• Өнөөдөр 2026-05-25

Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа

2026-03-24,   2131

Өмнөговь аймгийн Гурвантэс суманд олон нүүрсний уурхай нээгдэж, малчид малын бэлчээргүй, малгүй болж төв суурин бараадах болжээ. Тэдний төлөөлөл нь Д.Нандинцэцэг юм. Тэднийх малгүй болж, сумын төв бараадан амьдрахаас өөр гарцгүй болжээ. Малчин бүсгүй Д.Нандинцэцэг жолооны курсэд сурч төгсөөд уурхайд хүнд даацын машины жолоочоор ажиллах болсон байна. Хүнд даацын машины жолооч эмэгтэй хүн гэхээр том биетэй, бяр тэнхээтэй, эршүүд нэгэн байхаар төсөөлж байлаа. Харин тэр жижигхэн биетэй, уяхан туяхан бүсгүй байв. Түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Та өөөрийгөө танилцуулахгүй юу?

   -Намайг Даваахүүгийн Нандинцэцэг гэдэг.  Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт багийн иргэн.

-Та жолоочоос өөр ямар мэргэжилтэй хүн бэ?

    -Би ерөнхий боловсролын дунд сургуулиа төгсөөд л мал дээр гарсан. Аав, ээждээ туслах гээд л малчин болж байлаа. Гэтэл “Эс Жи Эс”-ийн уурхай нээгдээд нэг их удалгүй мал усалдаг горхи, шанд ширгэсэн. Сүүлдээ уурхайн хүнд даацын машины тоосонд дарагдаад, мал идэх өвсгүй, бэлчээргүй болсон. Тэгээд л манайх арга буюу сумын төв бараадаж нүүсэн. Сумын төвд орж ирээд ажил хийхийн тулд худалдагч, кассын курс төгссөн.

-Хэзээнээс жолооч болов?

     -Хувиараа ажил, хөдөлмөр эрхэлж гурван жил болоод түүний дараа жолооны курсэд сурч төгссөн. Эхлээд “В”, “С” ангиллаар сурсан юм. Тэгээд Шивээхүрэнгийн боомт руу зорчигчдыг фургон машинаар зөөдөг боллоо. Арав гаруй жил фургон барьсан. Тэгсэн найз нөхөд, таньдаг хүмүүс “Чи том тэрэгний жолооч болооч. Чи чадна даа. Цалин мөнгө нь ахиу, амьдралд чинь хэрэгтэй” гэсэн. Эхэндээ ч том тэрэг барьж чадахгүй байх гээд л зориг хүрдэггүй байлаа. Гэтэл хүүхдүүд том болоод сургууль, соёлд ороод өрхийн зарлага нэмэгдээд эхэлсэн. Тэгээд л арга буюу амьдралын шаардлагаар өрхийн орлогоо нэмэгдүүлэхийн тулд зориг шулуудаад ангиллаа ахиулж суралцаад том тэрэг барьж эхэлсэндээ.

-Танай гэр бүлийн хүн жолооч уу. Гэр бүлийн хүнээ танилцуулахгүй юу. Хэдэн хүүхэдтэй вэ?

   -Би дөрвөн хүүхэдтэй. Хоёр охин, хоёр хүүтэй. Гэр бүлийн хүн маань салсан. Ковидын үед зүүн хил дээр очиж, хорио цээрт ороод, тэгээд л хоёр тийшээгээ болсон. Тэрнээс хойш өрх толгойлсон эмэгтэй болсон доо.

-Танай хүүхдүүд хэд орчим насны хүүхдүүд байгаа вэ. Тээвэрт цаг наргүй олон хоногоор явах үед хүүхдүүдийг чинь хэн хардаг вэ?

   -Манай том хүүхэд 20 настай оюутан. Улаанбаатар хотод МУБИС-д сурч байгаа. Одоо энэ хавар сургуулиа төгсөнө. Манай гэрийнхэн надад их тус дэм болж, хүүхдүүдийг маань харж өгдөг. Манай бага дүү Гурвантэс сумын Урт багт амьдардаг юм. Тэр дүү маань манай бага хүүхдийг хоёр ойтой байх үеэс нь хойш өөрийн хүүхэд шиг харж, өсгөж байгаа. Одоо манай бага зургаан нас хүрч байна. Ирэх намар сургуульд орно.

-Та ямар маркийн том тэрэг барьж байна. Том тэрэгний жолооч болоод хэдэн жил болж байгаа вэ?

    -Миний тэрэг “Норд Бенз” маркийн машин бий. Хүнд даацын том тэрэг бариад гурван жил гаруй болж байна. Анх том тэрэг барихад их эвгүй л санагддаг байсан. Одоо харин бүр дасчихаад санаа зовох зүйлгүй болчихсон.

-Хэдэн тооны ачаа тээвэрлэдэг хүнд даацын машин бэ?

    -Миний машин хоёр чиргүүлтэй. Нүүрс ачаагүй үед машин маань 46 тонн жинтэй. Нүүрс ачаад ирэхээр, нүүрсний цэвэр жин 140-160 тонн болдог. Ер нь хамгийн багадаа 200 тонн болно.

-Эмэгтэйчүүд машин барихад дугуй солихоос эхлээд бэрхшээл их байдаг. Том тэрэгний эвдрэл гэмтэл гарах үед өөрөө засаж,  дугуй хагарсан үед өөрөө нөхөж, сольдог уу?

    -Бага хэмжээний эвдрэл, гэмтлийг бол өөрөө хийчихнэ. Ер нь аль болох өөрөө хийхийг хичээдэг. Би багаасаа техникт дур сонирхолтой байсан. Тийм болохоор ойр зуурын засвар үйлчилгээг хүн гуйхгүйгээр хийж чадна. Том хэмжээний гэмтэл болон дугуй хагарч, солих шаардлагатай үед бусдаас тусламж авна. Хүч хүрэхгүй зүйлд ах дүү хоёроо, найз нөхөд, таньдаг хүнээ гуйдаг. Тээвэрт явж байхад  дугуй хагарсан үед огт танихгүй жолооч нар зогсоод тусалдаг. Ер нь нүүрсний жолооч нар бие, биедээ их тус дэмтэй, найрсаг хүмүүс шүү.

-Нүүрсний тээвэрт явж байгаа хэдэн эмэгтэй жолооч байдаг вэ?

    -Хүнд даацын машин барьж буй 50 гаруй эмэгтэй жолооч байгаа. Сүүлийн үед эмэгтэй жолооч нэмэгдэж байна. Зөвхөн манай Гурвантэсийн уурхайд гэхэд 12 эмэгтэй жолооч бий.

-Нэг удаагийн тээвэрлэлтээр өдөрт хэдэн машин хил давдаг вэ?

   -Өдөр бүр өөр, өөр байдаг. Өдөрт 800-1000 гаруй машин гарч байгаа байх. Өглөө 8:00 цагаас, орой 20:00 цаг хүртэл хил нээдэг юм. Уртасгасан цагаар сунгаад татахаар шөнийн 22:00 цаг хүртэл хил нээхэд 2000 гаруй машин гардаг юм билээ.

-Уурхайгаас нүүрс ачаад Хятадад буулгах хүртэл хэдэн цаг явдаг вэ?

   -Энэ долоо хоногийн байдлаар гэхэд би хоёр хоногийн өмнө нүүрс ачсан. Одоо л гарах гэж байна. Ер нь хоёр хонож, 48 цаг болоод эцсийн цэгт очиж нүүрсээ буулгадаг юм. Монголын хил, гааль үнэхээр хүндрэлтэй, 2-3 орц, гарцаар оруулж, гаргадаг. Зам харгуй нь үнэхээр ичмээр, цөмөрсөн хонхойсон, тоос шороо боссон байдалтай. Гэтэл Хятадын гааль 5-6 орц, гарцаар ямарч чирэгдэл үүсгэхгүйгээр маш хурдан татаад авчихдаг. Хятадын гаалийн бүсийн, зам, харгуй нь үнэхээр сайхан.

     Хил даваад тав алхаад дэлгүүр, хоршоо, хоолны газар, буудал, машины зогсоол гээд хүнд хэрэгтэй бүх зүйл нэг дор бий. Хятадууд иргэдийнхээ төлөө, хүний амьдрах орчинг сайн бүрдүүлж чадсан байдаг. Хятадаас Өвөр Монголчууд, Монгол руу орж ирээд л дуу алддаг. “Та нар баялгаа Хятадад зарж байж яагаад ийм муухай орчинд,  ийм ядуу амьдарч байна аа” гэдэг. Монголын гаалийн ариутгалын бүс гэсэн чинь хонхор газар ус хийчихсэн байдаг. Түүнийг нь туулаад таван мянган төгрөг төлнө. Арай л сэтгэлгүй байгаа биз дээ.

    Монгол Улс баялгаа зарж, ядуураад, бидний баялгийг худалдан авч буй Хятад Улс нүдэн дээр, өдрөөс өдөрт цэцэглэн хөгжөөд байна шүү дээ. Энэ их байгалийн баялаг компанийн эздийн хувийн өмч биш байхгүй юу. Тэд энэ байгалийн баялгийг бүтээж, бий болгоогүй. Давуу эрхээр эзэмшиж, ухаж баяжиж байгаа. Өвөг, дээдсээс бидэнд үлдээсэн баялаг Монгол Улсын иргэн бүрийн, өмч байх ёстой. Монголд зөвхөн уурхай эзэд баяжиж, түүнээс ашиг олох биш, эх орныхоо баялгаас иргэн бүхэн хувь хүртэх ёстой.

    Бид ядуураад байгаа нь улс орны баялгийг улстөрчид, тэдний хамаарлын компани, баялаг дээр эзэн суусанд хамаг учир байгаа юм. Эрх мэдэлтэнгүүд түүнээс нь ашиг хүртдэг. Тийм болохоор компаниудыг хамгаалж, иргэдийнхээ амьдрал, үхэл, зовлонг огтхон ч тоохгүй байгаа. Ард түмнийг баян чинээлэг амьдруулна гэж хуурсаар 30 жил болчихлоо. Ямарч ажил хийхгүй УИХ-д 10-20 жил суугаад тэрбумтангууд болж байна шүү дээ. Энэ шударга ёс юм уу.

-Нүүрс тээврийн жолооч нар машиныхаа бүхээгтээ амьдардаг юм байна?

    -Тийм ээ, нүүрс тээвэрлэгч жолооч бидний хамаг амьдрал машины бүхээгт өнгөрч байна даа. Бүхээгтээ амарч, унтаад, бүхээгтээ хооллож явдаг. Бидний ажлын байр машины бүхээг болохоор яах ч билээ дээ.

-Энэ хол, олон цагийн хүнд тээврийн замд бие засах болохоор яах вэ?

    -Харин тийм ээ, наадах чинь маш хүнд асуудал шүү. Тэр тусмаа эмэгтэй жолооч нарт их хүндрэлтэй. Тэвчээд л давсгаа бариад л явна. Моринзаг хүртэл тэвчээд очно доо. Гэхдээ Моринзагт зогсоол ховор байдаг. Зогсоол олдохгүй үед тэгээд явахаас өөр сонголтгүй болно. Сүүлийн үед эмэгтэй жолооч нэмэгдэж байгааг харгалзан үзэж зам дагуух хогийн цэг дээр "нойл"-той болгоод өгчихвөл сайн л байна. Уурхай компаниуд жолооч нарын цалингийн хоёр хувийг хурааж аваад Моринзаг шиг дундын үйлчилгээ, амралтын цэг байгуулах юм гэсэн. Яагаад жолооч нарын цалингаас мөнгө татах гээд байгаа юм. Компаниуд өөрсдөө хөрөнгө гаргаж яагаад болохгүй байгааг ойлгохгүй байна.

-Тээврийн замын тоос, шороон дунд явах түгшүүртэй биз?

     -Тэгэлгүй яах вэ. Маш их түгшүүртэй. Байнгын сонор, сэрэмжтэй явахыг бодно. Олон машины дунд ороод цуваанд орохоор зогсох эрх байхгүй. Хэт хурдан, эсвэл удаан явж болохгүй. Урд талынхаа машинтай адил,  ижил хурд барьж явна. Огт зам харагдахгүй битүү тоос татах үе зөндөө гарна. Тийм үед сандраад бүхээг дотроо өөрийн мэдэлгүй, рефлексээрээ “пүү, пүү” гээд л үлээчихсэн явдаг. Амьхандаа тоосыг үлээж сарниулах гэж байгаа нь тэр. Энэ олон жолоочийг эсэн мэнд гэр оронд нь эрүүл, саруул хариулахын тулд уурхайнууд хариуцлагатай хандаж, замын аюул, осолгүй тээвэрлэлтэд анхаараасай гэж боддог.

-Хүнд даацын тэрэгний жолооч та нар ер нь гэрийн бараа харах уу. Хэд хоног тээвэрт яваад хэд хоног амардаг вэ?

    -Ер нь гэрийн бараа бараг л харахгүй дээ. Би сая л гэхэд яг 21 хоноод гэртээ харьсан. Хятадад хилийн цаана гарчихлаар буцаад гарч чадахгүй, тэндээ хоригдчихдог. Уг нь бид долоо хоногийн зургаан өдөр ажиллаад ганцхан бүтэн сайн өдөр амардаг юм. Ганц амарсан өдрөө машиндаа засвар, үйлчилгээ хийгээд амарч чаддаггүй. Хөдөлмөрийн хуулийн дагуу жилд нэг удаа ээлжийн амралт авах ёстой ч бидэнд тийм амралт өгдөггүй. Ер нь манай уурхайд Монгол Улсын хууль дүрэм огт үйлчлэхгүй. Тийм болохоор нүүрс тээврийн жолооч нар завгүй амьдралтай хүмүүс.

-Ар гэрийн амьдрал, үр хүүхдэдээ зориулах цаг наргүй л тээвэрт явдаг хэцүү юм аа?

    -Ар гэр, үр хүүхдийнхээ төлөө л, цалин, мөнгөний төлөө залуу, халуун нас, амь, амьдралаа золиослон зүтгэж байна. Цалин бидний амьдралын баталгаа болдог. Тийм болохоор дөрвөн хүүхдийнхээ төлөө зүтгэхээс өөр арга байхгүй. Би “За миний хүүхдүүд сайн сурч боловсрол мэдлэг, олж авах хэрэгтэй. Ганц сургуульд сураад болох биш, хажуугаар нь өөрсдийгөө хөгжүүлж, өөрсдийн сонирхсон сургалт, дугуйланд сайн сураад аваарай. Ээж нь зүтгээд сургалтын төлбөрийг нь олно. Санаа битгий зов. Энэ боломжийг ашиглаад өөрсдийгөө хөгжүүл” гэж хэлдэг. Манай хоёр дахь хүүхэд одоо аравдугаар анги болохоор хоёр дүүгээ сайн хардаг.

    Амралтын өдөр гэрт очихоор “Ээж ирлээ” гээд бөөн баяр хөөр болно. Би гэртээ ороод ажлын хувцсаа үүдний өрөөнд тайлаад тавина. Угаа гэж хэлээгүй байхад хүүхдүүд маань угааж, индүүдээд, цэмбийлтэл эвхээд тавьчихсан байхыг хараад баярладаг. Намайг их ойлгодог. Би гэртээ очоод гэр орноо цэвэрлэх, хувцсаа угаах, хоол унд хийх бүх ажлаас чөлөөлөгдөнө. “Ээж та хийх хэрэггүй. Сайхан амарч ав. Бид хийчихнэ” гээд их хөөрхөн. Би зочид буудалд хонож байгаа аятай тухтай амардаг. Хааяа нэг наадам, баяр ёслолоор олон хоног амрах үед хүүхдүүд маань “Ээжийнхээ гарынхаа хоолыг идье” гэдэг. Тэр үед нь хоол хийж өгдөг.

-Уурхайн замд осол, аваар их гардаг. Тийм үед сэтгэл эвгүйтэх үе гарна биз?

    -Ээ бурхан минь, хэлэх юм биш. Уг нь уурхайнууд нийлээд хөрөнгө гаргаж зам тавьж болмоор санагддаг. Үгүй ядахдаа тоосжилт ихтэй замаа байнга услаад байдаг бол осол гарч, хүний амь нас үрэгдэхгүй . Жаахан сэтгэл дутаад байна уу гэж боддог. Монгол хүний амь нас хямд болжээ. Төр засаг үүнд огтхон ч анхаарал хандуулахгүй байгаад гайхдаг.

    -Би осол, аваар хараад өөрийн мэдэлгүй, орилж, хашхирчихсан байдаг. Харин эрэгтэй жолооч нар арай уужуу, тайван, сэтгэлийн хат сайтай болохоор хурдан арга хэмжээ авдаг юм билээ. Би харсан зүйлээ хурдан мартаж, тайвширч, сэтгэлээ барьж, хяналтаа алдахгүй байхыг хичээдэг. Гэвч нүдэнд харагдаад болохгүй. Тэр бүх сэтгэл зүйн цочрол, хямрал, дарамт 3-4 өдрийн дараагаас арай гайгүй болдог. Ийм үхэл, амьдралын зааг дээр ажиллаж байхаар больдог ч юм билүү гэж шантрах, сэтгэл мохох үе зөндөө гардаг. Гэвч амьдралаа, үр хүүхдээ бодоод тэсэхээс өөр арга байхгүй. Болилоо гэхэд надад Гурвантэс суманд очоод хийх ажил олдохгүй. Цалин мөнгө нь амьдралд хүрэлцэхгүй гэж бодоод тэсдэг дээ.

-Одоо хэдэн жил том тэрэг бариад болих вэ?

    -Хоёр жил ажиллаад болих санаатай байсан юм. Тэгсэн чинь хоёр жилийн дараа, манай хоёр дахь том хүүхэд оюутан болох юм байна. Тэгэхээр яг одоогоор шийдвэр гаргах боломжгүй л явна. Ер нь эрүүл мэндээ бодохгүй бол болохгүй байгаа. Жил гарны өмнө гэнэт л хөл мэдээгүй болоод явж чадахгүй болчихсон. Эмчид үзүүлсэн чинь нуруунд суулт өгөөд мэдрэлийн судал дарагдчихсан байсан. Өдөр бүхэн хөдөлгөөнгүйгээр жолоо мушгиад суудаг хүмүүс, нуруу, суудлын өвчин тусдаг юм байна.

-Шөнө, орой тээвэрт ганцаараа явах эвгүй байдаг уу?

    -Ачаагаа ачаад шууд замд гардаг. Бусад жолооч нарыг хүлээж цуг явах боломж байхгүй. Тэгэж яваад, ямар жолооч нарын дунд очиж зогсохыг мэдэхгүй. Заримдаа согтуу, хөлчүү жолооч нарын дунд очоод зогсоход айдас төрдөг. Очоод цуваанд ороод зогсвол өдөр, шөнө хамаагүй байнга хаалгаа түгждэг. Харин компанийнхаа болон таньдаг жолооч нарын дунд байх үед л сэтгэл тайван байдаг.

-Хил давахаар Хятадууд их дээрэнгүй харьцдаг юм уу?

    -Тэр бол ердийн үзэгдэл. Монголчуудад их дээрэнгүй ханддаг шүү. Хятадын хил гаалийн ажилчид уг нь жаахан харилцааны соёлтой байж болно доо. Ерөөсөө яг л нэг шоронгийн харгалзагч шиг тушаасан зандарсан, уурлаж, хашхирсан, дээрэнгүй байдлаар монголчуудтай харьцдаг. Тэр битгий хэл Монголын маань гаалийн байцаагчид хүртэл муухай ааш гарган харьцах тохиолдол байсан. Тэр тусмаа эмэгтэй байцаагчид хүртэл харилцааны наад захын соёл байдаггүй.

    Тушаасан, зандарсан, хашхирсан муухай ааштай хүмүүс байдаг. Аль болох зөрчил илрүүлж торгох гээд л зүтгэнэ. Энэ бүхэн байнга дарамт мэдрүүлдэг. Алдаа, зөрчил гаргасан бол найрсагаар хэлж, сануулж болно доо. Монгол хүн байж, иргэнээ хайрлан хүндлэн харьцаж яагаад болдоггүй юм. Ёстой бүү мэд. Жолооч нар удаа дараа ахлах байцаагчид нь гомдол гарган, хэлж яриад одооноос арай л гайгүй болсон.

 

 

 

 

 

 

 

 


 

 


Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-24 14:59:48
    Туяа: хэлмээр санагдаж бодож явдаг бүх зүйлийг хэлжээ мэрэгжил нэгт найз минь
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-24 14:59:47
    Туяа: хэлмээр санагдаж бодож явдаг бүх зүйлийг хэлжээ мэрэгжил нэгт найз минь
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-24 13:04:31
    зочин: Машиныхаа бүхээгтээ гэж бичнэ. Хамаатуулах ба өгөх оршихын тийн ялгал өөр шүү! Том бүхээгтэй машин, улаан бүхээгтэй машин г.м. Гэртээ амьдрах, бүхээгтээ амьдрах, бүхээгтээ суух, Зөв бичээрэй! Уул танайхыг унших дуртай. Гэвч мэргэжлийн сэтгүүлчдийн алдаатай бичсэнийг харахаар онцгүй санагдаад уншихаа больдог.......
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-24 11:47:51
    Хүүхэнгаа: Манай Нандинцэцэг эгч олон мундаг жолооч тэсвэр тэвчээртэй бүсгүйчүүдийн нэг. Хормийн төдийд хархад л бахархахад ч багдах ховорхон хүнээс л гарах тэсвэр тэвчээрийг харуулж яваа мундаг бүсгүйчүүдэд аз жаргал амжилт бүхнийг хүсье. Та бүхнээрээ бахархадаг шүү биеэ хайрлаж эрүүл энх байж алтан шар зам нь өлзийтэй байх болтугай.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188