• Өнөөдөр 2024-04-30

ОРОСУУДЫГ ХУВЦАСЛАЖ, МОНГОЛЧУУДЫГ ТЭЖЭЭСЭН “НАРЛАГ МОНГОЛ”-ЫН НАЙМААЧДЫН ТҮҮХ

2024-04-18,   1939

НАЙМААЧИД ЦОНХООР ДЭЛГЭСЭН БАРААГАА ОРОСУУДАД ШҮҮРҮҮЛЖ, ХУУРАМЧ МӨНГӨӨР ХУЛХИДУУЛНА

           Хөлтэй нь хөлхиж, хөлгүй нь мөлхөж, хүн бүр хоосон хонохгүйн төлөөх тэмцэл өрнөж байлаа. Магадгүй монголчуудын амьдралын уналтын хамгийн доод цэг, бас сайхан амьдрах эхлэлийн цэг нь тэртээх 1990 он. Хамаг эд хөрөнгөө барьцаанд тавьж, зарж үрээд хэдэн төгрөгтэй болсон наймаачид тарваганы арьс, Хятадаас бөөндсөн өмд, цамцаа “гахай” болгоод үүрчихсэн унтах нойр, идэх хоолгүй давчуу вагонд амьдардаг байлаа. Вагоны хаалгаар ороход л хамаг бараагаа дээрэмдүүлээд цөм шатчихсан, галзуурах нь холгүй зогсох хүн олон байж. Зарим нь Эрээнээс бөөндсөн өмд, цамцаа хэд нугалж зараад гартаа багтахгүй мөнгөтэй болчихсон инээд алдан суух тийм л дүр зураг саяхных мэт. Гэвч ганзагын наймаачдын ихэнх нь дэлхийн тэргүүн баячуудын эгнээнд багтаж, Монголын төрийг удирддаг болжээ. Ганзагын наймаачдын туулж өнгөрүүлсэн амьдрал, тэдний шүд зуун тэвчиж, тэмцэж өнгөрүүлсэн хором мөч бүр хэрхэн өнгөрсөн тухай бодит түүхийг уншигч таны өмнө дэлгэж байна. Энэ бол "Нарлаг монгол" галт тэргээр 20 гаруй жил наймаа эрхэлсэн  Жамьянсүрэнгийн Олзодын амьдрал. 

     Тэрбээр 1991 онд Хотын эвлэлийн хорооны “Залуус” хамтлагт гитар тоглодог байжээ. Тухайн үед Якут Улс руу анх удаа тоглолтоор явж зургаа, долоо хоноод ирсэн гэдэг. Тэднийг ирэхэд нь  Хотын Эвлэлийн хороо нь татан буугдчихсан, удирдах ажилтнууд нь оросуудтай гэрээ байгуулж, жуулчин явуулж эхэлснээр тэр Орос руу гарч, оросуудад савхин куртик зарж эхэлснээр наймаачны амьдралд хөл тавьсан байдаг. Монголчууд ч тухайн үед Орос руу тарваганы арьс, савхин куртикээс гадна хятад бараа зөөж, түүний наймаа ч цаг үеэ дагаж улам өргөжсөөр Ж.Олзод  Хятад, Монгол, Оросыг  холбосон  уртын эргэлтэд явдаг жинхэнэ ганзагын наймаачин болсон түүхтэй. 

         Тэрбээр “Би өөрийгөө ганзагын наймаачин болно гэж бодож байгаагүй. Уран бүтээлчийн сайхныг яг л мэдэрч эхлээд ганц, хоёр тоглолтод явж байсан үе байлаа шүү дээ. Гэнэт л ажиллаж байсан байгууллага маань татан буугдаж, бид хэнд ч хэрэггүй мэт болчихсон. Амь амиа бодохоос өөр аргагүй цаг үе бидэнтэй нүүр тулж байлаа шүү дээ. Би анх наймаачин болохдоо учир зүггүй вагоноор явдаг, вагонд амьдардаг хүн болчихсон байсан. Тухайн үеийн наймаачин болгон воганоор л гэр хийдэг байлаа. Нэг ёсондоо вагоны дуу чимээ, явдалд дасаж, вагонд л унтахгүй бол өөр газар унтаж чаддаггүй болчихсон байсан. Тухайн үед би Улаанбаатарт ирж гэртээ нэг хоночихоод Эрээн явна. Эрээнээс өглөөгүүр Улаанбаатарт бууж, бараагаа вокзалын ойролцоо давхарлаж өрчихөөд найз нөхөд, таньж мэдэх хүнээрээ харуулж байгаад олон улсын билетын кассан дээр очиж, Москва явах билет захиалчихаад орой нь Москва руу явдаг байсан. Зарим үед маргааш өглөө нь  явахаар болж таарна. Тэр үед нь бараагаа вокзалд ойрхон таниж, мэдэх айлдаа овоолчихоод маргааш нь аваад явдаг байсан тийм л үе. Ер цаг хугацаатай уралдаж, бусдаас өрсөж бараагаа зарах гэж тэмцдэг, амьдрахын төлөө улайран зүтгэдэг үе байлаа шүү дээ. Улаанбаатараас Москва руу явахаар вагонд өдөр суухад дөрөв хоноод очно. Москвагийн 20:00 цагийн вагонд сууж, Улаанбаатар руу явахад тав хонодог байлаа. Ингээд Эрээн яваад ирэх хугацаатайгаа 12-13 хоногийг вагонд өнгөрүүлдэг, вагоны цонхоор ганц, хоёрхон бараа цухуйлгадаг байлаа. Вагонд 12-13 хоног явна гэдэг нь  зөвхөн нэг удаагийн эргэлт гэсэн үг" гэсэн юм. 

МОНГОЛЧУУДЫГ СӨХРҮҮЛДЭГ ОРОСУУДЫН ХУЛХИДАЛТ

      Тухайн үед вагон зогсох болоогүй байхад л наймаачид пэд пэд хийтэл цонхоор үсэрч буугаад Эрээнээс авчирсан бараагаа оросуудад бөөндөхийг нь бөөндөж, ширхэглэхийг нь ширхэглэж, ганцыг ч болтугай зардаг байжээ. Их бараатай буусан нь вагон руугаа эртхэн дөхөхгүй бол сууж амжихгүй хаягдана. Зарим нь вагонд суух гэж чихэлдэж яваад гар, хөлөө хавчуулж тахир дутуу болох нь энүүхэнд байсан гэнэ. Оросууд вагоноосоо хоцрох гээд арга ядаж яваа монгол наймаачны “гахай”-наас нь хуу татаж унагаад, сүүлчийн вагоны дугуйнд оруулчихдаг байсан гэх. Зарим нь бусдаас түрүүлж үсрэхээр яарахдаа “юм” мөргөж унаад амиа алддаг харамсалтай тохиолдол тэдний дунд бишгүй  байжээ. Харин 5-10 минут зогсох өртөөн дээр наймаачдын ихэнх нь цонхоор бараагаа дэлгэнэ. Вагон амдаж байгаа хүмүүст “Нарлаг монгол” вагон улаан эрээн л харагддаг байсан. Монголчуудыг амдахаар хүлээсэн оросууд ч вагоны чимээнээр өртөөн дээр цугларч, багталцдаггүй байсан гэдэг. Цонхоор өнгө өнгийн өмд, цамц, малгай, ороолт унжуулчихсан монголчууд оросуудын арга эвийг олж, бараагаа шахах гээд хамаг байдаг арга залиа хэрэглэнэ. Гэвч зарим нь зарах нь битгий хэл бараагаа оросуудад шүүрүүлчихээд л вагонаар дүүрэн орилж, хашхирдаг байсан гэдэг. 

      Ж.Олзод нэг удаа оросуудад сөхөртлөө хулхидуулжээ. Тэрбээр хэдэн сар, жил дутуу нойртой явчихсан болохоор нэг шөнө нойрмогдуухан наймаа хийжээ. Тухайн шөнө 10 гаруй орос түүний цонхон дээр гүйж ирээд нэг нэгэн дээрээ гишгэж, “Надад, надад” гээд баахан мөнгө барьчихсан дайраад байж. Тэр үед Ж.Олзод баярласандаа их мөнгө барьсан руу нь “Шороотын цэвээн” гэх галууны өдөн куртикээ шидээд л мөнгийг нь аваад байж. Тэдний цаахна гар нь хүрэхгүй мөртлөө өлмийгөө өргөөд дайраад байсан ганц эмэгтэй өлмийгөө өргөөд зүтгээд байхаар нь зориуд хэдэн куртик зарсан гэдэг. Вагон хөдлөх дөхөж байтал хажуу талынх нь купенд явсан эмэгтэй “Цонхоо хаагаарай. Хулхидуулчихлаа” гээд хашхирсан гэнэ. Тэгэхээр нь Ж.Олзод цонхоо арайхийж хаагаад гэрлээ асааж, мөнгөө шалгатал 500 рублийн ард нэг тэг будгаар нэмээд 5000 болгочихсон баахан хулхи мөнгөөр хулхидуулчихсан байсан гэдэг. Тэрбээр шархаа нөхөхийн тулд Оросын зах дээр хоёр сар ажиллаж, амьдарчээ. Иймэрхүү байдлаар орос нь монголыгоо, монгол нь орсыгоо хулхиддаг, хятад нь монголыгоо гээд том, жижиггүй, хөгшин, залуугүй нэгийгээ хулхиддаг байжээ. Үүнээс гадна Эрээнийг дүүргэдэг байсан монголчуудыг хятадууд мөн ч их хулхидсан гэдэг.

        Тэрбээр “Хятадууд том хүний цамц үзүүлчихээд хүүхдийн хувцастай “гахай” явуулчихдаг байсан. Өрөөсөн ханцуйтай цамц хүртэл хийчихсэн байна.  Урдаас том хүний хувцас гэж авсан бол дотор нь юу ч байсан хамаагүй оросуудад том хүний хувцас гээд нүдээ аниад “шиднэ” шүү дээ. Дундын наймаачдын бүх амьдрал Оросод өнгөрсөн. Вагоноос буугаад л дараагийн вагондоо суудаг “вагоны хүүхэд” л гэсэн үг. Тухайн үед вагонд төрсөн олон эмэгтэй байдаг. Монгол эмэгтэйчүүд тэвчээртэй, гүжир болохоор тогоо шиг том гэдэстэй байсан ч гэдсээ шахаад л цонхоор бараагаа зардаг байлаа. Төрөн төртлөө хүнд гахай зөөдөг байсан. Хамгийн хөдөлгөөнтэй, хэрүүл хийчихдэг, түрэмгий хүмүүс л тэр үед наймаа хийдэг байлаа шүү дээ. Чимээгүйхэн явах юм бол орох вагон, идэх хоол ч олдохгүй, бараагаа ч зарж чадахгүй гэсэн үг. Эмэгтэйчүүд биднээс илүү хор шартай, эрчүүдтэй ана мана л үзэлцдэг байсан. Монголчууд өөр өөрсдийнхөөрөө зүтгэдэг бол хятадууд бүх зүйлд нэгдэж чаддаг байсныг тухайн үед харж байсан" гэв. Тухайн үед “Нарлаг монгол”-ын наймаачдыг дуурайж яваад “шатсан”, шантарсан олон хүн байдаг. Улс дамнасан ганзагийн наймааг төрмөл авьяастан гэдэг шиг төрөлхийн наймаа хийх өгөгдөлтэй, сэргэлэн, гүйлгээ ухаан сайтай хүний ажил байдаг. Хамгийн тэвчээртэй, амьдралын төлөөх тэмцэлтэй хүмүүс л зах зээлийн үед хөл дээрээ зогсож үлдсэн байдаг. 

ОРОС ЭМЭЭ НАРЫН МАФИ МОНГОЛЧУУДЫГ “ШУЛДАГ” БАЙВ

     Зах зээлд шилжихээс өмнө буюу "Нарлаг монгол"-ын наймаачдыг худалдаа эрхлэхээс өмнө ОХУ-д сурч байсан оюутнууд ганзагын наймааны замыг тавьсан гэдэг. Тухайн үед Оросод сурч байсан оюутнууд амралтаар ирээд явахдаа таван тарваганы арьс авч яваад очсон хотдоо зарж, хоолны мөнгөө олдог байсан гэх. Монголоос Москва руу вагоноор явахад 4-5 хоног болдог. Өртөө болгон дээр орос эмээ нар өндөг, тахиа, төмс зардаг байж. Монгол наймаачид зарим бараагаа хоолоор солих нь ч бий. Монгол наймаачид буюу ихэссэнээр өртөөн дээр зогсож, хоол зардаг орос эмээ нар ч олширсоор хар зах шиг болсон гэдэг. Ялангуяа олон минут вагон зогсдог өртөө наймаачдаар дүүрдэг байж. Хувцас зарахаар буусан наймаачдыг орос эмээ нар хэд хэдээрээ бүчиж байгаад  гахайг нь ч юм уу, халаасыг нь ухдаг байсан гэдэг. Тэр үед зөвхөн орос гэлтгүй бүгд л чадах яадахаараа хулгай хийх нь хийж, бараагаа зарах нь зардаг байсан гэсэн үг. Тухайн үеийн наймаачид төрөөс ямар ч хамааралгүй бор зүрхээрээ зүтгэж байсан үе. Хулхидууллаа гээд хаана ч, хэнд ч гомдол гаргахгүй, алууллаа гээд оросын цагдаад өргөдөл гаргаад ч нэмэргүй байсан үе. Үхсэн, буудуулсан, дээрэмдүүлсэн, “шатсан”, “шатаалгасан” өчнөөн монгол уйлж, дуулаад л явдаг байжээ.

ГАНЗАГЫН НАЙМААНААС БАЯЖСАН ТОМЧУУД ОЛОН КУПЕ ЗАХИАЛЖ БАРААГАА НАР, САР  ХАРАГДАХГҮЙ БОЛТОЛ НЬ ЧИХДЭГ БАЙЖЭЭ

 Эрээний барааг монголчууд цөлмөж байсан үед Эрээний воганы билет ховор байсан гэдэг. Хятадууд билетийг бизнесийн бас нэгэн арга болгочихсон монголчуудад шаглаж зардаг байжээ. Тэрхэн үед ганзагын наймаанаас баяжсан томчууд мэдээлэлд ойр, томоор сэтгэж чаддаг байсан учраас улсаас зээл авч, наймаагаа томоор эхлүүлж байсан гэдэг. Тухайлбал, тэдний нэг нь Москвад, нөгөөх нь Бээжинд суурьшиж, 2-3 хүн бараагаа улс хооронд зөөдөг байжээ. Өөрөөр хэлбэл,  Москвад байгаа хүн нь Бээжинд байгаа хүн рүүгээ Оросод хамгийн их зарагдаж байгаа эрэлт хэрэгцээтэй барааг захиалчихдаг байсан гэсэн үг. Оросоос захиалсан барааг  Бээжинд байгаа нь хамааг мөнгөөрөө хамж аваад Москва руу олон улсын ачаа тээвэр болон онгоцоор явуулчихдаг байж. Ганзагын наймаанаас амархан томорч, баяжсан монголчууд найз, нөхдийнхөө бичиг баримтаар хэд хэдэн купе захиалчихаад нар, сар харагдахгүй болтол нь бараагаа чихдэг байсан гэдэг. Харин “Нарлаг монгол”-ын наймаачид цаг үеэсээ хоцорч, хэдэн хэдэн хувцас моодноос гараад дуусаж байхад нь Оросод очдог байсан гэдэг.

ДУНДЫН НАЙМААЧИД ШОРООТЫН ЦЭВЭЭН, КАПРИ МАЛГАЙГААР БАЯЖИЖ БАЙЖЭЭ

     Тухайн үед дундын наймаачид капри малгай, шороотын цэвээн хоёроор хөлжиж байжээ. Шороотын цэвээн гэх куртикийг дээрээс нь барихаар доороо бөөгнөрчихдөг байсан болохоор нь доороос нь  сэгсэрч байгаад зардаг байжээ. Тэр куртик хоёр, гурван эргэлт дамнан их сайн “гүйсэн” гэдэг. Шороотын цэвээн ч оросуудад сайхан зохидог байж. Харин монголчуудад төдийлөн зохидоггүй байсан  гэж наймаачид ярьдаг юм. Тэр үеийн оросууд үнэхээр өмсөх хувцасгүй байсан болоод шороо бужигнасан куртик тоохгүй өмсчихдөг байж. Монголчууд хятадуудад яаж хулхидуулдаг байсан түүн шигээ л оросуудыг хулхидаад чанаргүй бараагаа тэд гэж тоог нь хэлж шидээд мөнгийг нь авчихдаг байж.

      1990-ээд оны үед оросууд өмсөх хувцасгүй, үйлдвэрүүд нь манайх шиг хаагдчихсан байсан. Манайх лангуун дээрээ давснаас өөр бараагүй болсонтой адил гэсэн үг. Тухайн үед оросууд шороотын цэвээн, дөрвөлжин судалтай цамц, капри малгайгаар амьжиргаагаа залгуулдаг байжээ. Капри малгай размергүй болохоор “Улаан, ногоон, ягаан” гэж өнгийг нь хэлээд “шидчихдэг” амар байсан гэдэг. Олон хүн тэр малгайны буянаар баяжсан бол зарим нь ганц ч зоосгүй болтлоо “шатаж” байсан гэдэг. Энэ тухай Ж.Олзод ярихдаа “Хятадууд эхлээд сайн бараагаа үзүүлнэ. Монголчууд бараан дээр нь “алалцаад” эхлэхээр бараагаа хулхи болгоод нөгөө сайн малгайны размер нь багасаж, нимгэрч бүр тааран материалтай болоод дуусдаг. Зарим наймаачид Эрээнээс хөдлөөгүй байхдаа “шатчихдаг”  байсан.  Билет олдохгүй гурав хонох л юм бол барааны  үнэ гурав дахин унаж байгаа гэсэн үг. Тэр үед наймаачдын амь, амьдрал үнэхээр цаг, минутаар хэмжигддэг байлаа. Ганзагын наймаа эхэлж байх үед Бээжингийн том үйлдвэрүүд чанартай сайн хувцас хийдэг байсан. Харин наймаа цэцэглэж, монголчууд Эрээний захаас салахаа болиод эхлэхээр Эрээний гар үйлдвэрүүд чанаргүй, хулхи хувцас үйлдвэрлэдэг болчихсон” гэсэн юм. 

ХЯТАДЫН БОССУУД МОСКВАД ХОРООЛОЛ ЭЗЭГНЭЖ, ДУРГҮЙ ХҮРГЭСЭН НЭГНИЙГ “ХУТГАЛНА, СҮХЭДНЭ” ГЭЖ АЙЛГАДАГ БАЙСАН

       Оросуудад  зөвхөн монголчууд хятад бараа зөөж өгдөг байсан бол сүүлдээ хятадын томчууд Москвад суурьших болжээ. Тэд Моксвагийн угсармал есөн давхар орон сууцнуудыг түрээсэлж, бараагаа таазанд нь тултал чихчихдэг байжээ. Тэд яг л Монголын томчууд шиг бараагаа  вагон вагонаар нь, онгоц онгоцоор нь авдаг байсан гэдэг. Хятадуудын эзэгнэсэн орон сууц руу баргийн наймаачин ордоггүй байж.  Тэд том, том заазуур, сүх, буу хажуудаа тавьчихсан “Дургүй хүргэвэл хутгална, сүхэднэ” гээд дайрдаг байсан гэдэг. Оросын бага ястангууд тэднээс бараа авахдаа үнийг нь хямдруулахыг хүсэхэд сүхээ бариад л нэгэн зэрэг дайрдаг байсан гэдэг. Тэгэхэд нь бага ястангууд “За, тоглосон юм. Болъё, болъё” гээд барааных нь үнийг буулгаж чадахгүй хэлснээр нь аваад гардаг байсан гэдэг.

БАРААНЫ САВАНГҮЙ МОНГОЛЧУУДЫГ ОРОС БАРААГААР ХАНГАСАН НЬ

      Эрээнээс Москва руу бараа зөөдөг байсан монголчууд 1994-1995 оноос Москвагаас Улаанбаатар руу бараа татдаг болжээ. “Нарлаг монгол”-ынхон монголын хэдэн хар захыг орос хүнсээр хангаж эхэлсэн гэсэн үг. Тэр үед оросууд вагоноор их хэмжээний ачаа гаргахгүй гээд хоёр, гурван давхар хамгаалалттай байсан гэдэг. Яг л дэлхийн хоёрдугаар дайн шиг. Вагон руу орж чадахгүй урт цуваа үүсгэчихсэн монголчуудыг тусгай хамгаалалтынхан нохойтойгоо байгаад дийлдэггүй байсан гэдэг. Вагон хөдлөх дөхчихсөн байхад 200-аад монгол ар араасаа биенийгээ түрэхээс өөр аргагүйд хүрнэ. Урд талын хүмүүс нь хамгаалагч нарт балбуулж, бороохойдуулаад хэцүү. Тэгсэн ч араас нь хүмүүс түрж, орос, монгол хараал хэлж, хамгаалагч нар руу ундаа, пиво, архины шил гээд гартаа таарсан болгоныг хайр найргүй шиднэ. Шил, саванд оногдсон хамгаалагч нарыг нэгэнтэйгээ зууралдаж байх хооронд нь монголчууд дайраад орчихдог байсан гэдэг. Харин Монголын хилээр хэрхэн орж, гардаг байсан тухай Ж.Олзодоос “Тухайн үед орос, монголын аль аль нь 36 килограмаас дээш ачаатай зорчигч вагонаар гаргахгүй гэдэг 2-3 удаагийн хууль гаргаад ч дийлээгүй. Монголын вогзалыг ч мөн цагдаа, тусгай хамгаалалтынхан хамгаалдаг байсан юм. Морин хил дээр цүнхтэй ачааг нь хиллээд 36 килограмаас илүү гарсныг нь өшиглөөд оруулахгүй. Тэгээр бас  Монголдоо дайдаг байгаа юм. Эрээнээс баахан бараа авчихсан юм чинь Орос руу авч явахгүй гээд яах юм бэ. Бас Москва хүртэл бараагаа ачих хоёр, гурван купе захиалчихсан хүмүүс 36-хан килограмм ачаатай явахгүй шүү дээ. Тэгээд ачаагаа вагонд оруулж чадахгүй бол  Дархан руу таньдаг хүнээ давхиулаад бараагаа авдаг байсан. Тухайн үед холбоо барих утас байгаагүй мөртлөө яг л эндээс гүйцэх ёстой доо гээд мэдрэмжээрээ явдаг байлаа. Тэгээд Дарханаас үлдсэн бараагаа авч амжвал амжаад амжихгүй бол хоосон купетэй Орос явна. Би 100-хан женстэй, баахан хоосон купетэй Орос явж байсан. Тухайн үед Оросоос Монгол руу долоо хоногт дөрвөн вагон явдаг байсан. Хоёр нь, Монголынх, нөгөө хоёр нь Оросынх. Нэг өнжөөд л явж байсан гэсэн үг. Заавал “Нарлаг монгол” гэхгүй. Хил гарлаа л бол аль ч вагоныг оросууд тосдог байсан болохоор наймаачид хоёуланд нь битүү. Тухайн үед орсуудад хувцас хэрэгтэй байсан шиг монголд эрэлттэй барааг Оросоос авчирч зардаг байсан. Жишээлбэл, хүнс, гоо сайхны бараа, бохь, барааны саван, гарын саван, майонез, лаазалсан бүтээгдэхүүн, липтон цай, шоколад, чихрийг бид л оруулж ирдэг байлаа шүү дээ. Тухайн үед Монголд хүнсний компани байгаагүй. Тийм болохоор Нарлагийнхныг буянтай ажил хийсэн гэж боддог. Машин, мотоциклийн сэлбэг, эм, тариа гээд зарж болох бүхнийг зөөдөг байсан даа, хөөрхий. 1990-ээд оны дунд үеэс газан плетик “Дэнжийн мянга” захад зарагдаж эхэлсэн. Вагоныхан купендээ газан плетик дээрээ хоол, цайгаа хийгээд идчихдэг болсон. Тэгэхээр нойтон махаа хилээр нууж  гаргана гэсэн үг. Оросын хил ч мах оруулахгүй. Гэсэн ч яаж ийгээд л нуугаад гаргачихдаг байсан. Өвлийн улиралд бүр амар. Яг л гэртээ байгаа юм шиг явдаг" гэв. Наймаачид вагондоо хоолоо ч хийж, тамхиа татаж, хөзөр тоглож, архиа ууж, наймаагаа ч хийдэг байсан гэдэ. 1990 оны эхэн, дунд үед монголчууд гэрт амьдрахаасаа илүү вагонд амьдардаг байжээ. 

ТАРВАГАНЫ АРЬСЫГ ОР, ШИРЭЭНИЙ ДОР ЗУЛЖ, ХИАМ ШИГ ХУЙЛСНЫГ НЬ ХАНА, ТААЗАНД НУУДАГ БАЙЖЭЭ

      Тухайн үеийн наймаачид бараагаа хаана нуух уу гэдгээс эхлээд л наймаачин хүнд байх туршлага, арга заль хэрэгтэй байж. Тэрбээр “Бид Москвагаас купе дүүрэн ачаатай гараад вагоныхоо эд ангийг задалж, шингээсээр байгаад хил дээр ирэхэд ямар ч ачаагүй болчихсон сууж байдаг байсан. Ял илбийн юм шиг. Тэр бол уртынхны л авьяас. 100 хайрцаг бараатай байлаа гэхэд 50 хайрцаг болгож чихнэ. Куртек, пальтогоо өлгүүрт өлгөнө. Цонх, ширээний тавцангийн доод хонхорхойд дэлгэж, скочдоно. Ихийг хийсэн бол ширээнийхээ бүтээлгийг наагуур нь унжуулна. Гаалийн байцаагч эгц харахад юу ч харагдахгүй байхаар зохицуулдаг байсан гэсэн үг. Нэг төрлийн барааг олон төрөл болгож, бусадтайгаа хольж солихоор амархан шингэдэг. Тарваганы арьс, тамхи, эм тариа, бууны сумыг  вагоны эд анги задалж байж л нууж гаргана. Улаанбаатараас Сэлэнгэ хүрэх 5-6 цаг вагоны эд анги задалсаар байгаад л таардаг байсан. Тааз, хананд нуухаас гадна орны хавтан, порлон хоёрын дунд тарваганы арьсаа  зулна. Хоёр метр урттай оронд 50-60 арьс орчихдог байсан. Харин хиам шиг хуульсныг нь хана, хаалга руу хийдэг байлаа. Гаалийн байцаагч нар тэднийг анзаарахгүй. Харин эд анги шалгадаг цэргийнхэн энэ тэндэхийг сөхөж, гэрэл тусгаж, цохиж, нүдэж шалгадаг байсан. Арьсаар дүүргэсэн хана, арьс хийгээгүй хана хоёрыг нүдэхэд эрс ялгаатай. Арьсаа хананаасаа хөндий хийвэл арай дээр. Арьсаа битүү чихэх юм бол амархан баригдана. Тэгсэн ч зарим нь  үнэнээ хэлээд мөнгө өгөөд  салдаг байсан даа. Вагон бол бүтэн задардаг техник. Би нэг дор 200 тарваганы арьс гаргаж байсан. Орос руу гарсан хэдэн зуун мянган тарваганы арьсыг оросын малгайчид, шубчид авдаг байсан. Тэд малгайг их сайхан хийдэг. Малгайны бүх хэв загвар оросуудынх. Монголчууд бараагаа ингэж л нааш нь цааш нь болгодог байлаа. Бүр вагон хазайтал нь ачдаг байсан гээд л бод. Оросын төмөр замынхан “Вагон чинь хазайчихсан байна. Аюулгүй байдлын дүрэм зөрчсөн” гээд явуулдаггүй байв. Вагоны дарга нар “Вагон хазайчихсан гээд явуулахгүй байна. Купен дэх ачаагаа кордор руу гаргаж, ачаагаа тэнцүүл” гэдэг байсан. Даац хэтрүүлсэн болохоор дугуй хүртэл хагарчидаг байлаа. Орос татваргүй болохоор зорчигчдыг зүгээр гаргана эсвэл шууд буулгаж, барааг нь улсын орлого болгодог. Татвар төлье гээд ч нэмэргүй. Тийм болохоор наймаачид оросын хилээр орж, гарахдаа салгалдаг байлаа. Бараг “зүрхгүй” болно. Тэгээд харанхуй шөнө бүх ачаатай нь вагоноос хөөгдөөд л гаргачихдаг байсан. Би шөнө дунд хөөгдөөд вагоноос бууж л байлаа. Харанхуй шөнө вагоноос хөөгдөөд буунгуут оросын атаманууд, хулгайч нар, хар тамхичид нь “Өөрт байгаа бүхнээ өгөхгүй бол “Хутгалж ална, хамаг мөнгийг чинь аваад Москва гол руу шидчихсэн байхад хэн ч чамайг олохгүй, хайхгүй. Эсвэл чамайг хар тамхичин болгоод шоронгийн хадаас болгоно” гээд явуулдаггүй байсан. Хамаг бараагаа, мөнгөтэйгөө дээрэмдүүлээд л хоцордог байлаа даа” хэмээсэн юм. Тухайн үед наймаачдыг монгол атамануудаас илүү оросыг цагдаа нар дээрэлхэж, дарамталдаг, мөнгө өгөхгүй гэх юм бол толгойд нь буу тулгадаг байсан гэдэг. 

Үргэлжлэлийг Энд дарж уншина уу.


ОРОСУУДЫГ ХУВЦАСЛАЖ, МОНГОЛЧУУДЫГ ТЭЖЭЭСЭН “НАРЛАГ МОНГОЛ”-ЫН НАЙМААЧДЫН ТҮҮХ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 13
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-18 22:40:34
    Зочин: Хүний нутагт Монгол эмэгтэйчүүд аймаар хохирно.. . Читад байшин хөлсөлдөг байсан үе өвөл.. Өдөр 10-аад залуус хашаа даваад хаалга тийрээд дайрч орж ирсэн. Голдуу Сэлэнгэ, Дарханы хөвгүүд.. хамаг юм буулгаж хаясан - Нуусан мөнгөө гарга.. Чамд иймхэн мөнгө байх учиргүй гээд хутга далайж хатгана. Удалгүй нэг наймаачин хүүхнийг хуурч авчраад 9 залуу 1 бүсгүй дээр цувраад хүчиндсэн. Хөөрхий эмэгтэй -Хүний нутагт нэгийгээ битгий ингээч дээ гэж гуйж ядаад, уйлж ч үзээд нэмэр болоогүй. Дараа нь Дарханы Батбаяр гэдэг залуу гэдэс рүү дээрээс доошоо нударсан. Би ч ухаан алдчихсан.. тэгсэн намайг хутгалсан юм билээ. Тэр хүчиндүүлсэн Найлахын охин л намайг хагас дутуу хувцаслаж таксидаж Читагын эмнэлэгт хүргэж амь гарсан даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-18 22:12:51
    Зочин: 4 сарын явалт дээр бас л дээрэм болоод.. Чойрогын Дүгэрээ ах дээр Оросуудад хутгалуулж бараагаа булаалгасан хэдэн залуус гүйж ирээд уйлаад - Агаа туслаач дээ. үхмээргүй байн шдээ - бахирч байсан. Одоо тэр хүүхдүүд юу хийж явдаг бол доо..
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-18 22:05:39
    Зочин.: Үүдний тамборт Дарханы 27 настай бүсгүйг хүчиндүүлж байхыг бүгд л харж байлаа.. Дээрэмчид 3 орос , 2 бага ястангууд байсан. Дээрэмдүүлсэн бараа бол маш их. Хүний нутагт хэнд хандахаа мэдэхгүй хэцүү байсан
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-18 20:56:01
    Ьб: Бусдыг муулахаасаа өмнө өөрсдийгөө хар. Монголчууд ч бас ариухан амьтад биш. ӨНӨӨДӨР ХҮРТЭЛ ТОМ ЖИЖИГ ХУЛГАЙЧИД ДЭЛХИЙД МОНГОЛЫНХОО НЭРИЙГ ЦУУРАЙТУУЛЖ БАЙНА.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-18 20:55:26
    сараа : энэ бол монголчуудын мартаж болхгүй түүх шүү. даанч ихэнх нь мдэхгүй байх
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-18 20:54:02
    Ьь: Улаан Үдийн хэдэн буриад Оросуудыг төлөөлөхгүй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-18 20:18:51
    Орос цагдаа: Байсаан байсан, орос цагдаа нар нь буу тулгаад л, байгаагаа өгөөд л
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-18 17:02:15
    Sss: Ногоон вагонд баярлаж залбирч мөргөх хэрэгтэй дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-18 16:51:49
    Сарантуяа: 5тн хуурай сүүг /200 шуудай/ нэг л эмэгтэй 3 вагоны тамбурт хураагаад, бүх вагоны зооринд хийгээд гааль гаргаад эргээд хамгийн сүүлийн вагон руу зөөж хураадаг Сэлэнгэ дээрээс хүмүүс орж ирээд бөөндөөд авчихдаг байлаа. Бас л залуу байж дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-18 14:37:19
    иргэн: Бас л сонин амьдрал шүү сонин үе
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-18 12:40:17
    ОРШИХ: энэ амьдралаар кино хийвэл алах юм байндаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-18 12:33:16
    irgen: olon ah egch nar arhind orj uhej olon huuhduud ger orongui bolj. arhin dalaid jivsen aimaar tsag bsaan
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-18 12:22:27
    иргэн: хүнд аймар цаг үе байсан шүү
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188