• Өнөөдөр 2025-05-10

СЭТГЭЛД ДОТНО АЯЛГУУНУУДЫН ЭЗЭН ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Д.ЛУВСАНШАРАВ

2024-07-06,   595

"...Атар газрыг чимэглэсэн

    Алаг цэцгэнд би дуртай

Ариун хайрыг минь булаасан

Амраг чамдаа би хайртай..." гэж хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав гуай Москвад сурч байхдаа эхнэртээ зориулан бичээд, аялгуу хийсэн дутуухан санагдаж л дээ. Тэгээд Б.Явуухулан зохиолчид хандсанаар "Би чамд хайртай" дуу бүтэж байсан гэдэг. Түүний аялгууг нь хийсэн дуунуудаас хамгийн оргил нь яах аргагүй энэ. Мэдээж "Маамуу нааш ир”, “Дурлал хайрыг минь дамжуулаарай", "Хэрлэн", "Эх орон", "Гурван тамирын уянга" зэрэг өөр олон сайхан дуунууд ч сэтгэлд дотно эгшиглэдэг. Ингэж хүний сэтгэлийн гол горхид хоржигнон урссан түүний бүтээлүүдээс ундаалахад ухаан бодолд цэлмэж, сэтгэл сая нэг тогтнуун болж амарна. Дуурь, бүжгэн жүжиг, магтуу, хөгжимт жүжиг, киноны хөгжим гээд Л.Лувсаншарав гуайн авьяас билгээс бүтээгүй төрөл байхгүй. 
 
"Цонхны цаанаас туяа туслаа
Цочоод харсан чинь цоорхой байлаа
Цаадах учрыг нь мэдсэнээс хойш
Цоолж нөхвөл нүгэлтэй болно оо хө" гэж "Нүгэл буян" киноны дуу эгшиглэж, араас нь "Баясгалан", "Аман хуур", "Нүгэл буян", "Төөрсөөр төрөлдөө”, “Өглөө", "Тэмцэл", "Жаргал даахгүйн зовлон", "Газрын жигүүр" зэрэг бүтээлийг нэрлэж болох байна. Харин дуурийн бүтээлээс нь дурдвал, "Хан бүргэд", "Нударга Доржоо", "Шивээ хиагт", "Ард Аюуш", "Нүцгэн ноён", "Хадам ээж" зэрэг, бүжгэн жүжгээс нь "Нарны домог", "Бөртэ чоно", "Сарны наадам" гээд хөвөрнө. За тэгээд "Цэцэг нуурын хошуунд", "Гайхамшигт лимбэ”, “Алдагдсан тамга", "Маш нууц”, “Ногоон дарь эх" хөгжимт бүжгийг ч мартах аргагүй. Нэгэнтээ дурдаж, дурсаж, бүтээлүүдийг нь эргэж тойрон бичиж байгаагийнх магтуунуудыг нь ч нэрлэх зүйтэй байх. "Эх орон" , "Монгол орон бат оршиг" ,"Хэзээд бэлхэн" "Мөнхийн Ленин", "Алтан соёмбын дуулал", "Хилийн цэргийн алдар" зэрэг арав гаруйг эгшиглүүлжээ. Ингэж тэр хөгжмийн төрөл бүрд авьяасаа сорьж, сэтгэлээрээ эвж тулж бүтээл туурвисан уран бүтээлч юм. Өдгөө цөм эгшиглэж, хүний сэтгэлийн халуун тулганд гал цог бадраан төөнөж байна. 
 
       Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Дагвын Лувсаншарав гуай Хэнтий аймгийн Баянхутаг сумын
Зүүн хашаатын яндаг худаг гэдэг газар төржээ. Аав нь түүнд Балдандорж гэж нэр хайрласан ч дараа нь лам багш сахил хүртээж Лувсаншарав гэх болсон гэдэг. Дагва гуай морь уях дуртай, адуунд эрэмгий, сумын наадамд зодоглочихдог, дархан хийдэг байжээ. Эх нь А.Уртнасан гэж үйлд уран, мяндагтай лам нарын хиазтай хамба, ноёдын дээл хувцас оёж, сүм хийдийн чимэглэл урладаг хүн байжээ. Түүний өвөг эцэг Цүлтэм нутаг усандаа хүндтэй, мяндаг тушаалтай, номтой хүн байсан байна. Энэ ч үүднээс 1939 онд улс даяар бичиг үсэгт тайлагдах хөдөлгөөн өрнөх үед тэрбээр төвөд, монгол бичиг заалгаж, шалгалтад орж тэнцээд багшилсан байна. Эндээс түүний ажил, уран бүтээлч болох гараа эхэлжээ. 

    Сумын бага сургуулийн хичээлийн эрхлэгч, аймгийн намын хороонд бичиг үсгийн багш, жолооч, 1942-1944 онд Хэнтий аймгийн ажилчны клубт жүжигчин, хөгжимчин, найруулагч гээд хийгээгүй ажил ч байгаагүй аж. 1945-1949 онд Улсын хөгжимт театрт жүжигчин, дуучин, 1949-1952 онд Улсын хөгжимт драмын театрын найрал дууны багш, 1952-1954 онд Ховд аймгийн хөгжимт драмын театрт найрал дууны багш, уран сайхны удирдагч, 1954-1959 онд ЗХУ-ын Москва хотын П.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн Их Сургуулийн найрал дууны удирдаачийн ангид суралцсан байна. Харин 1960-1963 онд Улсын хөгжимт драмын театрт найрал дууны багш, 1963-1975 онд Улсын дуурь бүжгийн театрын уран сайхны удирдагч, 1975 оноос Улсын ардын дуу бүжгийн чуулгад дарга, уран сайхны удирдагчаар ажиллажээ. Ингээд 1989-2004 он хүртэл УАДБЧ-ын зөвлөхөөр ажилласан байдаг. Тэрбээр нэгэн ярилцлагадаа “Би ер нь хөгжмийн хүн болно гэж ер бодож яваагүй. 13 наснаасаа анх багшийн ажил хийсэн юм. Тэр үед, 38, 39 онд, бүх нийтээр бичиг үсэгтэй болох зорилтыг тавьж байсан цаг. Хөгшин залуу бүхий л улсыг дугуйлан маягаар, гурван сараар, дөрвөн сараар хичээллүүлж, Монгол бичигт сургадаг байв. Би чинь 6 настайгаасаа, хийд дээр байхдаа Монгол бичиг заалгачихсан хүн. Сайхан Монгол бичигтэй лам хүнээр заалгасан юм. 38 онд 12 настайдаа хар болоод бичиг мэддэг байсан болохоор шууд л бичиг үсгийн багшаар томилогдож билээ" гэсэн байдаг. Сэтгүүлчдэд өгсөн ярилцлага, нэвтрүүлгээс нь харахад тэр өөрийн хийсэн бүтээлүүдээ тун даруугаар өгүүлдэг байжээ. Нэг ёсондоо илүү ч хийхийг зорьж байж. Хамтдаа "Би чамд хайртай" дууг бүтээсэн Б.Явуухулан зохиолчтой их найзууд аж.
      Тиймдээ ч тэр "Москвад таван жил болоход ёстой нөгөө өвөр түрийдээ орно гэдэг шиг хамгийн ойр дотно байсан анд маань Б.Явуухулан юм. Тэгээд ч бид хоёр гучаад дуу хамтарч хийсэн. Тэр үед чинь Явуу Монголын утга зохиолд дотоод сэтгэлгээний, голцуу хайр дурлалын чиглэлээр эргэлт хийсэн хүн шүү дээ" гэж дурссан байдаг. Д.Лувсаншарав гуай гэхээр эрхгүй энэ дуу тэргүүнээ бодогдож, хэн бүхэн
"Холоос гүйдэлтэй борлог минь
Сульдаа ганхам жороотой
Голоос хайртай амраг минь
Шөнөдөө гэрэлтэм царайлаг даа..." гэж аялна. Энэ бол түүний бичсэн эхэнд өгүүлсэн мөрт дээр Б.Явуулан гуайн нэмж бичсэн мөрт. Хайртай хүнээ санаж бичсэн түүний сэтгэлийг дотно нөхөрлөж, санаа сэтгэлийн холбоосыг мэдэрч байсан Явуу зохиолч гүйцээн бичсэн нь сайх энэ бүтээл төрөх, хүн бүрийн сэтгэлд дотно эгшиглэх бүтээл болжээ.

СЭТГЭЛД ДОТНО АЯЛГУУНУУДЫН ЭЗЭН ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Д.ЛУВСАНШАРАВ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-07-06 11:48:34
    zochin: aguu chun baisandaa
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188