• Өнөөдөр 2025-12-02

“МИАТ” ТӨХК-ИЙН ЗАХИРАЛД ЯРИГДАЖ БУЙ Т.ТЭЛМЭНГИЙН АРДАХ АШИГ СОНИРХЛЫН СҮЛЖЭЭ

2025-12-02,   177

     “МИАТ” ТӨХК-ийн захирлаар Т.Тэлмэн гэх залууг томилох шуум гарч эхлэв. Өнөөх Т.Тэлмэнгийнх нь хөгшин настай ээж нь хүртэл “МИАТ” ТӨХК-ийн захирал Б.Мөнхтамирыг муулж, матарласан постуудыг сошиалд идэвхтэй шейрлэж буйгаас харвал энэ томилгооны шуум оргүй биш бололтой юм. Нөгөө талаас, хадам дүү нь нэгэн цагт “МИАТ” ТӨХК-ийн цай, кофе, жүүсний гол “шахаачин” байснаас нь харвал Т.Тэлмэнд “МИАТ”-д захирлаар залрах сонирхол их байгаа бололтой. 
 
Гол нь, төрийн томчуудын ашиг сонирхлын талбар, албан тушаалын бялууны амттай зүсэм нь “МИАТ” ТӨХК-ийн захирал байж ирсэн. Тиймдээ ч Б.Мөнхтамирын оронд “МИАТ” ТӨХК-ийн захирлын суудалд залрахаар яригдаж буй Т.Тэлмэн гэгч нь хэний хүн бэ, хэний ашиг сонирхлыг тээж тийшээ зүглэхээр зэхэж байна вэ гэдэг асуулт хариулт нэхэж байна. Намтрыг нь сөхөж үзвэл нэлээд олон томчуудтай холбогддог нэгэн ажээ. 
Н.НОМТОЙБАЯРЫН ЗӨВЛӨХ
 
     “МИАТ” ТӨХК-ийн захиралд яригдаж буй Т.Тэлмэн нь Нийслэлийн 1-р сургуулийг 1996 онд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай хамт төгссөн, 10 жилийн найз нь. Тиймдээ ч Т.Тэлмэн УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын “МАК” ХХК-д Хөрөнгө оруулалт, эдийн засгийн газрын захирлаар ажиллаж байсан. Дараа нь 2016-2017 онд Н.Номтойбаярыг ХНХ-ын сайд байхад зөвлөхөөр нь ажиллаж байсан. Мөн өнгөрөгч 2024 оны УИХ-ын сонгуульд Т.Тэлмэн Н.Номтойбаярын “Үндэсний эвсэл”-ийн жагсаалтын 12-т бичигдэж нэр дэвшсэн. Тэгэхдээ Т.Тэлмэн найзынхаа “Үндэсний эвсэл”-д 400 сая төгрөг хандивласан байдаг. Товчхондоо, Т.Тэлмэн хүүхэд ахуйгаасаа хойш нас, намтраа Н.Номтойбаярын дэргэд өнгөрүүлж буй найз нь. Асуудал нь, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “МИАТ” ТӨХК-тай зах зээлээ буцаалддаг “Хүннү-Эйр” ХХК-ийн эзэн. Өнгөрсөн хавар Н.Номтойбаярын “Хүннү-Эйр” ХХК нь монголын анх Е195-Е2 агаарын хөлгийг оруулж ирж, сүр дуулиантайгаар угтаж авч, төрд “сайрхсан”-ыг санаж буй байх. Тэгэхээр УИХ-ын гишүүн, “Хүннү-Эйр” ХХК-ийн эзэн Н.Номтойбаярын зөвлөх, 10 жилийн найз Т.Тэлмэн “МИАТ” ТӨХК-ийн захирлаар томилогдох нь ашиг сонирхлын асар том зөрчил болно. 
 
“БУУРАЛ” ХОЧИТ А.ГАНСҮХИЙН ХАЛААС НЭГТЭЙ ХАМТРАГЧ
 
      “МИАТ” ТӨХК-ийн захиралд яригдаж буй Т.Тэлмэн нь Зам, тээврийн сайд асан, “Буурал” хочит А.Гансүхтэй “Амар даатгал” ХХК-ийг 2019 оноос хойш хамтран эзэмшиж байгаа. Өдгөө Т.Тэлмэн “Амар даатгал” ХХК-ийн Бизнес эрхэлсэн дэд захирлын албан тушаалд ажилладаг. “Буурал” А.Гансүхийн хувьд нас, намтрынх нь яг 10 жил Х.Баттулгын хажууд өнгөрсөн, түүний хүн. Х.Баттулгыг Зам тээврийн сайд байхад дэд сайд нь байлаа, Ерөнхийлөгч байхад ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга нь байлаа, гэх мэтээр. Тэгэхээр төрд 10 жил хамтарч, зургаан жилд нь Зам, тээврийн салбарыг хамтран атгасан А.Амаржаргал, Х.Баттулга хоёрт “МИАТ” ТӨХК-ийн захиралд өөрсдийн хүнээ томилох санаархал байхыг үгүйсгэх аргагүй. Тиймдээ ч “Амар даатгал” ХХК-ийг хамтран эзэмшдэг халаас нэгтэй хамтрагч Т.Тэлмэнг “МИАТ” ТӨХК-ийн захиралд зүтгүүлж байж болзошгүй юм. 
 
Сонирхуулахад, “Буурал” А.Гансүх, Х.Баттулга хоёр Зам, тээврийн дэд сайд, сайдаар ажилласан зургаан жилд Х.Баттулгын бие хамгаалагч гэх ганц өгүүлбэр намтартай Б.Батзаяа гэх нөхөр гэнэт төрд мандаж, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирал, ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байв. Тэгвэл “Буурал” А.Гансүх, Х.Баттулга хоёрын төрд эрхлүүлсэн Б.Батзаяа нь 1995 онд Төрийн тусгай хамгаалалтын газрыг шинэчлэн байгуулахад Т.Тэлмэнгийн аав, хурандаа Ц.Тунсагийн шууд удирдлага доор бие хамгаалагчаар ажилд орсон анхны ажилтан, гарын шавь нь. Тэгэхээр “Буурал” А.Гансүх ч, Х.Баттулга ч Б.Батзаяагаар дамжуулж Т.Тэлмэнг, түүний аав Ц.Тунсагийг эртнээс мэднэ гэсэн үг. 
 
ЗТ-ИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАНЫ ТУСЛАХЫН ХАЛААС НЭГТЭЙ ХАМТРАГЧ
 
      “МИАТ” ТӨХК-ийн захиралд яригдаж буй Т.Тэлмэн нь Б.Баяржаргал, Б.Золжаргал гэх эгч дүү хоёртой “Жаггед монголиа” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Тэгвэл “Жаггед монголиа” ХХК-ийг хамтран эзэмшигч Б.Баяржаргал нь Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханы туслахаар ажилалж байсан. Одоо Б.Дэлгэрсайханы “Монголиан транс лайн” ХХК-ийнх нь захирлаар ажилладаг. “Монголиан транс лайн” ХХК нь Засгийн газрыг концессоор Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг барьж, төрийн бүх л томчууд очиж нээлтийг нь хийснийг санаж буй байх. 
 
Гол нь, “МИАТ” ТӨХК-ийн захирал Б.Мөнхтамирыг Ерөнхий сайд Г.Занданшатарт “матаж” ажлаас нь чөлөөлүүлж байгаа хүн нь Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан гэх. Тэгэхээр Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан олон нийтийн хардлага шүүмжлэл дагуулахгүйн тулд өөртэйгөө хамаатай гэж харагдахгүй хүн буюу туслах Б.Баяржаргалынхаа бизнесийн хамтрагч Т.Тэлмэнийг “МИАТ” ТӨХК-ийн захиралд зүтгүүлж байж болох юм.
 
ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАНЫ ХУРАНДАА Ц.ТУНСАГИЙН ХҮҮ
 
       “МИАТ” ТӨХК-ийн захиралд яригдаж буй Т.Тэлмэнгийн ээж талаараа Увсын уугуул. Ээж Э.Оюунгэрэлийнх нь аав буюу өвөө З.Энэбиш нь Увс аймгийн Цагаанхайрхан сумын уугуул, ОХУ-ын Москва, Чехийн Прага хотод Элчин сайдаар сууж, сүүлд Ленинград хотод Ерөнхий консулаар ажиллаж байсан МАН-ын хууччуулын нэг. Т.Тэлмэн өвөөгөө Элчин сайд байх үед нь Чехийн Прага хотод төрсөн. Харин аав Ц.Тунсаг нь Төрийн тусгай хамгаалалтын газрын орлогч дарга байсан. Тэгэхдээ тухайн үеийн Ерөнхий сайд М.Энхболдын хамгаалалтыг хариуцаж, хамгийн ойр байсан нь хүн. Аав Ц.Тунсагийгаа Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга байх үед буюу 2007 онд Т.Тэлмэн БЗС-гаас 32 мянган ам.долларын зээл авч, АНУ-ын Миссури мужийн их сургуульд магистр хамгаалсан. Түмний хүүхдэд хүртдэггүй БЗС-гийн зээл томчуудын хүүхдүүдэд олддог тэр л жишгээр. Сонирхуулахад, 2022 онд Боловсролын сайд Л.Энх-Амгалан тушаал гаргаж, Т.Тэлмэнгийн БЗС-гаас авсан 32 мянган ам.долларыг тэглэсэн байдаг. 
 
Гол нь, М.Энхболд “МИАТ” ТӨХК-д хамгийн их ашиг сонирхолтой хүн гэгдэж  ирсэн. Жишээ нь, “МИАТ” ТӨХК-ийн зорчигчдыг хоолыг 15 жил атгаж, монопол тогтоосон “Нүхт тур” ХХК-ийн нууц эздийн нэг нь М.Энхболд гэж хэвлэлүүдээр хэдэнтээ цацагдсаныг санаж буй байх. Гэтэл М.Энхболдын “МИАТ” ТӨХК-ийн зорчигчийн хоолны бизнесийг сүлжээг Б.Мөнхтамир зогсоож, түүнээсээ болж М.Энхболдод “зуугдсан” гэцгээдэг.  Тэгэхээр Тусгаар тогтнолын ордон дахь нөлөө нь багассан ч төрөөс явчихаагүй байгаа М.Энхболд “МИАТ”-ийн хоолны бизнесээ сэргээхийн тулд хамгаалалтыг нь хариуцаж байсан хурандаа Ц.Тунсагийн хүү Т.Тэлмэнг “МИАТ” ТӨХК-ийн захиралд зүтгүүлж байж болох юм. 
 
     Энэ мэтээр хөвөрдөж хөөвөл Т.Тэлмэн гэгч нь ардаа ашиг сонирхлын түмэн сүлжээтэй нэгэн ажээ. Хатуухан хэлэхэд, хэрвээ Т.Тэлмэн "МИАТ" ТӨХК-ийн захирлаар томилогдлоо гэхэд хууль хяналтынхны хараанаас салахааргүй нэгэн бололтой юм. 
 
Үргэлжлэл бий...
 

“МИАТ” ТӨХК-ИЙН ЗАХИРАЛД ЯРИГДАЖ БУЙ Т.ТЭЛМЭНГИЙН АРДАХ АШИГ СОНИРХЛЫН СҮЛЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-02 07:59:13
    Зочин: БЗС -с 2007 онд 32 мянган долларын зээл аваад АНУ -д магистрд сурсан юм байна. Харин 2022 онд боломж гарангуут 15 жилийн дараа сайд Л.Энх-Амгалангаар зээлээ тэглүүлсэн гэж бичсэн байна. Л.Энх-Амгалан сайд чинь өөрөө шүгэл үлээгээд л БЗС-н зээлээр гадаадад магистр, докторт сурсан хүмүүс хууль бусаар зээлээ тэглүүлж байна, энийг болиулана гээд л байсан санагдах юм. Одоо бол БЗС-н зээлээр магистр, докторт гадаад зэргийн сургалтаар сурсан хүмүүсийн зээлийг тэглэхээ больсон байгаа. 20 жилийн хугацаанд бага, багаар графикаар төлүүлэхээр хууль журам гарсан гэж ойлгосон. Энэ залуу бол 32 мянган долларыг амархан төлхөөр л боломжтой залуу байна гэж энэ мэдээнээс ойлгогдож байна.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188