Хосгүй сайхан хоолойгоороо ард түмэнд танигдсан ая зохиогч, нэрт дуучин С.Цэрэнчимэдийн дүү Х.Даваапунцагтай ярилцлаа. Монголчуудын сонсох, дуулах дуртай олон сайхан дууны эзэн С.Цэрэнчимэд нь "Ээж минь дээ", "Ухаарч амьдрах хорвоо", "Амьдрал хайр дээр тогтдог", “Бодлын наран”, “Арслантай авдар”, “Аав минь” дууны аяыг зохиож, өөрөө дуулсан байдаг. Тухайлбал, Монголын Зохиолчдын Хорооны дэргэдэх "Үлгэрийн далай" чуулгад дуучнаар ажиллаж байхдаа зохиолч, яруу найрагч Ч.Дагвадоржид ээждээ зориулж дуу хийх хүсэлтэй байгаагаа хэлж, шүлэг захиалснаар
“Будантай юу буурал хорвоо доо
Бүүвэйлж өсгөсөн ээж минь дээ хө
Буруу юу зөв хоёрыг
Ухааруулж өсгөсөн ээж минь дээ хө
Газар холоос санахад
Гаднаа бөртийж харагдах юм
Галуу шувуу ганганахад
Таныгаа дуулмаар дуулмаар болох юм” хэмээх "Ээж минь дээ" дуу “төрсөн” байдаг. Тус дуу нь 1989 оны "Морин хуур" наадамд дэд байр эзэлж, мөн тэр жилээ Монголын Радиогийн хөгжмийн редакцад сонсогчдоос хамгийн олон буюу 324 захидал ирүүлснээр тэргүүлсэн байдаг. 1990 оны нэгдүгээр сард болсон Монголын Радиогийн "Цагаан лавайн эгшиг" хөгжмийн нэвтрүүлгийн анхны тоглолтод дуулсан байдаг. Мөн 1998 онд “Ээж минь дээ” дуунд зориулсан хөшөөг Төв аймагт босгожээ.
-Сайхан өвөлжиж байна уу, та. Монголчуудын хайртай дуучин С.Цэрэнчимэд ахынх нь талаар ярилцахаар холбогдож байна?
-Бид сайхан өвөлжиж байна. Би Өвөрхангай аймгийн Бүрд суманд амьдардаг. Ахынхаа дуунуудыг сэргээж, “Ийм сайхан дуучин байсан юм шүү дээ” гэдгийг залуус хойч үедээ өвлүүлж, таниулах юм сан. Юу хийвэл зүгээр бол” гэж бодож, хаана хандахаа мэдэхгүй, учраа олохгүй сууж байлаа. Нэг ч болтугай хүн ахын минь тухай дурсан ярьж, уншигчдад хүргэхээр холбогдож байгаад баяртай байна. Одоогоор миний ах шиг дуулдаг дуучин төрөөгүй байгаа гэж боддог. Ахын минь энд хүрэхгүй юм аа гэхэд “С.Цэрэнчимэдийг дуурайж дуулж байна” гэхээр дуучин бараг л алга даа. Ах минь сайхан дуулдаг цөөн дуучдын нэг яалт ч үгүй мөн байсан. Тухайн үеийн сонсогчид надаар хэлүүлэлтгүй мэдэх байх.
-Таны ах аав, ээж, нутаг, ус, ханийн тухай ихэвчлэн дуулдаг, тийм сэдэвтэй шүлгэнд ая хийдэг байсан юм шиг санагддаг?
-Ах минь гэр амьтай хүн байсан. Ээжийн тухай дуунаас гадна
“Хэндээ ч нэг л зангаараа
Хээгүй гүдэсхэн аав минь
Далхан нуусан хайрандаа
Дандаа өлгийтэй өсгөлөө дөө” гээд аавын тухай дуу байдаг шүү дээ. Ах “Ээж минь дээ”, “Аав минь” хэмээх хоёр дуугаа жил дараалан хийж, дуулсан байдаг. Тэднээс гадна “Чамайг тойрон эргэлдэнэ”, “Ээжээс ерөөл хүсэх дуу”, "Зүүдэн бороо" “, "Насны хань", "Настан буурал эмээ", "Тод магнай", “Учрах хувьгүй заяа", "Хайр дааж амьдарна", "Чи бидэн хоёр”, "Ээжийнхээ хайраар", "Тод магнай", "Гандий мод", "Адуучны хийморь" зэрэг дууг дуулж, олны хүртээл болгож чадсан. Мөн ард түмэнд хүргэж чадаагүй олон дуу байдаг. Тухайлбал,
“Галбирах зандан мод минь
Гандана гэж баймааргүй
Ганцхан насны хань минь
Гомдоно гэж баймааргүй” хэмээх “Галбирах задан мод” дуугаа бүтээл болгох гээд аяыг нь зохиочихоод байгаа юм” гээд надад дуулж өгч байсан юм. Тэр дууг нь манай дүү дуулж, олны хүртээл болгох гэхээр шүлгийг нь хэн бичсэнийг нь мэдэхгүй байгаа. Тэр үед ах ханиасаа салчихсан байсан болохоор өөрөө шүлгийг нь бичсэн байж магадгүй. Бас
“Тулгат галынхаа үүдэнд тухлаж суусан ээж минь
Дэлгэрхангайн зам дээр дэгэж, дэрвэж давхисан аав минь” гээд сайхан дуунууд байдаг даа.
-“Ээж минь дээ” дуугаараа радиогийн хамгийн олон сонсогчтой дуучин болсон байдаг. Тэр утгаараа олон хүнээс захиа ирсэн байх?
-1989 онд Монголын радиогийн хөгжмийн редакцад ирсэн захидлын 324 нь миний ахад хаягласан захидал байсан гэдэг юм. Тэгээд тэр жилээ хамгийн олон сонсогчтой дуучнаар шалгарч байсан юм билээ. Бараг “Ээж минь дээ” дуугаараа тэр олон захидлыг сонсогчдоос авч байсан байх. Тэгж л өөрийгөө ард түмэндээ, дууны бүтээлдээ мөнхөлж байсан даа.
-Таны ах Монголын дууны урлагийн сор болсон бүтээлүүдийн эзэн нь юм. Тэгэхээр дуучныхаа хувьд ямар өнгө аясаар, хэрхэн дуулдаг байсан бол. Олон хүн дуулахыг нь сонсох гэж түүний байгаа газар нь цуглардаг байсан байх?
-Миний ах хөмсгөө зангидах аядаж байгаад л намуухан хоолойгоор дуулдаг байсан. Аливаа нэгэн зүйлтэй зүйрлэвэл, уулын цаанаас гараад ирж байгаа юм шиг. Эсвэл усны долгион намуухан давалгаалж ч байгаа юм шиг сэтгэгдэл төртөл дуулдаг байсан даа. Зун ахыг хөдөө ирэхээр айл, саахалтынхан морьтой нь морьтой, явган нь явган ирээд шөнөжин дуулж, хуурдаж, найрладаг байсан сан. “Үлгэрийн далай” чуулгын дуучин С.Цэрэнчимэд ирсэн гэнэ” гээд л манайхаас хүн салдаггүй байлаа шүү дээ. Тэр цаг үе тун сайхан байж дээ.
-Та эцэг, эхээс хэдүүлээ вэ. С.Цэрэнчимэд ах нь бага, залуу насаа хаана, хэрхэн өнгөрүүлсэн бол?
-Би эцэг, эхээс 12-уулаа. С.Цэрэнчимэд ах миний том ах боловч биднээс эх тусдаа. Ах минь Төв аймгийн Алтанбулаг суманд төрсөн юм билээ. Тэгээд Самдан гэж ээжийнхээ аав буюу өвөөгөөрөө овоглосон байдаг. Ах бага, залуу насаа өвөө, эмээтэйгээ өнгөрүүлсэн. Харин бидний аавыг Б.Хөнхөр гэдэг. Төв аймгийн Дэлгэрхаан сумынх. Ээж минь Өвөрхангай аймгийн Баян-Өндөрийнх. Тийм болохоор манайх Баян-Өндөрийн хойд хэсэг буюу Олон нуурын голоор нутагладаг байсан.
-Та хэд С.Цэрэнчимэд ахыгаа хэзээнээс мэддэг болсон бэ?
-Ах минь цэргээс халагдаж ирчихээд манайд ирж байсан юм. Бид ахыг ирэхээс өмнө аавыгаа өөр хүнтэй ханилж, хүүхэдтэй байсан гэдгийг нь мэддэг байсан. С.Цэрэнчимэд ахаас гадна хоёр гурван хүүхэд байсан. Тэднээс нэг дүү нь гээд нэлээд өндөр настай хүн байх ёстой. Бид харилцаа холбоогүй болохоор сайн мэдэхгүй байна. Ах минь манайд их ирдэг байсан. Замын унаанд суугаад ч болтугай ирдэг байлаа. Бид ч ахыг ирлээ гэж дургүйцдаггүй байсан. Ах ирэхээрээ хойд орон дээр завилж сууж байгаад идвэл идээд, инээвэл инээгээд л биднийг баясгадаг байсан даа.
-Ах нь ямар зан чанартай хүн байсан бэ?
-Хүний аясаар их тайван хүн байсан. Байгаа байдал нь дуулж байгаа шигээ л хүн байсан даа. Анд явах дуртай. Ах манайд ирэх болгондоо гитартай ирдэг байсан. Ахыгаа гитараа тоглохоор бид хэд налаад хэвтчихдэг байсан даа. Гитараа элгэн дээрээ тавьчихаж байгаад тун сайхан тоглодог байсан шүү. Хожуу бид хэдийг “Та хэд л миний үргэлжлэл болох хүмүүс шүү” гэдэг байсан юм. Ах минь хоёр хүүтэй. Хүүхдүүд нь багаасаа гадаад явсан. Одоо хаана, хэрхэн амьдардгийг нь мэдэхгүй. Хааяа биднийг мэддэг болов уу, Ямар хүмүүс байдаг бол гэж боддог болов уу гэж бодох юм. Ахын энэр нь Улсын их дэлгүүрт худалдагч хийдэг байсан юм. Бидэнтэй харилцах дургүй байсан болохоор бид ч хойноос нь хөөцөлдөөгүй ээ.
-Таны аав сайхан дуулдаг хүн байсан уу?
-Миний аав их сайхан дуулдаг хүн байсан. Сумынхандаа “Самрын гурван толгой” дуугаараа алдартай даа. Сумынхан найр, наадам болохоор л “Хөнхөө, “Самрын гурван толгой”-гоо дуул” гэдэг байсан. Бас тууварчин хүн байсан болохоор бид аавыгаа дагаж, Улаанбаатар хот руу мал туудаг байлаа.
-Ах нь ямар шалтгааны улмаар бурхан болсон юм бэ?
-Ах өвчний улмаас цэл залуухан насандаа бурхан болсон. Эд олон түмэнд танигдаж, алдар нэр нь түгж байх үедээ бурхан болсон доо, хөөрхий. Бидний хүүхдүүд ч залгамж халаа нь болж гарч ирэх үед ах минь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн дээ.
-Ах нь уран бүтээлдээ хэрхэн ханддаг, хэдий хугацаанд дууны ая бичдэг байсан бол. Тэр тухай нь та мэдэх үү. “Үлгэрийн далай” чуулгын дуучнаар яаж орж байсан юм бол?
-Ахынхаа дуунуудыг “Пөөх, ямар сайхан дуу вэ” гэж дагаж дуулж, шүтэж, биширч байснаас дууны ая хэрхэн зохиодог, хөгжмийн боловсрол хаана, хэрхэн эзэмшсэн болохыг нь сайн мэддэггүй юм. Ах Нэгдүгээр баазын үйлдвэрчний хорооны даргаар ажиллаж байсан юм билээ. Нэг удаа аялалаар явахад нь жүжигчин Д.Галсантогтох гуай хамт явсан гэдэг. Ахын дуулахыг сонссон Д.Галсантогтох гуай ахыг “Чамайг ийм ажил хийлгэхгүй ээ. Наадах чинь чиний хийх ажил биш байна” гээд “Үлгэрийн далай” чуулгат дагуулж очоод дуучнаар оруулж байсан юм билээ. Тэр тухай ах хожуу ярихдаа “Ах нь “Үлгэрийн далай” чуулгат ороод “юм” сурахгүй цоожтой гурав хонож байлаа” гэж ярьж байсан юм даа.
С.Цэрэнчимэд гуайн дуулж, “амилуулсан” бүхий л дууг монголчууд мэддэг, түүний дуу бүхэнд нь хайртай мөртлөө уран бүтээлчийг нь төдийлөн сайн дурсдаггүй ч юм шиг. Гэвч тэрээр хорвоод ховорхон заяах авьяастай уран бүтээлчдийн нэг, одоогийнхоор бол жинхэнэ “од” байжээ. Түүний бүтээсэн дуу бүхэн өнөө цаг үеийн шилдэг дууны жагсаалтыг тэргүүлж, айл болгоны хойморт, ая дууны дугараа бүхний эхэнд дуулагдсаар байна. Тиймээс С.Цэрэнчимэд дуучин бол яалт ч үгүй мөнхийн бүтээлүүдийн эзэн юм аа.
ДУУЧИН С.ЦЭРЭНЧИМЭДИЙН ДҮҮ Х.ДАВААПУНЦАГ: АХ МИНЬ "УХААРЧ АМЬДРАХ ХОРВОО”, “ЭЭЖ МИНЬ ДЭЭ” ЗЭРЭГ ДУУНЫ АЯ ЗОХИОЖ, РАДИОГИЙН ХАМГИЙН ОЛОН СОНСОГЧТОЙ ДУУЧНААР ШАЛГАРЧ БАЙЛАА |
|
2025-01-19 18:20:18
2025-01-19 18:04:27
2025-01-19 16:51:01
2025-01-19 14:21:56
2025-01-19 12:02:36
2025-01-19 11:53:24
2025-01-19 11:21:41
2025-01-19 10:39:29
2025-01-19 10:04:11
2025-01-19 09:57:30
2025-01-18 16:47:55
2025-01-18 16:31:18
2025-01-18 14:49:44
2025-01-18 11:24:50
2025-01-18 09:57:06
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |