-Уран бүтээлч болох хүсэл тань хаанаас эхэлсэн бэ? Танай гэр бүл, бага насны орчин уран бүтээлчийн замд хэрхэн нөлөөлсөн бол?
-Би багаасаа аливаа зүйлийг гараараа бүтээх, юмсыг ажиглах дуртай хүүхэд байсан. Тэр үеийн энгийн орчин, тоглоом, чулуунд хүртэл би утга шингээж хардаг байлаа. Гэр бүл минь намайг уран бүтээл рүү түлхээгүй ч, чимээгүйхэн дэмждэг байсан нь хамгийн том нөлөө гэж боддог. Тийм дэмжлэг уран бүтээлчийн замд итгэл өгдөг юм билээ.
-Монгол, БНСУ зэрэг улсад суралцсан туршлага таны уран бүтээлийн үзэл санаанд ямар өөрчлөлт, шинэчлэл авчирсан бэ?
-Монголд би суурь ойлголт, үндэс, соёлын мэдрэмжээ бүрдүүлсэн бол Солонгосд орчин үеийн урлагийг илүү аналитик өнцгөөс харж, хийсэн зүйлээ тайлбарлаж сурах боломжтой болсон. Тэнд материал, орон зайтай харилцах соёл маш өөр байсан нь миний бүтээлд шинэ зориг, туршилт авчирсан.
-Таны уран бүтээлд хүний дотоод мэдрэмж, хөдөлгөөн, орон зайтай харилцах байдал чухал байр суурь эзэлдэг гэж ярьдаг. Та өөрөө үүнийг хэрхэн тайлбарлах вэ?
-Би хүнийг зөвхөн бие махбод биш, харин дотоод хөдөлгөөн, эрчим, хоосон зайтайгаа хамт оршин байдаг гэж хардаг. Тиймээс бүтээл бүрт би зөвхөн хэлбэр бус түүний амьсгал, сулрал, хөдөлгөөн, завсрын энергийг илэрхийлэхийг зорьдог.

-Материалын уян хатан чанарыг гол цөм болгож ажилладаг гэж ойлгож байна. Та ихэвчлэн ямар материалтай ажилладаг вэ?
-Би металл, хуванцар, торгон бүтэцтэй материал, шил, мөн уян бүтэцтэй синтетик орчинтой их ажилладаг. Материал өөрөө хүний дотоод ертөнцтэй адил эвдэрдэг, тэлдэг, захирдаг, заримдаа бүр эсэргүүцдэг.
-Гадаадын үзэсгэлэн, фестивалиудад оролцохдоо Монгол уран баримлын онцлог юу нь илүү анхаарал татдаг гэж харсан бэ?
-Манай уран бүтээлд уламжлал, тэнгэрлэг оршихуй, хөдөлгөөн, сүнслэг чанар их шингэсэн байдаг. Гадаадын куратор, үзэгчид тэр л далд мэдрэмжийг “Монгол хүний орон зайтай харилцах өвөрмөц мэдрэмж” гэж хэлдэг.
-Хүүхдийн Урлан Бүтээх Төвд 10 жил ажилласан туршлага танд юу өгсөн бэ?
-Хүүхдүүд миний багш байсан. Тэд аливааг айдасгүй, тайлбаргүй, шүүмжлэлгүйгээр бүтээдэг. Зарим бүтээлээ хийхдээ би “Хэрвээ би одоо хүүхэд байсан бол яах байсан бол?” гэж өөрөөсөө асуудаг.

-Ирээдүйн уран бүтээлчид юу сурах ёстой гэж боддог вэ? Залуу уран бүтээлчдэд өгөх тань зөвлөгөө?
-Мэргэлжихээсээ өмнө өөрийгөө тань. Урлагт тэсвэр, хүлээлт, өөрөөсөө асуух зориг хэрэгтэй. Төгс бүтээл гэж байдаггүй, харин тасралтгүй өсөлт гэж бий.
-Өнөөгийн Монголын орчин үеийн уран баримлын хөгжилд ямар давуу болон бэрхшээлүүд байна гэж үздэг вэ?
-Давуу тал нь шинэ үеийн уран бүтээлчид туршилт, үзэл санааны өөрчлөлтөөс үл айж байна. Харин бэрхшээл нь дэмжлэгийн тогтолцоо, материалын хүртээмж, урлагийн боловсролын орчин хангалттай биш байна.
-Урлаг нийгэмд ямар үүрэгтэй гэж боддог вэ? Таны бүтээлд нийгмийн санаа хэр ордог вэ?
-Урлаг бол асуулт тавигч, толь, заримдаа дуугүй эсэргүүцэгч. Миний бүтээл хүн өөртэйгөө ярилцаж, мэдрэмжээ ухаж хардаг орон зайг бий болгохыг зорьдог.
-Ирээдүйд туршиж үзэхийг хүсэж буй шинэ материал, шинэ чиг хандлага бий юу?
-Би био материал, хөдөлгөөнт баримал, дуу болон орон зайн интеграц бүхий интерактив бүтээл туршиж үзэх сонирхолтой.

-Цаашдын урлангийн амбиц, мөрөөдөл тань юу вэ?
-Олон улсын хэмжээнд Монголын орчин үеийн баримлын нэр хүндийг илүү тодруулах, мөн орон зай, материал, хүний хөдөлгөөнтэй харилцах судалгаагаа өргөжүүлэхийг хүсдэг.
-Өдөр тутмын бүтээлч дадал, зуршил байдаг уу? Шинэ санаа хамгийн их төрдөг мөч?
-Алхах үед, ялангуяа нам гүм орчинд би хамгийн их бүтээлч болдог. Хөдөлгөөн бодолд орон зай бий болгодог.
-Танд хамгийн их урам зориг өгдөг зүйл, хүн, орон зай юу вэ?
-Байгаль, дуугүй орон зай, хүний тэнгэрт шингэсэн эрчмийг би хамгийн их мэдэрдэг. Тэнд амьсгалдаг санаанууд байдаг.
-Хүнд үе тулгарахад уран бүтээлчийн хувьд өөрийгөө хэрхэн дэмждэг вэ?
-Би зогсож, чимээгүй болдог. Заримдаа бүтээлийг түр орхих нь цаашид үргэлжлэх замыг илүү тод харахад тусалдаг.
-Ярилцсанд баярлалаа
-Баярлалаа

| Ж.ПҮРЭВСҮРЭН: Монгол эхнэрийн хувцас, үсийг дотоод бясалгалаас минь төрсөн хээтэй уялдуулан барималдаа шингээсэн |
|
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |