• Өнөөдөр 2025-02-06

ИНЭЭД БЭЛЭГЛЭГЧ

2024-11-05,   299

      Хөөрхөн, хөгжилтэй, хүүхэд шиг гээд түүнийг алинаар нь ч оноож болно. Урлагт цалгисан инээд, цацарсан их авьяас билгээ түгээн 50 жил тайзнаа амьдрахдаа өнөөдөр ч тэр л хэвээрээ байгаа нь сонихон. Энэ бол МУГЖ Б.Туяа.

     1974 онд наймдугаар ангид сурч байхдаа “Нэг ангийн хоёр” кинонд тоглосноор түүний жүжигчний гараа эхэлсэн гэдэг.
   Хүүхэд, залуучуудын театрт 15 жил, хошин урлагийн театрт 11 жил ажиллаад 2001 оноос “Өнгөт инээд” хамтлагт ажиллаж олон сайхан дүрээр бидэнтэй уулзжээ. Тэрбээр “Миний чин зориг”, “Бяцхан найз” жүжиг, “Би нисэх дуртай”, “Бэрсүүт жүрж”, “Зугтаарай”, “Бүтэлгүй новш” зэрэг уран сайхны кинонд тоглосныг бид андахгүй мэдэх билээ. Түүнээс гадна МУГЖ Д.Сосорбарам, Б.Батзаяа, Л.Чаминчулуун нартай хошин урлагийн гарааг анх тавьсан нэгэн.
    "Хэрвээ би эр хүн байсан бол..." гэж ирээд л тун эвлэгхэн дуулж, дуугаа үзэгчдэд дотноор хүргэхийг нь яана. 
 
      2000 оноос хойш өөрийн хамтлаг болон “Шинэ үе” продакшн, “Эрхэм элч” нэгдэл, “Инээдмийн ТҮЦ” хамтлагийнхантай хамтран “13 ааш”, “Гурван сарын баше”, “Соёолон тарваганы тоос”, “Доголон могой”, “Ширэнгэнд өнгөрүүлсэн өдрүүд”, “Инээдмийн ТҮЦ-1,2” зэрэг томоохон уран бүтээлд гол болон туслах дүр бүтээсэн нь одоо ч үзэгчдийн зүрх сэтгэлд тод буй. Хүүхэд багачуудад зориулж “Хэргийн эзэн”, “Дисней Лэндэд Туяа” гэх мэт бие даасан уран бүтээлийн тоглолт хийснийг нь ч энд дурдахгүй байх аргагүй.

       Б.Туяа гавьяат "Хэрвээ би тайзан дээр тааруухан жүжиглэвэл үзэгчдийн алга ташихыг сонсч чадахгүй. Тийм байдалд орвол би маш их гутарна. Гэхдээ надад азаар тийм зүйл тохиолдож байгаагүй. Би үзэгчдийн алга ташилтад л хайртай. Үзэгчдийн алга ташилт бидний хувьд шагнал болдог. Бас ард түмэн дунд "Гавьяат аа" гэж хэлүүлж байгаа нь надад том шагнал. Дээр нь аав, ээжээс хүүхдийн дүр бүтээх боломжтой ийм хөөрхөн бие, дуу хоолой, мэдрэмжийг бэлэглэсэнд баярладаг" гэж тайзнаа амьдарсан он жилүүдээ бахдан ярьсан нь бий.

      Мөн "Би Хүүхэд залуучуудын театрын жүжигчин байсан. Анх хүүхдийн кинонд 14 насандаа тоглосон. Тэр үеэс л би Хүүхэд залуучуудын театр миний байх ёстой газар гэдгийг ойлгосон. Угаасаа би жижигхэн биетэй. Тэгээд л хүүхдийн дүрийг бүтээгээд гаршчихсан. Тэр олон жилийн дараа одоо ч гэсэн хүүхдийн дүрийг бүтээгээд л явж байна шүү дээ. Би “Нас ахилаа, хүүхдийн дүрийг бүтээвэл муухай харагдах байх. Больё” гэхээр хүмүүс надаас “Хүүхдийн дүрд тоглоод өгөөч” гэж гуйдаг"  гэж өөрийнхөө хамгийн хөөрхөн дүрийн талаар ч өгүүлж. Инээд бэлэглэж 50 жил урлагт зүтгэсэн түүнд баяр хүргэе. Одоо ч бидний сэтгэлд түүний өхөөрдөм төрх бууж, хүүхдийн хөөрхөн дуунууд эгшиглэж, цовоо нүд нь эргэлдсээр байна. Түүнд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

ИНЭЭД БЭЛЭГЛЭГЧ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188