• Өнөөдөр 2024-04-25

БАЛЕТЧИН Б.МАРАЛ: ТАЙЗНАА АМИЛАХ 32 ХУНГИЙН ЦАГААН ХУНД СОНГОГДОЖ, МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛЖ ЯВНА

2023-02-09,   611

    Анх удаа 32 хун нэгэн тайзнаа амилах нь. П.И.Чайковскийн “Хунт нуур” гэхээр дуулаагүй хүн байхгүй ч үзсэн нь цөөн байдаг. Тэгвэл Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын балет бүжгийн хамт олон энэ удаад 32 хунтайгаар “Хунт нуур” бүжгэн жүжгийг хүргэхээр хэдийн бэлтгэл ажилдаа оржээ. Гол дүр буюу цагаан хунгийн дүрд бүжиглэж байгаа Б.Маралтай ярилцлаа. Тэрбээр Дуурь бүжгийн эрдмийн театрын балетын гоцлол бүжигчнээр ажиллаад зургаан жил болж байгаа залуу уран бүтээлч юм.

-Дуурь бүжгийн эрдмийн театр удахгүй болох гэгээн хайрын баярыг тохиолдуулан алдарт “Хунт нуур”-ыг тавих мэдээг дуулгалаа. Тавих, тавихдаа анх удаа 32 балетчин нэгэн тайзнаа гарч байгаагаараа онцлог бөгөөд шинэлэг санагдлаа?

              -Тийм ээ, анх удаа 32 хунтай тоглож байгаагаараа онцлог болж байна. Гаднын театруудын хувьд 32 хунтайгаар “Хунт нуур” бүжгэн жүжгийг тоглодог. Харин манай театрын хувьд хүний тоо дутмагаас үүдэн ихэвчлэн 24 хун тайзнаа гардаг байсан. Энэ удаад Монгол Улсын Консерваторийн хүүхдүүдтэй хамтраад стандартын дагуу 32 хундаа нийцээд гарах боломж бүрдээд, бэлтгэл ажилдаа орсон байна.

    -32 хун гэхээр бүгдээрээ гол дүр гэж ойлгох нэгэн байж магадгүй байх?

          -Том, жижиг хунтайгаа нийлээд 32 хун гэж ойлгож болно.

-Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа “Хунт нуур” олон л тавигдсан. Таны хувьд энэ удаад аль дүрд нь сонгогдон бүжиглэж байна вэ?

          -Хар, цагаан хунгийн цагаан хун болон тайзнаа гарч байна.

 -Дуурь бүжгийн эрдмийн театрт ороод удаж байна уу?

            -Хөгжим бүжгийн коллежийг 2017 онд төгсөөд, Дуурь бүжгийн эрдмийн театрт ороод зургаан жил болж байна. Орсон цагаасаа л театрт тоглогдож байгаа бүх бүжгэн жүжигт оролцоод явсан. Сүүлийн жилүүдээс эхлэн “Уран хас”, монгол үндэсний балетын Хандармаа, “Үйлийн гурван толгой” бүжгэн жүжгийн Нансалмаа, “Жизель” балет зэрэгт гол дүрд ажиллаад байна.

-БАЛЕТЧИН БОЛСОН НЬ-

-Яагаад балетчин больё гэж бодсон юм бэ. Аав, ээж хэн нэгний нөлөө, тусгал байдаг уу?

         -Арван настайгаасаа Хөгжим бүжгийн коллежид балетаар хичээллэж эхэлсэн. Түүнээс өмнө Хүүхдийн ордонд бүжгийн дугуйланд явдаг байсан. Тэгээд Хүүхдийн ордны багш мэргэжлийн сургуульд нь очиж шалгуулахыг зөвлөсөн. Тухайн үед сонгодог, ардын аль ч бүжигт нь орно гэж бодоогүй. Зүгээр л бүжгийн ангид нь очиж шалгуулъя гэж очсон. Тэгсэн сонгодог бүжигт шалгалт авч таараад, тэнцсэнээр орж байлаа. Намайг бүжигчнээр шалгуулах зөвлөгөө өгсөн Хүүхдийн ордны багшдаа мөн баярлаж явдаг.

-Хөгжим бүжигт байхдаа ч театрт ороод ч уралдаан, тэмцээнд өөрийгөө сорьж үзэх, давхар суралцах зүйл байсан болов уу. Амжилтаасаа бидэнтэй хуваалцаж болох уу?

        -Хамгийн сүүлд Москва руу тэмцээнд яваад ирлээ. Дөрвөн жилдээ нэг удаа болдог балетын олимп гэж хэлж болох тэмцээн л дээ. Тэгээд ирээд, Соёлын элч, Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн нэрэмжит олон улсын балетын тэмцээн II уралдаан болоод, том насны ангилалд хоёрдугаар байр эзэлсэн. Түүнээс өмнө Монголдоо болон Улаан-Үд, Япон гээд оролцсон.

 

-Балетчнаар сурч байхдаа тоглохыг хүсдэг дүр байсан байх?

   -Тэгэлгүй яах вэ, бүх жүжиг гоё санагддаг. Дээрээс нь сургуульд байхдаа театрт бид тоглолтод оролцоод явдаг. Тэгэх бүрд ах, эгч нарыгаа хараад шүтдэг байсан л даа. “Ямар гоё юм бэ, би яг энэ эгч шиг болно” гээд театрын мундаг, мундаг ах, эгч нарыгаа хараад урам зориг аваад, өшөө илүү хичээх хэрэгтэй юм байна гэж боддог байсан. Сургуульд байхдаа “Хунт нуур” балетад гоцлохыг мөрөөддөг байсан.

-Сонгодог урлагийнхан их төлөв даруу санагддаг. Тэмцээн, уралдаанд орсон ч чимээгүй төдийлөн мэдэгддэггүй?

     -Тийм ээ, ер нь төлөв даруу талдаа шүү.

-Таны хувьд балетаар хичээллээд олж авсан давуу талууд юу бол?

           -Балетаар хичээллэсэн хүн наад захын гоё мэдрэмжтэй болно. Биеэ гоё авч явна. Дээрээс их хариуцлагатай, тэсвэр тэвчээртэй болох гээд давуу тал олон бий.

-Гаднын тэмцээн уралдаанд ороод, бусад орны балетчдыг харахад манай улсын балетчдын хөгжил ямар түвшинд байдаг бол?

        -Яг үнэндээ Монголын балетчид дэлхийн жишигтэй эн тэнцүүхэн явж байгаа гэж хардаг. Бүжигчид нь дутахааргүй чадварлаг. Манайхан харин дотроо өөрсдийгөө их голдог юм шиг санагдсан.

-Хамгийн их тусалж, ойлгодог нь гэр бүлийнхэн нь байх гэж бодож байна?

         -Тэгэлгүй яах вэ, хамгийн их дэмжиж, ажлыг минь ойлгож, намайг зөвхөн бүжиглэх бүх бололцоогоор минь хангадаг гэр бүлийнхэндээ баярлалаа.

-Балетаар хичээллээд шантрах үе байсан болов уу?

    -Тэгэлгүй яах вэ. Анх балетаар хичээллэхэд “Би юунд ороод ирэв” гэж л бодож байлаа. Хөл, гар өвдөхөөс эхлээд шантрах, бэрхшээлтэй зүйл ч олон бий. Гэсэн ч сураад, дурлах тусам шантрахаа больж, улам л хичээх хүсэл нэмэгддэг.

-Бэлтгэлээ таслах чанга биз?

-Тэгэлгүй яах вэ. Нэг өдөр л бэлтгэлээ таславал хохирно. Байнгын бэлтгэл сургуулилт хамгийн чухал.

   -Шинэ залуу балетчид хэр төрж байгаа бол. Хөгжим бүжгийн хүүхдүүдтэй хамтраад энэ удаагийн бүжгэн жүжгээ тавьж байгаа гэсэн?

     -Мэргэжлийн сургуульд нь орохоос гадна гадуур мэргэжлийн багш нартай студи их болсон. Түүгээр олон хүүхэд суралцдаг. Ихэнхдээ тийм дугуйлан, студид явж, бэлтгэгдэж байгаад мэргэжлийн сургуульд тэнцэх зорилготой байдаг.

-Балетчин болох хүүхэд харагддаг уу?

               -Хөгжим бүжгийн коллежид бол бие бялдар, сунгалт, үсрэлт, сонсголыг нь харна гээд төрөл бүрээр нь шалгаж авч байгаа. Жирийн студид явж байгаа хүүхдүүдийг харах юм бол гаднаа харагддаг. Их эвсэлтэй, юмыг хурдан хүлээгээд авдаг хүүхэд байна. Эсвэл их мундаг толгойтой ч байх нь бий.

       -Дуурь бүжгийн эрдмийн театраасаа гарья. Одоо таван жил ажиллачихаж байгаа юм чинь заавал цалин мөнгө муутай ингэж байж байхаар өөр студэд ажиллах ч юм уу эсвэл хувиараа ажиллах бодол төрж байсан болов уу?

        -Балетчнаар сурч байхдаа театрт орохыг мөрөөддөг байлаа. Мөрөөдсөн газраа өнөөдөр ажиллаад явж байгаадаа баярладаг. Түүнээс гарах бодол байхгүй. Миний бодлоор ямар ч уран бүтээлч цалингаа бодож ажлаа хийдэггүй байх. Бүгд л ажилдаа дуртай, хийж байгаа ажлаасаа аз жаргалыг мэдэрч ажилладаг учраас гарна гэсэн бодол төрж байгаагүй.


БАЛЕТЧИН Б.МАРАЛ: ТАЙЗНАА АМИЛАХ 32 ХУНГИЙН ЦАГААН ХУНД СОНГОГДОЖ, МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛЖ ЯВНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188