• Өнөөдөр 2025-04-21

Амны хаалтад амиа бүрэн "даатгадаг" нийтийн буруу хандлагыг өөрчлөх цаг иржээ

2021-06-02,   1035

          Коронавирусийн цар тахлын батлагдсан тохиолдол 59229 болж, 297 хүн нас бараад байна. “Энхсаран” сувилалд тусгаарлагдаж байгаад гарсан тээврийн жолооч Д-гээс халдвар илэрлээ” гэсэн тэр цочир мэдээнээс хойш дотоодод батлагдсан тохиолдлын тоо хурдны галт тэрэг шиг л “эрчилсээр”, “60 мянга” гэх өртөө рүү ойртож байна. 
 
Хоногт л 700-800 шинэ тохиолдол бүртгэгдэж, батлагдсан тохиолдлын тоо зогсолтгүй “урагшилсаар”. Улаанбаатар хотын баруун, зүүн талд байх “Улаанбаатар буян” компанийн чандарлах цогцолборын зүг буяны хөсгүүд цувсаар. Цар тахлын тархалт, нас баралт эрс нэмэгдэж байгаа ч нийтээрээ “корона”-гийн айдас үгүй болсон мэт назгайрах болжээ. Өөрөөр бол, баталгаатай хамгаалах эсэх нь тодорхойгүй хоёр тун вакцин, Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа, зун цаг, “хөл хоригдож ханасан, одоо болоо” гэдэг хэнэггүй зан...Энэ бүгд “корона”-г мартагнуулж, айдсыг нь “үргээчихлээ”. 

“Айдасгүй” болсон иргэдэд эрх биш амны хаалт зүүх зуршил, дадал л үлджээ. Гэхдээ стандартын шаардлага хангасан амны хаалт зүүж, түүнийгээ цаг тутам сольж байгаа нь тун ховор байна. Зөвхөн нэр төдий байдлаар л амны хаалтыг хэрэглэж, түүнийгээ хамгаалалт гэж итгэж байна.

          “Хэд хоног зүүсэн юм бол” гэж жийрхмээр үнгэгдэж, үрчийсэн амны хаалттай иргэд явж л байна, “Энэ амны хаалт нь халдвараас хамгаалах болов уу” гэж санаа зовмоор торон шахуу сиймийсэн амны хаалттай иргэд ч явж л байна. Бас “Ингэж амны хаалт зүүдэггүй юм шүү дээ” гээд хэлчихмээр, ам, хамраа биш эрүүгээ амны хаалтаар хамгаалсан иргэд ч бишгүй л таарч байна. Бүр сонгуулийн сурталчилгааны уулзалтад сууж, зах, худалдааны төвүүдээр үйлчлүүлж, хүүхдээ дагуулан баярлаад явж байна. Улсын үндэсний аюулгүй байдал иргэн Доржийн, иргэн Дулмаагийн хайнгадуу, хамрынхаа үзүүрийг дөнгөж давуулан ёс төдий зүүсэн амны хаалт дээр тогтож байна гээд бод доо. 
 
Анхнаасаа “Амны хаалттай л бол аюулгүй” гэдэг сэтгэлгээ нийтийн дунд дэндүү хүчтэй суучихжээ. Харин одоо “Амны хаалт таны амийг бүрэн хамгаалахгүй, гагцхүү таны ухамсар таныг хамгаална” гэдэг сэтгэлгээг нийтэд суулгах цаг ирчихсэн байна. Өөрөөр бол, амны хаалт үнэхээр 100 хувь хамгаалдаг байсан бол энэ 59 мянган хүн яагаад халдвар авч, 297 хүн нас барсан хэрэг вэ. Тэд л зөвхөн амны хаалтгүй явж байсан учраас халдвар авсан гэж үү. Амны хаалт нь бүрэн хамгаалаагүй учраас, амны хаалтаа буруу зүүсэн учраас, амны хаалтаа цаг тухайд нь сольж байгаагүй учраас халдвар авсан хэрэг. Тэгэхээр “Нэр төдий амны хаалт таныг халдвараас 100 хувь хамгаалахгүй, харин халдвараас айх айдас, “олон хүнтэй газраар явж болохгүй” гэдэг ухамсар, зайлшгүй нийтийн үйлчилгээний газруудаар үйлчлүүлэх үедээ амны хаалтаа зөв хэрэглэх, тогтмол солих дадал гурав л таныг хамгаална” гэж нийтээрээ, нэг нэгэндээ уриалмаар байна. 
 

Амны хаалтад амиа бүрэн "даатгадаг" нийтийн буруу хандлагыг өөрчлөх цаг иржээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188