас хүртлээ би мотоцикл унаагүй. Долоон нас хүрэхэд надад хоёр дугуйтай “мини кросс” ээж, аав бэлэглэсэн. Ингээд л мотоцикл унаж эхэлсэн. Анх мотоциклоо ганцаараа унаад хөдөлж байхдаа их сандарч, айж байлаа. Гэхдээ хөлд минь таарсан жижигхэн болохоор эвтэйхэн байсан. Ээж надад яаж явахыг зааж, шороон зам дээр эхэлж унасан. Би уран гимнастикаар хичээллэж байгаад болчихсон.
Мотоцикл унаад хөдөө аялах нь илүү сонирхолтой санагдсан учраас тэр.. Том болоод мото спортын тамирчин болно. Ээж, аав хоёр маань мотоцикл сонирхдог учраас би багаасаа энэ спортод дурласан. Миний насны хүүхдүүд эрсдэлтэй спорт сонирхдог ч спортоор хичээллэх нь ховор. Хэцүү бэрхтэй нүүр тулж, түүнийгээ даваад гарсны дараа өөрөөрөө бахархдаг” хэмээн ярихдаа түүний нүд гялалзаж байв. “Мотоцикл, охин хоёртойгоо Монгол орноороо бүтэн тойрчихоод, дэлхийг тойрно. Энэ хүсэл минь цуцалтгүй үргэлжлэх байх” хэмээн бид яриагаа эхлүүлсэн юм.
-Эр зориг тэсвэр тэвчээр шаардсан энэ спортод эргэлт буцалтгүй орсон гэлээ. Та хэзээнээс энэ спортыг сонирхон хичээллэх болов?
-Би мото спорт сонирхоод 13 жил болсон байна. Тамирчин хүн биш ч гэлээ мото спортыг амьдралынхаа нэгээхэн хэсэг болгохоор зориг шулуудсан. Адал явдал, аялалд дуртай зан минь энэ спортыг сонирхоход нөлөөлсөн гэж хэлж болно. Анх хотын дуу чимээ, түгжрэлээс залхаад мотоцикл унаж эхэлсэн юм. Ингэхдээ “Мопет” буюу 50 CC мотортой мотоцикл унаж байв. Сүүлдээ мотороо бага багаар томруулж, 1000W мотортой “байк” унаж байгаад “Кросс”-ын төрөл рүү орсон. Хотын төвд мотоцикл унаад явахаас илүү “кросс” унаад аялалд явах нь сонирхолтой байдаг. Эрсдэл нь ч гэсэн бага шүү дээ. Хотын хөдөлгөөнд мотоцикл унана гэдэг аюултай. Охиндоо би “Чи мотоцикл унаж чаддаг байсан ч машин, техник унаж чаддаггүй хүмүүс бий. Тиймээс маш болгоомжтой бай” гэж захидаг.
Анх мотоцикл унаж байхдаа айж байв уу?
-Эрсдэлтэй гэж айгаад байвал юу ч сурахгүй. Сүүлийн үед Монголдоо аялалд их гарах болсон. Хүний хөл хүрэхээргүй саад даваатай газруудад мотоциклтой гараад зогсож байхад сайхан шүү дээ.
-Таныг анх мотоцикл сонирхож, унаж эхлэхэд гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ?
-Би Хэнтий аймгийн Галшар сумын уугуул. Хөдөө хурдан морь унаж өссөн хүүхэд л дээ. Иймдээ ч зорьмог шийдэмгий хүүхэд байсан. Анх хөдөө байхдаа мотоцикл унаж сурсан. Хотын хөдөлгөөнд бага мотортой, жижиг мотоцикл унадаг байсан учраас гэрийнхэн минь хүндээр хүлээж аваагүй. Аажмаар мотоциклоо томруулсан. Мотоцикл унаад сурчихсан учраас төдийлөн анзаараагүй болов уу. Сүүлийн үед мото спорт сонирхдог эмэгтэйчүүд олон болсон байна. Гэхдээ кроссын төрлөөр унадаг нь ховор.
-Өөрөө мото спорт сонирхохын хажуугаар охинтойгоо хамт аялалд яваад ирсэн гэсэн. Эмэгтэй хүүхдэд энэ спорт хэцүү биш үү?
-Би охинтойгоо хамт аялалд явахаар долоон жилийн турш охиноо бэлдсэн. Одоо тэр минь 14 настай. Ингээд энэ жил анхны аялалдаа гарлаа. Аялалд гарахад хангалттай бэлтгэгдсэн гэж бодож байна. Одоо аяллаа үргэлжлүүлж, олон газар очихоор төлөвлөсөн.
-Охинтойгоо явсан анхны аялалдаа хоёулхнаа гарсан байна лээ. Яагаад ийм төрлийн спорт сонирхдог бусад хүнтэй нэгдээгүй юм бэ?
-Өнгөрсөн тавдугаар сард Улаанбаатар хотоос 500 гаруй километрийн зайд байрлах Хэнтий аймгийн Хар зүрхний хөх нуур руу мотоциклтой аялалд яваад ирсэн. Хавар явсан болохоор цаг тийм ч сайн дулаараагүй байв. Ер нь би мотоциклтой ганцаараа аялах дуртай. Өөрийгөө сорьж хэн бэ, ямар хэмжээний тэсвэр тэвчээр, чадвартай хүн бэ гэдгийг мэдрэхийн тулд ганцаараа аялалд гарахаар шийдсэн. Мото спортоор хичээллэснээсээ хойш ганцаараа аялалд гарна гэж байнга боддог байв. Ингээд анхны аяллаа өнгөрсөн жил эхлүүлсэн. Улаанбаатар хотоос 2000 гаруй километр мотоциклоор аялаад ирсэн. Энэ жил би 20 мянган километр газар аялах төлөвлөгөөтэй байгаа. Эхний аяллаа Монгол орныхоо баруун аймгаас эхэлнэ. Монгол Улсын байгалийн үзэсгэлэнт газруудаар аялж дуусах хүртэл охин минь насанд хүрчих байх. Үүний дараа охинтойгоо дэлхийг тойрох аялалд гарна.
-Аяллынхаа сайхан дурсамжаас хуваалцвал?
-Охинтойгоо аялалд гарахад ганцаараа аялахаас илүү түшигтэй байсан. Хээр гадаа унтах явдал ч цөөнгүй тохионо шүү дээ. Эхэндээ охиндоо маш их санаа зовдог байлаа. Дөнгөж өсвөр насны хүүхдийг хүч шаардсан аялалд дагуулаад гарсан учраас хааяа сэтгэл түгшинэ. Гэтэл охин минь миний бодож байснаас илүү тэвчээртэй, зоригтой юм билээ. Унаж бэртэлгүй сайн яваад ирсэн. Үүнээс нь эрч хүч, авч дараагийн аяллуудаа төлөвлөөд байна. Мотоцикл унаад юу ч бодохгүй, урдах замаа хараад салхи татуулах мэдрэмж хамгийн сайхан байдаг. Эндээс үгээр хэлж, зүйрлэшгүй мэдрэмж авдаг. Бид аялахдаа зүгээр нэг мотоцикл унаад явах биш аль бартаатай замыг сонгож, тэндээсээ кайф авдаг. Бас өндөр уулын оргил руу гарах сонирхолтой шүү дээ. Хамгийн сүүлд хийсэн аяллаас Хагийн хар нуурын аялал маш сонирхолтой байсан. Шавар шалбааг ихтэй, өндөр уулан дээгүүр хад асгатай газраар явсан. Энэ хүнд аяллын ард гараад урам зориг улам их төрсөн. Айдсаа дарсан гэж хэлж болно.
-Хамгийн өндөр оргил нь ямар уул вэ. Хэзээ гарч байв?
-Олон өндөр ууланд гарч байсан. Заримынх нь нэрийг сайн мэдэхгүй. Эмэгтэй хүн гарч болохгүй уул гэж байдаг. Явах болгондоо маш их туршлага хуримтлуулдаг.
-Шантарч байсан үе бий юү?
-Намар хүйтний урь орчихсон үед аялалд гарах эхэндээ хүнд санагддаг байв. Хүйтэнд голын ус захаараа хөлдчихсөн, мөсөн дээр халтирна. Голын ус гаргаад зогсчихвол мотоциклын дугуй хөлдчихдөг. Гэхдээ ингэж хүйтэнд хөрж, халуунд халж явсаар зорьсон газраа хүрэхэд тэр бүх хэцүү зүйлс мартагдаж, өөрөөрөө бахархдаг даа.
-Ямар улиралд аялалд гарах дуртай вэ?
-Өвөл цас орсны дараа эсвэл, зун. Бартаа саад ихтэй замаар өвөл явахад мотоциклтойгоо зууралдсаар байгаад даарахаа ч мэддэггүй. Гэхдээ би ганцаараа аялахдаа аяллын төлөвлөгөө гаргадаггүй. Шууд шийдэж, адал явдалтай явбал илүү сонирхолтой шүү дээ. Энэ жил охин минь арай балчир байгаа учраас төлөвлөгөө гаргасан. Дараа жил бид хоёр газрын зураг дээр шоо шидээд хаашаа аялахаа шийднэ.
-Эмэгтэйчүүд аялалд гарна гэдэг хүнд биш үү. Мотоцикл эвдрэлвэл засахаас эхлээд цаг агаарын нөхцөл байдал гэхчлэн саад бэрхшээл их шүү дээ?
-Энэ бүх эрсдлийг тооцоолсон. Аль болох мотоциклтойгоо унахгүй байхыг хичээдэг. Бэлтгэлээ сайн хангах хэрэгтэй. Охины маань аав мото спортын тамирчин учраас мотоциклоо засах зэрэг бүх зүйлээ өөрөө хийдэг. Ингээд би хажууд нь багаж хэрэгслийг нь авч өгсөөр байгаад анхны мэдэгдэхүүнтэй болчихсон. Асуудал тулгарлаа гэхэд би ойр зуурын асуудлыг шийдэх мэдлэгтэй.
-Мото спортоор хичээллэхийн давуу тал юу вэ?
-Энэ спортоор хичээлсэн хүн маш их тэсвэр тэвчээр, хатуужилтай зөв хүн болж төлөвшдөг. Байгалийн гоё сайхныг мэдэрнэ. Эх дэлхийтэй илүү ойр байдаг учраас стресс, бухимдал багатай. Аливаа хорт зуршлаас ангид байлгадаг учраас залуус энэ спортыг сонирхоосой гэж боддог. Гэхдээ мото спорт маш их ур чадвар шаарддаг. Унаж бэртэлгүй бартаа саадыг давахаа үргэлж тооцоолно. Хөнгөн, хурдан хөдөлгөөнтэй байх хэрэгтэй. Тиймээс би фитнессээр хичээллэж, биеэ чанга байлгахыг хичээдэг. Би нэг зүйл хүсдэг.
-Тэр юу вэ?
-Энэ спортоор охид илүү хичээллээсэй гэж боддог. Эмэгтэйчүүд маш их тэсвэр, тэвчээртэй хүмүүс. Үүнийг харуулж, энэ спортыг хөгжүүлэхсэн гэх нууцхан хүсэлтэй. Олон хүнд энэ спортын сайныг мэдрүүлмээр байна. Тиймдээ ч өөрөө клуб нээгээд аялал зохион байгуулж эхэлсэн.
-“Moto rent Mongolia” клубынхээ үйл ажиллагааг танилцуулахгүй юү?
-Манай клуб үйл ажиллагаагаа эхлүүлээд нэг жил болж байна. Клубт маань ихэвчлэн мото спортын тамирчид ирж бэлтгэл сургуулилалт хийдэг. Манайх мото спортын сургалт явуулахаас гадна мотоциклтой аялал зохион байгуулдаг. Зуны улирал эхэлчихсэн учраас аяллын хуваарь гаргачихсан, маш завгүй ажиллаж байна.
Н.Оргилмаа: Мотоцикл, охин хоёртойгоо Монгол орноороо аялчихаад, дэлхийг тойрно |
|
2025-03-14 14:40:19
2025-03-14 14:13:05
2025-03-14 14:01:35
2025-03-14 13:58:00
2025-03-14 13:03:33
2025-03-14 12:06:37
2025-03-14 11:37:28
2025-03-14 11:30:43
2025-03-14 11:20:27
2025-03-14 10:21:56
2025-03-14 09:53:42
2025-03-14 09:50:57
2025-03-14 09:50:33
2025-03-14 09:44:12
2025-03-14 07:00:39
2025-03-14 07:00:00
2025-03-14 07:00:00
2025-03-14 07:00:00
2025-03-14 07:00:00
2025-03-14 07:00:00
2025-03-13 18:03:07
2025-03-13 17:45:16
2025-03-13 17:18:26
2025-03-13 17:02:08
2025-03-13 16:41:13
2025-03-13 16:14:52
2025-03-13 15:26:18
2025-03-13 14:49:15
2025-03-13 14:30:26
2025-03-13 13:50:12
2025-03-13 12:30:38
2025-03-13 12:20:09
2025-03-13 11:50:59
2025-03-13 11:02:01
2025-03-13 10:26:43
2025-03-13 10:07:33
2025-03-13 08:54:26
2025-03-13 08:43:46
2025-03-13 07:00:00
2025-03-13 07:00:00
2025-03-13 07:00:00
2025-03-13 07:00:00
2025-03-13 07:00:00
2025-03-13 07:00:00
2025-03-13 06:00:00
2025-03-13 06:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |