• Өнөөдөр 2025-12-01

ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН ДҮР БҮХЭН СОРИЛТ БАЙДАГ

       Үргэлж л хүнд, чанга дүрүүдэд өөрийгөө сорьж байдаг энэ эрхэм энэ удаад их тайван, дөлгөөн, уужуу монгол ээжийн дүр бүтээжээ. “Цэл залуу насандаа гурван хүүхэдтэйгээ ханиасаа өнчирч хоцорно гэдэг хэнд ч амаргүй, тэр дундаа эмэгтэй хүнд бүр ч бэрх. Гэсэн ч тэр нөхөртөө амласан амлалтаа биелүүлэхийн төлөө эцсээ хүртэл үнэнч, зөв амьдарч чаджээ. Хан хорвоогийн энэ цоорхойд хайр гэгч ийм л хүчтэй, бүгдийг даван туулуулж, зөөллөж чаддаг зүйл юм даа” гэдгийг түүний гол дүрийг нь бүтээсэн “Хадам ээж” киноны дүрээс нь бодож үлдсэн юм. Ер энэ бүтээлээс сэтгэлд шингэсэн сайхан дүрслэл, овоохон ухаарлууд авсан өдрүүд өнгөрч байна. Тиймдээ ч бид энэ удаад МУГЖ Д.Цэрэндарьзав гуайг онцлон бичихээр зорилоо.

Түүний дотор юунд ч нугардаггүй, зоримог, хүчирхэг эмэгтэй оршдог шиг байгаа юм. Түүнийхээ эрч хүч, энерги, омог бардам зангаар олон ч дүрийг бүтээж, үзэгчдэд дүрээрээ ухаарал, бодролыг хайрлаж яваа эмэгтэй.

         Хоймор нутгаас хотод өнөө л алдартай, аварга жүжигчдийн эхлэлийн цэг болсон Багшийн дээд сургуулийн кино драмын ангид суралцахаар анх ирж байсан гэдэг. Энэ анги нээгдээд анхны элсэгчдээ төгсгөөд театр руу өгсний хоёр дахь анги нь тэдний анги байж. Ингэж л тэр урлаг хэмээх айлын босго давж, тайз, дэлгэцнээ залуу багаас өдгөө хүртлээ дүрээрээ мөнхөрөн яваа нь энэ. Түүнийг театрт очиход алтан үеийн цуутай жүжигчид ид театрын тайзнаа авьяас билиг, оюунаа дайчлан шижигнэн ажиллаж байж.

Ард түмний өнөөдөр ч хайрлан дурсдаг агуучуул ид бужигнаж, алхаж, гишгэж, хөдөлмөр зүтгэлээ дэлгэж явсан гэхээр төсөөлөхөд ч сайхан байгаа биз.

   Тийм гайхамшигт орон зайд өндөр нуруутай, урт үстэй туранхай эмэгтэй алхан орсон нь Д.Цэрэндарьзав гуай. Нэр хүндтэй энэ их айлд сургуулиа төгссөн шинэхэн жүжигчин эхэндээ учраа олохгүй будилсан нь мэдээж байх. Гэхдээ санасныг бодоход гайгүй  байсан ч байж мэдэх юм. Учир нь тэдний ангийн багш Сүхбаатар киноны Янжмаагийн дүрийг бүтээсэн Ө.Рэнчинноров хэмээх хээнцэр, дүрээрээ хэдийнэ ард түмэндээ гайхагдсан эмэгтэй байсан болохоор учиртай ч байсан байх. Үүгээр зогсохгүй бүр нэг сайхан нь тухайн үед театрт шинээр орж ирж байгаа хүмүүсийг жүжигчдээс дааж авдаг байсны жишгээр түүнийг Ардын жүжигчин Ч.Долгорсүрэн гуай дааж авсан явдал байдаг. Тэгэхэд театрын оргилуудын нэгт гарцаагүй тэрхүү эмэгтэй нэрлэгдэж, “Тэмцэл”, “Сүрэг чоно”, “Алтан ай” тэргүүтэй олон сайхан жүжгийн дүрээрээ шагшигдаж байсан үе. Тийм нэр хүндтэй хүнд шавь орж, суралцсан гэхээр гарцаагүй ховор хувь заяа байгаа биз. Тиймдээ ч тэр ямар ч дүрийг дархлан бүтээж чаддаг уран бүтээлч болон чадваржиж, өнөөдөрт хүрсэн болов уу.

      Д.Цэрэндарьзав гавьяат тайзнаа анх Чингиз Айтматовын “Эхийн дууль” жүжгийн Алиман гэж эмэгтэй дүрийг бүтээж байжээ. Араас нь “Сувдан сондор”, “Их авхай”, “Алтан түлхүүр” зэрэг 50 гаруй жүжигт туслах дүр бүтээж, “Их авхай” жүжгийн Норжингийн дүрээрээ шилдэг дүр, “Эмээ нар гэрлэсэн нь” жүжгийн Авдотия Петровнагийн дүрээр “Гоо марал” шагнал хүртсэн байдаг. Түүнчлэн “Ижийдээ очих намар” киноны Дарийн дүрээрээ “Мөнгөн мод-2024” наадмын шилдэг жүжигчнээр шалгарсан билээ.

     Сургуулиа төгссөн залуухан эмэгтэйг анх хайр ивээлдээ өлгийдөн авсан газар нь театр болохоор тэр тайзандаа үнэхээр хайртайгаа олонтаа ярьсан байна лээ. Аргагүй хамгийн гоо, хүсэл, сэтгэл нь оргилуун, тэмүүлэл дүүрэн залуу насны иртэй ирмэг өдрүүд нь тайзнаа өнгөрч, дүрдээ бэлдэж, өөрийгөө бэлтгэж, жүжигчин мэргэжилд суралцах гэж хичээсэн үе нь тэнд өнгөрч, эргэн дурсахад бүхнээс илүү гэгээн тунгалаг, жигүүртэй байсан нь гэрэл зурагт тэр хэвээрээ тодрон дуурайж, дулаахнаар төөнөдөг болохоор тэр биз ээ. Ер түүний залуу нас театрт л өнгөрсөн юм билээ. Дэлгэцнээ мэдээж “Хүргэн хүү”, “Буяны нүгэл”, “Их хааны удам”, “Гал хам” гэхчлэн бүтээлийн дүр нь нэрлэгдэх ч залуу насны хөдөлмөрөө түлхүү зориулж байсан нь театр л аж. Хэдий бид ч мөн түүний тайзнаа дүр бүтээж буйг хараагүй ч зурагт үдсэнээр ихэмсэг, донжтой, нэг тийм итгэл төгс дүрүүд эрхгүй сэтгэл татаж, өнөөд ийм жүжигчин хэн байв гэх эрэлтийг ч хийлгээд амжсан. Тэр дундаа томоо гэгч бүрх малгайтай, цэцэг барин зогсох нуруу цэх зураг түүнийг залуудаа ямархан донжтой эмэгтэй байсныг илтгэнэ. Уг нь ч “Хүргэн хүү” киноны Халтмаагийн дүрээр тэр сайхан залуу насаа тод бичсэн нь л дээ. Гэхдээ тэр дүрээс тайзнаа гаран зогсох нь илүү эрхэмсэг харагдаж байгааг уншигч та ч харж буй байх.

     Харин дараа нь кино гэх ганцхан төрөлд үнэнчээр зүтгэж эхэлсний хувьд дүр бүхэн нь сорилт байсныг тоглосон киног нь үзсэн хэн бүхэн хэлнэ байх. Шид онгодтой бөө удган, хүүгийнхээ төлөө л бол юу ч хийхээс буцахгүй шийдэмгий ээж гээд нэг тийм уран бүтээлчийг сорьсон дүрүүд түүнд оноогдож, тэр ч бидэнд ойртуулан бүтээдэг.Тэр дундаа ээж, эмээгийн дүрийг сэтгэлд дулаахан амилуулж, түүгээрээ эсрэг дүрийг нь зөөллөн харахад ч хүргэдэг билээ.

      Нээрээ, Б.Амарсайхан найруулагчийн “Эргэж ирэхгүй намар” кинонд мөн л нэгэн аядуу намбалаг эмээгийн дүрийг бүтээсэн байсан даа. Тэгэхдээ “Хоолонд дасах ч яах вэ, ходоодны л ажил. Хүн хүндээ дасах л хэцүү байдаг...” гэж хэлэх нь хайр нь дотроо хал нь гаднаа эмээ нарыг минь санагдуулсан. Эмээ заримдаа бидний төлөө үг хэлж, ширүүн дориун болдог ч ихэнхдээ хошуу дэвсэн хайрлаж, эрхлүүлдэг дээ. Яг л тэр араншин, тэр төрх түүний дүрүүдээс харагддаг. Харин тэр удганы дүрүүд амаргүй нь мэдээж ч сонирхолтойгоор бүтээж чадсан. Цаашлаад “Хэвтрийн хүн”, “Сүүдэрт ургасан цэцэг”, “Хиртээгүй сарнай”, “Үйлийн үрийн дэн буудал”, “Ижийдээ очих намар”, “Шар гэгээ” гээд түүний тоглосон киног нэрлээд байвал хөвөрч өгнө.

     Тийм нэг дотно инээмсэглэл нь дүр бүхэнд нь тодхон оршиж, эрхэм уран бүтээлчийг бодоход эрхгүй түрүүнд нь харван орж ирдэг. Одоо яг үзэгчдэд хүрч буй “Хадам ээж”-ийн дүр үнэхээр сайхан сэтгэлд буусан бөгөөд “Миний муу бондгор хүү, эмээгээ ганцаараа байгаа гээд санаа нь зовж л дээ...” гээд инээмсэглэх нь хэчнээн тод байв аа. Ухаарал хүнд ихэнхдээ хожимдож ирдэг ч ухааруулагч байна гэдэг өөрөө хүн болж төрсний нэгэн утга учир биз ээ. Найруулагчаас ирэх ямар ч дүрийг, амьдралд оноох сорилт бүрийг туулж сурсан, туулахад ямагт бэлэн байдаг нь түүний хэчнээн хүчирхэг, авьяас билиг дүүрэн эмэгтэй вэ гэдгийг үргэлж  бидэнд харуулдаг. 


ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН ДҮР БҮХЭН СОРИЛТ БАЙДАГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188