• Өнөөдөр 2024-05-05

МАНДАХ НАР ШИГ МЯГМАРНАРАН

2024-02-09,   374

                       Тэр  хүнд өвчнөө ялан  дийлээд   Мөрөөдлийн театрын “Шөнө буусан аадар” жүжгийн Халзангийн дүрээр  үзэгчидтэйгээ уулзлаа, өнгөрсөн хавар. Одоо  шинэ цагийн жүжигчин  залуустай  хөл нийлүүлэн алхаж Европын  орнуудаар аялан тоглолт хийсэн шигээ явна.  Удаан гараагүй тайзнаа гарч, үзэгчдийнхээ халуун алга ташилт дор мэхийн зогсоо түүнийг хэн бүхэн хайрлан хүндэлж, бахархахаас гадна санан үгүйлсэн нь танхимын уур амьсгалаас эрхгүй мэдрэгдэж байсан. Өдгөө ная хэдийнэ давсан Ардын жүжигчин Гомбын Мягмарнаран уран бүтээлч үзэгчдэдээ нэхэгдэж, өөрийн бүтээн үлдээсэн орон зайдаа тэднийг хүлээлгэж, хайр энэрлийнх нь халуун голд олон сайхан дүрээрээ амьдарч чаджээ гэдэг нь тэрхэн мөчийн агшнаас л мэдрэгдэж, “Соёлын төв өргөөний танхимд ийм байгаа юм чинь, гадна алхаж яваа хэчнээн улс түүний дахин бүтээх давтагдашгүй дүрээр нь цангаж яваа бол” гэж бодогдоно.  Арав гаруйхан настай жулдрай хүү их урлагт анх хөл тавьсан цаг үеэс өнөөг хүртэл 60 гаруй жил тайзан дээр “амьдарч” олон олон үзэгчдийн сэтгэлд хүрсэн дүрүүдээр дархалж чаджээ, Г.Мягмарнаран гуай. Тиймээс л түүний тухай бичихээр шийдэж, Эргэлт сэтгүүлийн гурав дахь дугаарт буулгана даа гэж зорьсон минь энд биелэлээ олж байна.

                 Өөрийнхөө хийсэн бүтээснийг үнэлж чаддаг, өөртөө бат итгэлтэй чанар уран бүтээлчдэд их ховор. Ихэнх нь “Би болоогүй” гэсэн үгээр илүү суралцах, өөрийгөө хөгжүүлэх, улам мэргэшихийн тулд тэмүүлдэг ч энэ үгийг нөгөө өнцгөөс нь харвал харин ч жижигрүүлж, хумьж, доошлуулж байдаг шиг санагддаг. Түүний хэвлэлд өгсөн ярилцлагыг уншиж байхдаа өөртөө ханасан нэг өгүүлбэр ч болов олоод унших сан гэж зорихдоо дараах хариулттай тааралдсан юм.

      “Би мэргэжилдээ мэргэшсэн хүн юм. Тавь гаруй жил тайзнаас буухгүй, дэлгэцэд амьдарна гэдэг чинь нэг ёсондоо мэргэжилдээ мэргэшсэн гэсэн үг. Одоо бол надад айдас хүйдэс, энэ бүтээлийн ард гарч чадах болов уу, үгүй болов уу гэдэг эргэж буцсан хандлага огтхон ч алга. Харин ч одоо хэзээ хэзээнээс илүүтэй өөртөө итгэлтэй, чадвартаа ирлэгдэж ажиллаж байна гэхэд хилсдэхгүй” гэж бах ханатал бардам өгүүлжээ. Бардамнахаас ч аргагүй юм шиг. Аргагүйн учрыг түүний уран бүтээлчийнх нь он жилүүдийн кадраар аялж, бага залуугаасаа өөртэйгээ тэмцэж, өөрийнхөө чадахгүй бүхэнтэй нүүр тулсан дайчин Г.Мягмарнарантай “уулзаж” байж мэднэ. Үеийн уран бүтээлчдээсээ найруулагчдаа хамгийн их зэмлүүлдэг, хатуу үгийг ханатал сонсдог, сонсоод гарахдаа өөрийгөө улам сайжруулахын төлөө зүтгэдэг шартай, зорьсныхоо ард зоригтой гардаг үеийг нь мэдэж байж л ойлгоно. Тиймээс уншигч тантай хамт өөрийгөө бүтээж, боловсруулж, бэлдэж, дадлагажуулсан он жилүүдэд нь очоод ирье.

АХЛАХ АНГИДАА ТЕАТРТ ЖҮЖИГ ҮЗСЭН НЬ ТҮҮНД ЖҮЖИГЧИН БОЛОХ ХҮСЭЛ ТӨРҮҮЛЖЭЭ

                   Цэргийн хүн болох хүсэлтэй байсан түүнд ахлах сургуулийн уран зохиолын хичээл цоо шинэ ертөнцийг нээжээ. Түүнийг сурагч байхад  У.Шекспирийн “Лир ван”, “Отелла”, Ф.Шиллерийн “Хар санаа, хайр сэтгэл” гээд дэлхийн сонгодог жүжгийг тайзнаа ид тавьж байж. Тэр дундаа ахлах ангийн сурагчид театрт жүжиг үзэж, уран зохиолын хичээл дээр үзсэн жүжгийн зохиолоо бататгадаг байж таарсан нь түүнийг жүжигчин болох хүсэлд эргэлт буцалтгүй хөтөлжээ. Дэлхийн сонгодог жүжигтэй тайзнаас танилцаж, алтан үеийн уран бүтээлчдийг дэргэдээс нь үзэж байсан гэхээр атаархмаар байгаа биз. Гэхдээ тийн үзсэн хүүхэд дотроос жүжигчин болох хүсэл тээсэн нь ховор юм даа. Түүгээрээ л хүний хувь тавилангийн зам, хүсэл сэтгэлийн орон зай өөр байдаг шиг. Санаанд урган амилсан хүслийг нь улам өрдөн бадраасан уран бүтээлч бол тухайн үед “Хөхөө гэрлэх дөхлөө” кинонд ид тоглож байсан Б.Дашдаваа жүжигчин гэсэн. Түүний тоглолтыг үзээд жүжигчин болохоор бүрмөсөн шийдэж, аравдугаар ангиа төгсөөд л, театрт шалгалт өгч тэнцсэнээр дагалдан жүжигчнээр гурван жил ажиллах эрх өвөртөлжээ. Уг нь жүжигчний мэргэжлээр сургуульд элсэж болох ч дөрвөн жилдээ ганцхан удаа элсэлт авдаг жүжигчний ангийн элсэлт таараагүй байна. Энэ тухай тэрбээр “Би дунд сургуулиа төгсөв үү үгүй юу, театрын тайзнаа гарсан, хүний хувь заяа гэдэг хачирхалтай. Цэргийн сургуульд орно гэж эртнээс төлөвлөж, эцсийн шалгалтдаа хүртэл тэнцсэн ч Улсын драмын эрдмийн театрт дагалдан жүжигчин авна гэх зарыг дуулаад, очиж шалгуулснаар тэнцсэн” гэнэ.

ДАГАЛДАН ЖҮЖИГЧНЭЭР АЖИЛЛАСАН ГУРВАН ЖИЛ

                 Театрт 200 хүүхэд шалгуулснаас түүнтэй хамт МУГЖ А.Цэгмид, үргэлжилсэн үгийн зохиолч Ж.Дашзэвэг, найруулагч Д.Жамъян нар тэнцэж байжээ. “Биднийг театрт ороход театрын 17 номерийн өрөөнд “Цогт тайж”, “Сүхбаатар” кинонд тоглосон жүжигчид ярайтал сууж байлаа шүү дээ. Бид суух нь битгий хэл тэднийгээ харж сүрдээд, хэлж байгаа үг бүр нь үнэтэй байлаа. Тэд л биднийг бүтээсэн юм шүү дээ” гэж Г.Мягмарнаран гуай дурсана. Театрт дагалдан жүжигчнээр ажиллах хугацаандаа түүний тоглосон нэг роль бол Д.Намдаг гуайн “Шинэ байшинд” жүжиг. Эл жүжигт оролцсон тухайгаа тэрбээр “Мундагуудтай тоглоход өвдөг чичирч, үг гарахгүй цаашилж, харц минь тогтож байгаа эсэхийг мэдэхгүй сандарч байсан ч нэг мэдэхэд даваад гарчихсан байлаа” гэсэн нь ч бий.  Урьд жүжиг тоглож байсан ямар ч туршлага үгүй, дагалдан жүжигчнээр ажиллахдаа л сурсан мэдсэнээрээ л алтан үеийн мундаг жүжигчидтэй хамт тайзнаа зогсоно гэхээр өмнөөс нь төсөөлөхөд ч бэрх. Гэхдээ тийн зогсох хэмжээнд хүлээн зөвшөөрсөн гэхээр овоо бэлтгэгдэж, дөр суусан үе нь байж л дээ. Рольд багтахын тулд тэр ахмад жүжигчдээсээ өглөө хамгийн түрүүнд  ирж, орой сүүлд нь явж, бэлтгэлээ хэд дахин сайн хийж, тэдний суругуулилалтыг хажуугаас нь харж, дүрдээ бэлдэж байгаагаас өгсүүлээд сурах, судлах, өөртөө суулгах зүйл арвин их. Тиймээс л өөртэйгээ ажиллаж, тэдэнд гологдохгүйн тулд хичээхээс өөр аргагүй цаг хугацаа байж. Яагаад ч юм найруулагчдаа их зэмлүүлж, илүү хатуу үг дуулж байсан ч гэдэг. Гэхдээ тэр бүхэн нь өнөөдрийн түүнийг бүтээж, уран бүтээлч болоход нь голлон нөлөөлснийг тэр онцлон ярьдаг.

“ТЭР ТАЛД” ЖҮЖГИЙН ГОЛ ДҮРЭЭР ТЕАТРТ ЖИНХЛЭГДСЭН

     Гурван жил хэдийнэ өнгөрлөө. Нэг л мэдэхэд сурсан, мэдсэнээ харуулж, театртаа үлдэх үү, эс үлдэх үү гэдгээ мэдэх мөч ч ирж. А.Баряновын зохиол “Тэр талд” жүжгийн дүрээр театртаа жинхлэгдэж, анхны гол дүрдээ амжилттай тоглолоо. Ингэж л мэргэжилдээ тэнцэж, уран бүтээл нь ундарч эхэлсэн. Харин Ардчилсан хувьсгалын дараах жилүүдэд театрт жүжиг тавих нь багасах үед бага театрт ажиллаж байгаад 2005 онд Улсын драмын эрдмийн театртаа эргэн орсноор тайзнаа нийт 120 гаруй жүжгийн гол болон туслах дүрд тоглосон байх юм. Мөн түүний тайзны дүрээс онцлохгүй байхын аргагүй нэг бүтээл бол “Найрын ширээний ууц” инээдмийн жүжиг. Тус жүжгийг дотны найз нь болох Г.Доржсамбуу агсан найруулсан юм. Г.Мягмарнаран гуай “Найз минь их зарчимч, би жүжгийн сургуулилтаас нэг минут хожигдож ирээд загнууллаа гэхэд  дараа нь “За, Г.Мягмарнаран чи бол миний найз, чамд би хамгийн их шаардлага тавина. Учир нь, чи бусдад үлгэр жишээ болох ёстой. Найз аа гэж уучлахгүй, өршөөхгүй шүү дээ” гэж  байсан тухай нь уран бүтээлийн сайн нөхрөө тэр дурссан байдаг.

                  Тайзнаа ийн ажилласан тэрбээр театрын завгүй хуваарь төлөвлөгөөний хажуугаар дэлгэцэд ч хүч үзэж, хуучин цагийн олон сайхан кинонд дүр бүтээснийг үзэгчид андахгүй. “Тунгалаг тамир” киноны Цамбын дүрээс эхлээд, “Агуйн нууц” киноны төлөөлөгч, “Далайд дусал” кино офицер гээд цэл залуугийн олон сайхан дүр араасаа төрсөн. “Хөх ногооны униар” кинонд буржгар хар үстэй, дулаахан инээмсэглэсэн Бархасын дүр ч үзэгчдэд их ойр. Эхлээд ажилчин, төлөөлөгч гэж байгаад сүүлдээ баатар, хан, хаан гээд дүрийн хувьд өсөж тоглосон. Найруулагчид ч түүнийг олон сайхан дүрд сонгож, ямар ч дүрийн ард тэр торохгүй гарч, үзэгчид ч татагдан үзэж байсан. Үүнийг “Мандухай цэцэн хатан” киноны Цэгц баатар, “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны Ван хан Тоорил, “Үхэж үл болно” киноны Чингис хааны дүрээс харж болно. Эерэг, ухаалаг, бодож, ухаардаг дүр түүнийх байдаг. Өөрөө ч дүр шиг ээ голыг нь олж үг унагадаг, аливаад нуруутай зан чанартай уран бүтээлч гэдгийг ойр дотныхон болон мөр зэрэгцэн ажиллаж буй уран бүтээлчид нь онцлох нь бий.

           Өөрөө асар их бэлтгэл, сургуулилалт, дадлагын үр дүнд дүрээ бүтээдэг болохоор залууст сайн дадлага бэлтгэл их чухал тухай ч захиж,  “Жүжигчний мэргэжил гэдэг дадлагаас ихээхэн хамаардаг. Халгиж, цалгисан их авьяастай байлаа гээд тайзнаа шуудхан гараад хийдэг ажил огт биш. Дадлага бэлтгэл гэдэг авьяастай эн тэнцэхүйц чухал. Хэдий чинээ бэлтгэл, сургуулилалт тогтмол хийнэ төдий чинээ сайтар бэлтгэгдсэн, ачаа даах тэнхээтэй жүжигчин болно. Үг сонсож ачаалал даахгүйгээр тайзнаа хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг юу л бол” гэж эрс хэлдэг юм билээ.

ХҮҮГЭЭРЭЭ БАХАРХСАН ААВ

                    "Фауст" "Гэм зэм", "Опал" гэх уран бүтээлийг найруулан үзэгчдэд хүргэж, сайн үнэлгээ авч, театрт өөрчлөлтийн салхи оруулаад буй түүний хүү Батболдыг үзэгчид хэдийнэ таних болсон. Аавынхаа цэл залуу наснаасаа сэтгэл зүрхээ уясан театрт хүч түрэн орж ирж, найруулагч хэмээх хүндэт албыг хашиж буйг үзэгчид мэдэх билээ. Жүжиг найруулан тавих бүрдээ М.Батболд найруулагч "Аав юу гэх бол"гэж эмээдэг гэх мөртлөө “Фауст” жүжигтээ тоглуулчихсан зоригтон. Тэр том жүжигчнийг, баргийн бүтээл санаанд нь хүрдэггүй уран бүтээлчийг найруулсан бүтээлдээ тоглуулчихсан додигор найруулагч. Харин Ардын жүжигчин хүүгийнхээ тухай “Би хүүгээ найруулагч болно чинээ зүүдэлж ч яваагүй, ер нь манай гэрээс урлагийн хүн төрнө гэж итгэдэг ч үгүй байв. Урлагийн ажил гэдэг үр хүүхдэдээ өвлүүлмээр хүсүүштэй мэргэжил ер биш. Гэтэл эмчийн мэргэжил эзэмшиж, мэргэжлээрээ хэдэн жил ажиллаж байсан хүү гэнэтхэн найруулагчаар суралцана гэхэд цус харвахын наахнуур үйл явдал болж, ээж нь ч, би ч их дургүй байсан” гэж ярьсан. Гэхдээ хүү нь уйгагүй хичээн зүтгэснээр өөрийн хүсэл мөрөөдлөө хүлээн зөвшөөрүүлж чаджээ. Үүнийг “Мэдээ орох цагаасаа л Улсын драмын эрдмийн театрт гүйж өссөн хүү минь бидний эсэргүүцлийг үл тоон Оросын театрын урлагийн институтийг төгсөж, "Фауст", "Гэм зэм" жүжгийн ерөнхий найруулагчаар ажиллаж, эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж буйг нь хараад бахдах сэтгэл төрдгөө нуугаад яах вэ" гэсэн аавынх нь сэтгэгдлээр тодорхой болгосон юм.

 

 


МАНДАХ НАР ШИГ МЯГМАРНАРАН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-02-09 17:44:08
    Zochid: Та бол аргагүй мундаг хүн шүү.Таныг залуу үед гудамжинд явж байх үед таараад пөөх нөгөө жүжигчин ар ямар гоё ах вэ гэж шүтэж хардагсан.Жүжигчин Хүрэл,Цэцэгбалжид агсан,болон бүгд л нээг сайхан харагддаг байж билээ.Таньд урт насалж явахын сайхан ерөөлийг дэвшүүльж Амжилт хүсье!
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188