"Хайрлаж дурласан бүсгүй минь
Халх нутгийн охин доо
Харласан бүтэлгүй толгой би
Хаа очсоныг нь мэдсэнгүй ээ
Хаа байгаа бол доо тэр минь
Хаа байгаа бол.
Хаана байгаа бол доо чи минь
Хонгор минь...” гээд машины кабинд дуулж явдаг нэгэн хөгтэй эрийн түүхийг бид сайн мэднэ. Ж.Бунтар найруулагч үгийг нь бичиж, хөгжмийн зохиолч Г.Бирваа гуайн аяаар бүтсэн энэхүү дууг мэдэхгүй монгол хүн, хөгжилтэй, цоглог, донжтой гэх үгсэд тун тохирмоор жүжигчин Б.Дашдаваа гуайн бүтээсэн "Хөхөө гэрлэх дөхлөө" киноны Хөхөөгийн дүрийг үзээгүй нэгэн ч байхгүй болов уу.

Уран бүтээлчид төдийгүй уулзсан хүн бүрдээ сайхан залуу хэмээн тодотгогддог байсан түүнийг “Хөхөө гэрлэх дөхлөө” киноны зураг авалтын үеэр л гэхэд сангийн аж ахуйнхан түүнийг л харах гэж очдог байсан тухай дурсамж бий. Мөн эл жүжигчний талаар Ардын жүжигчин Мягмарнаран гуай "Хүүхэд залуучуудын театрт дагалдан байлаа. Хааяа тайзны нэг булангаас нөгөө булан хүртэл явна, жүжигт тоглочихож байгаа нь тэр. Тайз засах, ширээ сандал зөөх, жүжигчдийн хувцас солиход туслах л ажилтай. “Яндангийн цуурай” жүжгийн гол дүрд Дашдаваа ах тоглож байлаа. Би хажуугаас нь харж зогссон хэрэг. Ажил хийж ядарсан хүн ширээн дээрээс данхтай цай авч, цоргоор нь гүд гүд хийтэл залгилаад ам руугаа орсон шаарыг түй, түй гэж нулимаад л байсан. Жүжиг дууссаны дараа тайз хурааж байгаад өнөө данхыг харж, ам цангаж байсан тул цайнаас хэд балгачихая гэж бодоод данхыг автал хов хоосон, хуурай байж билээ. Үнэхээр л ууж харагдсан даа. Хоосон данх барьсан би ихэд гайхсан юмдаг" гэж ярьсан байдаг.

Б.Дашдаваа жүжигчин Хөхөөгийн дүрээс гадна "Хүний мөр" киноны комиссар Гэрэл, "Салхины амт"-ын Чойжил тэргүүтэй дүрд чадварлаг тоглосныг одоо үзэх бүрд дотно содон байдаг билээ. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул тэрбээр 1954-1956 онд урлагийн сургууль төгсөөд, 1956-1965 онд театрт жүжигчнээр ажиллаж байсан нь тухайн үед мөр зэрэгцэн ажиллаж байсан олон хүний дурсамжид тод, ойр үлдсэн байдаг байна. Төрх байдлын онцгой өгөгдөл, цэвэрч нямбайн үлгэрлэл, бүх зүйлд жавхаалаг энэ жүжигчинд хэн бүхэн хайртай байдгийн гол учир нь цөөн боловч дүр бүтээж ажилласан уран бүтээлүүддээ дархлагдаж, үзэх бүрд авьяас билиг, ухаан, сэтгэл нь нэвт гэрэлтдэгтэй нь холбоотой болов уу.

Тэгвэл түүний үргэлжлэл болсон ач охин Т.Энэрэл нь өдгөө мөн тайз, дэлгэцнээ амжилттай яваа. Тэрбээр “Аав өвөөгийн хамгийн бага хүү нь. Өвөөг 1965 онд зохиолыг нь бичээд, найруулаад, гол дүрд нь тоглосон “Сахиуст цэрэг” гэх жүжгээ хийж байх үед аав төрж, гол дүрийнхээ нэрийг хүүдээ өгсөн юм билээ. Аав минь аавыгаа таньж, мэдэж амжаагүй багадаа алдсан. Тэгэхээр бидэнд өвөөгийн талаар дурсамж, мэдээлэл бага. Хүний ярианаас л сонсоно. Өвөө минь их сайхан дуулдаг, гадаад төрхдөө их анхаардаг хүн байсан юм билээ. Уг гарвалаараа бол Төв аймагт олон хүүхэдтэй айлд төрсөн гэдэг. Гэхдээ хүүхэдгүй айлд өргөгдсөн байдаг. Өөрөө ч олон хүүхэдтэй. Хүүхдүүдээрээ их бахархдаг байсан гэсэн. “Та нар бод доо, энэ талд миний хоёр охин, нөгөө талд миний хөвгүүд зогсож байна гээд бод доо” гээд л ярьдаг байсан гэсэн. Аавыг төрөхөд цаасан дээр “Миний хүү Түмэн төрлөө” гээд бичсэн гэхээр би өвөөгөө их романтик хүн байж дээ гэж боддог. Харин уран бүтээлчийн хувьд өвөөгийн талаар үлгэр домог шиг л сайхан юм олныг сонссон. Огт бэлдээгүй юм шиг мөртлөө тайзан дээр гарахаараа яаж бодож олов, "Бэлдсэн юм байх даа" гэмээр хүний анхаарлыг өөр дээрээ татдаг, дотроосоо жүжиглэдэг, өөртөө тун итгэлтэй, ассан тоглолттой хүн байсан гэдэг. Тэгээд би өвөөгөө 30 гаруйхан настайдаа өөд болсон ч гэсэн Монголын урлагт хийсэн, бүтээсэн зүйлтэй, Хийх ёстойгоо хийсэн болохоор тийм эрт явсан юм болов уу гэж хааяа боддог” гэж ярьсан юм. Үнэхээр ч Монголын урлагт асаж мандсан тод уран бүтээлчдийн нэг яах аргагүй Б.Дашдаваа гэж эгэл жирийн энэ авьяастан мөн билээ.
"ХӨХӨӨ ГЭРЛЭХ ДӨХЛӨӨ" КИНОНЫ ХӨХӨӨ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ДАШДАВААГ ДУРСАХУЙ |
|