Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдрөөр төрийн тэргүүн Чингис хаан одон гардуулдаг уламжлалтай. Чингис хаан одонг 2013 оноос эхлэн Монгол бахархлын өдрөөр гардуулахаар болсон байдаг. Тус хүндтэй шагналыг Морин хуурын чуулгынхан хүртэхээр болжээ. Морин хуурын чуулгыг 1992 оны долдугаар сард байгуулах тухай Засгийн Газрын тогтоол гарч, 1993 оны нэгдүгээр сард Хөгжим бүжгийн дунд сургуульд байрлаж, бэлтгэл сургуулилтаа эхлэн тус оны дөрөвдүгээр сарын 16-нд анхны тоглолтоо хийж байсан түүхтэй. Морин хуурийн чуулга нь 1994 оны зургадугаар сарын 1-ээс Засгийн Газрын шийдвэрээр Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын филармоны бүрэлдэхүүнд оржээ. Тус чуулга төрийн ёслол хүндэтгэлийн том арга хэмжээнүүд, концерт, тусгай арга хэмжээ, “Алтан намар”, “Морин хуур” зэрэг дуу хөгжмийн наадамд байнга оролцохын зэрэгцээ уран сайхны болон баримтат кино, жүжгийн олон арван бүтээлүүдийг тоглохоос гадна Ардын Жүжигчин, Төрийн шагналт С.Гончигсумлаа, Ардын Жүжигчин, Төрийн хошой шагналт Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн, Н.Жанцанноров, Урлагийн Гавъяат Зүтгэлтэн, Төрийн шагналт Б.Шарав, Төрийн шагналт З.Хангал, Ц.Чинзориг, Ц.Нацагдорж, Урлагийн Гавъяат Зүтгэлтэн Г.Алтанхуяг, Д.Баттөмөр, залуу хөгжмийн зохиолч Б.Мөнхболд, Х.Алтангэрэл, Д.Түвшинсайхан болон Ж.Бизе, Ж.Пуччини, П.Чайковский, А.Дворжак, А.Хачатурян, Хэ Жин Хау, Чен Кай зэрэг сонгодог болон Монголын орчин цагийн хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлийн урын сантай болжээ.
Өнөөг хүртэлх 20 гаруй жилийн хугацаанд монголын болон дэлхийн сонгодог хөгжмийн зохиолчдын 1000 гаруй бүтээлийг тоглосон байна. Тэдний хамгийн анхны гадаад дахь тоглолт нь 24 уран бүтээлчийн бүрэлдэхүүнтэй 1996 оны хоёрдугаар сард ОХУ-ын Улаан-Үд хотод хийсэн тоглолт байсан юм. Энэхүү айлчлан тоглолтын дараагаар 1996 оны тавдугаар сард ӨМӨЗО-ы Хөх хотын Ардын хурлын танхимд, 1997 оны дөрөвдүгээр сард БНАСАУ-ын Пхеньян хотын Үндэсний их театрт, тавдугаар сард Япон Улсын Токио, Тама, зургадугаар сард Осака, арваннэгдүгээр сард Токио, Осака, Киото, Нара, Окинава, Кочи, Хофу, Фукуока хотод тоглолтоо толилуулж, гаднын улсад улсаа сурталчлах эхлэл тавигдаж байжээ.
1996 оноос хойш энэ цагийг хүртэл Морин хуурын чуулга Япон, БНХАУ, Буриадын бүгд найрамдах улс, ӨМӨЗО, Хойд Солонгос, БНСУ, Австри, Швейцарь, Канад, Турк, АНУ, Франц, Макао, Герман, Итали, ОХУ, Тайвань, Вьетнам, Хонгконг, Бельги, Португали, Казакстан, Халимаг зэрэг олон орны ард түмэнд монгол хүний түүх, ахуй амьдрал, соёл, сэтгэлгээний эгшгэн илэрхийлэл болсон хуурын аялгууг хүргэжээ. Ингэхдээ дэлхийн алдарт театр, концертын танхимд тоглолтоо толилуулж, Монголын урлагийн түүхэнд тодоор бичигдэх түүхийг бичсэн байна. Тодотговол, АНУ-ын Нью-Йорк хотын “Карнеги холл”, НҮБ-ын танхим, Францын ЮНЕСКО-гийн танхим, Австрийн Вена хотын филармони, Дэлхийн гайхамшигт театруудын жагсаалтад зүй ёсоор ордог ОХУ-ын Большой театр, өмнөд хөршийн “Үндэсний их театр” буюу “Сувдан театр”, Мариинский театр, Японы эзэн хааны ордонд болон Австралийн Сидней опера хаузт эгшгээ хүргэсэн байдаг. Чуулгын 30 гаруй уран бүтээлчдийн дотор Монгол Улсын Ардын Жүжигчин хоёр, Монголын Улсын Соёлын тэргүүний ажилтан 20 орчим байдаг.
Ингээд та бүхэнд Чингис хаан одон хүртсэн эрхмүүдийг танилцуулж байна.
Чингис хаан одонг хүртсэн анхны эрхэм бол Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат юм. Ерөнхийлөгч Н.Багабандийн сүүлчийн зарлиг нь Чингис хаан одонг хүртээх тухай байв. 2005 оны зургадугаар сарын 24-нд Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди зарлиг гаргаж, гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр анхны Ерөнхийлөгч П.Очирбатад гардуулж байсан түүхтэй. Н.Багабанди Ерөнхийлөгч зарлигтаа “П.Очирбат таны Монгол Улсын анхны Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж, улсынхаа тусгаар тогтнол, бvрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, шинэ Үндсэн хууль боловсруулж батлуулах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг нэр төртэй удирдан гүйцэтгэж, эдийн засаг, нийгмийн шинэчлэлийг өрнүүлж, эх орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлоон байгуулах, үндэсний соёл уламжлалыг сэргээн хөгжүүлэх, гадаад харилцааг өртгөтгөхөд оруулсан жинтэй хувь нэмрийг vнэлж, Чингис хаан одонгоор шагнаж байна” хэмээсэн байдаг.
Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр зарлиг гарган Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравыг 2006 онд Чингис хаан одонгоор шагнаж байв. Мэргэжлийн урлагийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, олон симфони, удиртгал, магтуу, бүжгийн жүжгийн болон киноны хөгжим нийтийн дууны ая зохиож, Монголын орчин үеийн хөгжмийн урлагийг хөгжүүлж, дэлхийд улсаа сурталчлахад оруулж байгаа хувь нэмэр болон Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойд “Чингис хаан” дуурь бүтээснийг ийнхүү өндрөөр үнэлж “Чингис хаан” одонг хүртээжээ.
2007, 2008 онд завсарласны эцэст Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган 2009 онд Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнг Чингис хаан одонгоор шагнасан. Тэрбээр “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгэм байгуулахад оруулсан жинтэй хувь нэмэр, түүхэн гавьяаг нь үнэлж Дашийн Бямбасүрэнг Чингис хаан одонгоор шагнасугай” гэсэн байв. Түүний түүхэн гавьяаг хүндэтгэж, Монгол Улсын Ерөнхийлөгч “Бямбасүрэн гуай улс орноо улс төр, эдийн засаг, санхүү нийгмийн цоо шинэ тогтолцоонд шилжүүлж, төр улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг жинхэнэ утгаар нь сэргээн бэхжүүлэх, Монгол Улсын хүн төрөлхтний нийтлэг хөгжлийн замд оруулахад түүхэн гавьяа байгуулж, онцгой хувь нэмэртэй ажилласан” гэж онцолжээ.
Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын ололт амжилтыг бататгах, анхны ардчилсан парламентыг байгуулж төлөвшүүлэхэд болон улс орондоо ардчилсан, эрх зүйт нийгмийг цогцлоон хөгжүүлэхэд оруулсан онцгой гавьяа зүтгэлийг нь үнэлж Р.Гончигдоржид төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон Чингис хаан одонг хүртээсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Р.Гончигдорж бол Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын чимэг болсон удирдагчдын нэг юм. Тэрбээр улс орныхоо түүхэн шилжилтийн босгон дээр Улсын Бага Хурлын дарга, дэд Ерөнхийлөгчийн ажил албыг нэр төртэй гүйцэтгэснийг Монголын ард түмэн, төр өндрөөр үнэлдэг юм. Р.Гончигдорж бол Монгол дахь ардчилал, эрх чөлөөний төлөөх тэмцэл зүтгэлийн 20 жилийн үлгэр жишээ юм. Таны улс орон, хүн ардынхаа эрх чөлөөт амьдрал, хөгжил дэвшлийн төлөөх онцгой гавьяа зүтгэлийг ашид үнэлж, Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон-Чингис хааны одонгоор шагнаж байна” гэжээ.
Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж зарлиг гарган Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийг Чингис хаан одонгоор шагнасан. Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол түмний түүхэн сонголтыг бэхжүүлж, эрх зүйт нийгмийг бүрдүүлж, Монголын төрт ёсны түүхэн уламжлалыг сэргээн баталгаажуулахад оруулж ирсэн онцгой гавьяа зүтгэлийг нь үнэлж Нацагийн Багабандид төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон Чингис хааны одон хүртээсүгэй” гэсэн байв.
ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ, ДОКТОР Д.ДЭМБЭРЭЛ /2012 ОН/
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндэсний баяр наадам, Ардын хувьсгалын 91 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэлд төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон Чингис хаан одонг хүртээсэн. Ерөнхийлөгч “Монгол Улсад парламентат ёсыг бэхжүүлэх эрхэм үйлсэд олон жилийн нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлээ зориулж, онцгой хувь нэмэр оруулсныг нь үнэлж, жилд нэг удаа олгодог Монгол төрийн хамгийн дээд шагнал болох Чингис хааны одонг танд хүртээж байгаадаа баяртай байна” гэжээ.
ЕРӨНХИЙ САЙД, САНГИЙН САЙД АСАН Д.СОДНОМ /2013 ОН/
2013 оноос өмнө Чингис хаан одонг Үндэсний их баяр наадмаар гардуулдаг байсан бол энэ оноос эхлэн Чингис хаан одонг Монгол бахархлын өдрөөр гардуулах Ерөнхийлөгчийн зарлиг гарсан юм. 2013 онд энэхүү одонг Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд, эдийн засагч, санхүүч, Сангийн сайд, Төлөвлөгөөний хорооны дарга, Сайд нарын зөвлөлийн дарга гээд Монголын төр түмний төлөө нэгэн жарны турш зүтгэсэн Д.Содном гуай хүртсэн юм. Түүнд шагнал гардуулах үеэр “Д.Содном нь төрийн тулхтай, Монгол Улсынхаа тусгаар тогтнол, эдийн засгийн ашиг сонирхлыг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэснээс гадна гуравдагч хөрш, хөрш орнуудтай найрамдалт харилцааг хөгжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн” хэмээн онцолжээ.
АКАДЕМИЧ Х.НАМСРАЙ /2014 ОН/
Тулгар төр байгуулагдсаны 2223 жил, Их эзэн Чингис хааны мэндэлсний 852 жил, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан алдар нэрээ дэлхийд дуурсгасан Монголын ХХ зууны гарамгай эрдэмтэн Хавтгайн Намсрайг “Чингис хаан” одонгоор шагнасан. Шагнал гардуулах ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Х.Намсрай та бол манай улсын дэлхийд данстай эрдэмтдийн нэг. Монголын ард түмэн танаар бахархдаг. Танд төрийн дээд “Чингис хаан” одонг гардуулж байгаа нь Монголын төр үеийн үед шинжлэх ухааныг эрхэмлэн, эрдэмтэн мэргэдээ үнэлж ирсний илрэл юм” хэмээжээ.
ЗОХИОЛЧ, ЯРУУ НАЙРАГЧ Г.МЭНД-ООЁО /2015 ОН/
Их эзэн Чингис хааны мэндэлсний 853 жил, Монгол бахархалын өдрийг тохиолдуулан “Чингис хаан” одонг яруу найрагч, соёлын гавьяат зүтгэлтэн Гомбожавын Мэнд-Ооёод хүртээсэн юм. Г.Мэнд-Ооёогийн Монголын түүх, соёлын өвийг хамгаалах, сэргээх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Монголын болон дэлхийн утга зохиолын ертөнцөд гарамгай зохиолч, яруу найрагч гэдгээрээ хүлээн зөвшөөрөгдсөн учир түүнд энэхүү шагналыг хүртээсэн юм. Г.Мэнд-Ооёо шагнал гардахдаа “Их эзэн хааныхаа мэндэлсэн өдөр, “Монгол үндэсний бахархлын өдөр” Монгол төрийн эрхэм дээд шагнал “Чингис хаан” одонг Ерөнхийлөгчөөсөө хүлээн авах хувь ерөөл тохиосонд ихэд баярлан догдолж байна. Суут Богд их эзэн Чингис хааныхаа алдраар овоглосон эрхэм дээд шагналыг би Монголын үндэсний оюуны баялгийг бүтээгчдэд, өнөө цаг үед хүлээлгэж байгаа итгэл найдвар, манай төрийн бодлого эрдэм соёлын салбар руу чиглэж буйн илрэл гэж ойлгож байна” гэжээ.
ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН, ДУУЧИН Г.АРИУНБААТАР /2016 ОН/
2016 оны Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонг Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатарт хүртээсэн. Төрийн эрхэм дээд энэхүү шагналыг гардуулахдаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Улс үндэстнийхээ өмнө онцгой гавьяа байгуулсан, ухаант аав ээжийн авьяаслаг хүү, эрдэмт багш нарын хөдөлмөрч сайн шавь, дуурийн урлагийн шинэ нэгэн түүчээ, дуучин Ганбаатарын Ариунбаатар танд монголчуудын бахархлыг бадрааж, золбоо хийморийг өргөн, улам их амжилт гаргана гэдэгт итгэж байна” хэмээсэн юм. Г.Ариунбаатар нь уг эрхэм шагналыг хүртсэн 10 дахь эрхмээр тодорсон юм.
ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, ЖҮДОЧ Н.ТҮВШИНБАЯР /2017 ОН/
2008 оны Бээжингийн зуны олимпын Жудо бөхийн төрлөөс эх орондоо олимпын наадмын анхны алтан медалийг авчирсан Найдангийн Түвшинбаяр эх орондоо авчирч байлаа. Түүний дээрх амжилтыг нь үнэлж Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин цол хүртээж байсан. Тэрбээр мөн 2012 оны Лондонгийн олимпын Жудо бөхийн төрлөөс мөнгөн медаль хүртэж олимпын хос медальтан болсон. Түүнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Төрийн дээд шагнал тэргүүлэх зэргийн Чингис хаан одонг 2017 онд хүртээсэн байна.
“THE HU" ХАМТЛАГ /2019 ОН/
Монголын язгуур хөгжмийг металь хөгжимтэй хослуулан өв соёлоо дэлхий нийтэд сурталчилж буй "The Hu" хамтлаг нь морин хуур, цуур, хэл хуур, товшуур зэргийг метал хөгжимтэй хослуулж, хөөмийн аялгуугаар чимж түүнийгээ "Хүннү рок" гэж тунхагласан нь хэдийн дэлхийн өнцөг булан бүр дэх рок сонирхогчдын сонорт хүрсэн. “The Hu” хамтлагийн дуу 2018 оны намар YouTube цахим хуудаснаа цацсан "Yuve Yuve", "Wolf totem" хэмээх хоёр дууг нь ганцхан сарын дотор 25 сая орчим хүн үзсэнээр, олон нийтийн анхаарлыг татаж эхэлсэн юм. “Wolf totem” дуу нь энэ оны дөрөвдүгээр сарын 11-нд “Billboard”-ын "Hard rock" дууны ангилалд тэргүүлсэн анхны монгол хөгжим болж тодорсон. Дээрх амжилтаар зогсохгүй, есдүгээр сарын 13-нд нээсэн тус хамтлагийн анхны "Гэрэг" цомог нь хагас сарын дотор борлуулалтаараа “Billboard”-ын жагсаалтыг тэргүүлээд байна. Харин хоёрдугаарт Өмнөд Солонгосын K-Pop урсгалын BTS хамтлагийн "Map of the Soul" цомог бичигджээ. BTS хамтлагийн тухайд, БНСУ-ын эдийн засагт 2018 онд 3.54 тэрбум ам.долларын орлого оруулсан байна. Үүнээс үзэхэд, жилд 19 тэрбум ам.доллар эргэлддэг хөгжмийн зах зээлд Монголын хөгжмийн урлаг байр суурь эзэлж байна. 2018 онд Чингис хаан одонг анх удаа хамт олонд хүртээх журам гаргасан тул ийнхүү тус хамтлагийн 11 гишүүнд дээрх шагналыг олгож байлаа.
САНСАРЫН НИСГЭГЧ Ж.ГҮРРАГЧАА /2021 ОН/
2020 онд Чингис хаан одон гардуулалгүй өнжсөн билээ. Тэгвэл 2021 онд монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга Чингис хаан одонг сансрын нисгэгч Ж.Гүррагчаад гардуулсан. Ж.Гүррагчаа нь ЗХУ-ын сансрын нисгэгч В.А.Жанибековын хамтаар 1981 оны гуравдугаар сарын 22-ны 14:58 цагт тухайн үеийн ЗХУ-ын Байконуур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас “Союз-39” хөлгөөр хөөрсөн байдаг. Тэрбээр, Монголоос сансарт ниссэн анхны нисэгч, Ази тивийн хоёр дахь, дэлхийн 101 дэх хүн хэмээн сансар судлалын түүхэнд бичигдсэн.
АКАДЕМИЧ Д.ДОРЖГОТОВ /2022 ОН/
Тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816 жил, Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жил, Ардын хувьсгалын 101 жил, Их Эзэн Чингис хааны мэндэлсний түүхт 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан академич Д.Доржготов болон монголч эрдэмтэн Жэк Уэтерфорд нарт Монгол Улсын төрийн тэргүүн дээд шагнал "Чингис хаан" одон хүртээсэн. Д.Доржготов академич сэтгэгдлээ хуваалцаж хэлсэн үгэндээ “Монгол бахархлын өдөр олгодог Чингис хаан одонг шинжлэх ухааны салбарын олон зуун хүмүүсийн төлөөлөл болгон надад олгосонд баяртай байна. Шинжлэх ухаанд үзүүлж буй асар том үнэлгээ, их том итгэл хэмээн үзэж байна. Би 1962 онд Москвагийн их сургуулийг төгсөж ирснээс хойш 60 жил судалгаа явуулж байна. Монголын сайхан эрдэмтэд, гадаадын эрдэмтэдтэй хамтран Монгол орныхоо бараг бүх нутгаар явж судалгаа хийсэн. Нийт 330 сумаас 250 орчим суманд очсон. Хөрс байхгүй бол хуурай газрын амьдрал байхгүй. Тиймээс үүнийг судалж, хайрлаж, хэлхэж явах хэрэгтэй юм" гэв.
МОНГОЛЧ ЭРДЭМТЭН ЖЭК УЭТЕРФОРД /2022 ОН/
Харин монголч эрдэмтэн Жэк Уэтерфорд "Чингис хаан" тэргүүн дээд одон хүртсэн анхны гадаад иргэн болов. Тэрбээр “Дэлхийн түүхнээ агуу баатрууд нь хууль ёс тогтоогчид байдаг. Чингис хаан шинэ шашин зохиогоогүй. Харин мөнх тэнгэрийн зарлигаар бүх шашинд эрх чөлөө олгосон. Шашин тус бүрдээ бурхны мутрын хуруу төдий байсныг Чингис хаан нэгтгэж, нэгэн цул болгож, хүн төрөлхтний нэгдмэл хүсэл мөрөөдөл болох даян дэлхийн энх тайвныг тогтоосон. Дэлхий өнөөдөр ч гэсэн тэр хүсэл зорилгодоо хүрэхээр тэмцсээр байна. Сая Монгол руу ирж явахдаа Хэнтийн тал дээгүүр нисэн өнгөрөхдөө тэртээ өвлийн өглөө Өүлэн эх хонгор хүүгээ эх дэлхийд төрүүлж байхад энэ нутаг эх орон нь ингэж л сайхан харагдаж байсан байх даа хэмээн сэтгэл зүрхэндээ бодож огшиж байлаа. Чингис хааны ариун үндэстэн, үр хүүхдүүдийг Монголын мөнх хөх тэнгэрийн алтан гэрэл цацраг үүрд гийгүүлж байхыг ерөөж залбирч байна. Энэ бол Чингис хааны төрсөн нутаг. Монголын сайхан орон” гэж хэлсэн байдаг.
ЕРӨНХИЙЛӨГЧ, ЭРДЭМТДИЙН ХҮРТСЭН ЧИНГИС ХААН ОДОНГ МОРИН ХУУРЫН ЧУУЛГЫНХАНД ОЛГОНО |
|
2025-02-13 17:51:22
2025-02-13 16:31:46
2025-02-13 15:36:05
2025-02-13 14:21:56
2025-02-13 14:01:24
2025-02-13 13:46:31
2025-02-13 13:29:03
2025-02-13 12:48:18
2025-02-13 12:39:02
2025-02-13 12:21:50
2025-02-13 12:00:11
2025-02-13 11:11:23
2025-02-13 11:04:42
2025-02-13 10:44:13
2025-02-13 10:25:18
2025-02-13 09:29:16
2025-02-13 09:05:44
2025-02-13 09:00:18
2025-02-13 08:41:02
2025-02-13 08:24:21
2025-02-13 07:00:00
2025-02-13 07:00:00
2025-02-13 07:00:00
2025-02-13 07:00:00
2025-02-13 07:00:00
2025-02-13 07:00:00
2025-02-12 18:09:55
2025-02-12 18:06:32
2025-02-12 17:11:30
2025-02-12 16:32:31
2025-02-12 15:59:15
2025-02-12 15:08:39
2025-02-12 14:39:41
2025-02-12 14:19:30
2025-02-12 14:17:41
2025-02-12 14:02:48
2025-02-12 13:30:49
2025-02-12 13:10:59
2025-02-12 12:32:34
2025-02-12 11:08:19
2025-02-12 08:29:15
2025-02-12 08:21:32
2025-02-12 07:46:26
2025-02-12 07:25:11
2025-02-12 07:00:00
2025-02-12 07:00:00
2025-02-12 07:00:00
2025-02-12 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |