• Өнөөдөр 2024-04-26

Эм, тарианд “бөмбөгдүүлсэн" МОНГОЛ МАЛЫН МАХ ХООЛ БИШ ХОР БОЛСОН УУ-II

2022-04-24,   1341

      Эргэлт.мн мэдээллийн сайт монгол малын мах эм, тарианд хордож байгаа талаар сурвалжилга бэлтгэн хүргэж байгаа билээ. Бид өмнөх дугаартаа малчид малдаа эм, тариаг ямар ч хяналтгүйгээр дур мэдэн авч, малаа эмийн “боол”, туршилтын талбар болгож байгааг нэмэлт хачиргүйгээр малчдын өөрсдийнх нь яриагаар хүргэсэн. Мал ямар ч сэхээ авалгүйгээр ар араасаа эм, тарианд “бөмбөгдүүлж”, вакцинд хордчихдог. Мах, сүүнд нь химийн бодис агуулагдаж, хүний биед сөргөөр нөлөөлж байгаа гэдгийг малын эмч нар ярьсан юм. Малчдын малаа гэсэн сэтгэл, зах замбараагүй эмийн наймаа, хэрэглээ Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрсэн үү гэдэгт бид хариулт хайж энэ удаагийн сурвалжилгаа бэлтгэлээ.

Цаасан дээр бичсэн тоогоор, албаныхны амаараа хэлж буй мэдээллээр энэ жилийн хэмжээнд 170 гаруй мал гоц халдварт өвчний голомт бүртгэгдэж, одоогийн байдлаар 90 гаруй голомт нь хумигдаад байгаа гэх. Гэсэн хэдий ч энэ бол зүгээр л тоо, бодит байдал дээрээ халдварын тархалт гаарсан, халдвар хоёр дахин илүү тархсан гэдгийг эх сурвалжууд онцолж байна.

“МОНГОЛЧУУД ШҮЛХИЙТЭЙ МАХ ИДЭЖ БАЙНА”

       

           Эх сурвалжийн бидэнд өгсөн мэдээллээр “Монгол Улсын хэмжээнд малын өвчний халдварын голомт эрчимтэй тархсан. Албаныхны хэлж байгаа голомтын тоо бол нуун дарагдуулсан тоо. Халдвар үүнээс хоёр дахин нэмэгдсэн. Энэ салбарыг удирдаж байгаа удирдлага, мэргэжилтэнд мэргэжлийн хүн гэж алга. Энэ салбар сэхэл авахаа өнгөрлөө. Эрс шийдэмгий өөрчлөлт хийх хэрэгтэй байна. Амьдралаас тасарчихсан хэдэн хүн л юу ч хийгээд байгаагаа ч ойлгохгүй байна шүү дээ. Хүнсний аюулгүй байдал алдагдсан нь нууц биш. Мах гэдэг чинь Монгол Улсын мөнхийн хэрэглээ. Гэтэл бид өвчтэй, эмийн үлдэгдэлтэй, химийн найрлагад хордсон мах л идэж байна. Өнөөдөр идэшний цаг болж байгаа энэ үед монголчууд өдөр болгон шахуу л шүлхийтэй мах худалдан авч байна шүү дээ. Малчид сайн малаа борлуулж, хэрэглээнд нэвтрүүлэхгүй нь тодорхой. Харин хамгийн муу, онд орохгүй, тариад, тариад сэхэл авахгүй, өвчтэй, халдвар авсан малаа нядалж, Улаанбаатар руу зөөж байгаа. Шүлхийтэй малаа яаж хэрэглээнд нэвтрүүлээд байна гэхээр эрүүл гэсэн малын бичгийг нь орон нутгийн мал эмнэлгийн газрынхан хуурамчаар үйлдээд явуулж байна. Ингэхээр чинь бид яаж эрүүл мах идэх юм бэ” гэлээ.

ХАЛДВАРТ ӨВЧИНТЭЙ МАХ ИДЭЖ БАЙГАА ЭСЭХЭЭ МЭДЭХ БОЛОМЖГҮЙ. МАХНААС ШИНЖИЛГЭЭ АВААД ХАРИУ НЬ ХЭВИЙН ГАРНА ГЭВ

        Харин өөр нэг эх сурвалжийн өгсөн мэдээллээр “Малыг амьд үед нь халдварт өвчнийг илрүүлж, шинжлэх боломжтой. Нядалсан хойно нь шүлхий болон өөр бусад төрлийн гоц халдварт өвчнийг илрүүлэх боломжгүй. Хэрэглээнд нэвтрүүлж байгаа махыг мянга шинжлүүлээд шүлхий болон бусад халдварт өвчин гарахгүй гэж ойлгож болно. Гэтэл манайхан шинжлүүлээд эрүүл мах идэж байна гээд байдаг юм. Энэ бол байх боломжгүй зүйл. Харин өөр эмийн илүүдэл бол шинжилгээгээр гарна. Монгол Улсын хүнсний аюулгүй байдал алдагдаж, аюулын харанга дэгдэхэд ойрхон боллоо. Үнэндээ малын эмч нар, холбогдох албаныхан, гоц халдварт өвчний голомтод ажиллаж байгаа хүмүүс халдварт өвчнөө ч ялгахгүй байна. Угтаа халдварын голомтоо хумих ёстой байтал тэд тэлж байна шүү дээ. Халдвар илэрсэн айлын хоттой маланд ирж баахан хувцас, хамгаалалт хэрэглээд шинж тэмдэг илэрсэн хэдэн малыг нь устгалд оруулаад, бусдыг нь вакцин тариад алга болдог. Уг нь бол эрүүл малыг нь тусгаарлаж, шинж тэмдэг илэрснийг нь бас өөр газар тусгаарлаж, ажиглалт хийх ётой. Тийм зүйл огт байхгүй. Шинж тэмдэг илэрсэн малтай тав, зургаа хоног хамт бэлчээрт гарсан малд вакцин тарьдаг. Тэрийгээ болсон гэж үзээд аймаг, сум руугаа яваад дээш нь мэдээ дамжуулдаг. Үнэндээ бол баахан халдвартай малаа араас нь хөөж, вакцин хийгээд, түүнийгээ урьдчилан сэргийлсэн гэж ярихаасаа ичих хэрэгтэй. Ингээд вакцин тариулсан мал нь дордож, муудахаар малчид нь нядалчихдаг. Өвлийн цагт нядлаад хөлдөөчихдөг. Тэгээд өвчин гайгүй, хорио цээр тавигдахаар Улаанбаатар руу ачаад ирнэ дээ. Ийм л төрхтэй байна. Бид эрүүл мах идэж чадахгүй байгаа. Сүүлийн хэдэн жилд эмийн үлдэгдэлтэй, химийн бодист хордсон мах бүр ч их идэж байна. Албаныхан худалдаалагдаж байгаа мах шинжилж, эрүүл байдлыг шалгасан гэдэг юм. Гэтэл тэд хамгийн эрүүл гэсэн махыг очиж шинжлээд ийм тайлбар хэлдэг. Үнэндээ гараас гар дамжиж байгаа маханд тэд хяналт тавьж чаддаггүй. Тэгэх ч боломж байхгүй” гэсэн юм.

       Хараа хяналтгүйгээр хайрцаг, хайрцгаар нь химийн найрлагатай эм, тариа, антибиотик тарилгыг малын хот руугаа зөөж, буцаагаад Улаанбаатар руу эм, тарианд “бөмбөгдүүлсэн” малаа зөөж байгаа малчдад хэн хяналт тавих ёстой.

Б.ГАНЗОРИГ: УЛСААС НЭГ МАЛД ЖИЛД 8-9 ВАКЦИН, МАЛЧИД ӨӨРСДӨӨ ЭМ, ТАРИА ХИЙДЭГ

      Тэгвэл бид Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Б.Ганзоригтой холбогдож, гоц халдварт өвчний нөхцөл байдлын талаар тодрууллаа. Мөн монгол малын мах эм, тариад хордосон, эмийн замбараагүй хэрэглээ хүнсний аюулгүй байдалд аюул учруулж байгаа эсэх талаар тодруулсан юм.

            Тэрбээр “Энэ жилийн хэмжээнд 177 голомт үүсэж, үүнээс 98 голомтын хорио цээр цуцлагдсан байна. Халдвар гарсан 74 голомт хорио цээр, таван голомт хязгаарлалтын горимд байгаа. Малын гоц халдварт өвчнийг нуун дарагдуулж, тоог хасаж хэлж байгаа зүйл байхгүй. Бид байгаа голомтоо л хэлж таарна шүү дээ. Улсын төсвийн хөрөнгөөр дотоодоос зургаа, импортоор шүлхий, бог малын мялзан өвчний эсрэг зэрэг гурван нэр төрлийн вакцин худалдаж авдаг. Нэг малд жилд 8-9 вакцин хийдэг гэсэн үг. Гэхдээ Монголын бүх малд эдгээр вакциныг жилд хийдэг гэсэн үг биш. Зөвхөн шаардлагатай, тархвар зүйн судалгаагаар үндэслэж, эрсдэлтэй малаа дархлаажуулдаг. Дархлаажуулалтын ажил улсын болон орон нутгийн хөрөнгөөр хийгддэг. Харин малчид нэмэлтээр өөрсдөө эм, тариа авч, малдаа хийх нь элбэг. Тухайлбал, дархлаа дэмжих витамин, ивомек, туулга, цагаан тариа зэргийг малчид өөрсдөө худалдаж авч малдаа тарьж байна. Бид малчдаас ганцхан зүйлийг л хүсэж байгаагаа цаг тутамд илэрхийлж байна. Тэр юу вэ гэхээр, “Аливаа тарилга, туулгыг малын эмчээр, түүний хяналтан дор хийлгэнэ үү. Өөрсдийн дураар битгий зах замбараагүй эм, тариа авч хэрэглэж, малдаа тариач” гэж хүсдэг юм. Мал эмнэлгийн хяналтан дор тариалгат хамруулснаар бүртгэлтэй болно гэсэн. Тухайлбал, малчин Болдынх ямар, ямар тариа малдаа хийсэн, эм уулгасан бэ гэдгийг малын эмчийн бүртгэлээс харж болох юм. Эмийн зохисгүй хэрэглээтэй холбоотойгоор бид малын эмийн сангуудад төлөвлөгөөт шалгалт хийж, хяналт хийж байна. Мөн одоогийн байдлаар бид бүртгэлийн систем хийж байна. Эм ханган нийлүүлэх бөөний төвөөс аймаг, сумын нэгжүүд рүү ямар эм хүргэгдэж, зах зээлд нийлүүлэгдэж байна вэ гэдгийг хянах системыг хийсэн” гэлээ.

“МАЛЧИД ХАРИУЦЛАГА АЛДСАНААС БОЛЖ ЭМИЙН ҮЛДЭГДЭЛТЭЙ МАХ НИЙЛҮҮЛЭГДЭЖ БАЙНА”

         Мөн тэрбээр үргэжлүүлэн “Химийн найрлагатай тарилгыг тарьсны дараа мах, сүүг хүнсэнд хэрэглэх хугацаа гэж байдаг. Яагаад малын эмчээр бүх эм, тариагаа тариулж, хяналтад бай гээд байгаа вэ гэхээр малын эмч тэр айлд тарилга хийсний дараа гэрчилгээ бичиж өгнө. Тэгэхээр бид “Энэ айлын мал тарилгад хамрагдсан. Биеэс гадагшлах хугацаа нь болоогүй байна. Тэгэхээр эднийхээс мах, сүү бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэхгүй” гэсэн хяналттай болгох гээд байгаа юм. Эмийн үлдэгдэлтэй мах нийлүүлэгдэж байгаа нь малчдын хариуцлагагүй байдал. Бид хэлсээр байхад малчид хариуцлага алдаж, эрсдэл үүсгэдэг. Гэхдээ бид үүнийг хамтаараа шийдэж, шийдвэрлэх боломжтой. Тийм ч учраас хяналтын систем нэвтрүүлж, хариуцлагын асуудал яригдаж байна” гэлээ.

Баттай, нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалжуудын хэлснээр бид химийн найрлагтай, эмийн үлдэгдэлтэй мал махыг хүнсэндээ хэрэглэж байгаа гэнэ. Харин тус салбарыг удирдаж байгаа газрын даргынх нь хэлж буйгаар малчдын хариуцлага, зах замбараагүй эмийн хэрэглээг хянах, сайжруулах ажлыг хийж гүйцэтгэж байгаа талаараа ярив.

Үргэлжлэл бий.


Эм, тарианд “бөмбөгдүүлсэн" МОНГОЛ МАЛЫН МАХ ХООЛ БИШ ХОР БОЛСОН УУ-II
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-24 15:33:28
    Irgen: Hurdan arga hemjee avaach ee. Arai dendej bna shu de. Tor zasag gej nna u.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-24 13:25:51
    1: Хүнсний ногоо мөн адил эрээнээс хувиараа юу нь мэдэгдэхгүй хор авч ирж цацдаг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-24 11:54:25
    яаядаа: мах худалдан авахад судас шөрмөс нь ногоон байх юм. Улс мал эмнэлэгээ гартаа авах цаг болсон . Хүн амын өвчлөл ч энэ эм тариатай махтай холбоотойг үгүй гэх газаргүй шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-24 11:36:34
    иргэн: Малын бүх тариаг зөвхөн малын эмчийн бичгээр худалдаж, эмчээр тариуулах хэрэгтэй. Бид малын халдварт өвчтэй аль эсвэл элдэв тариа хийсэн малын мах идэж байгаа. Энэ бол хүнсний аюулгүй байдал алдагдаж буйн илрэл гэдгийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөрөө авч хэлэлцэж шийдвэр гаргах цаг болсон.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188