Түүний яруу найраг өвтгөж басхүү эдгээж ч чаддаг. Өдөөж өвтгөсөн шархаа эргүүлээд эдгээдэг түүний шүлэг шидтэй шиг санагддаг. Тэр гэдэг нь ээлжит ярилцлагын маань зочин “Тагтаа” хэвлэлийн газрын Ерөнхий редактор, зохиолч, яруу найрагч Ц.Дэлгэрмаа. Тэрбээр “А тэмдэглэл”, “Дотоод тэнгис”, “Зүрхэнд агч Намур” яруу найргийн түүвэр хэвлүүлж, “Баавгай нэртэй шувуу, Бархас охин хоёрын түүх” хүүхдийн бэсрэг туужаа уншигчдад хүргэжээ. Мөн чанар, чансаагаар дээгүүрт жагсдаг гадаад, дотоодын олон ном бүтээл дээр ажилласан туршлагатай редактор билээ, тэр.
Өдгөө түүний ажилладаг “Тагтаа” хэвлэлийн газраас хоёр ч яруу найргийн ном хэвлүүлээд буй бөгөөд тэр мөн энэ онд шинэ түүврээ хэвлүүлэхээр эмхэтгэж байгаа гэнэ.
-Удахгүй яруу найргийн шинэ түүврээ хэвлүүлэхээр зэхэж байгааг нь сонссон. Энэ удаагийн ном тань юугаараа онцлог вэ?
-Би хоёр жилийн өмнө “Зүрхэнд агч Намур” номоо эмхэтгэсэн. Энэ номоос хойш мөддөө яруу найргийн ном гаргахгүй байх гэж өөрийгөө таамаглаж байсан. Гэтэл саяхан бичиж, тэмдэглэснээ эргүүлээд харж суутал бүтэн түүвэр болчихоор шүлгүүд бичсэн байх юм. Тэгээд л оны наана эмхэтгэхээр шийдсэн. “Зүрхэнд агч Намур” бол яруу найрагчийн хувьд өөрөөсөө хүлээдэг тэр хүлээлтдээ нэлээд дөхүүлж чадсан, цогц ном л доо. Харин удаах түүвэр маань эл ном дахь цогц санаагаа зарим талаар гүнзгийрүүлсэн түүвэр болох болов уу. Танай сэтгүүлийн уншигчдад ярилцлага хүрэх үед ном маань бараг хэвлэгдээд гарч таарах байх. Номоо “Нүд чинь миний тэнгэр” гэж нэрлэсэн.
-Таны өмнөх номууд хоорондоо нэлээд зайтай хэвлэгдсэн байдаг. Нэг түүврээс дараагийн түүврээ хүртэл их хүлцдэг, удаан суудаг гэж ойлгосон?
-Тийм байх талтай. Ер нь бичсэн бүхнээ хэвлүүлэх гэж нэг их адгаад байдаггүй. Ном гэдэг яг л шинэ хүн мэндлэхтэй адил, өөрийнхөө цагийг олж, болоод, боловсроод ирэхээрээ “төрдөг” санагддаг. Басхүү хүний амьдрал гэдэг үргэлж нэгэн хэвээр үргэлжилдэггүй, хүн ч тэр дунд үргэлжид нэгэн хэвээр байдаггүй, шүлгийн санаа сэдэл, мэдрэмж, ухаарал цаг цагт өөр байдагчлан ном бас тийм л өөр өөр байдаг шиг. Яг өмнөхтэйгөө ижил мэдрэмжээр олон ном гаргаад байвал уйтгартай. Ямар нэг талаараа ахиж дэвшсэн байвал, өөрчлөгдөж байвал сайхан. Энэ номын тухайд би уран бүтээлчийнхээ хувиар өөр нэгэн шинэ үүд хаалгыг нээхийн өмнө түр зогсоод, өмнөхөөсөө өөрийгөө чөлөөлж буйн тэмдэг гэе дээ.
-Яруу найргаас өөрийгөө чөлөөлж, хүүрнэл зохиол руу орох гэж тэгтлээ их яарч байгаа гэсэн үг үү. Хүмүүсийн ярьдагчлан яруу найраг гэдэг залуу насных, хүүрнэл зохиол амьдралын туршлагынх гэдэгтэй санал нийлэх үү?
-Сүүлийн жилүүдэд өөрөөсөө нэг юм анзаарах болсон. Үргэлж шүлэг бодож, амандаа мөрт хэлхэж явдаг байсан бол одоо тэгэхээ больж. Шүлгийн санаа, мөрт аяндаа харваад ороод ирдэг байсан бол тэр нь хэлбэрээ өөрчлөөд урт урт өгүүлбэр, эргэцүүлэл болж хувирсан байна. Тэгэхээр энэ хүн цаашид алийг нь түлхүүхэн бичих нь вэ гэдэг нь тодорхой болоод ирж байна л даа.
Сүүлд шинэ номоо бэлдэж байхад залуу насны эмзэг догдлол, халгисан уянга, гуниглал нь илт багасаад, илүү дутуугүй, ил тодорхой шүлгүүд бичдэг болсон мэт анзаарагдсан. Ямартаа өөрөөсөө “Уянга нь хаана байна, Дэлгэрмаа” гэж асууж, хошигнож суух вэ дээ. Бас нэг зүйл, шүлгийг дадлаараа, хэт ухаанаар бичээд ирвэл дэмий санагдсан. Яруу найргаас сэвэлзсэн салхи мэдрэгдэж байх ёстой. Бас ямагт шинэлэг байж чадвал шүлэг бичсэний хэрэг тэр байх. Нөгөөтээгүүр бид одоо үзэл санааны яруу найраг бичиж эхлэх цаг болсон гэж боддог. Тэр нь гэхдээ цээжээ дэлдсэн хоосон эх оронч үзэл, тунхаг биш гэдэг нь ойлгомжтой. Амьдралыг шинээр томьёолж, хүмүүст шинэлэг үзэл санаа санал болгож, “Нээрээ юу билээ” гэж сэрхийтэл бодогдуулж, шинэ бодомжид хөтөлж байвал тэр миний хувьд сайн бүтээл.
Хүүрнэл зохиолын тухайд бол ядаж нэг бүтээл хэвлүүлчихээд дараа нь ярьсан нь дээр байх. Гэхдээ би аль ч хэлбэрээр бичсэн, юу бичиж байгаагаа, хүнд юу хэлэх гээд байгаагаа мэддэг бүтээлч байхыг эрмэлздэг.
-Эмэгтэй яруу найрагчид уйтгар гуниг, эмзэглэлээ бичиж, уншигчдын өмнө бараг “нүцгэн” шахуу зогсож байгаа нь хэцүү байдаг болов уу гэж боддог. Харин таны хувьд өөрийн мэдрэмжээ нуулгүй, үнэнээр нь ил гаргасандаа ичиж, зовох мэдрэмж төрж байв уу?
-Бүсгүй хүний оршихуй их эмзэг л дээ. Гэхдээ тэр нь нийгэм олонлог, хүмүүсийн дунд тэр шүү дээ. Тэгтэл хүн гэдэг эмзгээ хүрвэл эр, эм ялгаагүй л ижил оршихуй. Уран зохиол гэдэг зохиогоод биччихдэг зүйл биш учраас үнэнээс тэгтэл эмзэглээд байдаггүй. Гэхдээ шүлэг бүтээлийг нь таашаахын оронд зохиогчийнх нь амьдралыг таамаглах гэж оролдох нь утгагүй. Яруу найрагч шүлэг бичихдээ уран сайхнаар зохиомжилж, ахуйгаас ангид бүтээдгийг ойлгох хэрэгтэй. Хэрэв шүлэг бичээд, эмэгтэй хүн гэдэг утгаараа бусдаас шүүлт, эмзэглэл, өвдөлт мэдэрч байвал нийгэм, цаг үетэй л холбоотой байж таарна. Хүйсээр ялгаварладаг, бусдыг шүүдэг, урлагт хяналт тавьдаг орчинд бол хүнд хамгаалалт, нуугдах газар заавал хэрэгтэй болох нь дамжиггүй. Харин манай уран зохиолын орчин, тэр дундаа миний хүрээлэлд тийм зүйл лав мэдрэгддэггүй. Яруу найргийн ном ч бас оймс, талх шиг зарагдаад, хэн болгон уншаад байдаггүй болохоор шүлэг гэдэг ойлгож, мэдэрдэг уншигчдадаа өөрийн зам мөрөөрөө хүрдэг гэж итгэдэг. Уран бүтээл гэдэг бүтээгчээ тодорхойлж, сэтгэл, сэтгэлгээнийх нь царааг илтгэдэг байж таарна. Хэрэв ичиж зовохоор бол муу бүтээл гаргах вий гэдэгтээ л зовох хэрэгтэй байх.
-Хүмүүс “Үргэлжилсэн үг рүү орно” гэж ярьдаг даа. Харин та “Баавгай нэртэй шувуу, Бархас охин хоёрын түүх”-ээрээ энэ талбарт хэдийнэ хөл тавьсан биш бил үү. Бас таныг энэ номынхоо хоёр дахь цувралыг бичиж байгаа гэж сонссон?
-Хүүхдийн уран зохиолд бол хүүрнэлээр хөл тавьсан шүү. Энэ ном маань хүүхдийн бэсрэг тууж. Хүүхдийн ном бичиж эхлэхдээ би ерөөсөө л хүүхдэд зориулсан бүрэн зохиол бичихийг хүссэн. Тэр зорилгодоо ч хүрсэн. Хүүхдийн зохиол юм гээд хөнгөн хандах, дутуу бичих гэсэн ойлголт байж болохгүй л дээ. Тиймээс ч би гуравдугаар биеэс, жинхэнэ хүүрнэлч шиг өгүүлэхийг зорьсон. Бас нэг зорилго нь энэ бэсрэг туужаа реалист уран зохиол ямар байдаг вэ, яг л тэгж бичихийг хичээсэн. Реализм бүхний үндэс шүү дээ. Эхлээд тэгж бичиж чадвал харин дараа нь бичлэгийн хэв маяг, хүүрнэлчийн өнгө төрхөө яаж ч сорьж, туршиж, өөрчилж болно. Номын маань Бархас охины дүр цааш өсөж хөгжих боломжтой дүр учраас би үргэлжлүүлэн бичиж байгаа. Тэгэхдээ энэ удаа хотын хүүхдүүд ямар байдаг, ямар асуудал тулгарч болох, түүнийг хэрхэн даван туулж байгаа тухай бичиж байна. Өмнөхөөс ялгаатай нь үйл явдлын өрнөл нэлээд уран сэтгэмжтэй байхаар бодсон. Тэгэхээр яг цуврал ном гэхээсээ илүү гол дүрийнх нь амьдрал үргэлжлээд явдаг, хоорондоо холбоотой хоёр зохиол болох нь.
-Зохиолчид хүүхдийн зохиол бичихдээ хүүхдэд зориулж биш, өөртөө зориулж, өөрийнхөө бага насны тухай бичдэг гэж шүүмжлүүлдэг. Та энэ тал дээр ямар бодолтой явдаг юм бэ?
-Тиймэрхүү шүүмж мэр сэр сонсогдож л байдаг. Гэхдээ зохиол бүтээл гэдэг хүний өөрийн түүх байж болохгүй гэсэн дүрэм хаа ч байхгүй. Хүн зохиол бичихдээ юун түрүүнд өөртөө зориулж бичих нь мэдээж шүү дээ. Өөрт минь таалагдахгүй зохиол, шүлгийг би лав хэзээ ч хэвлэхгүй. Тэгэхээр дээрх яриа бол цаг үеэ мэдрэх тухай л яриа байх. Өөрийнхөө бага насыг бичихдээ яаж бичив, түүгээрээ юу өгүүлэв гэдгийг нь анзаарах хэрэгтэй. Тэгээд ч уран зохиолд бүх юм бий. Жинхэнэ реалист зохиол нь ч, уран сэтгэмжит зохиол нь ч, адал явдал нь ч, зурагт ном нь ч, үлгэр түүх нь ч... Тэр бүгд утга зохиолын ай савыг бүрдүүлж, тал талаас цутгах ёстой. Ном гэдэг ийм л юм байх ёстой, хүүхэд зөвхөн ийм л юм сонирхоно гээд өөрийнхөөрөө л бодоод, зүтгээд байж болохгүй. Хүүхэд үнэндээ юу сонирхохыг хэн хэлж мэдэх юм бэ. Тэгэхээр миний тууж бол уран зохиол сонирхдог хүүхдэд зориулсан ном.
-Таны тухай “Хүүхдийн зохиолч нь өөрөө хүүхэд шиг юм” гэсэн байхыг уншиж байсан юм байна. Та ер нь хэр хүүхдэрхэг хүн бэ?
-Хүүхдийн зохиол бичихэд хүүхдийн сэтгэлзүйг ойлгодог байх, хүүхэд шиг сэтгэдэг байх хэрэгтэй байх нь мэдээж. Гэхдээ хүүхэд гэдэг бас зөвхөн гэнэн томоогүй, дэггүй, үргэлж зааж зааварлуулж, сурч хүмүүждэг бодгал биш шүү дээ. Хүүхдэд өөрийн гэсэн гоо зүйн мэдрэмж, сонирхол таашаал, уран бүтээлч сэтгэлгээ бий. Хүүхдийн уран сэтгэмж, хүсэл тэмүүлэл, зөгнөл мөрөөдөл хязгааргүй. Бас хүүхдийн шударга ёсны мэдрэмж тун өндөр. Тэд томчууд шиг аргалж, бачилж мэддэггүй. Тэгэхээр хүүхдийн зохиол бичнэ гэдэг энэ чанаруудаа өөртөө хадгалж, түүгээрээ сэтгэж бичихийн нэр ч байж мэднэ, нэг талаараа. Яг амьдрал дээр бол би өөрийгөө хүүхдэрхүү гэж боддог шүү (инээв). Би өөрийнхөө доторх бяцхан охинд хайртай, түүнд л байдаг зан төрх, чанарыг гээхгүй сэн гэж боддог. Ер нь хүн бүр аль нэг талаараа хүүхдэрхэг байдаг байх. Үгүй бол хүний амьдрал маш уйтгартай болох байх аа.
Бас нэг зүйлийг яримаар санагдлаа. Би өөрийгөө анх хүүхэдтэй болсноос хойш хүүхдийн ном бичих зорилготой болсон гэж санаж байтал үгүй юм билээ. Саяхан өөрийнхөө хуучин цахим шуудангийнхаа хаягийг сэргээлээ л дээ. Гэтэл түүн дотор хүүхдэд зориулж ном, бүтээл хийх төлөвлөгөө тэмдэглэсэн байсан. Монголчууд бид заяа төөргийн тухай өвөрмөц ойлголттой улс. Тэгэхэд л би “Хүн өөрөө анзаарч чадвал хүний хувь заяа нээрэн тодорхой байдаг юм байна шүү дээ” гэж бодсон (инээв).
-Тэгвэл цаашид хүүхдийн ном, зохиолоо үргэлжлүүлэх нь ээ?
-Одоогоор би Бархас охины түүхээс гадна хоёр ч зурагт номын зохиол бэлэн болгоод байна. Энэ онд “Азийн сан”, “Лоринет сан” хамтран “Хүүхдийн зохиол бичих феллоушип хөтөлбөр”-ийг амжилттай зохион байгууллаа. Гурван сарын турш үргэлжилсэн уг хөтөлбөрт Монголын хүүхдийн ном бүтээгч, залуу үеийн төлөөлөл болсон 20-оод хүн хамрагдсаны нэг нь би. Манайд яг зохиолч бэлтгэх хөтөлбөр, сургалт ховор. Түүн дотор үүн шиг шинэ бүтээлд хөтөлсөн хөтөлбөр байдаггүй. Энэ хөтөлбөрт дэлхийн хүүхдийн номын талбарт ид бичиж, зурж, бүтээж байгаа зохиолч, зураач, хэвлэн нийтлэгчид онлайнаар болон Монголд хүрэлцэн ирж, бидэнд туршлагаа хуваалцан, зааж сургаж, чиглүүлсэн. Үүний үр дүнд зурагт номын зохиол анх удаа бичсэн. Онцлог нь миний бичсэн зурагт номын зохиол ч бас уран зохиолын бичвэр болсонд байгаа юм. Цаашид яг энэ чиглэлээрээ ном бичих, хэвлүүлэх сонирхол бий.
-Таныг багад аав тань Догшин хутагтын нутагт төрсөн гээд ихэд бэлгэшээж байсан тухай нэгэн ярилцлагаас тань уншиж байв. Аавын тань бэлгэшээл таныг утга зохиолын зам мөрд хөтөлсөн үү?
-Аав минь цэргийн хүн байлаа. Дорноговь аймгийн Зүүнбаянгийн цэргийн ангид томилогдоод ажиллаж байхад нь би төрсөн юм. Аав их сэхээлэг, уншдаг, бичдэг, эх оронч сэтгэлгээтэй, шударга, цайлган хүн байсан. Намайг ухаан орохын л “Хутагтын нутагт төрсөн охин” гэж ярих дуртай байв. Манай эгч, ах, дүү гурвуулаа Улаанбаатарт төрж өссөн л дөө. Тэгээд ч онцолдог байсан биз. Намайг утга зохиолд хөтөлсөн нь аав, ээжийн минь өсгөсөн орчин, хандлага гэж боддог. Багад гэр дүүрэн ном, сонин байдаг байлаа. Би сургуульд ортлоо гэрээр хүмүүжсэн. Ахынхаа “Цагаан толгой”-н номыг уралдаж уншсаар бичиг үсэг тайлагдсанаас хойш номонд хорхойтой хүүхэд болсон шиг санагддаг. Ер нь одоо бодохоор хар багаас гарт минь хамгийн ойр байсан зүйл ном, дэвтэр, үзэг, харандаа л байсан болж таараад байна.
-Уран зохиол гэдэг чинь ийм л юм байна гэж анх хэзээ таньж мэдэж, шүлэг бичиж эхэлсэн бэ?
-Есдүгээр ангиасаа л уран зохиолыг арай өөр нүдээр харж эхэлсэн санагдана. Тэр хүртэл ер нь юу тааралдсанаа уншдаг уншигч явлаа. Соцреализм нуран унахад жинхэнэ утга зохиолоор “нүдээ нээсэн” ч гэх юм уу. Тэр л үеэс надад зарим зүйл тун тодорхой болж эхэлсэн санагддаг. Цаашид би юм бичиж л амьдрах нь байна гэдэг зөн мэдрэмж, цаашлаад зорилго их тодорхой болсон санагддаг. Бас цаг үеийн нөлөө ч биз, шинэ, хуучны зааг ялгаа, утга зохиолын бичвэрүүдийн олон төрөл зүйл, шинэлэг үзэл санаа зэрэгт анзаарч, татагдаж эхэлсэн байх. Бас дээрээс нь эх хэлний мэдрэмж. Би өөрийнхөө эх хэлний язгуурын мэдрэмжийг “Монголын нууц товчоо”-той холбон бодох дуртай. Нууц товчоон бол уншмагц хоногшдог шидтэй бүтээл. “Би монгол хүн” гэх тов тодорхой ухамсар балчир хүүхдэд ч сууж болдог байна. Энэ бол тунхаг. Гэхдээ өөрийгөө, үндэстнээ онцгойлж дөвийлгөсөн тунхаг биш, бусдаас ялгаатай гэдгээ ухаарсан ухамсар. Миний ухамсар “Нууц товчоо”-ноос эхлэн Монголын үе үеийн зохиолч, уран бүтээлчид, шилдэг сайн орчуулагчдын бүтээлээр дамжин эх хэлээ хайрлах, түүгээр бүтээж туурвих ухамсар болж надад суусан.
-Утга зохиолын “Хөх мэдрэхүй” бүлгэмийн тухай яриа дэлгэнэ гэж найдаж байна. Жинхэнэ утга зохиолоор нүдээ нээсэн тэр л үедээ үеийн нөхөдтэйгөө нийлж, “Хөх мэдрэхүй” бүлгэмд нэгдэж байв уу?
-МУИС-ийн Утга зохиолын тэнхимийн дугуйлангаас бид биесээ олсон. Ер нэгнээ олж нөхөрлөнө гэдэг ч хувь тавилангийн оноолт биз. Энэ бол сайхан нөхөрлөл, сайхан хүрээлэл. Тэгээд ч уран зохиол гэдэг хувь уран бүтээлчийн хөдөлмөр болохоор бүлгэмдэж нийллээ гээд хамтаараа л юм хийгээд байна гэсэн үг биш шүү дээ. Харин итгэл үнэмшлийн хувьд ойролцоо, өөрийнхөө чадвар, нөөц боломж, авьяас билгээ харьцангуй эрт нээж таньсан, бүгд өөрийн онцлогтой уран бүтээлчид болж төлөвшицгөөсөн гэж боддог.
-Та одоо “Тагтаа” хэвлэлийн газарт редактораар ажилладаг. Ном хэвлэлийн салбарт ажиллаж буйнхаа хувиар ажил мэргэжлийнхээ үнэ цэнийг хэрхэн хардаг вэ?
-Би сүүлийн дөрөв, таван жил редактораар тууштай ажиллаж ирлээ. Тэрнээс ч өмнө сэтгүүлчээр ажилладаг байхдаа найз нөхдийнхөө номуудаас эхлээд зав чөлөөгөөрөө номын редактораар тогтмол ажилладаг байсан. “Тагтаа” хэвлэлийн газар бол уран бүтээлч хүнд чухам тохирсон сайхан орчин. Хүний зорилго мөрөөдөл, ажил алба хоёр ингээд нэг шугамд ороод ирэхээр маш олон давуу тал бий болж байна. Огт өөр ажил эрхлэнгээ огт өөр зүйл зорьж хүсээд байхаар хүн зөрчилдөж эхэлдэг. Редакторын ажил маань намайг уран зохиолд улам гүнзгий хөтөлж байгаа. Номын зохиолч, орчуулагчдын хэл найруулгын гүнд нэвтэрч байгаа гэдгээрээ сонирхолтой ч, нөгөө талаар заримдаа хүсмээргүй бэрх хөдөлмөр. Азаар манай хэвлэлийн газрын номын сонголт уран зохиолын хорхойтны таашаал сонирхолд нийцсэн бүтээлүүд байдаг. Мөн залуу үеийнхний төлөөлөл болсон сайн орчуулагчдын бүтээлүүдийг хэвлэж байна. Утга зохиолын салбарт ч, ном хэвлэлийн салбарт ч тодорхой үнэ цэн бүтээж яваа сайхан хамт олон бий.
-Манайхан дунд редакторын ажлыг ерөнхийд нь үг, үсгийн алдаа засдаг хянагч мэтээр ойлгох нь бий. Гэсэн ч зохиолч, уншигч аль алийг нь төлөөлдөг энэ ажил хэвлэл, утга зохиолын салбарт томоохон үүрэгтэй шүү дээ?
-Өнгөрсөн хавар манай ажлын газар байрладаг орон сууцныхан нийтээрээ цонхоо угаалгасан юм. Олсноос зүүгдэн цонх угааж буй хүмүүсийг өрөөн дотроосоо харж суухдаа би редакторын ажлыг тэдэнтэй зүйрлэн бодсон. Цонх угаагч олсны үзүүрт бэхлэгдэж, угаачихаад буугаад явчихлаа. Цэвэрхэн, тунгалаг цонх үлдэнэ. Редактор гэдэг ном зохиолыг уншигчдад тийм л цэвэр тунгалаг, ойлгомжтой болгож өгөх үүрэгтэй. Тэрнээс биш, цонхны хүрээг нь будаж, өнгөлж, өөрчилж эсвэл хагалаад хаячихаж болохгүй. Цонх тунгалаг байх ёстой, харууцтай байх ёстой, тийм болгоод үлдээнэ гэсэн үг. Өнөөдөр манай эх хэлийг булингартуулаад, сэвтээгээд байгаа зүйл нь ихэнх хүмүүсийн боддогчлон харь үгийн хэрэглээ биш, харин харь хэлний найруулгад автаж, өөрийнхөө хэлний бүтцийг эвдэж буй явдал гэж боддог. Орчуулагч, редакторууд эх хэлнийхээ өмнө хариуцлага хүлээж байдаг. Бид эх хэлээ хүндэтгэх ёстой. Редактор хүн бас цаад зохиолын хэл найруулга болоод орчуулагчийн хөдөлмөрийг хүндэтгэх ёстой. Тэр сацуу уншигчдын талд зогсож, тэдний нүдээр тунгаах ёстой. Ингээд харахаар редакторын ажил хүнээс хариуцлага, мэдрэмж, ёс зүйгээс гадна сэтгэл шаарддаг.
-Шүлэг, яруу найраг таны амьдралд ямар орон зай эзэлдэг вэ. Та яруу найргийг юу гэж илэрхийлэх вэ?
-20 гаруйхан настай байхад зохиолч, судлаач П.Батхуяг агсан “Нэн шинэ үеийн яруу найргийн түүвэр” гэж эмхэтгэж байсан. Залуусаас номдоо зориулж шүлэг сонгохдоо яруу найргийн тухай бодлыг нь асуусан. Би тэгэхэд “Яруу найраг миний хувьд шашин. Хамгийн эрх чөлөөтэй шашин” гэж хариулсан юм. Яруу найраг намайг амьдрал дээр байдгаас минь илүү өндөрт аваачих шиг, хувь хүний төлөвшил, зан чанар, хүсэл эрмэлзэл, аливаад өгч буй дүгнэлт, эцсийн гаргалгаа минь яруу найргийн хэлбэртэй болохоороо яг би өөрөө ямар хүн байхыг хүсдэг, тэр түвшинд минь аваачдаг шиг надад санагдаж байсан. Тэгээд би хүн өөртэйгөө үнэнээр нүүр тулах, өөрийнхөө хамгийн сайн хувилбарыг бий болгох, хүний аль сайн чанарыг авч үлдэх боломж нь миний хувьд яруу найраг юм байна гэж бодох болсон. Шүлэг бичих бүрдээ би дотроо ямар нэг сайхан зүйл цогцлоох шиг санагддаг.
-Уншигчид яруу найрагч Ц.Дэлгэрмаагийн яруу найргийн “эмэгтэйлэг” хэлийг нь онцлон ярьдаг юм билээ. Харин та өөрөө юу гэж хэлэх нь сонин байна?
-Өөрийгөө би тийм ийм гэх нь зохисгүй байх. Яах вэ, намайг бичсэнийг минь эмэгтэйлэг болгож байгаа зүйл нь миний эмзэг байдал байж магад. “Авьяас гэдэг эмзэглэл” гэж Д.Намдаг гуай хэлсэн байдаг. Судлаач Ч.Билигсайхан багш маань миний анхны номын шүлгүүдийг уншаад эмзэгхэн, далд ертөнцтэй гэж тодорхойлж билээ. Би хорвоог, хүмүүсийг уужим, энэрэл нинж дүүрэн байгаасай гэж хүсдэг. Амьдралыг хэцүү хатуу болгож байгаа зүйл нь хүн нэг бүрийн эмзэг зөөлөн, бусдад хүлээцтэй, уужим эерүү хандлага дутсаных байж магад. Тэр хандлага, үзэл санаа минь бичсэн шүлэгт маань зөөлөн, эмзэг илэрхийлэл болж буудаг байж мэдэх юм.
-“А тэмдэглэл”-ээс эхлээд “Дотоод тэнгис”, “Зүрхэнд агч Намур” яруу найргийн түүвэрт тань хайрын шүлэг олон байдаг. Таныхаар хайр гэж юу вэ?
***
Ярилцагчаасаа ийн асуухтай зэрэгцэн гар утас нь дуугарлаа. Ц.Дэлгэрмаа “Авахгүй бол болохгүй нь” гээд утсаа авав. Ярилцагч маань үг хэлэх бүрдээ “Миний охин” хэмээн энхрийлэн дуудах. Хайрын тухай асуухад яг ийн таарсан нь надад түүний охиндоо зориулсан нэгэн шүлгийг санагдуулсан юм.
Шөнийн турш чамайгаа ширтэж хэвтлээ
Шүлэг бичих болов уу, энэ бяцхан гар
Бичнэ гэдэг л жаргал, бас төчнөөн зовлон
Бийр барьдаг болбол... Ээ бас л ялгаагүй.
Гэхдээ ээж нь охиноо энэ хөөрхөн гараараа
Гэрэл гэгээ атгаж ирснийг мэддэг
Гэтэлж давах учиртай зам ороосон бэрх
Гэрэлтсэн булбарай зүрхийг нь бөхөөж дийлэхгүйд итгэдэг
Амьдрал гэгч чухам юу болохыг, хэрхэн амьдрах тухай
Амлаад хэлчих үг даанч үгүй ээжид нь
Амь халуун хайраас өөр, энэ гээд
Аваад өгөх юу ч үгүй л, ээж нь...
Өдрөөр чамгүй бол жаргалгүй, шөнөөр шүлэггүй бол нойргүй
Өчүүхэн нэгэн шувуу мэт чиний ээж
Өдөө ч засалгүй яаран нисээд тэнгэрээс олсон эрдэнэ нь
Өөдөсхөн чи л байлаа, өвдөж унагасан үгс л байлаа.
***
-“Хайр” гэж их гоё үг шүү. Уншихад ч, бичихэд ч... Гэхдээ энэ үгний цаад утгыг хүн бүр амьдрал туршдаа өөр өөрөөр таньж, нээдэг байх. Жишээ нь, би эцэг, эхээ яажшуухан хайрладгаа аавыгаа өөд болоход ухаарсан. Харамсал гашуудал маань хайрын илэрхийлэл байсан. Надад хайр байгаад байдаг, би түүнээ өгч чадахгүй, зориулж чадахгүй байсан. Тэгэхээр би өөрөө хайраар дүүрэн байгаад хайр биелчихгүй, тэр хайрыг хуваалцах, хэний ч юм төлөөнөө зориулах хэрэгтэй. Тэр цагт хайр бүрэн утгаараа биелдэг шиг. Аавыгаа алдсаны дараа би олон зүйлийг ухаарсан байх. Би хайрыг зөвхөн эр эм, эцэг эх, үр хүүхдийн хоорон дахь чин сэтгэлээс илүү өргөн утгаар өөртөө бага ч болов нээсэн шиг санагддаг. Тэр маань “Зүрхэнд агч Намур” түүвэр дэх шүлгүүдэд нэлээд туссан болов уу.
-Тэр нь чухам юу вэ?
-Би бусдыг маш их хайрладаг хэрнээ өөрийгөө хайрладаггүй хүн байснаа ойлгосон. Бүх юманд өөрийгөө буруутгадаг, хэтэрхий эмзэг хүн байсан. Магад одоо ч зарим талаараа тийм хэвээр. Гэхдээ сүүлийн жилүүдэд юуг ч сөрж тэмцэж, хүлээн зөвшөөрөгдөх болон хүлээн зөвшөөрөхийн төлөө адгах хичээх хэрэггүйг ойлгосон. Хорвоо ертөнцийн бүх юм, бүх хүн өнөөдөр аль сайнаараа л байгаа. Бүх юм жамаараа, болох ёстойгоороо л болж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөхөд би тайтгарч, өөрөө өөртөө сая нэг бүрэн дүүрэн санагдаж эхэлсэн. Энэ бас нэг төрлийн хайр байх гэж би бодож байна.
-Та амьдралын юунаас аз жаргал мэдэрдэг вэ. Амьдралыг ямар байхад нь хамгийн ихээр хайрлаж чаддаг вэ?
-Хүн ер нь амар амгалан, тайван байхдаа л хамгийн их аз жаргалыг мэдэрдэг байх. Би бол тийм төрлийн хүн. Гэр амьтай. Хайртай, дотно хүмүүсийнхээ дунд тайван амгалан байх нь л миний хувьд жаргал. Гэхдээ бас өөр нэг төрлийн аз жаргал байна. Ямар ч уран бүтээлч хийж, бүтээж байхдаа хамгийн жаргалтай байдаг болов уу. Тэр тусмаа түүртэлгүй бичих, өөрийнхөө уншихыг хүссэн тэр л шүлгээ, тэр л зохиолоо бичих. Тэр нь үгүй бол, юм хийх орон зай, цаг хугацаа олдож өгөхгүй бол бухимдаад эхэлнэ. Тэгэхээр бичиж байхдаа би хамгийн жаргалтай. Бас мэдээж хайртай хүн чинь чамайг хайрлаж байх аз жаргал.
-Уран бүтээлч хүнд гэр бүлийн байдал их нөлөөлдөг юм шиг. Хамт байгаа хүн нь уран бүтээлийг нь уншиж, яриад эхлэхээр тавгүйтэж, бичиж, туурвиж чадахгүй болдог гэлцдэг юм билээ?
-Аз болоход би тийм зүйл мэдэрдэггүй. Хажууд байгаа хүнтэйгээ хангалттай ойлголцдог, нэгнээ маш сайн мэддэг, мэдэрдэг. Гэхдээ хаа ч тэр, хэнтэй ч байсан тэнд хайр байгаа бол чиний хэлсэн шиг үл ойлголцол, ямар нэг бэрхшээл хэзээ ч үүсэхгүй байх учиртай. Уран бүтээлчтэй хамт амьдардаг бол, хийж байгааг нь үнэхээр ойлгодоггүй бол зүгээр л итгэх, хүндлэх, орон зайг нь олгох. Тэгээд л болоо шүү дээ. Энэ бол хайр. Тэгэхээр хайр амьдралын олон бэрх, харанхуйг гэтэлгэгч хүч, аврал байх.
-Хүүхдийн ном зохиол бичихээр төлөвлөж байснаа санамсаргүй олсон тухай дээр дурдсан. Харин одоо уран бүтээлчийн хувиар зорьж, төлөвлөж буй зүйлийг тань сонирхвол болох уу?
-Би их мөрөөдөмтгий хүн юм шиг байгаа юм. Гэр рүүгээ алхаж явахдаа ганцаараа баахан юм төлөвлөөд, яг болчихсон бүтчихсэн байгаагаар төсөөлөөд инээд алдчихсан явна (инээв). Гэхдээ одоо юмсыг илүү бодитоор харж эхэлж байх шиг. Хүний нөөц бололцоо гэдэг хязгаартай. Ялангуяа бие махбодын нөөц бололцоо гэдэг юм нас ахих тусам хумигдана. Ямар орон газарт, ямар цаг хугацаанд амьдарч, оршиж байгаагаа мэдэх, чадвар боломжоо, цаашид юу хийж чадахаа, бусдад болоод өөртөө юу зориулж чадахаа эрүүл саруул ухаанаар харах, түүнтэйгээ зохицсон амьдралын хэв маягийг өөртөө дадуулах, түүнээ аль болох удаан хадгалах л миний зорилго юм уу даа.
***
“Амьдарна гэдэг…
Хамгийн дотно, хайртай хүмүүсээсээ өөрийгөө
Хамгаалж сурахын нэр.
Харандаа шиг үзүүрлэгдэвч
Хамгийн эмзгийг ч
Өвтгөхгүй байж сурахын нэр...” хэмээх түүний нэгэн шүлэг бий. Ярилцлагын төгсгөлд тэр надад амьдрах, аж төрөхийн хэрээр өвдөж, өвдөлтөө эдгээж, эдгэрэл, шаналлынхаа алийг ч гээлгүй бичиж яваа нэгэн шиг санагдсан юм. “Дотоод тэнгис” гэх номын нэр шигээ дотогшоо урсаад л байх яруу найрагч Ц.Дэлгэрмаагийн “Нүд чинь миний тэнгэр” яруу найргийн түүврээс шинэ шүлгүүдийг нь уншигч танд хүргэе.
***
Улс төрийн роман уншиж сууснаа завсарлаад
Хаврын тухай шүлэг бичлээ.
Уг нь, өглөөхөн толинд нүдээ харангаа
Гурван жил эзгүй аавынхаа тухай
Гунигтай мөрт хэлхэж зогссон сон.
Уншиж ахуй ном дотор эзэнгүй тариан талбай цэлийж,
Алсад хадах буун дуу, ёозгүй хөршийн тухай зураглалаас
Аягүйцэн, дэргэд шахуу өрнөх дэлхийн явдлыг бодсон сон.
Гэтэл...
Газрын хаанаас ч юм тунгалагхан шувуу нисэн ирж
Гар дээр минь буугаад салхи, навчсын тухай дуулна.
Хаврууд нахиалж, цэцэглэх олон зун, цэнгэг намрууд улирч
Хариг хүйтэн өвлүүдийн гүнд амь тавьчихалгүй сая сэрсэн
Өнжмөл өвс шиг л өөртөө сэтгэгдэнэ...
Үндэс тэтгэх урь мэдэрч, өндийн буй юм сан уу,
Өөрөө ч мэдэлгүй гар хуруу шүлгийн аясад хөтлөгдөнө.
Хаврын тухай шүлэг таталж, хайртай нэгнийг дурссанаа
Хавтаст хэрэг шиг ном руугаа эргээд л явж орчихно.
Цонхоор алс бүүдийж, цохилох зүрх өөртөө л дуулдана.
Цоо шинэ биш дээ, энэ амьдрал.
Тэглээ ч...
Улаанбаатарт мэндлэх шүлгийн номын тухай
Унаагаа юүлээд удсан аавынхаа тухай
Унталгүй хүлээдэг жаал охины тухай
Урт холд суугаа ээжийнхээ тухай
Бодохоос, сэтгэл гунигаар ч цэлмэх л хорвоо.
Бодлогоширсоор сая анзаарвал ном доторх гоонь эр
өштөндөө үүдээ тайлж өглөө.
2022.03.31
***
Салхитай яа, намар цаг
Салхи, моддын оройд суухад
Сайхан модод өндөрт ганхахад
Санаан дотор ч бас салхитай яа...
Уйсал гунилын тухай бус
Утга учрын тухай ч бус
Уярал нулимсны тухай ч бус
Уужимсгах, энгүүхэн салхи аа даа, энэ.
Навчис тогтоолын гүнд бодлогоширсон нүд шиг үзэгдэх
Намар чимээгүйхэн хүрч ирээд гараас атгах
Шувуу, далавчаа хумин агаар зүсэж,
Шунгаснаа, хөөрч одох...
Үймээн цухлаас даанч ангид ийм л
Үзэгдэл бүхний цаадах жам ёс
Үзэсгэлэнтэй еэ тодордог оо доо, энэ л цагт.
Хүмүүсийн дунд жиндсэндээ өрөөлийг ч бас
Хүйс хүйсхэн дааруулсан уу даа гэж бодохоос,
Жигшил төрдөг байсан бүхнээ одоо л
Жишимгүй тайван хүлээн авдаг болсноо ойлгохоос
Жимийсэн уруулын цаана тайвшрал мэдрэгдэж,
Зөрөлдөх хүмүүс дулаахан үзэгднэм.
Амьдралаас айж, тэгэвч хайрлахаа болиогүй жаал охин явсан аа даа,
Аз жаргал гэдэг амьдралын утга бус
Амины үнэтэй ч бус, гагцхүү
Алив нэгний утгыг санаандгүй, шинээр нээхэд л
Амьдралын утга хувьсдагийг мэдсэн ээ дээ...
Салхитай яа, намар цагийн
Саарал голдуу ч шаргалхан хээтэй гудамжинд
Санаашран алхахдаа тэр л хээдийг зориуд тойрон гишгэж
Салхи, гэзэг үсээрээ урин, тэнгэр ширтэхэд
Саруулхан аа даа...
2023.09.26
***
Амьдралд гомдож дуусахаар,
мухардаж дуусахаар,
цөхөрч дуусахаар
Арван үг, таван үг, нэг л үг -
“амьсгалах” гэсэн ганц л үг үлдэнэ.
Амьсгал - амьсгалаар амьдарч явахдаа харин
агаарт талархана, усанд талархана,
алган дээрээ өргөж яваа хөрстөд талархана.
алхаж л явах зуур замд таарсан
амьтай бүхнийг түүнчлэн өөр шигээ санаж талархана.
Амьсгалж буй, ургаж буй, унаж, хагдарч, мөхөж буй бүхэн
амьдрал хүрдэн эргэлдэхийн зуурх жам ёсыг харуулна.
Амьдралд гомдож, цөхөрнө гэдэг тэгэхээр
алганыхаа зураасыг өөрчлөх гэж зүтгэсэнтэй
ялгаагүй болохыг сануулна.
Ай, тиймээс, зүгээр л, зөнгөөрөө л
амьсгалж явахад, амьдарч байхад
агаарт хамт түрэгдэх
хайр л цээжинд мэдрэгдэнэ.
2022.05.24
***
Санаж байгаа болов уу..,
шаналж?
Санахаар, шаналахаар ч юм болоогүй л дээ,
гэхдээ л
Сар, жилүүдийг бодохоос зүрх өвдөнө.
Хаврын дурсгал мэт сар
тэртээ дээрээс өнгийхөд
Хаа нэгтээх эд юмс хүртэл
харцыг нь санагдуулна.
Халуунаар дурлалцаж чадах ч
Намуухан хайрлах л дуртай
Нам үдшээр шимшрэх л дуртай
Назгай, хачин ч хүн ээ дээ, би...
Өглөө сэрүүт өрц өөд харвах
Өдрийн од шиг бүдэгхэн совин, учрал...
Үнэнхүү сэтгэл, чинхүү хүндлэлийг
Үймүүлж орхиогүй л байгаасай..,
Үхмээргүй найдвар, амьдармаар итгэлийг л
Үгээр, нүдээр, инээмсэглэлээрээ ч болов
Өгсөн байгаасай..!
2022
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |