• Өнөөдөр 2025-06-27

"18 НАС"-ААР ЭХЭЛЖ 30 ЖИЛ ДУУЛСАН ДОМОГТ КАМЕРТОНЫ АЯЛГУУТ ДУУНУУД

2025-06-27,   146

"Шүүдэрхэн тунгалаг гэрэлт ододтой

 Шөнөжин эрмэлзэж хоноод

 Алтан нарны болорхон туяанд

 Анхны болзоонд зогсмоор санагдаад
 Аяа миний 18 нас..." гээд "жаахан" хөвгүүд анх дуулж байхдаа магад хожмоо Монголын домогт хамтлаг болно чинээ санаагүй байх. Камертон гарцаагүй хүн бүрийн зүрх сэтгэлд эгшиглэдэг хит хамтлаг мөн.
        Анх 1995 онд Хөгжим бүжгийн коллежид байгуулж байсан гэдэг. Учир нь, сургуульд байхдаа эхлээд хамтлагийн гишүүн Д.Болд, Г.Мэнд-Амар нар ангийн охидтойгоо тусдаа хамтлагтай байжээ. Тэгээд дан эрэгтэй гишүүдээс бүрдсэн хамтлаг байгуулья гэснээр багийнхаа өнөө хоёр бүрэлдэхүүн болох дуучин Л. Ган-Эрдэнэ, Б.Эрдэнэбат нартай нэгдэн "Камертон" бүрдэж байсан түүхтэй юм билээ. Нээрээ, анхны шинэхэн уран бүтээл нь  л "18 нас" болохоос үзэгч, сонсогчдодоо "Ийм нэг хамтлаг төрж байгаа" гэдгийг мэдэгдсэн дуу нь яруу найрагч Ч.Лхамсүрэн, хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын хөгжим "Маамуу нааш ир" дууг хөгжимгүйгээр өнгө салган дуулсан нь.
 
     Шинэ содон зүйлд хэзээд сонирхол нь татагддаг, тэр дундаа залуус нэгдэн бидний сайн мэдэх дууг хэрхэн өөр өөрсдийн өнгө, хоолойгоор дуулсныг сонссон үзэгчид гарцаагүй тэднийг дахин нэхэх учиртай. Яг тэр эрэлт, хүлээлт, хүсэл дээр тэд гэгээн тунгалаг, гэрэлт нар мэт "18 нас" дуугаа цацсанаар монголчууд "хөвгүүд"-ийн бүрдэл "Камертон”-ыг анхлан хүлээж авсан байдаг.
 
      Энэ дууг "Никитон" хамтлагийн  Б.Батчулуун ая зохиогч, "Титэм" хамтлагийн дуучин Л.Тайванбат өгснөөр бүтэж байж. Ингээд тэр жилдээ алдарт "Пентатоник" наадмын “Шилдэг дебют хамтлаг" номинацыг хүртэж, тун амжилттайгаар гараагаа тавьсан байдаг. Үүнээс жилийн дараа тэд цомгоо гаргаж, анхны тоглолтын товоо үзэгчдэд зарласнаар албан ёсоор оршин тогтнол, уран бүтээлийн түүхээ эхлүүлснээс хойш 30 он улирч, маргааш тэд 30 жилийн ойн тоглолтоо хийх гэж байна. Тэд "Хэн ч уйдаагүй хайр", "Сартай шөнийн дуу", "Халуун тэнгэр", "Зүүд", "Гудамжинд", "Хүсэл хясал" гээд л хитүүдээ ар араас нь төрүүлж, ёстой л нэг дуунд умбан хөглөгдсөн он жилүүд байв. Д.Болд аргадаж, Мэдэ, Ганаа хоёр дууныхаа нарийн нандин нугалаа, өнгийг хийж, Эба намуухнаар эгшиглүүлнэ. Сонсох бүрд дуу хоолойных нь өнгө ийнхүү ялгаран тодорч, тус тусын үүрэг тодорхой ойлгогдох тусам улам ч бүтээл нь чанартай болж тэднээс тэр бүхнийг нь нэхэж, эрж сонсоно.
 
       Залуус "Хайрлая, чамайгаа хайрлая" гэж хайрлан дуулж, "Миний л хайр" хэмээн хайртай хүнээ нандигнаж, "Санахын жаргал”-ыг мэдрэн дуулна. Тэд мөн хайрын хотдоо салхинд үгс шивнэж, мөрөөдлийн хайраа ч хүсэн уран бүтээлээ эгшиглүүлнэ. Хайрын хажуугаар харуусал, гуниг, хүлээлт ч хөвөрнө. 30 нас гэдэг идэрхэн атлаа овоохон ухаан, сэтгэл, үйлс идэвхжих нас. Энэ хугацаа нэгэн хамтлагийн түүх, уран бүтээлийн хугацаа гэхээр гарцаагүй сонсогчдынхоо сэтгэл зүрхэнд үргэлж дотно эгшиглэх олон сайхан бүтээл дархлагдсан гэсэн үг. Тийм ээ, тэд маргааш бүх хитээ Social pay park-д эгшиглүүлнэ. Тэд гэгээн аялгуу, гэрэлт өнөө л төрхөөрөө аялгуу бүхнээ сонсогчдодоо хүргэнэ. Анх  тайзнаа хүсэл мөрөөдөл дүүрэн "хөвгүүд" сэтгэл догдлон дуулдаг байсан бол одоо буурьтайхан аавууд жаргалтайгаар дуугаа дуулах нь. Тэд тийн дуулахдаа үзэгчидтэйгээ хамт эргээд хүүхэд үе, 18 насандаа очиж, анхны болзоонд зогсоод, хайрын олон мэдрэмжид эргэн саатах билээ. Тийм ээ, энэ бол Камертон. Монголчуудын хайртай хамтлаг.

"18 НАС"-ААР ЭХЭЛЖ 30 ЖИЛ ДУУЛСАН ДОМОГТ КАМЕРТОНЫ АЯЛГУУТ ДУУНУУД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188