• Өнөөдөр 2024-03-29

НИКИТОНЫ БАЧКАГ СОНСОХ ТУСАМ...

       Никитоны Бачкаг сонсох тусам автана. Дуу бүр нь хит, өөрөө ч хит хачин этгээд, өвөрмөц содон, баригдашгүй, дахин давтагдашгүй, эн зэрэгцэшгүй түүний дуу хоолой ямагт шинээрээ, тэр л янзаараа. Өнөө л танил дотно, гүн гүнзгий, дурсамж, дурдатгалын салхи сэвэлзсэн хэвээр. Сонсоход л өнгө өнгийн дурсамж өмнө минь өрөгдөж, баяр, гуниг хосолж, шаналал ч сонсогдоно. Тэгээд эдгээр дууГ байхгүй байсан бол яана гэсэн бодол ч төрөв. Магад дуугаар нь амьдарч, тэтгэгдэж, услагддаг сонсогчдын хувьд төсөөлөмгүй болов уу. Тэгвэл Бачка биш өөр дуучин дуулсан бол гэж бас бодож үзлээ. Нэг л санаанд буудаггүй. Тэгэхээр хэрэв тэр байхгүй бол "Никитон" байхгүй байсан ч байж мэдэх. Тэр байхгүй бол “Янаг цэцэг”, “Хос хунгийн дууль”, “Нандин шүтээн”, “Цамцаа тайл”, “Чи минийх”, “Аргагүй сайхан бурмаа”, “Чамд би гэх өөр, өөрийн агуулга, өнцөг, зохиол, драмтай дуу өдийд төрөө ч үгүй байсан гэхээр рок попын урлагт тэр ямархан орон зай, оршихуйтай, зам мөртэй, цадиг улбаатай уран бүтээлч нь тодорхой. "Никитон" байхгүй бол навчсаа гөвсөн намрын модон дор цав цагаан төгөлдөр хуур эгшиглэж, хотын гудамжинд машины тэвшин дээр гитар дарж, хөгжим тоглохгүй. Тэгэхээр тэдний хийсэн бүтээл, дүр төрх цөм шинэ содон. Дуунд нь цас, бороо орж, хунгийн дууль өгүүлж, хэн нэгэн цамцаа тайлж, янаг цэцэг нэгэндээ бэлэглэж, үзэсгэлэн гоо, сайхныг магтсан ялгуун үгс аялгуу болно. Ингэж л төгөлдөр хуурынхаа товчлуур дээр амьдрал болон хүний олон өнгийг өөрийнхөөрөө мэдрэн дарж, түүний дарсан эгшиг аялгуунд бид жаргаж, зовж, мөнхүү хайрлан дурладаг. Тэгэхээр хөгжмийн  зэмсэгтэй зүйрлэвэл тэр яах аргагүй төгөлдөр хуур. Хүний сэтгэлээс сэтгэлийн хооронд нүүсэн, тэгээд бүр ам дамжин аялах, гуниг, баяр, жаргалтай үедээ алинаас нь ч сонсоод тайвшрал авах аялгуу эгшиг бүр түүнийх. Ямагт өөрийнхөөрөө урсаж, уран бүтээлээ туурвиж, анхлан бүрдүүлсэн тэр л имиж, донжоороо байна гэдэг амаргүй.

Өөрийгөө, өөрийнхөө бүтээснийг эвдэлж, сүйдэлж, нураах нэгэн ч урлагт бий. Гэвч тэр өнөөх л Б.Батчулуун хэвээрээ байж, орон зай болоод оршихуйд нь хэн ч дөхөж очиж, халдахааргүй бат бөх оршигч. 

- ТЭР ҮСЭЭ СҮЛЖЭЭД, ЭСВЭЛ ЗАДГАЙЛААД ТӨГӨЛДӨР ХУУРЫНХАА АРД СУУХАД-

      Түүнийг үсээ задгайлаад төгөлдөр хуурынхаа ард суухад хэн бүхэн зүрх сэтгэлээсээ сонсож эхэлнэ. Тэрхэн мөчид тэр хамгийн зөөлөн мөртлөө гүнзгий аялгууг тоглож эхлээд, аргадан дуулна. Араас нь хамтлагийнх нь гитар болон бөмбөр, даралтад хөгжмөөр түрнэ. Түүнийг үзүүрлэж, өргөж, дэмнэж, түшиж яваа нь тэд. Тийм болохоор л "Никитон". Хэнийг нь ч хэнгүйгээр нь төсөөлөмгүй баг.  Бачкагийн төгөлдөр хуурынхаа ард бүхнээ "тайлж", өөрт төрж байгаа бүх мэдрэмжээ тоглож, үгээ нарийн мэдэрч, дуундаа бүрэн орж , үгүйлж, шаналж, шархалж дуулахыг нь яана. "Цамцаа тайл" дуун дээр л гэхэд хамаг сэтгэл зүрхээ юүлж, хайлж байна уу даа гэтэл дуулна. Ерөөс төгөлдөр хуурын ард л түүнд тийм их хүч, ид шид цогцлоодог гэмээр. Тэр хар цагаан товчлуур дээр амьдралын олон өнгийг буулгахдаа л Б.Батчулуун гэх уран бүтээлч бүрэн утгаараа оршиж байна уу ч гэлтэй. Дөрвөлжин энэ хөгжмийг тоглох гэж л, тэгээд дуулах гэж л ирсэн гэмээр. Тэгээд л сэтгэлээс сэтгэлийн хооронд өрнөх бүхнийг нэгээс нөгөө рүү зөөж, хэн бүхний дурсамжийг сэдрээж, дурсамж болсон цаг бүрийнх нь гэрч болон эгшиглэж байдаг. Тэгэхээр тэр үсээ задгайлаад төгөлдөр хуурынхаа ард суух бүрдээ дурсамж хайр, түүхийг үлдээгч, хорвоо ертөнцийг дуулагч.

-ДОЛДУГААР АНГИДАА "ЯНАГ ЦЭЦЭГ" ДУУНЫ ҮГИЙГ БИЧСЭН-

      Цагаан малгай духдуйлж, шар угалзтай ягаан пиджак өмссөн богино буржгар үстэй уран бүтээлч ерээд оны эхээр "Никитон" хамтлагийг байгуулж, амьд хөгжмийг холын мэт бодож явсан сонсогчдод ойртуулсан. Түүнээс ч өмнө сурагч байхаасаа дуу зохиож эхэлсэн гэгддэг өвөрмөц дуу хоолой, дүр төрх содон сонин, шинэлэг уран бүтээлч. Гаднаа бүдүүн хадуун нэгэн харагдавч, дотроо хамгийн зөөлөн урсгал. Түүний дуунаас шаналал зовнил, харамсал, гомдол, хайр цөм нэгэн дор сонсогддог. Тэрбээр Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн шагналт, зууны манлай морин хуурч Г.Жамъяны ач бөгөөд аав нь “Соёл эрдэнэ” чуулгыг анх байгуулж, “Цэнхэр залаа” аялгууг тоглосон дөрвөн ятгачны нэг. Ийн урлагийн гэр бүлд хүн болж, өссөн ч гэлээ тэрбээр урлагийн хүн болох, бүр дуулна гэж зүүдлээ ч үгүй гэдэг. Гэхдээ долдугаар ангид байхдаа л 

Салхинд согтон найган дэлбээлсэн

Сайхан үнэрт янаг цэцгийг

Сэмхэн ширтэх чамдаа зориулж

Сэтгэл догдлон бэлэглэж билээ... гээд 

“Янаг цэцэг” дууны шүлгийг бичиж, есдүгээр ангидаа “Хос хунгийн дууль” дууг хийж эхэлсэн гэхээр урлагт тэр эрт хөл тавьж, эрт хүмүүстэй "танилцсан". Хөгжим бүжгийн коллежид сурч байхад багш нар нь түүний дуу хоолойг нь нэг л сайн ойшоодоггүй, хийсэн бүтээл нь хүмүүст нэг л хүрэхгүй байсан гэдэг. Гэхдээ “Хүнд хүрэх нь хамаагүй. Өөрийн дуртай зүйлээ хийсээр байх болно” гэсэн бодол нь түүнийг хөтөлсөөр анхны уран бүтээлээс нь эхлэн өдгөө хүртэл гаргасан дуу нь цөм хит болсон.

Гэнэт хэн нэгэн хүүрнэн ярих мэт, зохиолтой, драмтай, уянгатай түүний аялгуу хуучирахгүйгээр эгшиглэж, сонсох бүрт  өөр баяр, гуниг, хайр сэтгэлийн үүд хаалгыг нээсээр байна.

-СОДОН ӨНГӨ-

     Солонго, зэрэглээ шиг бариад авья гэвч баригддаггүй, хэнээр ч хөтлүүлж, хэнийг дагадаггүй, нэгэн хэв загварт ордоггүй өөрийнхөөрөө энэ уран бүтээлчийн урлагт үргэлж цоо шинээрээ байгаа нь өөртөө үнэнч, өөрийн үзэл бодолдоо тууштай байдал нь байх. Үүгээрээ тэр хит дуунуудыг төрүүлж, урлагт “Никитоны Бачка” гэх нэрээр тамгалагдаж яваа. Дуу хоолой, дүр төрхөөрөө ч содон. Арван жилийн сурагч байхаасаа гайхам хайрын дуунуудыг зохиож, эхэлж, хит болгосноороо ч өөр. Анхнаасаа багш нартаа гайхагдаж, авьяас нь тэсрээгүйгээрээ ч зорилго болоод хүсэл нь ондоо уран бүтээлч. Тэр хэзээ ч хэнд ч таалагдахыг, тааруулахыг бодоогүй, боддоггүй уран бүтээлч. Хэний ч захиалга, агуулга, хэлсэн санаагаар хийж байгаагүй давтагдашгүй эрэлхийлэгч. Амьгүй юмсыг амьд болгож төсөөлөн, ургуулагч. “Яагаад дуу хийж, дуулах бодол төрсөн юм бэ” гэсэн сэтгүүлчийн асуултад тэрбээр “Энэ бол цаанаасаа дуудлагатай л байдаг гэж боддог. Тав, зургадугаар ангид ороод л гэнэт дуулмаар санагдаад л дуулаад эхэлсэн” гэж ярьсан байдаг. Никитоныг 1994 онд байгуулж, үзэгчдэд ч хүрч эхэлж, ид мандаж байх үед нь тэр Америк Улс руу явж, долоон жил болсноор монголдоо ирсэн гэдэг. Эх орондоо ирээд “Аргагүй сайхан бурмаа”-гаас эхлэн ар, араас нь бүтээлээ хийж, тоглолтууд ч хийж, үргэлжлүүлэн мандсан. Үүгээрээ ч тэд содон байв. Ерөөс анхнаасаа тэр ийм л өөр, ондоо, содон, эрэлхийлэгч, ургуулагч, бүтээгч байсан. Түүгээрээ л яваа.

-Чимээгүй оршигч-

        Ингэж мандаж, дуу бүр нь хит болсон ч тэр өөрийн оршихуйдаа чимээгүйхэн оршиж, өөрийгөө улам боловсруулж, ганц төгөлдөр хуур дарж, дуулах биш, хөгжмийн зохиолчоор ажиллаж, өөрөө анирддаг, учрыг нь олдог эгшиг, аялгуугаараа жигүүрлэн, хөгжим зохиож, дуу болгон илэрхийлдэг мэдрэмжээ мөнхүү зохиож илэрхийлэгч. Түүний чимээгүй бясалгагч, сайн бүтээлийг таригчийн нэгэн онцлог нь сонсдог дуу хөгжим нь байна.

Магад амьд хөгжмийн хүн болохоор рок попд л дуртай байх гэж бодож байж мэдэх юм. Гэвч тэр намдуухан, гүн гүнзгий бодол дагуулсан хөгжим сонсох дуртай гэнэ. Ингэхдээ хөгжмийн зохиолч Б.Шарав, Н.Жанцанноров, Моцарт, Петховены хөгжмийг сонсож, тэднээс суралцаж, тэдний тэр аялгуу эгшигт өгүүлэгдэх бүхэн рүү "очдог" байна. Магад тэдний гүн их бодрол, их утгаас бүтээлийнхээ санааг олж, чамбай сайн бүтээл гаргачихаад л дараагийн эрэлдээ гардаг болов уу. Ингэж бүтээлээс бүтээлийнхээ оронд тэр эрэлт, хайлт, туршилт хийж, улам сайн юм хийхээр, "Энэ чинь л Бачка шүү дээ" гэх эрэлтийн араас нэхдэг байх. Мэдээж ингэж хэлүүлэхийн төлөө огт биш. Хэзээ ч тэр магтаалын төлөө уран бүтээл хийдэггүй. Харин дуучин, хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч хүний хувьд өөртөө ханах гэсэн, өөрийнхөө их хүслийг биелүүлэх гэж зорьж яваа л хэрэг.  Тэр ч ийм л бодолтой байгаа байх. Үнэхээр өөрийнх нь хэлснээр “Гэнэт дуу дуулмаар санагдсан. Ямар нэгэн дуудлага л байдаг байх” гэдэг шиг хүмүүст сайхан бүтээл, бүр Бачкагийн бүтээлийг хүргэх үүрэг түүнд бий ч байж мэдэх юм. Тийм ээ, эхлэлд хэрэв тэр байхгүй байсан бол гэж өгүүлээд байсны учир бий. Найман настай байхдаа хүнд өвдөж,зүрхний Ц.Бундан эмч түүнийг аварч байсан гэдэг. Тэгэхээр тэр бидэнд дурсамж хөвөрдсөн энэ сайхан уран бүтээлүүдээ дуулах гэж л төрсөн байх. 

-ХОРЬ ГАРУЙ ЖИЛ СОНССООР ИРЖ, ДАХИАД Ч СОНСОНО-

          "Никитон" хамтлаг өнгөрсөн онд 25 жилийн ойн тоглолтоо хийсэн. Санан, үгүйлж, хүлээсэн гэж жигтэйхэн тоглолт болсон. Хэдийгээр дууг нь хаанаас ч сонсож болох, бүр өдөр бүр сонсдог ч гэлээ тэдэнтэй тоглолтод нь "уулзах", өөрсдийг нь тайзнаас харахтай зүйрлэх юу билээ. Бид тэднийг хорь гаруй жил хэдийнэ сонсжээ. Ойн тоглолтод нь 2000 он давсан залуус дутахааргүй үзэж, бүр дуу бүхнийг нь мэдэж байсан нь тэднийг аль ч цаг үед, бүр одоо төрөх үеийнхэн  ч тэдний дууг өчигдөр шинээр гарсан мэт л сонсохыг, тэгж хит болдог гэдэг нь илт байв. Тэдний дуу хуур он цаг улирах тусам улам жин дарж, чанаржиж байгаа нь тод харагдсан. Тийм ээ, Никитон бол үнэхээр Монголын урлагийн домог арт рок хамтлаг юм. Б.Батчулуун ч домог юм. Үсээ сүлжээд, эсвэл задгайлаад тайзнаа, эсвэл төгөлдөр хуурынхаа ард тэр хорь гаруй жил суусан байна. Энэ домгийн эхлэл долдугаар ангийн хүүгээс л эхэлжээ. 

 


НИКИТОНЫ БАЧКАГ СОНСОХ ТУСАМ...
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 8
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-16 18:31:35
    Ах: Зайлцан амьтан муугаа мэдэхгүй их зантай нүхэнд дуртай боов
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-16 14:50:58
    зочин: анх гарч байхдаа давгүй сайхан бсаан. одоо гэтэл нэг нэг согтуу нөхөр ойд төөрөөд хашгирч бгаач юм шиг эсвэл өтгөн нь хатаад гарахгүй хүчтэй дүлж бгаа хүн шиг ч нэг чихэнд чийртэй хашгирсан л хүн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-16 13:56:49
    ИРГЭН: ӨМДӨНД НЬ БААЛГАСАН Ч ГЭЛ ҮҮ, БУЗАР АМЬТАН.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-16 11:33:56
    Санал: Царай зүсээ жаахан янзлаасай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-16 09:22:49
    Үнэн: Цамцаа тайл 1998он гээд үнэндээ дууссан. Эргэн ирэлтийн Баачка бол үнэндээ Вовка л байсан
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-16 09:22:47
    Үнэн: Цамцаа тайл 1998он гээд үнэндээ дууссан. Эргэн ирэлтийн Баачка бол үнэндээ Вовка л байсан
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-16 09:02:02
    Zochin: Hos hungiin duuli Tsamtsaa tail cd gee dahin hevleech guiya
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-16 08:56:03
    ИРГЭН: ЁС ЗҮЙГҮЙ ХӨГИЙН АМЬТАН. СОГТУУ ХҮҮХЭН ХҮЧИНДСЭН ТУХАЙГАА ЭНД ТЭНД ЯРИАД ЯВЖ БАЙДАГ...
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188