• Өнөөдөр 2025-02-08

ЗҮҮДНИЙ АНГУУЧИД

2024-06-27,   201

Милорад Павичийн өгүүллэгийг орчуулагч Ц.Цэнгэлийн хөрвүүлснээр хүргэж байна. (Үйл явдал Теодор Милишич болон худалдаачин Николичийн байранд болно, Карагеоргийн гудамж, 42 ба 44)

ХОЁР ЗАХИДАЛ

     Надад танихгүй улсаас захидал цөөнгүй ирдэг. Энэ Бархасбадид ч мөн тэгж таарав. Нэг өглөө тийм хоёр захиа авлаа, хоёулаа оройн зоогт урьсан заллагатай байх мөрт өдөр цаг нь давхацсан байв. Нэг захианд нь ийн бичжээ: Хайрт минь, дааж давшгүй саад бэрхшээлтэй учраагүй даанч их хайр гэж байдаг сан бил үү? Зүүдэнд минь өдгөө намар, шөнө дөл. Харин чамаас хойш арилаагүй хэд хэдэн сүүдэр, амтат жимсний үнэр л үлдэж. Би чамайг хүлээнгээ өрөөгөө өөд нь татаж... цэцгээр чимээд ямааны эврэн самаар үсээ самнасан, зүүд минь зүг чиггүй хэвээр, үс минь ч өрвийхөөрөө өрвийсөн янзаар, сэрүүн үед бол анхилах асан цэцгүүд тэнд үгүй хэр нь, зүүдэнд болохоор цэцэглээд, чиний ч миний ч үсийг самнаж болох сам ч бас тэнд алга. Олон толинууд дотор би унтлагын хэдэн өрөө хэсэн ханатлаа унтаж, угаалгын өрөөнүүдэд усанд хангалттай л булхлаа. Одоо би тэр өрөөнүүдээс үтэр зайлж амьдралд эргэж ирмээр байна. Өнөө орой Цогчин сүмийн цагийн гэрэл асангуут би чамайг хотын бага зээл дээр хүлээе. Улирч одсон хайраа дахиад нэг харчих. Хүмүүнийг төрүүлж чадах амьд дэлхий адил би чамайг тачаан хүсэмжилж байна. Хайр энэрлээрээ намайг өлгийд: уруулын минь уран хээ болгон дахь гашуун нулимс тэнхрүүлэх чадалтай тэнгэрлиг нулимсны тухайд өчнө. Энэ бол аймшигт төгсгөлийн өмнөх бидний эцсийн учрал ч байж болно гэдгийг бодолцоорой. Хувь тавиланг нь чи бүтээсэн тэр эмэгтэй чамайг дуудаж байна.

Чиний В.М.

     P.S. Саавын энгэрт цаад зуунд баригдсан хоёр гайгүй сайхан байшин бий. Нэгийг нь "Цайны өнгөт байшин" гэх, Карагеоргийн гудамжны 44 дүгээр байр. Тэнд "Цайны өнгөт байшин"-д би чамайг хүлээж байя. Оройн зоог барина. Хэрвээ 42 дугаартай "Цэнхэр байшин"! гэх зэргэлдээх байранд чамайг урьсан бол миний урилгыг л хүлээж аваарай, чамаас хичээнгүйлэн гуйя. Тэр өдөр танихгүй улсаас авсан хоёр захидлын нэгэнд ийн өгүүлжээ. Удаах нь мөн тэр үдэш, гэхдээ "Цэнхэр байшин" (Карагеоргийн гудамж. 42) гэсэн өөр хаягаар оройн зоогт урьсан маш товчхон захидал байв. Энэ урилгын тухайд эхний захианд өгүүлсэн нь тов тодорхой. Хоёр дахь захидлыг мөн л товчилсон үсгээр - д-р И. С. гэж төгсгөжээ. "Би ямар сүнс сүлдээ хог дээрээс олсон биш, нэрээ ч хэлэхийг хүсээгүй ор танихгүй улс руу зоргоороо яваад очно гэж юу байдаг юм. Хамгийн түрүүнд толгойд ийм бодол орж ирэв. Гэсэн ч би нөгөө хоёр захидлыг дахиад уншлаа. Зарим үг хэллэг нь танил ч юм шиг санагдсаныг хэлэх хэрэгтэй байх... Би вээр д-р И.С. гэж төгсгөсөн хоёр дахь урилгыг эрэгтэй хүн бичиж, харин "Цайны өнгөт байшин"-д оройн зоогт урьсан захидал бол, ойлгомжтой, эмэгтэй хүний жинхэнэ хайрын захиа байна гэж бодлоо. Тэгээд нас ахисан хүнд хайртай дуртайгаа илэрхийлнэ гэдэг хүсээгүй хэдий ч хэзээд хувь заяаны бэлэг байдаг гэсэн нэг тийм үг байдгийг санаад энэ хоёр байрны талаар лавлаж мэдэхээр шийдлээ. Саавын эрэгт яг зэрэгцүүлээд барьчихсан хуучирч муудсан ч боломжийн сайхнаараа хоёр байшин байдаг юм байна. XIX зууны эцсээр баригдсан хоёр байшингийн нэг урьд нь Николич гэх худалдаачных байсан, дээвэр дээрээ бөмбөгөр оройрхуу юмтай, нэг давхартаа хэдэн жижиг мухлаг дэлгүүртэй, хоёр давхартаа сууц бүхий, нөгөө нь Теодор Милишич гэгчийнх байсан ажээ. Аль алиных нь дээд давхар дангинатал цоожлоостой, ямар ч чимээ аниргүй дүлий дүмбэ. Хөршүүдийнх нь надад ярьснаар тэр дээд давхарт хоёр байшинг холбосон царсан хаалга байдаг гэх. Миний олж мэдсэн юм гэвэл ердөө л энэ. Энэ зуур хоёр захидлыг дахин уншиж байгаад бас нэг юм анзаарсан минь юу гэвэл захидлуудад цэг, таслалыг яг над шиг тавьсан байв. Энэ нь миний сонирхлыг бүр ч илүү өдсөн тул би зангиандаа муу юмнаас хамгаалдаг ногоон чулуутай зүү хатгаад хоёр урилгад хоёуланд нь очихоор шийдэв. Мөн л тогтоосон л бол муу үйлээс найдвартай хаадаг гэх тарниа сайн санаж байгаа эсэхээ шалгаж, ойр тойныхоо олон халааснаас олж ойрынход нь хийчихээд товлосон газар руу явлаа. Хоёр байшин нэг дор зэрэгцээ юм чинь хэн нь аль байшинд байгааг мэдэж цөхөх юмгүй гэж бодсон боловч Карагеоргийн гудамж руу уруудаж ирсэн хойноо эхлээд "Цэнхэр байшин"-д нь орох уу, эсвэл "Цайны өнгөт байшин"-д нь уу гэдэг дээрээ очоод ацан шалаанд уналаа. Тэгээд зангиан дахь зүүгээ өрөөсөн гараараа тэмтрээстэй, явж явж ямар ялгаа байгаа юм гэж бодов. Хоёр байшин эгээ л эгч дүү хоёр шиг, өдөр гэхээсээ шөнөөр илүү үзэсгэлэнтэй харагдана. Хаалга чихрах, цонхны хүрээ тас няс хийх, шалны банз нахилзан дуугарах, нууцлаг санаа алдалт болон тэртээ 1890 онд барьж байсан мужаануудаас нь үлдэж хоцорсон шивнээ яриа дүүрэн хоёр байшин сарны туяанд умбан байлаа. Тэгтэл цонхнууд нь гэнэт гэрэлтэн асав. Эхлээд нэг байшинд нь шар, дараа нь нөгөөд нь цэнхэр гэрэл гарсан бөгөөд дээд давхрын цонхнуудын энэ цэнхэр гэрэл надад давхар юм шиг санагдлаа. "Эр эм цэнхэр" - гэж бодсоноо би орохоор шийдэв.

ЦАЙНЫ ӨНГӨТ БАЙШИН (Карагеоргийн гудамж,44)

     Намайг "Цайны өнгөт байшин"-гийн нэг давхрын уужим цэлгэр өрөөнд явж ортол голд нь гял цал бүтээсэн ширээ тойроод үзэсгэлэнтэй залуухан гурван эмэгтэй сууж байлаа. Нэгнийх нь царай бүйлсийн самрын өнгөтэй, нөгөөгийнх нь бүйлсийн самрын ясных шиг, харин гурав дахь бүсгүйн уруул шүлэг найрагт гардаг шиг бяцарсан интоорыг санагдуулах аж. Би гурвууланг нь огт танихгүй юм... Хананд нь холланд хар жаазтай хуучны тосон будган зураг өлгөөтэй, хамгийн том дээр нь "Ээрч байгаа бүсгүй" харин арай жижгэвтэр нөгөө хоёр дээр "Эвшээж буй ноёнтон"," Зогьсоо нь зогсдоггүй эмгэн". Буланд дугуйтай төгөлдөр хуур, тэр мөрт эгээ сүйх тэрэг аятай, морь хөллөөгүй л болохоос аралтай. Хуурын эсрэг талд толин дээр зурчихсан бурхны хөрөг. Шидэт амьд ус ариулж байгаа эх дагина, Христос хоёр. Уран зураачийн бийр шилний толин гадаргууд хүрээгүй болохоор ус нь жинхэнэ юм шиг л гялалзах. Бурхадын хөрөгтэй зэрэгцээд "Цэнхэр байшин" руу ордог нөгөө царсан хаалга. -Өө, ашгүй! -хэмээн гурвуул зэрэг уулга алдсанаа хатагтай нар суудлаасаа босон мэнд мэдэх мөрт надад хүрэхээс сэрэмжилсэн аятай нэг нь ч гараа өгсөнгүй. Биднийг ширээнээ суумагц цагаан өмсгөлтэй үйлчлэгч эмэгтэй өрөөнд цар тавиур авч орж ирсэний дээр шилэн таган дор багц хөзөр байх. Жүүд цагаан толгойн "алеф" үсгийн хэлбэрт "А" үсгэн хатгамал бүхий алчуур ханцуйнаасаа цухуйлгасан миний дэргэдэх бүсгүй хөзрийг аваад над руу сарвайнгаа гуравхан л хөзөр авахыг сануулав. Тэд ч мөн гурав гурван хөзөр авлаа. Үүний дараа үйлчлэгч хөзрүүдийг авав. Тэр цонхны дэргэдүүр өнгөрөхдөө хөшигний бөсөөр хөлстэй нүүрээ сэм арчихыг нь би анзаарав... Миний баруун гар талд суусан бүсгүй:

-Энэ хөзөр ямар учиртайг та мэдэх үү? гэж асуухад үсэг бүхий алчууртай бүсгүй: -Би чамд учрыг хэлье. Энэ хөзрүүд хоолны цэсийг орлох юм. Чи энэ гурван хөзрөөр оройн хоолонд юу идэхээ сонголоо. Хөзөр болгон нэг нэг хоол, гээд цааш нь ийн шулганаж гарав, - Ингэхэд чи бид гурвыг таньсангүй. Гэхдээ энд гайхаад байх юм ч юу байх вэ. Чи тэр үед ч биднийг нэг их тоодоггүй байсан. Чи бид гурвыг бүр өнгөрсөн зуунд мартсан. -Үнэнийг хэлэхэд би хориннэгдүгээр зуунд өөрийгөө учиргүй сайн сайхан байна гэж бодохгүй л байна. Тиймээс, магадгүй...

-Бид хэн гэдгийг санахад чинь би чамд тусалъя, гээд тэрээр цааш... Үдэш унтмагцаа бид жүжигчид болоод өөр өөрсдийн дүрд тоглохоор дандаа өөр шинэ тайзан дээр гардаг. Өдөр нь үү? Өдөр нь сэрүүндээ тэр дүрдээ бэлддэг... Харин чи, чи бол бидний жүжгийг үзэхээр, тоглохоор биш, үзэхээр үзэгчдийн танхим руу ордог. Энэ хэсгийг хэлээд үзэсгэлэнт бүсгүй над руу цоо ширтсэнээ: Одоо, чи намайг таньсангүй юу, Үгүй ээ? Урьд нэг цагт чи надад хачин их хайртай байсан даа. гэлээ.

-Хориннэгдүгээр зуунд амьдарч байгаа бидний гол онцлог бол бид өнгөрсөн, хорьдугаар зуунд болсон бүхнийг мартдагт л байгаа юм. Бидний санаа сэтгэл ахархан ч, алмай ч болж. -Гэхдээ миний саяын хэлдэг үгнүүдийг чи үнэхээр санахгүй байлаа гэж үү?

-Үгүй. -Энэ чинь чиний л үг шүү дээ, чиний зохиосон. Би харин чамаас сурсан. Би бол чиний "Хазар толь" номын чинь баатар Атех гүнж. Ичсэн би хажуудах хүүхнээ илүүтэй анзаарч харвал гоолиг, надаас яльгүй өндөр нуруутай, том хоёр нүдний нь нэг нь ногоон, нөгөө нь нил өнгөтэй юм. Тэгээд ч зогсохгүй ногоон нүд нь нөгөө нил өнгөтэйгөөсөө илүү түргэн хардаг шиг санагдлаа. Тэр ч бүү хэл түүний ногоон нүд ертөнцийг бидний "яг одоо"-гоос агшны өмнө, харин нил нүд нь эгшний хойно хардаг юм байна гэж тангараглахад ч би бэлэн байна. Энэ нил нүд нь ногооноосоо яг энэ "одоо"-гоор хоцрох аж. Ингэж мэдэнгүүтээ би бүр сандарч орхисны учир гэвэл хэрэв гүнжийн нил өнгөт нүд одоо цагаас хоцордог, ногоон нь өмнөх ирээдүй рүүгээ чиглэсэн юм бол гүнж намайг яагаад ч харж чадахгүй, би чинь яг одоо цагт байгаа юм чинь. Өөрөөр хэлбэл тэр зөвхөн "өөр нэг" намайг харна гэсэн үг. Намайг хараад байгаа нь ч илт байв. Над руу ширтэх мөрт тэр хэнийг харж байгаа, "Цайны өнгөт байшин"-д өөртэй нь зэрэгцээд хэн сууж байгаа хэрэг вэ?

Тэр ногоон чулуутай зүүнээс минь хараагаа салгалгүй: -Сахиус уу? гэж асуухад нь би хариулахын оронд таны хажууд сууж байгаа хатагтай хэн бэ? гэж асуув. Миний асуусан хатагтай тун тааламжтай хэр нь задынх шиг хүчтэй үнэр ханхлуулах нь өөрөө ямар нэг анхилуун бөмбөлөг дотор сууж байгаа юм шиг санагдах... Тэр ганц үг ган хийхгүй ширээн дээр гар цүнхнээсээ гаргаж тавьсан юмс нь өнгө өнгийн эмэгтэй хүний гоёмсог самнууд байх аж. Тэдгээр нь мөнгөн, болор, зааны ясан, танан, хатуу хар модон, матмал ясан бас жижигхэн хаш сам байлаа. Тэр ширээний цаанаас: -Чи эд нарыг таньж байна уу? гэж асуугаад намайг үгүй гэсэнд, Чи надад бэлэглэж байсан шүү дээ гэж нэмж хэлэв. Тэгээд төгөлдөр хуурын ард суун тоглонгоо дуулж эхлэв. Дууны үгнүүд нь түүний биеийг хулдсан анхилуун бүрхүүл үүрийг нэвт их л шаналгаатай шүүрч байв. Би вээр аялгууг сонсох зуур "Энэ бүсгүй мөдхөн босч халбага харшуулан бүжиж эхлэх нь дээ" гэж бодов. -Та ямар дуу дуулж байгааг нь мэдэж байна уу? гэж гурав дахь хатагтайг асуухад би: -Үгүй ээ! гэлээ. Үнэн нь тэр юм чинь. -Энэ дуу таны "Цайгаар зурсан байгаль" романы "Сүүлчийн цэнхэр Буд гараг" гэдэг дуу. Номын баатар эмэгтэй шиг Витача Милут өөрөө дуулж байна. Тэр өнөөдөр таныг оройн зоогт урьсан байхгүй юу. -Тэрнээс ямар сүрчиг үнэртээд байгаа юм? -Энэ чинь сүрчигний үнэр биш ээ, амьдрах их хүсэл нь ингэж илэрч байгаа юм. Хэрвээ та түүнийг толинд харах юм бол их хүслийн энэ үнэр нь өнгөтэйг олж үзнэ. Би толин дээр зурсан бурхадын хөрөг рүү эргэн Витача Милутыг харвал тэр анхилуун үнэрийн цэв цэнхэр бөмбөлөг дотор сууж үзэгдлээ... Яг энэ мөчид голын зүгээс усан онгоцны дохио дуугарч, дохион дуу байшингийн цонхны тоолонгоор цуурайлаад цааш Дунай мөрөн тийш уруудахад царсан хаалга онгойж, өрөөнд толгойдоо ширхэг ч үсгүй нүсэр бадриун биетэй хүн орж ирэв. Хөмсөг нь живэр сахал аятай сөрвийсөн байх агаад хэнбугайг ч хөгшрүүлэх хүнд харцаа тэр нуух ажээ. Ийм улсын дэргэд хумс шарлаж, чих дэлдийдэг дээ гэж би дотроо дүгнэв. Тэр гар барилгүйгээр бүгдтэй нь мэндлэх мөрт намайг алгасч, хараагүй дүр эсгэв. Үзэсгэлэнт бүсгүйчүүлийн нэг нь надад энэ шинэ зочин хэн болох тухай шивнэсэн боловч би юу ч ойлгосонгүй. Бид чухам энэ хүнийг хүлээж байсан бололтой. Юу гэвэл тэр даруй ширээнээ аяга таваг өрж бид ч хооллож эхэллээ. Үнэхээр л хүн бүрт өөр өөрийнх нь хоолыг өгчээ. Надад шарсан хар чидун жимсээр шанзалсан цагаан чидун зууш ирлээ. Халбаганууд нь түлхүүрэн иштэйг би анзаарлаа. -Та ингэхэд хэн бэ Ингэж асууж байгааг минь өршөөгөөрэй! хэмээн би ширээний цаад талд суугаа гурав дахь хөөрхөн хүүхнээс асуув. Тэр л ганцаараа намайг "та" гэж байсан ч гэв гэнэт "чи"-лж: -Өнгөрсөн зуунд даа, чи ч бас нэг цагт надад хайртай л байсан гэв. -Танд бас уу? Санах юм алга. Гэхдээ та гайхах хэрэггүй. Би урьдын байсан шигээ байхаа болиод удаж байна. Танд ний нуугүй л хэлье, би өгүүллэгүүдийнхээ зохиогч нь байхаа аль хэдийнээ больсон, романуудынхаа зохиогч хэвээр байх минь ч танагдсаар нэг л өдөр бүрмөсөн болино. Гэлээ гэхдээ явж явж та тэгэхээр хэн болж таарч байгаа юм? -Би сахиус. Хэрвээ чи намайг үрээд дуусгачихвал миний хэрэг гэж чамд байхгүй болно. Хэрэв зээ намайг хэрхэн дүүргэх учраа олчихвол чинь би дахиад л чамд хэрэг болох болно. Гэхдээ сахиус чамд хэрэг болохгүй гэдэг нь өөр нэгэнд хэрэггүй гэсэн үг биш шүү гэдгийг бодоорой... Би "Константинополь дахь сүүлчийн дурлал" романы чинь Ерисена Тенецки байна. Түүний үгэнд цочирдсон би дотроо "Би чинь өөрийнхөө номнуудыг хамгийн сүүлд өнгөрсөн зуунд уншсан юм байна шүү. Ахиж сөхөж хардаг ч юм уу? Тэнд одоо ер нь хэн эс байхыг хэн мэдлээ..." гэж бодов. Тэгтэл ч Ерисена дөнгөж сая хэлсэн сахиусны тухай үгс бүхий зуун арван хоёр дахь хуудсыг нээсэн ном над руу сарвайлаа. Би номыг авах гэж байгаа дүр эсгэсэн ч үнэн хэрэгтээ тэр номыг барьж байгаа гарт нь хүрмээр байв. Гэвч хуруунууд маань түүний гарыг нэвтэлж өмнө нь байгаа тавганд тулаатахсанд би: -Тэгэхээр би таныг хайрлаж болох ч танд хүрч болохгүй юм шив дээ, гээд мушийв. Гэтэл Витача: -Тийм ч бас биш ээ. Чи сана даа. "Цайгаар зурсан байгаль"-д романы баатар хүүхнүүд, цусыг чинь сордоггүй ч хааяадаа зүүдэнд чинь орж уран сэтгэмжийн үрээ тогтоох гэж, дур тавьсан эр бэлгийн эс сунгаас чинь бага зэргийг хулгайлдаг нөгөө ороолон эмсийн тухай бичсэн хэсгээ... Бид гурав мөрий тавьсан юм аа. Хэрвээ чи бид гуравтай оройн зоог баривал өнөө шөнө биднээс хэнд нь илүү хайртай. Тэрнийгээ зүүдлэх ч юм бил үү гэж. Ширээний эхэнд сууж байгаа энэ ноёнтон зүүд уншиж чаддаг юм. Тийм болохоор бидэнд туслах болуужин гээд л урьсан юм. Өнөө шөнө энэ чиний зүүдийг барьж аваад бид гурвын хэн нь тэнд байхыг бидэнд хэлж өгнө... Ингэхэд нь би ширээний цаадтайх эрэгтэй рүү харав. -Ойлгомжтой, чи намайг ч бас таньсангүй, гэхдээ тэр над руу харсангүй, хүнд харцаа ширээн дороос, магадгүй шалан дээрээс цуглуулж авч байх шиг санагдлаа. Би зүрх алдан: -Та бид хоёр ч гэсэн танил байх нь уу? гэж асуув. Яг энэ агшинд гүнж дуу алдахад би ч түүний түргэн ногоон нүд нөгөө хоёр дахь нил нүд хийгээд бид хэдийн хамтдаа харах нэг тийм юм олж харжээ гэдгийг ойлгов. Тэр ч ёсоор боллоо. -Би Аврам Бранкович, чиний гурвантаа алдаг одоо би ярьж болно) бол ороолон, тэгээд энэ ертөнцийг ямар байдалтай орхисноо тогтоож амжсан. Намайг оршуулахдаа ороолон байхыг минь болиулах гэж жирийн цагт хөлийг нь харуулдаг зүг рүү толгойг минь харуулж тавьсныг би санаж байна. Мөн намайг яаж егүүтгэснийг ч би санадаг. Би үүнийг маш сайн санадаг: намайг дэрээр боож байхад хүн өөрийнхөө өчигдөр болоод маргаашийг даанч хожуу, үүсч бий болсноосоо хойш сая жилийн дараа нээсэн, - эхлээд тэр маргаашаа, дараа нь өчигдрөө нээснийг би ойлгосон. Хүн тэднийгээ өнгөрсөн ба ирээдүйн дунд хавчуулагдаад тэр шөнө нийлээд бараг нэг болтлоо томорсон тэр өнгөрсөн, ирээдүй хоёрын дунд устаж алга болсон одоо нь харанхуйд унтарч асан эрт цагийн тэр нэг шөнө нээсэн юм. Тийм учраас би яаж үхсэнээ ч мэднэ: энэ явдал өнгөрсөн ирээдүй хоёр миний дотор мөргөлдөөд намайг няц дарсан яг тэр агшинд болсон... Ийм л юм болсон. Харин чиний тухайд гэвэл чи бидэнд үнэмшилтэй нотолгоо гаргаж өгнө дөө, харин биднийг дэмий нэг ирүүлсэн байх юм бол сайнаа үзэхгүй гэж мэд гэнгүүт доктор Сук аюун ширвээтэв үү гэлтэй яаран ийн ярилаа: -Тэгэлгүй яах вэ, нотолгоо нь энэ байна. Таны саяын ярьдаг үхэл таных мөн л дөө, гэхдээ миний танд ярьдаг, та өөрөө санахгүй байгаа үхлээс хойно болсон үхэл. Учир юу гэхээр та гурван удаа алуулсан юм. Тиймд гурвантаа өшөөгөө авах эрхтэй гэс эн үг. Тэгэхээр амьд явсныхаа тухай таны үхлийн дараах дурсамжийн гүнд хаа нэгтээ таны гурав дахь үхэл ч бас байгаа гэдгийг сана. Чухам тэр үхэл л би үнэнийг хэлж байгаа, та нарыг дэмий ирүүлээгүй гэдгийн хамгийн найдвартай нотолгоо юм. Тийм учраас та гурав дахь удаагаа яаж үхсэнээ сайн сонс. Та улаан болоод алтан бөмбөгөр оройтой тоглоомон юм шиг жижигхэн сүмийг дуурайлган барьсан алаг пийшингийн ард адгасан хэр нь хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Танаас нэгтээ халуу төөнөсөн, нөгөөтээд тэсгэм хүйтэн өвдөлт таны биеэс он жилүүд аятай гадагш чөлөөлөгдөхөөр цоролзож, огцом солигдож байснаа гэнэт танаас гадагшлан урсаж та шээстэйгээ хамт өнгөрсөн бүхнээсээ чөлөөлөгдөн хов хоосон болсон. Дараа нь таны амьгүй болоод байсан толгойн дээрээс үстэй малгай шүүрчих шиг гэнэт бүх үс чинь унасан. Бранкович: -Тэгээд энэ чинь ямар нотолгоо гэж? хэмээн асуув.

-Нотолгоо нь таны толгой, Аврамтан. Хуруугаа зулайдаа хүргэ дээ. Миний саяын ярьдаг мөчөөс хойш таны гавал дээр нэг ч үс ургаагүй. -Наад бүх яриа чинь тулга тойрсон л юм байна. Эхлээд бидэнд хэлээтэх, чи өөрөө ингэхэд бас л үхдэл биз? гэж толгойн цагаан ороолттой гурав дахь зочин тэвчээр алдаж байгаа бололтой асуув. -Тийм. -Чи хэзээ үхсэн юм? -Саявтархан. Намайг ч бас тэр алсан. -Тэгвэл чиний үхэл биднийхээс хамаагүй залуу юм байна. Дор хаяж 300 жилээр. Биднээс ийм олон насаар дүү хүн яаж өөрөөс нь бүхэл бүтэн гурван зуунаар ахмад улс бид хэрхэн үхсэнийг мэддэг байж таарах юм? Түүнээс гадна хэрвээ чи одоо энд байгаа Аврамтантай адилхан өөрийнхөө үхлийг санаж байгаа юм бол чи өвчтэй гэсэн үг. Энэ чинь цэвэр эмгэг байна шүү дээ. Та хоёр шиг улсад бид яалаа гэж итгэх юм? Тэгэхээр аан гээ, доктор оо, бид яаж үхсэн юм?

   -Энэ ч ядах юмгүй ээ. Би энэ тухай зүгээр л уншсан хэрэг. Та бол Масуди. Таныг яаж алсныг би уншсан. Сэлэмний ганцхан цавчилтаар бүс чинь ч задарч амжилгүй биеийг тань хоёр хуваасан хүнийг та анзаарч ч амжаагүй. Сэлэм могойрсон мөр үлдээсэн бөгөөд бие тань үл ойлгогдох нэг юм хэлсэн уруул ам, махан биеийн нэг тийм архиралт шиг аймшгийн тахиралдан мушгирсан огтлолоор онгойсон байсан. Сэлэмний энэ аймшигт тахир цавчилтыг харсан болгон насан туршдаа мартдаггүй гэцгээдэг. Харин үүнийг харсан хүн нь Аверкий Скила гэгчийн сэлмийн хамгийн цуутай эрдмүүдийг харуулсан "Сэлмийн шилмэл мөр" номоос тэр цавчилтыг олж уншсан гэж ярьсан байна. 1702 онд Венецид хэвлүүлсэн түүний түүвэрт энэ цавчилтыг хонины ордны нэг одны нэрээр нэрлэсэн байдаг... Масуди бээр: -Тэгэхээр та тэндээс уншсан байх нь ээ. Гэхдээ та сэлмээр цавчуулж үхээгүй бусдынх нь үхлийн тухай яг тэр номоос олж уншсан гэдэгт би л лав эргэлзэж байна гэв. -Мэдээжийн хэрэг, би тэндээс олоогүй. Бусад үхлийнх нь тухай "Хазар толь" номд бичсэн байгаа. Өөр үгээр хэлбэл, та нарыг алсан хүн үүнийгээ яаж хийсэн талаар дэлгэрэнгүй тайлан бичиж үлдээсэн. Тэр энэ үхлүүдийг сэдэж төлөвлөж гүйцэтгэснийхээ дараа бас бичиж үлдээсэн байгаа юм. Та гурвыг алсан тэр хүн намайг ч бас зайлуулсан, тийм болохоор энэ номонд миний ч үхлийг бичсэн бий. Чухам тийм болохоор би бүх хэргийг уншиж судлаад та нарыг энд цуглуулсан юм. -Тэгвэл та одоо юу гээчийг төлөвлөж байгаагаа ярих цаг болсон байх аа. Тэгээд яагаад чухам биднийг урьж ирүүлсэн юм? гэж Коэн асуулаа.

   -Та нар өөрсдийнхөө үхэлд амьд сэрүүн үедээ хэн байсан, юу хийж явснаа санадаггүй байлгүй дээ. Харин би бол мэднэ. Та нар бол зүүдний ангуучид. Амьддаа та нар бусдын зүүдийг уншиж чаддаг, зүүдэнд нь орж, тэнд яг л өөрийн гэр оронд байгаа шиг оршин амьдарч, тэдгээрээр дамжин та нарт оноогдсон золиосыг, хүн, амьтан, эд юмсыг ангуучилж чаддаг байсан. Та нарын зарим нь нууцын чинадын чинадад хүрч, бусдын зүүдэнд загас сургаж, хүмсийн зүүдний үүд хаалгыг онгойлгож, бусдын мартагналд хэн хүнээс илүү гүн, бүүр Бурханд хүртэл шунгаж чадаж байсан. Ер нь зүүд болгоны ёроолд Боог байдаг... Чухамдаа яг ийм болохоор миний хүчрэхгүй юмыг хийж чадах та нар, миний үхлийг сэдсэн, хийсэн, бичсэн тэр этгээдээс өшөөгөө авахад минь та нар надад хэрэгтэй байсан юм. Би өөрөө зүүдний ангууч биш болохоор та нар үүнийг яаж хийхийг төсөөлөхөд ч надад хэцүү, гэхдээ үхэгсэд амьд хүмүүст чухам яаж муу юм хийхийг та бүхэн сайн мэдэх учиртай. Гэхдээ ажил хэрэгтээ орохын өмнө би та нарт нэг санал тавих гэсэн юм. Энэ царсан хаалгыг харж байна уу? Энэ хаалгаар "Цайны өнгөт байшин" гэдэг зэргэлдээ байшин руу ордог юм. Тэнд, энэ байшинд нөгөө хүнийг цайлахаар хатагтай нар хүлээж байгаа. Харин тэд түүнд тэс өмнөө сэтгэлээр ханддаг. Тэдэнд зүүдний ангууч хэрэгтэй байгаа, гэхдээ огт өөр шалтгаантай учраас би Аврамтаныг тийшээ орж тэдэнд туслахаа хэлээд зочин ирэхийг хүлээнэ үү гэж хүсье. Тэгсэнээр тэр энтээ талд ч гэсэн биднээс мултарч чадахгүй. Эгээ л түүний энэ үгийн хариу мэт усан онгоц дохиогоо хангинуулахад Аврам Бранкович босч, нэг ч үг хэлэлгүйгээр мөнөөх царсан хаалгаар зэргэлдээ байшин руу оров. "Цайны өнгөт байшин" руу. -Одоо надад хүлээхээс өөр мэх алга, харин та нар яасан нь илүү дээр вэ гэдгээ бодож олцгоо, гээд доктор Сук санамсаргүй маш ихэд өлдсөн мэт санагдах ханын цаг руу харлаа. -Бид нэг л юм хийж чадна. Гэхдээ ингэлээ гээд нэмэр болох уу, нэрмээс үү, үнэндээ хэлж мэдэхгүй байна гэж Коэн хэлэхэд Масуди:

-Чи Янусын хам өвчнийг хэлж байна уу? хэмээв. -Тийм. Аврамтан ч гэсэн түүнийг яг ингэж чадна. Бид түүний цаг хугацааг бутаргачихна. Мань зочныг хоёр болгож, түүн доторх эр эм цагийг тусгаарлана. Тэгээд хоёр хуваагдсан, өөрийнхөө эр эм мөн чанарт бутарсан тэр үлдсэн амьдралдаа өөрийн дөрвөн гар хоёр толгойг ганц зүрхтэйгээ зохируулж зохицуулах гэж үйлээ үзэг. Тэгснээр тэр эрт орой хэзээ нэг цагт өөрөө өөрийгөө отох болно... -Хэрвээ түүний урьд өмнөх аль нэг зүүд рүү нэвтэрч чадах юм бол бид түүнийг унтахаас өмнө ч амжуулж болох юм... Ингэж хэлээд Коэн буйдан сандлаас босч цонхоор харлаа. Цонхоор, ёроолдоо үй түмэн гэрэлт толботой Сава мөрөн үзэгдэж, "2" дугаарын трамвай гудамжаар Калемегдан толгойгоос уруудан гүүрэн доогуур шургах чимээ сонстоно. Коэн нэг ялааг хөшгөөр жийрэглэн цонхны шилэнд няцлаад алчихав. Масуди аниргүйг эвдэн: -Тэр өнөө орой ирнэ гэдгийг чи яаж мэдэж байгаа юм? Хэдий болтол хүлээх юм? Шөнөжингөө юу? хэмээн асуув. Доктор Сук: -Тэрнийг урьсан. Яагаад ирэхгүй, юу саад болно гэж гэхэд -Галзуу солиотой юм уу тэр чинь, наашаа ирж байдаг? Бидэнтэй уулзаад сайнаа үзэхгүйгээ тэр өөрөө мэдэж байгаа шүү дээ гэв. -Биднээс болж ир ирэх юм биш ээ. Хажуугийн 44-р байшинд байгаа улсаас болж ирнэ. Тэр тэдний амийг өршөөсөн! Тэд ч түүнийг ачтан буянтанаа гэж тосно. Гэхдээ үхэгсэд амьд хүмүүсийг харахгүй л дээ. Тэр аль хэдийнээ ирчихсэн, яг энэ өрөөнд хаа нэгтээ суугаад бидний яриаг чагнаж ч байж магад. Эсвэл хажуугийн "Цайны өнгөт байшин"-д бас хэдэн зочинтой, тэр дунд нь Аврамтан ч байгаа, оройн зоог барьж байж ч болох. Гэхдээ энэ нь бидний төлөвлөгөөнд саад хийж чадахгүй. Тиймд би та нарыг ангаа эхэл гэх байна. Яг энэ мөчид анхнаасаа л энэ яриаг сонсож буйдан сандалд тэрийж суусан би ангийн байн дүр болчихгүйн тулд ямар нэг юм хийх зайлбаргүй шаардлагатай нүүр тулав. Үүнийгээ би огт мэдэгдэлгүйгээр хийж болох л доо. Үхэгсэд амьд хүмүүсийг хардаггүй юм чинь. Би болгоомжтойгоор тэдний дундуур гараад зугтах санаатай царсан хаалганд хүрэв. Намайг хаалганы бариулд хүрэх, гадаа гудамжинд "2" дугаарын трамвай дохио өгөхийг сонсож, аз болоход хаалга цоожгүй байгааг мэдрэх яг тэр агшинд нөгөө талаас "Цайны өнгөт байшин"-гаас бариулыг хэн нэгэн огцом доош дарав...

 

ЗҮҮДНИЙ АНГУУЧИД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188