• Өнөөдөр 2025-12-09

О.САРАНХҮҮ: MOON DANCE ХАМТЛАГ МОНГОЛ ХҮНИЙ АВЬЯАС ЧАДВАРЫГ ДЭЛХИЙД ТАНИУЛАХ ЗОРИЛГОО БИЕЛҮҮЛЛЭЭ

2025-12-09,   107

Хийл хөгжмийн түүхийг, хэрхэн хүний сэтгэлд хүрч уяраадаг талаар өгүүлэх өвөрмөц хийгээд харц булаам бүжгийн дэглэлтээрээ ДАШТ-ийн шүүгчдийн анхаарлыг татаж, Moon dance бүжгийн хамтлаг стандарт формэйшн төрлийн бүжгээр анх удаа хүрэл медаль хүртлээ. Монгол Улсын нэрийг дэлхийд гайхуулсан ийм чамин үзүүлбэрийг үзүүлэхэд бэлдэж, дасгалжуулсан "Moon Dance" хамтлагийн үүсгэн байгуулагч, захирал, дасгалжуулагч О.Саранхүүтэй ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. ДАШТ-ийн Стандарт формэйшн төрөлд хүрэл медаль хүртсэн танд болон хамтлагийнханд нь баяр хүргэе. Баярын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

                -Баярлалаа, манай баг хамт олон энэ удаагийн тэмцээнээр эрхэм зорилгодоо хүрсэн сайхан мэдрэмж авлаа. Германы шилдэг багуудтай нэг талбайд өрсөлдөх гайхалтай байлаа. Стандарт формэйшн төрлийн дэлхийн шилдэг хоёр баг болох Германы багуудыг бид 2008 оноос хойш үлгэрлэн харж, тухайн үеийнх нь бүжгүүдийг судлан, хөдөлгөөн, найруулгаас нь урам авч ирсэн. Тэдний багш нар энэ жил зодог тайлж байгаа онцгой мөчтэй давхацсан бөгөөд яг энэ үед нь нэг тайзан дээр хүчээ сорих боломж олдсон нь миний хувьд үнэхээр нэр төрийн хэрэг байлаа. Өөрийн өвөрмөц найруулгаараа бусдаас ялгарсан. Энэ жил бид өмнөхөөсөө огт өөр, шинэлэг найруулгатай бүжгийн үзүүлбэр бэлдсэн. Тэмцээний дараа олон улсын бүжигчид ирж “Энэ жилийн гол онцлох баг нь Монголын баг байлаа”, “Үнэхээр өвөрмөц, шинэ байлаа” гэж баяр хүргэсэн. Монгол хүний ур чадварыг дэлхийд танилцуулах нь бидний гол зорилго. Энэ зорилгоо биелүүлсэндээ үнэхээр их баярлаж, бахархаж байна. 10 жилийн хөдөлмөрийн үр дүнг тайзан дээр харсан мөч. Анх 7–8 настайгаасаа над дээр ирж бүжиг сурч эхэлсэн хүүхдүүд минь 10 жилийн дараа ах, эгч нартайгаа мөр зэрэгцэн талбай дээр ур чадвартай, бахархмаар бүжиглэж байгааг харах багш хүний хувьд хамгийн том шагнал байсан. Тэдний хөдөлмөр биелж, зааж сургасан бүхэн бодит амжилт болон тайзан дээр харагдах тэр мөчид би өөртөө ч баяр хүргэсэн. Дахин бүжигт, шавь нартаа дурласан ер бусын сайхан мэдрэмж өгсөн мөч. Бидний энд байгаа шалтгаан, амжилтад хүрсэн гол түлхүүр нь гэр бүл. Биднийг дэмждэг гэр бүл байгаагүй бол аль хэдийн зогсчихсон байгаа. Шавь бүрийг минь дэмждэг, хайрладаг гэр бүл нь байгаад үргэлж талархдаг.

-ДАШТ дээр үзүүлсэн үзүүлбэр нь үнэхээр гүн утга агуулгатай юм шиг санагдсан. Бүжгээрээ юуг илэрхийлэхийг хүсэв?

                -Бүжиг дэглэлт өвөрмөц онцгой байлгах нь бидэнд давуу тал болно гэдгийг мэдсэн. Мэдсэн цагаасаа бүжгийнхээ дэглэлтүүд дээр илүү анхаарал хандуулж байгаа. Энэ удаагийнхаа бүжгийн дэглэлтээр хийл хөгжмийн үүсэл, тэр хөгжмөөс гарч байгаа аялгуу хүний сэтгэл хэрхэн хүрдгийг илэрхийлэхийг хичээсэн. Есдүгээр сард бүжгээ Нидерланд Улсын багшаар дэглүүлсэн. Тус багшийн ертөнцийг үзэх үзэл, мөн чанар бидэнд хамгийн их таалагддаг, биднийг хурцалдаг юм. Бүжиг дэглэх гэдэг ганцхан хүний ажил биш дэглээч бүжиг бүтэх явцыг удирддаг. Багаараа бүжгээ дэгэлдэг, нэг ч хүн хойно үлддэггүй. Хийл хөгжим хийх түүхийг нь судалж, судалснаа бүжигтэйгээ уялдуулан дэглэсэн. Миний хувьд хийл хөгжмийн сүнс нь мод, байгаль эх, оршихуй гэдгийг харуулахыг зорьсон. Анх бүжгээ бэлдэж эхэлсэн цагаасаа л бүжигтээ дурласан даа.

ШАВЬ НАРТАЙГАА ТАЛБАЙ ДЭЭР ГАРАХ МӨЧИД МОНГОЛ УЛСАА ТЭЭГЭЭД ИРСЭН ЮМ ШИГ Л САНАГДДАГ

-Энэ удаагийн тэмцээний үзүүлбэрээ хэр хугацаанд бэлдсэн бэ?

                -Бэлдсэн хугацаагаа би арван жил гэж хэлмээр байна. Учир нь, хэзээ нэгэн цагт ДАШТ-д стандарт бүжгийн төрөлд оролцоно гэж ярьж, бэлдэж байсан. Энэ зорилго минь биеллээ боллоо, олон жил шавь нараа бэлдэж ирсэн, талбай дээр бүжиглэж байгаа тэднийгээ харах үнэхээр бахархмаар байсан.

-Хамтлагийнхнийгаа дагуулаад талбай дээр гарах мөчид юу бодогддог вэ?

                -Энэ гайхалтай мэдрэмжийг олон жил авч байна. Монгол Улсаа тээгээд ирж байгаа шиг л санагддаг, үнэхээр хариуцлагатай мэдрэмж. Багш нь тэргүүлж алхаад тайзан дээр гарахад шавь нарт минь ч итгэл төрдөг. Тэмцээний үеэр 17 настай шавь маань тамирчны тангараг өргөсөн юм. Долоон настайгаасаа эхлээд хичээллэсэн охин учраас тангараг өргөж байгааг нь хараад нүдэнд нулимс хураад байсан.

-Хамгийн анх Moon dance бүжгийн хамтлагтай ДАШТ очиж байсан үеэ дурсахгүй юу. Тэр үед ямар мэдрэмж, догдол мэдэрч байсан бэ?

                -Анх бид улсын аварга шалгаруулах тэмцээнээс ДАШТ-рүү гэсэн уриатай байлаа. Бүх зүйл цоо шинэ байсан, орчинтойгоо танилцаж, тэмцээнд нь оролцож үзээд туршлагажих, бусад орны бүжигчид ямар түвшинд байгааг харж, ойлгох гэж хичээсэн сониуч жаахан хүүхэд шиг л байсан. Энэ удаа бол насанд хүрчихсэн, туршлагатай бүжигчид болж оролцлоо.

-Хамтлагийнхан нь тэр үеэс олон зүйлээрээ туршлагажиж, чадвартай болсон байх даа. Анхны тэмцээнтэйгээ харьцуулаад яривал?

                -Олон жил багшлаад ирэхээр туршлага сууж, зорилго өөрчлөгддөг юм байна. Би одоо зөвлөмж, өгч сэтгэл зүйтэй нь ажиллаж байгаа. Бид тэмцээнд өрсөлдөх гэж ирдэггүй, өрсөлдөх талаар бодоод ирсэн цагт бид хэдийн ялагдчихсан байдаг. Хүчээ сорьж, ижил сонирхолтой хүмүүстэй танилцаж, монгол хүнийхээ ур чадварыг сорих боломж гэж хардаг. Өрсөлдөх гэвэл өөрсдийнхөө өчигдөртэй л өрсөлддөг.

-Анх бүжгийн урлагийг сонгосон шалтгаан нь юу байв?

                -Би сонгоогүй, сонгогдсон гэж боддог. Ээжийнхээ хэвлийд байхаасаа л бүжиглэсэн гэж хэлж болно. Ээж минь Хөвсгөл аймгийг Хөгжимт, драмын театрын гоцлол бүжигчин Нарантуяа гэж хүн бий. Би бүжгийн урлагаар дамжуулж бүх зүйлийг ойлгох гэж энэ дэлхийд ирсэн байх.

-Бүжиглэж байхдаа мэдэрдэг мэдрэмжүүдийнхээ талаар ярихгүй юу. Ханьтайгаа хамт бүжиглэх хамгийн гоё байдаг байхдаа?

                -Хаана, ямар бүжиг бүжиглэж байгаагаасаа шалтгаалаад авах мэдрэмж нь өөр. Мэдээж ханьтайгаа бүжиглэх хамгийн гоё. Бүжиг дэглэж байхдаа нэг нэгэндээ өөрсдийнхөө мэдрэмжийг ярилцдаг. Би бүжгийн төрлүүд дотроосоо стандарт бүжгийн төрөлд хамгийн дуртай. Эмэгтэй бүжигчид үнэхээр тодорч харагдаг. Үндэс суурь нь эрэгтэй бүжигчин хэдий ч эмэгтэй нь хөдөлгөөнийг нь бүх биеэрээ мэдэрч бүжиглэдэг. Дотроосоо бүжиглэгддэг бүжиг. Гэхдээ хамгийн дуртай жүжиг гэвэл монгол бүжиг. Монгол бүжгийн талаар илүү судалж мэдмээр байгаа. 

-Moon dance хамтлагийг анх байгуулж байхдаа дэлхийд Монголын нэрийг гаргасан хамтлаг болно гэдэгт нь хэр итгэлтэй байсан бэ. Шантармаар үе гарч байв уу?

                -Хэзээ ч шантарч байгаагүй. Анх байгуулж байхдаа оргилд нь гарна гэж бодож байлаа. Оргил руу өгсөж байхдаа мөн чанар нь алт, мөнгөн медаль авахдаа биш юм байна гэж бодсон. Монгол Улсыг төлөөлж, таниулж байгаа нь хамгийн том зорилго болсон. Алтан медаль гол зорилго болчих юм бол хүссэн дээ хүрэхэд л зорилго дуусчихна эсвэл хүссэн медалиа авч чадахгүй бол хэцүү шүү дээ. Жил ирэх тусам бодол цэгцэрч, мөн чанараа ойлгодог юм байна. Хэдийгээр талбай дээр 16 хүн харагддаг ч ард нь илүү олон хүн хөдөлмөрлөж байдаг.

-Багшлах, шавь нартай байхыг сайхныг яривал?

                -Үгээр хэлэмгүй хамгийн сайхан мэдрэмж. Багш хүнийг хүндэлдэг учрыг энэ олон жилийн дараа л ойлгож байна. Шавь нарыгаа зорилгодоо хүрч, сайн сайхан явж байгааг нь харах хамгийн сайхан. Шавь нар маань эргээд бие биеэсээ суралцдаг. Багаараа байгаа цагт хамтын ажиллагаа, хамт байхын сайхныг мэдэрдэг. Нэгнээсээ багийн нэг хэсэг байх ямар чухлыг суралцдаг байх.

-Таны болон багийнхных нь дараагийн зорилго төлөвлөгөө юу байгаа вэ?

                -Тэмцээн уралдааны хувьд оргилд нь хүрэх зорилго бий. Сайн бэлтгэлтэй, сайн төлөвлөгөөтэй байсан цагт л тэнд хүрэх байх. Цаг нь ирэх үед бид бэлэн байх ёстой. Үргэлж байх зорилгоор минь монгол хүнийхээ ур чадварыг дэлхийд таниулсаар байх. Долоо хоногийн дараа дэлхийн аварга шалгаруулах латин бүжгийн тэмцээн. Бид тус тэмцээнд 11 дэх жилдээ оролцож байна. Шавь нар маань өөрсдөдөө их ачаалал аваад байгаа юм шиг санагдсан, битгий тэгээсэй гэж хүсэж байгаа. Би хэзээ “Заавал алтан медаль аваарай” гэж хэлж чадахгүй байгаа. Өөрийнхөө хамгийн сайн хувилбараа талбай дээр гаргаарай гэж зөвлөдөг. Ачаа үүрүүлэхийг хүсдэггүй ээ.

 


О.САРАНХҮҮ: MOON DANCE ХАМТЛАГ МОНГОЛ ХҮНИЙ АВЬЯАС ЧАДВАРЫГ ДЭЛХИЙД ТАНИУЛАХ ЗОРИЛГОО БИЕЛҮҮЛЛЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188