• Өнөөдөр 2025-05-03

ЭРГЭЛТ IV СЭТГҮҮЛЭЭС ОНЦЛОХ ТАВАН УРАН БҮТЭЭЛЧ

2025-05-03,   343

                 Монголын анхны "Балдорж" шагналт редакц, МСНЭ-ийн 2021 оны "Монголын шилдэг мэдээллийн сайт", “Web awards 2023” наадмын оны онцлох редакц Эргэлт.мн мэдээллийн сайт Эргэлт сэтгүүлийнхээ дөрөв дэх дугаарыг нийтлэл, ярилцлага, хөрөг, тэмдэглэл, сурвалжилга, эрэн сурвалжлах сурвалжилга, дурсамж, тэмдэглэл, орчуулга тэргүүтэй сэтгүүл зүйн бүх төрлийг багтааж бэлтгэлээ. Уншигч танд сэтгүүлийн "Соёл урлаг"-ийн буланд онцолсон зургаан уран бүтээлчийг танилцуулж байна.

-АЛДРАЙХАН ОХИН ХУЛТАЙ АЙРАГ ЦАЛГИУЛАНХАН ДУУЛЖ ЭХЛЭХЭД...

           Энэ удаагийн эргэлт сэтгүүлдээ бид онцлохгүй өнгөрч боломгүй нэгэн хүмүүн бол яах аргагүй Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт, ХХ зууны манлай уртын дуучин Намжилын Норовбанзад байлаа. Зуун дамжин эгшиглэх давтагдашгүй хоолойт түүний бага нас, хэрхэн дуучин болсон тухай түүх, намтрыг онцолсныг "Алдрайхан охин хултай айраг цалгиуланхан дуулж эхлэхэд..." нийтлэлээс амтархан уншиж, санан дурсаж, хайрлан бахархах тэр л мөчдөө гайхамшигт дуу хоолойг нь дахин нэг сонсоорой.

      "...Угаас тэр “Уяхан замбуу тивийн наран”-г мөн ч төгөлдөр содон эгшиглүүлсэн билээ. Үүгээр ч зогсохгүй “Сэрүүн хангайн нууц”-ыг тайлж, “Эртний сайхан”-д хүрч, хүлэг морины “Дөмөн” алхаанд бодол тээж,  “Урьхан хонгор салхи”-ийг сэвэлзүүлж, “Хэрлэнгийн барьяа”, “Түмэн эх”, “Өвгөн шувуу”, “Идэр жинчин” гээд олон сайхан уртын дууг дэлхийд цуурайтуулсан давтагдашгүй сонгодог хоолой түүнийх гэдгийг ертөнц даяар мэдэх билээ. Ерөөс энэ агуу дуучны замнал алдрайхан байхаасаа хултай айраг цалгиуланхан дуулсан үеэс нь л эхэлжээ..."

-ЗӨВХӨН ТҮҮНИЙ САНААНД...

      Нэрт найруулагч Б.Балжиннямыг бид Эргэлт сэтгүүл IV дугаартаа онцоллоо. Зөвхөн түүний санаанд багтаж, сэтгэлд бууж, авьяас билиг, нөр их хөдөлмөрөөр нь бүтсэн олон сайхан дэлгэцийн бүтээлийг бид өнөөдөр шимтэн үзэж, нэгийг бодож, хоёрыг тунгаадаг билээ. Зоригтой, зорьсноо бат гүйцэтгэж чаддаг домог болсон найруулагчийн тухай нийтлэлийг эл сэтгүүлээс уншаарай.

         "...Тийм ээ, зөвхөн түүний санаанд л Исмэл тайжийг аваачиж шороонд булья гэх бодол төрж, тэр л Арслангийн дүрийг олж, хамаг бүхэн хаалттай, хориотой нийгэмд арван жилийн сурагчдын хайр дурлалын тухай кино хийж, тэднээр “Би чамд хайртай” гэж зоригтой хэлүүлж, Б.Балжинням найруулагч л таван хүүхдээ орхиод явж байгаа аавын дүрийг дэлгэцнээ гаргаж, залуус хүний ёсноос гажиж эвдэрч, эрээ цээрээ алдаж буйд эмзэглэн, тэр санаагаа “Эргүүлэг” киногоор үзүүлэхдээ үерхэж байсан найз охиныхоо нүүрэн дээр халуун буцалсан ус асгах санааг бодож олсон. Тэгэхээр тэр содон уран бүтээлийн уйгагүй эрэлч, эрж олсноо хурц, тодхон илэрхийлдгээрээ гарцаагүй давтагдашгүй уран бүтээлч мөн байлаа..."

-ЯРУУ НАЙРАГЧ Б.ЭРДЭНЭСОЛОНГО: МИНИЙ АМЬДРАЛ НЭГ ИХ УРТ ШҮЛЭГ ШИГ САНАГДДАГ-

     Эргэлт IV сэтгүүлдээ бид "Захидлаар ярилцъя" буланг нээж, эхний зочингоороо Франц Улсад ажиллаж, амьдарч байгаа яруу найрагч Б.Эрдэнэсолонгыг урьсан юм. Түүнтэй манай сэтгүүлч А.Азсайхан захидлаар харилцан ярилцсаныг уншигч та сонирхон уншаарай. Уран бүтээлч зочныхоо ярилцлагын нэгээхэн хэсгээс хүргэе.

                       "...Бичдэг хүн сэтгэл зүйн янз бүрийн зам туулдаг. Уналт, босолт гээд л... Хэрвээ нэг ч гэсэн хүн миний бичсэн зүйлээс урам зориг, санаа сэдэл авсан бол миний бичиж байсны, хичээн зүтгэсний, унаж боссоны хэрэг гарлаа гэсэн үг шүү дээ. Тиймээс урамтай байна. Хүмүүс ном бичлээ гэж ярьдаг. Мөн дуу зохиолоо гэдэг. Үнэн хэрэгтээ өөрийгөө бичиж байгаа юм шүү дээ. Бичиж байгаа зүйлээрээ дамжуулаад өөрийгөө илэрхийлж гаргадаг. Миний хувьд сэтгүүл зүй ажил байсан. Шүлэг, яруу найраг бол миний тайтгарал. Харин эсээ, өгүүлэл бодол минь юм..."

               -ЭГЭЛ АМЬДРАЛЫН ЗӨРЛӨГ “ДАГАСАН” НАЙРУУЛАГЧ-

           Өнөө цагт эгэл амьдралыг хамгийн энгүүнээр үзүүлж буй найруулагчдын нэг бол С.Баттулга. Тэр дундаа зөрлөг "дагасан" амьдралыг буй чигээр нь бүтээлээрээ үзүүлж, үзэгчдийн зүрх сэтгэлд хоногшуулж буй. Энэ ч утгаар бид түүнийг Эргэлт сэтгүүлийнхээ энэ дугаарт онцолсон юм. 

    "...Тэр үнэхээр л нийгмийг, хүмүүний амьдралын зовлон жаргалыг өнгө будаггүйгээр найруулан дэлгэхдээ үзэгчдийг мартсан дурсамж, нуусан үнэнүүдээр нь “аялуулж” амьдралдаа, бусдад өөрөөр хандах, хайрлан уучлах, санан сэхээрэх ухаарал, сэтгэлийн боловсролыг  бүтээлээрээ өгч чаддаг тархи, зүрхний найруулагч билээ. Тэр дундаа “Амьдралын урт замд”, “16 дахь хавар”, “Ээжээ зорино”, “Үүлээ хөөсөн тэнгэр” зэрэг тэргүүтэй кинонуудаараа өртөөлүүлэн амьдралын мөн чанар, үнэнг илчилж, тэдний ээдрээтэй атлаа энгийн бодит түүхийг дэлгэснээр нь амьдралын зөрлөг “дагасан” найруулагч гэж  хэлж болохоор байна..."

-БАСС ГИТАРЫН ХЯРГАА, БӨМБӨРИЙН НҮРГЭЭН ДУНДААС-

     Уянгалаг хоолой, мэдрэмжтэй дуулалтаараа Монголын рок попын содон дуучин Д.Төмөрцогтыг бид Эргэлт IV сэтгүүлдээ онцоллоо. Рашаантын өртөөнд аж төрөх Ц.Дамба гэж айлын хүүхдүүд хэрхэн Монголын урлагт авьяас билгээ гайхуулж, домогт "Хурд" хамтлаг болсныг, мөнхүү сүү зарж, ээждээ тусладаг дуулгавартай хүү Цогоо хэрхэн дуучин болсныг энэ бидний энэ нийтлэлээс уншаарай.

    "...Тэд “Дурлал чи чив чимээгүй ирэх юм” гэж санааширч, “Чи минь байгаа болохоор” гэж тайвширч, “Энхрий цайлган бүсгүй минь” гэж эмэгтэйчүүдийг магтан дуулж, “Чамайг би зүүдэлж сэрдэг” гэж санан үгүйлж, “Намрын бороо зөөлөн шиврэхэд аав минь даанч дуртай” гэж аавдаа зориулж,

“Энэ орчлонгоор дүүрэн ээж ээ гэж хашгирвал

 Ижий минь л ганцаар миний дууг танина байх даа” гэж эхийн хайрыг ухаарч, “Эх орноос минь сайхан нутаг хаа ч үгүй” гэж бардамхан дуулсан. Тийм ээ, тэд хайрын, ханийн, учралын, уяралын аялгуунуудаараа нэгэн үеийн монголчуудыг төлөвшүүлж, нэгтгэж, соён гэгээрүүлж байсан. Тийм шидтэй дуунуудыг Цогоо л амилуулдаг байлаа..."


ЭРГЭЛТ IV СЭТГҮҮЛЭЭС ОНЦЛОХ ТАВАН УРАН БҮТЭЭЛЧ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188