• Өнөөдөр 2025-12-01

ЧЕРНОБЫЛИЙН АТОМЫН ЦАХИЛГААН СТАНЦЫН ДЭЛБЭРЭЛТЭД ӨРТСӨН 29 ХҮҮХДИЙГ ГҮҮНИЙ СААМ, ЧАЦАРГАНЫН ШҮҮСЭЭР ХООЛЛОЖ, АМИЙГ НЬ АВАРСАН Л.ПАГМАДУЛАМЫН ТҮҮХ

ЧЕРНОБЫЛИЙН ДЭЛБЭРЭЛТИЙН ҮЕЭР ХОРТ БОДИСТ ХОРДСОН 29 ХҮҮХДИЙН ХОРДЛОГЫГ ЦАГААН ИДЭЭ, МОНГОЛ ХООЛООР ТАЙЛСАН НЬ

      Одоогоос 39 жилийн өмнө болсон Чернобылийн дэлбэрэлтийн үеэр цацраг идэвхт бодист хордож, толгойтой үс нь туг тугаараа унаж, халзарсан, ходоод, гэдэс нь түлэгдэж, шархалсан, хөдлөх ч тэнхэлгүй дөнгөж амьтай, голтой төдий байсан 29 хүүхэд, хоёр багшийн хамт амь аврагдахаар Монголд ирсэн байдаг. Хоёр улсын хамтын ажиллагаа, Засгийн газрын хэлэлцээрийн дагуу тэд Монголд ирж, сүү сүүн бүтээгдэхүүн болон монгол хоолоор хордлогоо тайлж, эмчлүүлэх ховорхон хувь заяа, боломж тэдэнд олдсон нь тэр. Хүний аминд хүрэх онц аюултай бодист хордож, амьд үлдэх эсэх нь тодорхойгүй байсан тэднийг 1990 оны аравдугаар сард “Найрамдал” зусланд хүлээн авч, асарч тойглох, хордлого тайлах хоол ундаар хангах, биеийн байдлыг нь үргэлж хянах ЭХЭМҮТ-ийн эмч нарын баг төдийгүй Хүнсний эрдэм шинжилгээ, зураг төслийн институтийн эрдэмтэд, Хоол судлалын төвийн мэргэжилтнүүд 29 хүүхэд, хоёр багшийн хордлогыг хоол тэжээлээр тайлах үйлсэд бие, сэтгэлээ зориулах үүрэг хүлээжээ. Ийнхүү уруул, ам нь хөх даасан, хөдлөх ч тэнхэлгүй бүх биеэр нь цацраг идэвхт бодис тархсан 29 хүүхэд, хоёр багшийг өөрийнхөө хүүхэд шиг асран тойглож, сүү сүүн бүтээгдэхүүнийг эмчийн жороор цаг тухайд нь олгож, амийг нь аварсан хүний нэг бол Хүнсний эрдэм шинжилгээ, зураг төслийн институтийн сүү судлалын секторын гүйцэтгэх лаборант Л.Пагмадулам байлаа. Түүнтэй Чернобылийн дэлбэрэлтийн үеэр цацраг идэвхт бодист хордсон хүүхдүүдийн хордлогыг хэдий хугацаанд хэрхэн тайлж, биеийг нь тэнхэрүүлсэн талаар ярилцлаа.

-Цацраг идэвхт бодист хордсон хүүхдүүд Монголд ирэхдээ ямар шинж тэмдэгтэй байсан бэ. Хэдий насны хүүхдүүд ирж байв?

      -Ослын голомтод байсан үндэсний сургууль, цэцэрлэгийн харьяаны 2-7 дугаар ангийн хүүхдүүд болон асран хамгаалах эцэг, эхгүй хүүхдүүдийг хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд Монголд авчирч, сүү сүүн бүтээгдэхүүн, монгол хоолоор хордлого тайлах эмчилгээг 45 хоногийн хугацаанд хийх үүрэг бидэнд ирж байлаа. Цацрагийн хортой бодист хордсон хүүхдүүд ямар олигтой байх вэ. Хоол боловсруулах эрхтнүүд нь түлэгдээд хордчихсон, улаан хоолой нь нарийсчихсан, уруул ам нь хөх даагаад цонхийчихсон юу ч хоолойгоороо давуулах шинжгүй хүүхдүүд ирж байлаа. Хүүхдүүдтэй хамт ирсэн нэг багшийнх нь толгойтой үс халзраад дуусчихсан халзан толгойтой ирж байсан. Цацрагийн туяа 100 жил газрын хөрснөөс арилдаггүй, мөн салхиар хүрээлэн буй орчиндоо тархдаг айхтар хор хөнөөлтэй гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр хүнийг яаж сүйтгэх нь тодорхой байгаа биз дээ.

-Хордлоготой хүүхдүүдийг чухам ямар бүтээгдэхүүнээр хооллож, хордлогыг нь тайлж байсан юм бэ?

       -Технологийн дагуу ариутгаж, боловсруулсан, нарийн шинжилгээнд оруулсан гүүний саам, үнээний сүүгээр бүрсэн В12 тараг, чацарганы шүүсийг хоолных нь хажуугаар өдөрт таван удаа өгдөг байсан. Тухайн үед цагаан идээ, монгол хоолоор хордлого тайлж болдогийг бид дэлхий нийтэд харуулж чадсан. Тэдний хордлогыг тайлах, эмчлэх, эдгээх 45 хоногийн хугацаанд мэргэжлийн эмч нар ялгадасыг нь байнга шинжилж, хордлого нь тайлагдаж байгаа эсэхийг нь шинжилгээний хариугаар нь тодорхойлж, Хоол судлалын төвийнхөн тохирох хоолыг нь бэлтгэж харин манайхан сүү сүүн бүтээгдэхүүн тэр дундаа саам, тараг, чацарганаар нэг сарын хугацаанд хооллож, хүүхдүүдийг тодорхой хэмжээнд эрүүлжүүлсэн. 

ЦАЦРАГ ИДЭВХТ БОДИСТ ХОРДСОН 29 ХҮҮХЭД ХОЁР БАГШТАЙГАА ТЭНХЭРЭЭД БУЦСАН НЬ

-Саам ууж, тараг идэхэд гэдэс дүүрэх шинж тэмдэг монголчуудад хүртэл илэрдэг шүү дээ. Өдөрт таван удаа сүүн бүтээгдэхүүн хэрэглэх нь хордлоготой хүүхдүүдийн хувьд хэр зохимжтой байсан бэ. Хордлого тайлагдаж, бие нь дээрдэж байгаа нь та бүхэнд мэдэгдэж байв уу?

      -Хүүхдүүдэд саам юм уу, тарагийг өдөржин өгөхгүй шүү дээ. Эмчийн заавраар өглөө нь чацаргана, өдөр нь саам, орой нь тараг гэх мэтээр өдөр болгоных нь хоолны цэс өөрчлөгддөг байсан. Сүү сүүн бүтээгдэхүүний ачаар хүүхдүүдийн хордлого харин ч амархан тайлагдсан. 20 хоногийн дараагаас хүүхдүүд хөдөлгөөнд орж, нүд, ам нь гялалзаад л эхэлсэн. Бие махбодийн хувьд чухам ямар өөрчлөлт орсныг ЭХЭМҮТ-ийн эмч нар мэргэжлийн түвшинд тодорхойлсон байх. Сүү сүүн бүтээгдэхүүн тэр дундаа саамыг жороор хэрэглэх юм бол гэдэс дүүрэх, гүйлгэх шинж тэмдэг илрэхгүй. Монголчууд “Саам уувал сайн” гээд аяга аягаар нь хэтрүүлэн хэрэглэдэг.

-Гүүний саам ууж үзээгүй, тараг ч идэж сураагүй хүүхдүүд ирсэн байх. Мөн тэд хордлоготой байсан учир олигтой идэж, ууж чадахгүй байсан болов уу. Тэдэнд хоол унд, нэмэгдэл тэжээлийг нь хэрхэн өгдөг байсан бэ?

      -Хордлогод орчихсон хөдлөх ч тэнхэлгүй байсан хүүхдүүд эхэндээ хоол, цайгаа идэж, уухгүй уйлдаг, асгаж, цутгадаг асуудал зөндөө гардаг байсан. Хоол унд, нэмэгдэл тэжээлийг нь ямар нэгэн аргаар заавал уулгаж, идүүлэхийн тулд аргадаж, ойлгуулах гэж их хичээнэ. Заримд нь хүчээр уулгадаг байлаа. Манай сүү судлалын эрхлэгч орос хэлтэй байсан тулдаа хүүхдүүдэд сайтар ойлгуулж чаддаг байсан. Хоол унд, сүү сүүн бүтээгдэхүүнийг хүчээр уулгаж, идүүлснээр тэдний бие дээрдэж, аяндаа өөрсдөө идэж, уудаг болцгоосон нь харин сайн хэрэг. Хоол ундаа иддэг болоод эхлэхээр нойр нь сайжирч, амархан тэнхэрцгээсэн.

-1990 онд 10 настай хүүхэд ирсэн гэж бодоход одоо 45-тай болчихсон байх нь. Тэд эсэн мэнд байдаг бол амийг нь аварсан та хэдийг үргэлж санан дурсдаг байх даа?

      -Тухайн үед Монголд ирж, хордлогоо тайлж, эрүүл саруул болоод буцсан хүүхдүүдийг одоо ч эсэн мэнд яваа гэдэгт нь итгэдэг. Тэгж бодохоор сайхан санагддаг юм. Тэднийг бид арваннэгдүгээр сарын 5-нд онгоцны буудал дээр хүргэж өгөөд, уйлалдан салцгааж  байснаа тод санадаг юм. 45 хоногийн хугацаанд ижил дасал болсон хүүхдүүдээ гаргаж өгчихөөд 6-ний өдөр ажилдаа очтол “Таны тэтгэвэрт гарах хугацаа болсон” гээд намайг 40 настайд тэтгэвэрт гаргаж байсан юм. Түүний дараа жил буюу 1991 онд хордлогод орсон хүүхдүүдийн хоёр дахь ээлж ирэх сурагтай байсан. Эхний ээлжийнхний үр дүн сайн гарч, 29 хүүхэд хоёр багштайгаа тэнхэрээд буцсныг нь би өөрийн биеэр харж, мэдэрч байсан. Харин хоёр дахь ээлжнийхэн ирсэн эсэх, тэд ямар үр дүнтэй буцсаныг нь мэдээгүй.

-Таныг “Мон сүү” ХХК-ийн үүсгэн байгуулагч байсан гэж сонссон. Тухайн үед та компаниа хэрхэн байгуулж байв. Сүүний салбарт хэдэн жил ажилласан бэ?

       -Хүнсний эрдэм шинжилгээ, зураг төслийн институтийн сүү судлалын секторт би 15 жил ажилласан. 40 настайдаа тэтгэвэрт гараад 1991 онд охинтойгоо “Мон сүү” ХХК-ийг байгуулж байлаа. Охин бид хоёр 10 литр сүүгээр үйлдвэрийнхээ ажлыг эхлүүлж байсан бол сүүлдээ 10, 20 тонн сүү нийлүүлж, 70 хүн ажиллуулдаг болтлоо зүтгэсэн. Мөн бид “Гурван ихрийн сувилал”-ын байранд өрөө түрээслэж үйл ажиллагаага эхлүүлж байсан. Тэгээд 23 жил нойр, хоолгүй зүтгэж, тэр хугацаандаа 47 сургууль, хортой нөхцөлд ажилладаг 30 гаруй байгууллага, Засгийн газрын ордонд сүү сүүн бүтээгдэхүүн нийлүүлдэг байлаа. Мөн манай үйлдвэр угжны сүү гаргадаг байсан юм. Одоо үед хүүхдийн эмч нар хүүхдэд эм бичиж өгдө бол бол тухайн үеийн эмч нарын жор нь хоол байсан юм. Хүүхдээ хөхөөрөө хооллох боломжгүй, өнчин хүүхдүүд манай үйлдвэрийн сүүгээр хооллодог байсан. Зургаан сартай хүүхдэд сүүнээс гадна нэмэгдэл тэжээл өгдөг болохоор түүнийг нь хүртэл бэлтгэдэг байлаа. Нэмэгдэл тэжээлд нь тараг, луувантай тэжээл, ээдэм зэрэг орно. Тэр болгоныг үйлдвэрийн аргаар ариутган бэлтгэж нийлүүлдэг байсан. Сүүний салбар алдагдал ихтэй. Мах шиг хөлдөөхгүй, гурил шиг хурааж болохгүй учир 10 литр, 10 тонн байсан ч боловсруулдаг учир эгч нь олон жил нойргүй ажилласан даа. Гэхдээ хүүхэд, залуусын төлөө эрүүл хүнс бэлтгэж байсандаа хэзээ ч харамсдаггүй. Харин одоо би монгол хүүхдүүд баталгаагүй хоол хүнс идэж байгаад маш их харамсдаг.  УИХ-аас хэчнээн тэрбум төгрөг батлаад байхад хүүхдүүдэд яагаад бантан өгөөд байгаа юм бэ гэдэгт эмзэглэдэг юм.

ДЭЛХИЙ ДАХИНЫГ ЦОЧИРДУУЛСАН АЙМШИГТ ОСОЛ БУЮУ ЧЕРНОБЫЛИЙН ДЭЛБЭРЭЛТ

     1986 онд Украины Чернобылийн атомын цахилгаан станцын IV блок дэлбэрч, хэдхэн хормын дотор иод-131, цези-137, стронци-90, плутони гэх онц аюултай цацраг идэвхт бодис их хэмжээгээр агаарт тархжээ. Осол болдог шөнө атомын цахилгаан станцаас нэмэлт эрчим хүч гаргаж авах туршилт хийж байгаад системийг унтрааж чадаагүйгээс хэд хэдэн удаагийн дэлбэрэлт болсон байдаг. Дэлбэрэлт болох үед 190 тонн цацраг идэвхт бодис агаарт тархснаас гадна цөмийн хөдөлгүүрт байсан 140 тонн цацраг идэвхт түлшний найман тонн нь агаарт тархсныг хожим тогтоосон байдаг. Атомын цахилгаан станцын хорт бодис Припять хотын нутаг дэвсгэрээр тархаад зогсохгүй ЗХУ-ын баруун хэсэг, европын орнуудыг бүхэлд нь хамарсан байдаг. Ослын улмаас Украин, Беларусь, Оросын нутгаас 336000 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлсэн гэдэг. Эхний дэлбэрэлтийн гол шалтгаан нь шатахуун байсан бол хоёр дахь дэлбэрэлтээр цацраг идэвхт бодис гадагш тархсан гэж үздэг байна. Уг ослоос болж 50 хүн газар дээрээ нас барсан боловч дэлбэрэлтийн дараа хорт бодис агаарт тархсанаар 9000 гаруй хүн амиа алдаж, Чернобыль хотын нутаг дэвсгэрээр хорт бодис тархсан байжээ. Одоо ч гэсэн хорт бодис бүрэн арилаагүй гэдэг. Дэлбэрэлт болохоос өмнө Чернобыль хот 60 мянган оршин суугчтай байсан ч өдгөө 180 иргэн л үлдсэн гэх мэдээлэл бий. Гал түймрийг тавдугаар сарын 9-нд бүрэн унтрааж чадсан гэдэг. Ослын дараа Европын эрүүл мэндийн байгууллагууд эмэгтэйчүүдийг жирэмслэхгүй байхыг сануулж, хөл хүнд эмэгтэйчүүдийг аборт хийлгэхийг зөвлөж байжээ. Учир нь ослоос үлдсэн цацраг туяа урагт нөлөөлж, буруу хөгжилтэй хүүхэд ихээр төрөх болжээ.

/Хорт бодис хүрээн буй орчинд тархсанаас болж ургийн гажигтай хүүхдүүд төрсөн нь/


ЧЕРНОБЫЛИЙН АТОМЫН ЦАХИЛГААН СТАНЦЫН ДЭЛБЭРЭЛТЭД ӨРТСӨН 29 ХҮҮХДИЙГ ГҮҮНИЙ СААМ, ЧАЦАРГАНЫН ШҮҮСЭЭР ХООЛЛОЖ, АМИЙГ НЬ АВАРСАН Л.ПАГМАДУЛАМЫН ТҮҮХ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188