• Өнөөдөр 2025-11-24

АН-ЫН ЭКС ДАРГА Л.ГАНТӨМӨР НАМЫНХАА “АЖИЛГҮЙЧҮҮД”-ИЙГ ТӨРД ИНГЭЖ ШАХЖЭЭ

2025-11-24,   218

     Ерөнхий сайд Г.Занданшатарыг данхар төрийн бүтцийг цомхотгох, дарга нарын тоог цөөлж, төсвөө хэмнэх амлалтаа биелүүлэхийг бодит жишээгээр сануулж буй, бид. Энэ удаад, уг нь төрийн байгууллага атлаа АН-ын гал тогоо шиг болчихсон нэг ТӨҮГ-ыг танилуулж байна. 
       Эдийн засаг, хөгжлийн яаманд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн газар гэж бий. Мөн Эдийн засаг, хөгжлийн яамны харьяанд яг адилхан нэртэй “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв” ТӨҮГ гэж бас бий. Жилд 10 орчим тэрбум төгрөгийн төсөвтэй, сард 100 орчим сая төгрөгийн цалин тавьдаг, Төрийн ордны баруун хойно 420м2 оффисыг сарын 23.4 сая төгрөгөөр түрээсэлдэг,  товчхондоо зарлага ихтэй байгууллага. Энэхүү “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв” ТӨҮГ-ыг өнгөрсөн 2024 оны аравдугаар сард тухайн үеийн Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр яамныхаа харьяанд байгуулсан, жил тойрон үйл ажиллаа явуулж буй.
 
Ноцтой нь, төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх мега төслүүдийг удирдлагаар хангах үүрэгтэй “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв” ТӨҮГ нь өдгөө зөвхөн АН-ын “ажилгүйчүүд” буюу АН-аас сонгуульд нэр дэвшээд унагсад, улс төрд орох горьдлого тээж АН-ын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбоог сахигсдыг л сарын цалинтай байлгах үүрэгтэй газар болж хувирчээ. Өмнө нь МАН, АН, ХҮН намынхан аливаа төрийн байгууллагын ганц нэг даргыг л сольж "тавиул"-уудаа томилдог байсан бол одоо улаан цагаандаа гарч бүхэл бүтэн төрийн байгууллагад бүтцээр нь намынхнаа томилдог болчихсон байна гэсэн үг. Одоо “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв” ТӨҮГ-ын удирдлагын бүтцийг танилцуулъя. 
 
- “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв” ТӨҮГ-ын захирал М.Амгаланбаатар- АН-ыг Засаг барьж байх үед буюу 2016 оны хавар Сангийн сайд Б.Болор Сангийн яамны харьяанд “Арилжааны төлбөр тооцоо” ХХК-ийг байгуулж, захирлаар нь М.Амгаланбаатар томилогдож, 2017 оны хавар хүртэл жил ажиллаад буусан. Түүний төрд ажилласан туршлага ердөө энэ. Дараа нь М.Амгаланбаатар 2017-2023 онд УИХ-ын гишүүн С.Эрдэнэболдыг АН-ын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбоо\АЗХ\- ны Ерөнхийлөгч байх хугацаанд Ерөнхий нарийн бичгийн даргаар нь ажилласан. 2023 оны арванхоёрдугаар сард АЗХ-ны Ерөнхийлөгчөөс С.Эрдэнэболд бууж, АН-ын дарга Л.Гантөмөр М.Амгаланбаатарыг АЗХ-ны Ерөнхийлөгч болгохоор нэр дэвшүүлж зүтгүүлсэн ч залуучуудынхаа дэмжлэгийг авч чадалгүй унасан. Ингээд М.Амгаланбаатар 10 сар гаруй гудамжинд “лааз өшиглөж” байгаад 2024 оны аравдугаар сард Л.Гантөмөрийн заллагаар “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв” ТӨҮГ-ын захирлаар томилогдсон. Сонирхуулахад, М.Амгаланбаатар энэ жил хоёр ч удаа төсвийн мөнгөөр гадагшаа томилолтоор яваад иржээ. 
- “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв” ТӨҮГ-ын Төслийн хэрэгжилт, хяналтын газрын дарга Ц.Таванчулуу- Өнгөрөгч 2024 оны УИХ-ын сонгуулиар 9-р тойрог буюу Баянгол дүүрэгт АН-аас нэр дэвшээд унасан. 
 
- “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв” ТӨҮГ-ын Судалгаа, хамтын ажиллагааны газрын дарга Ж.Отгонбаяр- Өнгөрөгч 2024 оны УИХ-ын сонгуулиар 11-р тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт АН-аас Н.Алтанхуяг, "элийрэгч" Ц.Уянга, "комедиан" Н.Амаржин, П.Галиндэв дөрөвтэй хамт нэр дэвшээд унасан. Сонгуулийн дараа УИХ дахь АН-ын Ажлын албаны Олон нийтийн харилцаа хариуцсан зөвлөхөөр томилогдож байв.
- “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв” ТӨҮГ-ын Захиргаа, санхүүгийн газрын дарга Д.Цоож- 2012-2016 онд АН-аас СБД-ийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож байсан. 
- “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв” ТӨҮГ-ын Төсөл хэрэгжүүлэлтийн газрын дарга А.Ганзориг- Дээр дурдсанчлан “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв” ТӨҮГ-ын захирал М.Амгаланбаатар 2016-2017 онд Сангийн яамны харьяа “Арилжааны төлбөр тооцоо” ХХК-ийн гүйцэтгэх захирал байхдаа хэлтсийн даргаараа дэргэдээ авч ажилуулж байсан хуучны хамтрагч, хуурай ах нь.  
 
- “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв” ТӨҮГ-ын Судалгаа, сургалт хариуцсан менежер Д.Даринчулуун- АН-ын дэргэдэх АЗХ-ны Баянхонгор салбарын тэргүүн.
 
- “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв” ТӨҮГ-ын Төслийн хяналт хариуцсан менежер М.Дэжид- 2020-2024 онд АН-аас Өвөрхангай аймгийн Бүрд сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байсан. Өнгөрөгч 2024 онд АН-аас Өвөрхангай аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. 
 
- “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв” ТӨҮГ-ын Төслийн менежер Д.Шархүү- 2020 онд АН-аас ХУД-ийн ИТХ-д нэр дэвшээд унасан. 
 
- “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв” ТӨҮГ-ын Төслийн менежер Ц.Цэнгэл- АН-ын дэргэдэх клуб буюу УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн тэргүүлдэг “Нээлттэй ардчилал клуб”-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. 
 
- “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв” ТӨҮГ-ын Төслийн нэгдсэн сан, ил тод байдал хариуцсан менежер Д.Ууганбаяр- 2016-2020 онд НИТХ дахь АН-ын бүлгийн Ажлын албанд ажиллаж байсан. Түүнээс хойш орон сууц худалддаг агент хийж байсан.
 
- “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв” ТӨҮГ-ын Ахлах хуульч О.Өлзийням- Л.Гантөмөрийг Эдийн засаг, хөгжлийн сайд байх үед тус яамны Хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан. 
 
- “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв” ТӨҮГ-ын Хуульч Б.Анхныбаяр- 2016 онд АН-аас Багахангай дүүргийн ИТХ-д нэр дэвшээд унасан. 2021 онд ХУД-ийн АН-ын даргаар томилогдсон. 
 
- “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв” ТӨҮГ-ын Төслийн менежер Д.Ууганцэцэг- “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв” ТӨҮГ-ын захирал М.Амгаланбаатартай “Тэба технологи” ХХК-ийг 2021 оноос хойш хамтран эзэмшиж байгаа нэгдмэл ашиг сонирхолтой этгээд нь. 
 
- “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв” ТӨҮГ-ын Төслийн менежер Т.Сайнхүү- “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв” ТӨҮГ-ын захирал М.Амгаланбаатарын нутгийнх нь дүү. 
 
       Товчхондоо, төрд ажилласан туршлагагүй, төрийн сонгуульд нэр дэвшээд ч түмний санал авч чадаагүй, намаасаа ажил, албан тушаал царайчилсан энэ мэт нөхдөд “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв” гэх том нэртэй төрийн байгууллага байгуулж өгөөд, жилд 10 тэрбум төгрөгийн төсөв хуваарилж, сар тутам 100 сая төгрөгөөр цалинжуулж байна гэсэн үг. Тэгэхээр Ерөнхий сайд Г.Занданшатар төрийн данхар бүтцийг цомхотгох, дарга нарын тоог цөөлөх амлалтаа энэ байгууллагаас эхлэх нь зөв болов уу. 
 

АН-ЫН ЭКС ДАРГА Л.ГАНТӨМӨР НАМЫНХАА “АЖИЛГҮЙЧҮҮД”-ИЙГ ТӨРД ИНГЭЖ ШАХЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188