• Өнөөдөр 2026-08-11

Монголч эрдэмтэн Мариа-Катарина Лангийг “Найрамдал медалиар” шагналаа

     Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар монгол судлалыг олон улсад хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, Монголын түүх, хэл, соёл, өв уламжлалыг дэлхий нийтэд сурталчлан таниулах үйлсэд онцгой хувь нэмэр оруулж байгаа Бүгд Найрамдах Австри Улсын иргэн, ШУА-ийн Нийгмийн антропологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Мариа-Катарина Лангийг “Найрамдал медалиар” шагналаа.

   Мариа-Катарина Ланг нь 2000 оноос Монгол судлалын үйлсэд зүтгэж буй бөгөөд 2018-2026 онуудад Монгол Улсын Соёлын элчээр ажилласан. Тэрбээр Манж Чин улсын үед буюу 1899-1905 оны хооронд Монголын газар нутгаар аялж байсан Австрийн судлаач Хаанс Лэдэрийн Монголын угсаатны зүй, бурхны шашин болон соёлын өвтэй холбоотой цуглуулгын талаар судалгаа хийсэн.

   Эдгээр цуглуулгын талаарх “Эд өлгийн барилдлага, Хаанс Лэдэрийн мөрөөр” нэртэй үзэсгэлэнг 2017 онд “Богд Хааны ордон музей”-д толилуулсан бөгөөд угсаатны зүй, шашин, соёлын холбогдол бүхий эд өлгийн зүйлсийг аман түүх, дурсамжтай уялдуулан толилуулснаараа онцлог болжээ. Үзэсгэлэнд 19 дүгээр зууны сүүл үеийн нийгэм, улс төрийн нөхцөл байдал, шашин, сүм хийдийн хөгжлийг гэрэл зургаар үзүүлсэн. Хаанс Лэдэрийн цуглуулга болох 4500 гаруй үзмэр Вена, Будапешт, Лайпциг, Штутгарт, Берлин хотуудын музейд мөн хадгалагддаг.

   Мариа-Катарина Ланг мөн Австри Улсын Вена хотын төвд байрлах “Weltmuseum”-д “Тоос ба торго” нэртэй үзэсгэлэнг 2021 онд зохион байгуулсан. Энэхүү үзэсгэлэнд шинэ үеийн Торгоны зам болон Ази, Европыг холбосон худалдааны харилцаа, соёлын уялдаа холбоог тодотгон үзүүлсэн 200 гаруй түүхэн үзмэр, урлагийн бүтээл, гэрэл зураг болон судалгааны баримт бичгийг дэлгэж байлаа.

 


 

 


Монголч эрдэмтэн Мариа-Катарина Лангийг “Найрамдал медалиар” шагналаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188