• Өнөөдөр 2025-05-05

АВЬЯАС, БИЛИГ ЦАЛГИСАН ГЭР БҮЛ

2025-05-05,   377

       Монголын урлагт авьяас, билиг цалгисан олон гэр бүл бий. Тэдний нэг бол Монгол Улсын Гавьяат жүжигчин Ё.Цогийн гэр бүл. Түүний хүү найруулагч, жүжигчин Ц.Хүсэлбаатар. Бэр нь МУГЖ С.Өлзийхүү. Тэдний охин Х.Баярмаа, Х.Сумъяадорж нар өдгөө мөн тайз, дэлгэцийн урлагт өөрсдийгөө сорьж буй. Иймд уншигч танд энэ удаад авьяас чадвар, хөдөлмөр дүүрэн тэдний гэр бүлийг онцлон хүргэж байна.

МОНГОЛЫН УРЛАГИЙН ЦОГТОЙ ХҮҮ Ё.ЦОГ
        Түүнийг бид хөгжимчин, тайз, дэлгэцийн уран бүтээлч, найруулагч гэхчлэн олон алдраар мэдэх билээ. Тэдгээрээс хамгийн ойр нь дэлгэцнээ бүтээсэн дүрүүд нь. Тэрбээр дэлгэцэд, “Мандухай цэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор”, “Төрийн сүлд өршөө”, “Дайчин ван Х анддорж”, “Аравт” зэрэг түүхэн киноны туслах дүрийг бүтээсэн. Өөрийнх нь хэлснээр уран бүтээлч хүн ямар ч дүрд оноогдож болохын тод жишээ тэр өөрөө. “Их замын тоос” киноны хөгжилтэй мөртлөө хашир туршлагатай Сугар жолооч, дараа нь “Төрийн сүлд өршөө” киноны Богд хааны дүрд тоглосон. Б.Бадрууган найруулагч түүнтэй телевизэд дөрвөн жил ажиллахдаа Богд хаан Жибзундамба хутагтын дүрд харж байжээ. Үүнийгээ Ё.Цог жүжигчинд хэлтэл, эхэндээ зөвшөөрөөгүй гэнэ. Учир нь, тэрбээр Д.Сүхбаатар жанжныг хордуулж алсан сохор Богд гэх үзлээр хүмүүжсэн пионерийн болон хувьсгалт залуучуудын эвлэлийн гишүүн байсан болохоор тэр аж. Гэсэн ч Б.Бадрууган найруулагч “Таныг л наймдугаар Богд хааны дүрд тоглуулна. Өөр хүн дүрд шалгаруулж авахгүй” гэжээ. Ингээд л тэр энэ дүрд тоглосон байна. Хүүгээ их дэмжиж, бүтээлийг нь үзэж, бахархдаг ээж нь түүнийг Богд хааны дүрд тоглоход, “Ээ” гэж уулга алдан адис авахаар өмнө нь сөхөрсөн гэдэг. Тэгэхээр нь “Ээж ээ, би байна шүү дээ. Та одоо бос оо” гэтэл “Тэгж болохгүй шүү, хүү минь” гээд ээж нь хүүгээсээ адис авахаар суугаад байсан тухай ярьсан байдаг. Ингэж л тэр сүр жавхлант, гэгээн гэрэлт Богд хааны дүрийг монголчуудын зүрх сэтгэлд дархалж, өдгөө ч гудамжинд “Богд хаан явж байна” гээд мөргөх нь холгүй мөнхөлж үлдээсэн билээ. Бүр кино гарсны дараа түүн дээр адис авъя гэж ирсэн хүмүүс ч байсан тухай Цог гуай өөрөө онцлон ярьсан байдаг. Жүжигчнээс гадна түүний өөр нэг жигүүр нь найруулагч. Найруулагчийн гараа нь ч давгүй сайн эхэлсэн байдаг. Сануулбал, өдгөө бидний хайрлан, хайрлан үздэг “Эцсийн тушаал” жүжиг. Д.Сэдэд багшийгаа гэр бүлийн хүнтэй нь хамт гол дүрд нь тоглуулж, багшийнхаа дүрээр гол ноён нурууг нь босгож, найруулсан нь онож, чамбай, нямбай, торгон мэдэрч, тод өгүүлдэг найруулагч гэдгээ харуулсан. Үүгээр түүнийг аливаа зүйлийг мэдрэх дотоод хөг аялгуу нь ямархан уран бүтээлч вэ гэдгийг нь мэдэж болно. Анхны бүтээл гэхэд гарамгай сайн, хүний сэтгэл зүрхэнд хүртэл найруулж чадсан байдгийг үзсэн хэн бүхэн мэдэх билээ. Дараа нь “Алтантүлхүүр” гэх киног мөн найруулан үзэгчдэд хүргэсэн байна. Одоо бол олон сайхан дүрээр үзэгчидтэйгээ учран золгосоор, хамгийн сүүлд "Халуун бороо" кинонд хэдийнэ гавьяаныхаа амралтад суусан гал сөнөөгчийн дүрийг бүтээсэн байна.
 
              ТҮҮНИЙ ХҮҮ Ц.ХҮСЭЛБААТАР НАЙРУУЛАГЧ
 
      Тэрбээр  “Өнгөт инээд” продакшнаас уран бүтээлийн гараагаа эхэлж, “Ядуугийн зовлон”, “Зугтаарай”, “Бүтэлгүй новш”, “Аюултай харилцаа”, “Нинжин сэтгэл” дүүгийнхээ амьдралаас сэдэвлэсэн “Дайрлага” киног үзэгчдэд хүргэсэн. Хамгийн сүүлд бид түүний найруулсан "Амьдрах сайхан" олон ангит киног үзсэн. Амьдрал, тэр дундаа хүмүүсийн харилцааны ээдрээд асуудал, бодит нөхцөл байдлыг уран бүтээлээрээ илчлэн тавьж, гэгээн сайхан, учир зүйг нь тайлж төгсгөдгөөрөө түүний уран бүтээлүүд үзэхэд амттай байдаг. Үндсэн мэргэжил нь бага ангийн багш ч кино урлагт эргэлт буцалтгүй орж, өөрийн гэсэн өнгө аястай бүтээлүүдийг дэлгэж, одоо ч шинэ кинонууд нээсээр буй. Киноныхоо зохиолыг ч өөрөө бичдэг. Энэ тухай "Багш минь надад хэлдэг байсан юм. "Чи өөрөө зохиолоо бичээд өөрөө найруулна гэж худлаа. Хүн өөрийнхөө хүүхдэд хайртай байдаг. Эрэмдэг байсан ч хайрлана. Энэ эрэмдэг юмаа гээд алчихдаггүйтэй адил муу зохиол биччихээд тэрийгээ найруулаад байвал муу юмаа өөртөө авч үлдэх гээд байдаг. Чиний бичсэн зохиолыг өөр хүн найруулбал хэрэггүй зүйлийг нь хасч, хогийн ургамлуудыг нь түүгээд, сайн уран бүтээл болгон гаргадаг юм" гэж хэлдэг байсан. Багшийнхаа хэлж сургадаг байснаас зөрсөн нэг юм нь дандаа өөрийнхөө бичсэн зохиолоор кино хийж байна. Гэвч би ганцаараа уран бүтээл хийдэггүй. Маш олон хүмүүс хамтарч хийдэг шүү дээ. "Аюултай харилцаа" киноны зохиолыг л гэхэд өөр хоёр ч зохиолчтой хамтарч бичсэн. Сайн багшийнхаа зааж сургасан кино зохиол бичих арга барилаа ашиглан хэн нэг хүний бус өөрийнхөө зохиол дээр ажиллах нь надад амар байдаг. Өөрөө кино зохиол бичихийн давуу тал нь энэ. Санаагаа төгс буулгаж чадна гэж өөртөө итгэдэг" гэж ярьсан байдаг. Түүний дараагийн найруулах бүтээл юу байх бол...
 
"ЦАХИЛЖ ЯВАА ГӨРӨӨС” КИНОНЫ ДЭЖИДЭЭС ЭХЛЭЭД ТАЙЗ, ДЭЛГЭЦИЙН ОЛОН САЙХАН ДҮРИЙН ЭЗЭН МУГЖ С.ӨЛЗИЙХҮҮ 
 
        Нэрт зохиолч Дармын Батбаяр гуайн "зохиолоор бүтсэн И.Нямгаваа найруулагчийн бүтээл "Цахилж яваа гөрөөс" киноны Дэжидийн дүрийг МУГЖ С.Өлзийхүү бүтээсэн билээ.               Сүүлийн жилүүдэд түүнийг бид “Нийслэл хүүхэн”, “Хэнд ч хэлээгүй нууц”, “Гангстерууд”, “Хиртээгүй сарнай”,  “Бүтэн амьдрал”, “Нинжин сэтгэл”, “Ээжээ зорино” зэрэг киноны ээжийн дүрээр харж буй. Үр хүүхдийнхээ төлөө үргэлж санаагаа чилээж, тэдний төлөө юугаа ч өгөхөөс буцахгүй зүтгэдэг хүмүүс бол эцэг, эх. Тэгвэл тэр ээжийн дүрийг сэтгэлд дотноор, ойр бүтээж чаддагийг эдгээр дүрүүд нь гэрчилнэ. Анх сувилагчаар ажиллаж байсан охин хүсэл сонирхлоо даган Соёл урлагийн их сургуулийн кино драмын факультетыг драмын жүжигчний мэргэжлээр төгссөн байдаг. Анх жүжигчнээр шалгалт өгсөн талаар “1989 он. Багшийн дээд сургуулийн Кино драмын ангид хоёр жилд нэг удаа элсэлт авдаг байсан юм. Тэр жил 900 гаруй хүүхэд шалгалт өгсөн. Шалгалт өгөх гээд орсон чинь дандаа алдартай уран бүтээлчид сууж байлаа. “Говийн зэрэглээ” киноны Арсланд тоглодог Г.Доржсамбуу багш, Г.Ренчинсамбуу, Ц.Байгальмаа гээд л урлагийн томчууд.Миний ээлж болоход “Би сувилагчаар төгссөн. Гэхдээ жүжигчин болох хүсэлтэй” гээд өөрийгөө танилцуулсан чинь “За, дуулаадах” гэж байна. Тухайн үедээ их сандарсан ч дуунд дуртай, дуулах сонирхолтой байсныг хэлэх үү, чаддаг юмнаасаа эхэлсэн учраас өөртөө итгэлтэй болсон. Сүүлийн шалгаруулалтаар 15 хүүхэд авсны эхний гуравт нь шалгарч байлаа. Нэгт нь жүжигчин Л.Дэмидбаатар 15 оноогоор, хоёрт Д.Бямбацогт бид хоёр 14 оноогоор шалгарч нэг ангид орсон” гэж ярьжээ. Сургуулиа төгсөөд Улсын драмын эрдмийн театрт ажиллаж, тайзнаа олон сайхан дүрийг амилуулсан. Энэ арван жилийн хугацаанд тэрбээр Борис Немцовын “Өглөөний тэнгэрийн одод” жүжгийн Лора, В.Шекспирийн “Ромео Жульетта”, Г.Лоркагийн “Хүслийн таранвай”, С.Маршакийн "Буудлын авхай" зэрэг олон жүжгийн гол болон туслах дүрийг бүтээсэн байдаг.  Ингэж драмын тайзнаа гялалзаж байхын сацуу дэлгэцнээ ч мөн “Хааны сүүлчийн хатан”, “Эзэнгүй айл”, “Ядуугийн зовлон”, “Бүтэлгүй новш” зэрэг 20 гаруй кинонд тоглосон  нь өдгөө бидний үзэх дуртай дүрүүд. Овсгоо самбаа, ааль гоо дүрүүд түүнийх. Авьяас, билиг дүүрэн түүнд уран бүтээлийн өндөр амжтлт хүсье.
 
         ҮЗЭСГЭЛЭНТ ЖҮЖИГЧИН Х.БАЯРМАА
 
        Аав ээжийгээ дагаж кино натурт явдаг байсан бага наснаасаа тэр урлагт дурлаж,  өссөн ахуй орчин нь түүний эхлэл байсан бол "Би жүжигчин, найруулагч болно" гэж эрс шийдсэнээс хойш чамгүй уран бүтээлийн гол болон туслах дүрд тоглосон. Найруулагч аавдаа ч чамгүй өмөг түшиг болж байгаа тэр бол Ц.Хүсэлбаатар найруулагчийн охин Баярмаа. Өдгөө түүнийг бид олон сайхан дүрээр нь андахгүй. Сүүлд гэхэд, "Ээж ээ зорино", "Хавтаст хэрэг-2" тэргүүтэй кинонуудад тоглосон. Түүний мөн онцлох нэгэн уран бүтээл бол 202- онд бүтээж байсан найруулагч М.Батболдын "Гэм зэм" жүжгийн Дунягийн дүр.  Ирэх намар дахин тоглох тус жүжгээс түүний тоглолтыг бид дахин үзэх юм. Тайз, дэлгэцийн дүрүүдээс нь гадна түүний авьяас, билгийг үзэгчдэд хамгийн тодоор тодруулж, ойртуулсан шоу бол "Яг түүн шиг". Эл шоунаас бид түүний олон хувиралт, өөрчлөлтийг харсан. Аавынхаа найруулсан олон кинонд тэр тоглосон. Ээжтэйгээ хамтран тоглосон дүрүүд ч бий. Гэр бүлийн уран бүтээлчдийн нэг онцлог аливаа уран бүтээлд бусад жүжигчдээс ч илүү хатуу шаардлага тавьдагт байдаг байна. Х.Баярмаа жүжигчин энэ тухай "Аав уран бүтээлдээ орж,  зургийн талбайд гарахаараа хатуу болдог. Бусад жүжигчинд тавих шаардлагаас илүү шаардлага тавьдаг. Мэдээж тэр нь зөв байх. Гэр бүлийнхээ харилцаагаар харилцвал бусад уран бүтээлчид таатай сэтгэгдэл төрөхгүй байх. Миний хувьд  "Хиртээгүй сарнай" киноны  зохиолын задаргаа болон бусад зүйлд аавтайгаа хамтарч оролцсон" гэж ярьсан байдаг. Үргэлж шинийг эрэлхийлж, өөрийгөө өсгөн хөгжүүлж байдаг түүнд уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Удахгүй түүний бие даан хийсэн уран бүтээлийг бид үзэх байх аа.
                         АГЬ
       Яг одоо үзэгчид "Мөрч" киноны Агийг тун сайн мэдэж буй. Учир нь эл уран бүтээл төдийгүй үзэгчдийн дунд "Агийг хэн хөнөөв" гэх асуулт тавигдсаар буй. Энэ бол найруулагч П.Дэлгэрбаярын бүтээл "Мөрч" кино. Тус киноны ноёны агийн дүрийг залуу жүжигчин Х.Сумъяадорж бүтээсэн. Сүүлийн жилүүдэд Сумъяагийн дүрд нь тоглоогүй кино ч ховор болж. "Бид нэг гэр бүл"-ийн ах, "Амьдрах сайхан"-ы дурлалт залуу,  “Мөрч"-ийн Агь, "Хүлээх өрөө" гээд хөвөрнө. Түүнээс гадна "Ододтой бүжиглэе" шоуны энэ жилийн тун амжилттай оролцогчдын нэг. Ингээд харахаар олон талын авьяастай, уудлах тусам баялаг уран бүтээлч тэр юм. Мөн тайзны дүрийг нь ч онцлохгүй өнгөрч болохгүй. 2024 оны хавар тэрбээр "Монгол" театрын анхны уран бүтээл болох "Клеопатра" жүжгийн Октавиан жанжны дүрийг бүтээсэн. Түүнчлэн "Маск" продакшнд ч харьяалагдан хошин урлагийн тайзнаа ч гарч амжсан. Энэ мэтээр урлагт тэр олон төрлөөр хүч сорьж, өөрийгөө үзэгчдэд өргөнөөр харуулсаар байна. "Мөрч" киноны эхний анги дээр ноёны агь амиа алддаг ч тэр ямархан ухаалаг, зөөлөн, зөв зүйтэй хүү байсныг үзэгчид бусад дүрийнх нь бодлоор гарах дүрээс нь харж буй билээ.  

АВЬЯАС, БИЛИГ ЦАЛГИСАН ГЭР БҮЛ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188