"Хайр гэж усны ундарга, модны үндэс шиг ёроолд нь байдаг юм байна" гэж хэлэхдээ Туул хайрын мөн чанарыг сая нэг ойлгоно. Гэхдээ тэр энэ бүхний учрыг олох гэж амьдралынхаа арав гаруй жилийг, нэмээд хайртай хүнээ өөрөөсөө хормын төдийд түлхэхдээ бүрмөсөн холдуулчихсан цаг хугацааг зарцуулсан гэхээр даанч харамсалтай.
“Хүмүүс нэгнээ, нэгэндээ өгсөн хайр сэтгэлээ зүгээр хайрлачихаж болдоггүй хэрэг үү. Ямар ч хэрүүл маргаан, үл ойлголцол, хардалт сэрдэлт, илүү, дутуу шунал, хүсэлгүйгээр үгийн сайхныг хэлж, хамаг сэтгэлээ дэлгэн ойлголцоод, итгэлээ бэхлээд ямар ч зовлонгүйгээр нэгнээ хайрлаж яагаад чухам болдоггүй юм бол” гэж Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Дармын Батбаярын “Хайрыг хайрла” жүжгийн зохиолыг нь уншихдаа ч, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар найруулагчийн найруулгаар тайзны бүтээл болсныг нь үзэхэд ч бодогдож байлаа.
![](/upload/images/IMG_0844.jpeg)
-ХАЙРЫГ ИЙН ОЙЛГОВ-
Хайр зөвхөн дэргэд байхаараа баяр төрүүлж, аз жаргал мэдрүүлж, бүхнийг дүүргэж, гэрэл гэгээтэй болгож, хамгийн дулаанаар төөнөж, харин холдохоороо санан үгүйлүүлж, ганцаардуулж, шаналж шархлуулж, халууран өвтгөж, хүлээлгэдэг зүйл биш юм байна. Хайр харин эсэргээрээ ойртож, дэргэд байх тусмаа хайрласан хүнийх нь нүд сохорч, дийлдэшгүй их хүслийн боол болгодог байна. Хамт байсан ч орхиод явах вий, холдчих вий, надаас өөр хүнийг хайрлачих вий, тийм ч хүсэл, ийм ч зүйлийг нь өгч чадсангүй дээ гээд л түмэн бодолд өөрийгөө унагаж, цаг үргэлж зовоож, хайраа мэрж эцэст нь холдоход хүргэдэг мэт. Хайрын мөн чанарыг ухаараагүй болохоор л өнгөн талд буй аар саархан зүйлсэд хөтлөгдөн угтаа бүхний суурь болсон, тэтгэж тэнхрүүлэгч хайрыг хайрлахгүй, түүнийгээ өнгөлөн гэрэлтүүлж, дулаацан бүлээцүүлэхгүй байсаар л хөргөж, хоёр тийш болж, хайрыг хатааж, хөлдөөдөг байх нь. Амаржаргал, Туул хоёр үүнийг тайзнаас үзүүллээ.
Тэдэн шиг гэр бүл олон бий. Тэгээд салж буй. Санаад, очмоор байв ч хатуу үгс, хайхрамжгүй зандаа хүлэгдээд шаналан зовж буй. Үнэхээр хайртай л бол хүлээсээ тайлаад оройтоогүй дээрээ очих хэрэгтэй, бүхнээ ярьж зүгээр л нэгнээ ямар ч хүсэлгүйгээр хайрлах хэрэгтэй шиг. Үзэгч миний хувьд сэтгэл хөндүүр байна аа, үнэндээ. Хайртай ч болохгүй байна гээд салсан хэчнээн гэр бүл энэ хотод байгаа бол гэж бодохоор гунигтай байна. Тэдний тэр их хайр зөвхөн зүрх сэтгэлд нь л оргилон ундарч, гадагшилж чадахгүй тэрүүхэндээ ширгээд үгүй болдог байх гэж бодохоор, хүмүүсийн хайр тийм хязгаарлагдмал баригдмал байсаар дуусдаг гэхээр түүн шиг эмгэнэл энэ ертөнц дээр байхгүй шиг санагдана.
![](/upload/images/IMG_0840.jpeg)
Н.НАРАНБААТАР НАЙРУУЛАГЧИЙН БИДЭНД ҮЗҮҮЛСЭН “ХАЙРЫГ ХАЙРЛА”
1984 онд бичигдсэн энэхүү бүтээл 2024 онд буюу орчин цагийн залууст Хүүхэд, залуучуудын тайзнаас хүрч буй нь энэ. Энэ цагийнхан хайрыг чухам хэрхэн ойлгож, харах вэ. Найруулагч Н.Наранбаатар энэ өнцгөөр найруулгаа тавьсан мэт. Дөрвөн залуус төрөх эмнэлгийн гадна дуулж, бүжиглэж буйгаар жүжиг эхэлнэ. Тэдний дундаас энэ өдөр Амаржаргал аав болохоор зогсож буй нь энэ. Залуус л болсон хойно хөөрнө, баярлана, нэгнээ ч бас хөөргөнө. Эмэгтэй хүн, эхнэр, хүүхдийн талаар өөр өөрсдийнхөөрөө ярьж, түүгээрээ нэгэндээ зөвлөнө. Гэсэн ч удалгүй Туулын зүрх нь хүнд өвдөж, төрөхөд хүндрэлтэй байгааг эмч дуулгана. Хэдхэн минутын өмнө аав болох нь гэж догдолсон хүний ганц хүү Амаржаргал хүүхэд, эхнэр хоёрынхоо аль нэгийг л авч үлдэх хэцүү сонголттой тулгарна. Түүний сонголт мөдхөн хорвоод мэндлэх үрээ буцааж, эхнэрээ авч үлдэнэ. Амаржаргалын хувьд хүүхэдтэй болохыг хүсдэг ч Туулаас юу ч хүсэж шаардахгүйгээр зүгээр л хайрлана. Харин Туул хайртай хүндээ хүүхэд төрүүлж өгч чадахгүйдээ бухимдаж, түүнээс салахаар шийдсэнээр жүжгийн үйл явдал цааш өрнөнө...
![](/upload/images/IMG_0845(1).jpeg)
Н.Наранбаатар найруулагч тус жүжгийг энэ цагийн залуусын араншин, байр байдалтай сүлж тавьснаараа, дуутай, бүжигтэй баялаг өргөн үзүүлжээ. Мөн нэмж Яргуй, Мөнхөө хоёрын дүрийг оруулж ирсэн нь дүрийн харилцааг илүү өрнүүлж өгсөн байна. Өнөөдөр цахим орчинд олон дагагчтай, хөдлөөд л лайв, стори хийдэг Яргуй шиг хүн олон бий. Ямар ч хариуцлага хүлээж, үүрэхгүйгээр ганцаараа эрх чөлөөтэй, гаднаас нь харахад юунд ч хөнгөн амар юм шиг мөртлөө угтаа ганцаарддаг Мөнхөө нар ч бий. Тэдний дүрээс бид өнөөдрийн өөрсдийгөө тольдон харж болохоор байв. Хайрыг түгээсэн, хайрын мөн чанарыг тайзнаас үзэгчдэд сануулж, хэлж буй жүжгийн баг хамт олонд баяр хүргэе. Хайрыг хагалж, эвдэж, бутлахгүйгээр эвлүүлж, өрж, босгон байгуулж, хайрлаж сурах хэрэгтэй гэдгийг тод үзүүллээ.
![](/upload/images/IMG_0841.jpeg)
ЕРӨӨЛ ТАВИЛАНГААР УЧИРСАН ХҮНИЙ ХАНЬ ХОСГҮЙ ЕЭ...
Жүжгийн төгсгөлд Туул "Ертөнц, байгальд тохиолдох түмэн учрал дотроос ерөөл тавилангаар учирсан хүний хань нь хосгүй еэ..." гэдэг. Тэр хайрын мөн чанарыг сая нэг ойлголоо гэж бичвэрийн эхэнд дурдсан бол төгсгөлд бүрмөсөн ухаарч ойлгоод дуусаж байна. Нээрээ л ертөнцийн энэ олон учрал дотроос нэгнээ хайрлан учрах учрал л хамгийн гайхамшигтай нь байх. Харин тэр хайрыг хэрхэн хайрлах вэ гэдэг л хамаг бүхний өмнө тулж ирдэг сорилт гэмээр. Тэгээд хариулт нь хайрын мөн чанарыг хагацахдаа биш хайрлахдаа таньж, хайртай хүнээ хайрласан шиг хайрлаж сурах л юм байна. Гэрэлээ Амаржаргалд "Хайр гэдэг нэгнээ байгаагаар нь хүлээн зөвшөөрөх зөвшөөрөл" гэж хэлдэг. Ерөөсөө л энэ юм байна. Хайр бол харилцан нэгэндээ ямар ч болзол тавьж, юуг ч хүсэхгүйгээр хайрлах гэдгийг "Хайрыг хайрла" жүжиг бидэнд хэлж байна.